Х.Төртогтох
Монгол Улсын 2025 оны Төрийн шагналд нэр дэвшсэн "Монгол орны ундны усан дахь уран" нэгэн сэдэвт хамтын бүтээлийн багийн гишүүн, Монгол орны ундны усан дахь уран, микро элементүүд, усны физик-химийн шинж чанарын судалгааны төслийн багийн гишүүн, Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал, физикч, физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.
-Та бүхний "Монгол орны ундны усан дахь уран" нэгэн сэдэвт хамтын бүтээлийг Шинжлэх ухааны академийн Физик-технологийн хүрээлэнгээс Монгол Улсын Төрийн шагналд нэр дэвшүүлжээ. Энэ бүтээлийн судалгааны гол үр дүн, ач холбогдол юу вэ?
-Шууд товчоор хэлбэл олон хүний амь нас, эрүүл мэндийг урдчилан хамгаалж, эрсдлээс сэргийлсэн маш чухал үндэсний хэмжээний судалгаа юм. Учир нь бид 10 гаруй жил 330 сум, гурван тосгоны гүний ундны уст цэгүүдээс 1000 гаруй дээж авч физик-гидрогеохимийн шинжилгээ, судалгааны үр дүнд тодорхой хувьд нь цацраг идэвхт элемент болох уран нь олон улсын стандартаас давсан буюу хүлцэх дээд утгаас их байсныг тогтоосон. Үүний мөрөөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтэстэй хамтарч, зөвлөмж өгснөөр тухайн ундны гүний уст цэгүүдийг хаалгасан.
-Олон улсад ундны усан дахь цацраг идэвхт ураны хэмжээг тогтоох судалгааг хэдий үеэс хийж эхэлсэн байдаг вэ?
Олон улсад, 1970 аад оноос АНУ, 1990 ээд оноос Канадад гүний ундны ус нь цацрагийн эрсдэлтэй гэж үзэн усны цацрагийн судалгааг эрчимтэй явуулж эхэлсэн бол манай орны хувьд 2010 оны үед АНУ-ын эрдэмтэн Ж.Нирагу АШУҮИС, УСУГ-ын судлаачидтай хамтран зөвхөн Дорноговь аймгийн төв, Улаанбаатар хотын зарим дүүрэгт усны ураны агууламжийг тодорхойлж байсан.
Харин бидний физикч-химич эрдэмтдийн баг нь энэ чиглэлээр анх удаа үндэсний хэмжээнд Монгол орны нийт газар нутгийг хамруулан судалгаа хийсэн. Энэ судалгааны үр дүнгээр бид дэлхийн түвшинд ирлээ гэж ойлгож болно.
-Ундны усан дахь урантай холбоотой судалгааны үр дүнгийн талаарх мэдээллийг хаанаас харах боломжтой вэ. Анхаарал татсан онцгой жишээг дурдана уу?
-Урантай холбоотой мэдээлэл өмнөх нийгмийн үед бүрэн хаалттай байдаг байсан. Бидний судалгааны үр дүнгийн мэдээллийг "Монгол орны ундны усан дахь уран" номноос нээлттэй харах боломжтой. Уг номны хавсралтад гүний ундны усан дахь 1000 гаруй дээжээс илэрсэн цацраг идэвхт ураны хэмжээг анх удаа нээлттэй зарласан. Тухайлбал, Сайншанд, Баруун-Урт хотын ундны усны зарим эх үүсвэрт ураны агууламж олон улсын стандартаас 3-4 дахин их байсныг удаа дараа шинжлэн тогтоосон. Түүнчлэн Дорнод аймгийн Баянтүмэн, Төв аймгийн Угтаалцайдам, Дорноговийн Хөвсгөл, Алтанширээ, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Баруун-Урт сумдын зургаан газрын худгийн ус 7-11 дахин их уран агуулагдаж байсан бол Өвөр Жанчивлангийн рашаан сувиллын цэвэр усанд ураны агуулга стандартаар тогтоосон хүлцэх хэмжээнээс 2-3 дахин их байсан.
Судалгаанаас гарсан үр дүнг үндэслэн бид тодорхой зөвлөмжүүдийг гаргаж, холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлсэн. Үүний дагуу бодитой ажлууд хийгдэж байна.
-Та бүхэн судалгааны үр дүнгээр ном болон төрийн байгууллагуудад зөвлөмж гаргасан тухай ярилаа. Зөвлөмжөө төрийн ямар байгууллагууд хүргүүлсэн бэ?
-Бидний ном нь санхүү, хөрөнгөөс шалтгаалан 500 хувь хэвлэгдсэн нь тэр даруй зарагдаад дууссан. Зөвлөмжийн хувьд товхимол хэлбэрээр хэвлүүлж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох яамд, эрдэм шинжилгээ, эрүүл мэнд, геологи хайгуулын байгуулагууд, төв болон их дээд сургуулийн номын сан, тусгайлан тухайн аймаг, орон нутгийн удирдлагууд, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтэст тус тус хүргүүлсэн.

-Ямар зөвлөмжүүд хүргүүлсэн бэ. Уншигчидад жишээ болгон дурдана уу?
-Зөвхөн уран болон бусад хүнд элементүүдтэй холбоотой зөвлөмжүүдээс дурдвал
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд: Монгол орны ундны ус түүн дотроос газрын гүний усны цацрагийн нөхцөл байдлын талаарх мэрэгжилтнүүдийн дүгнэлт саналыг хэлэлцэх тухай
Монгол Улсын Засгийн газарт: Дорноговь аймагт баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр түүнийг дагасан шинэ суурьшлын бүсийн ундны усан дахь ураны агууламжийг нарийвчлан судлах, усыг уранаас цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулж, гарах зардлыг жил жилийн улсын төсөвт тусгаж байх тухай,
Эрүүл мэндийн яаманд: Гүний усанд ураны агууламж их гарсан хүн ам олноор суурьшсан бүс нутагт нарийвчилсан судалгааг тогтмолжуулах, эх үүсвэрийг нь олж тодорхойлох. Усны цацрагаас шалтгаалах хордлого байгаа эсэхэд анхаарал хандуулж, хяналт тавих, ялангуяа элэг бөөр, ясны хорт хавдраар 1970-аад оноос хойш өвчлөгчид, нас барсан хүмүүсийн бүртгэлийг хөтөлж дүн шинжилгээ хийх шаардлагатай. Хүн амын дунд цацрагийн эрсдэлийн эрүүл мэндийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, ууж байгаа усныхаа цацрагийн мэдээлэл олж авахад нь тус дэмжлэг үзүүлэх, зөвлөлгөө өгөхийг хүргүүлсэн.
Улсын мэргэжлийн хяналтын газарт: Бидний судалгаагаар гарсан үр дүнг хойшид тогтмол хянах, баталгаажуулах, шаардлагатай тохиолдолд худгийн ашиглалтыг зогсоох хүртлэх арга хэмжээ авахыг санал болгож, ураны агууламж нь хүлцэх дээд утгаас давж байгаа 125 худгийн асуудлыг шийдвэрлэх. Худгийн усны сорьцын шинжилгээнд эрдэс бодис, хатуулаг, нянгийн бохирдлыг тодорхойлохын зэрэгцээ ураны агууламжийг нэмж тодорхойлдог дүрэм журмыг шинэчлэн баталж мөрдүүлэх. Гүний усан дахь ураны агууламжийн дэвсгэр утгыг баталгаажуулж албан ёсны болгох нь ураныг газар доор уусган баяжуулах аргаар олборлох үйл ажиллагаа эхэлж байгаа энэ цаг үед гүний усны цацрагийн хяналт, мониторинг хийхэд чухал ач холбогдолтой болно.
Эрдэм шинжилгээ, эрүүл мэнд, геологи хайгуулын байгуулагуудад Ундны усан дахь хүнд хортой элемент болох хар тугалганы агууламж, хүнцэлийн агууламж, фторын агууламж зарим бүс нутагт их гарч байгааг тухайн бүсийн зарим төрлийн эндемик өвчлөлттэй холбон нарийвчилсан судалгаа хийж баталгаажуулах.
Аймаг орон нутгийн удирдлага, холбогдох байгууллагуудад Шинээр гаргасан болон эргэлзээ бүхий худгийн усанд уран, радоны агууламжийг тодорхойлуулж мэдээлж байх. Ураны их агууламжтай нуур, худгийн уснаас мал услах, газар тариаланд хэрэглэх явдалд хяналт тавьж, анхааруулга самбар байрлуулах гэх мэт зөвлөмжүүдийг хүргүүлсэн.
-Уг суурь судалгааны бусад ач холбогдлыг тухай?
-Уг судалгаагаар гүний ундны усан дахь микро элементүүдийн физик гидрогеохимийн асуудлуудыг олон талаас нь судлахын зэрэгцээ радоны агуулгын улирлын тогтвортой хэлбэлзэлтэй байгааг тогтоож, ураны тархалтын бүрэн зураглалыг гаргасан.
Түүнчлэн ураны бие даасан эдийн засгийн ач холбогдолтой, цацраг идэвхт ашигт малтмалын хэтийн төлөвтөй газарзүйн тогтоц зарим аймаг сумдын нутагт байж болох магдлалыг дэвшүүлсэн.
Мөн уг судалгаа нь хойшид томоохон үйлдвэрлэл, уул уурхай, цацраг идэвхт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг хянах, судлаач эрдэмтдэд анхны судалгаа шинжилгээний суурь, харьцуулах эх сурвалж болж өгч байгаа нь хамгийн чухал юм.
-Маш өргөн хүрээний ач холбогдолтой судалгаа юм байна. Газарзүйн байрлалаар нь тодорхой жишээ дурдах боломжтой юу?
Болноо. Жишээ дурдвал. Геологи, уул уурхай, ашигт малтмалын тухайд Усан дахь ураны агууламжийг тогтоосон судалгаандаа тулгуурлан Монгол орны нутаг дэвсгэр дээр урьд өмнө тэмдэглэгдэж байгаагүй ураны шинэ илэрц, биет оршин байхыг таамаглал дэвшүүлсэн. Үүнд Ховд аймгийн Ховд, Дуут, Мөнххайрхан, Үенч сумдын төвийг дайрсан 250 км орчим урт 30 км орчим өргөнтэйгээр сунаж тогтсон ураны биет, Төв аймгийн Угтаалцайдам, Жаргалант, Борнуур, Цээл, Баянцогт, Баянчандмань сумдын нутгийн ихэнх хэсгийг дайрсан 150 км 75 км талбай бүхий ураны тогтоц, Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас Замын-үүд хүртэлх зурвас газрыг нэрлэж байна. Мөн Сүхбаатар аймгийн ундны усанд төмөр, хөнгөн цагаан, цайр харьцангуй их илрэх магадлалтай бол Дорноговь аймагт хүнцэл, цайр, зэс, Дорнод аймагт зэс, хүнцэл, Өмнөговь аймагт цайр, мөнгө, Говьсүмбэр аймагт магний усанд нь харьцангуй их илэрч байна. Энэ дүгнэлтийг үндэслэсэн төрийн бодлогын компаниуд судалгаа хийж эхэлсэн.
Сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж ойртож байгаа. Үүнтэй холбоотойгоор Өөр нэг цацраг идэвхт элемент радоны агууламж нь Улаанбаатар хотын баруун хэсэгт илүү байгааг тогтоож, нэг шалтгаан нь газрын хагарал гэж үзсэн. Иймд Эмээлт, Өлзийт, Шувуун фабрикийн газрын хагарлууд дээр радон хийг бүртгэж бусад газрынхтай харьцуулахыг холбогдох судлаачдад санал болгож байна. Энэ нь нийслэл хот орчимд газар хөдлөлтийг урьдчилан таамаглахад давхар ач холбогдолтой.
Эрүүл мэндийн ашиг тусын хувьд Цацраг идэвхт элемент радон бүхий рашаан усыг түшиглүүлэн эмчилгээний зориулалтаар радоны ванн байгуулах асуудлыг судлан тогтоох, ашиглах нь тустай. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Эрдэнэбулган, Ханх, Хатгал, Увс аймгийн Тариалан, Бөхмөрөн, Түргэн, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумдын ундны усанд иод, фтор хоёулаа дутагдалтай байгааг анхаарч оршин суугчдад нь иоджуулсан давс, фтор агуулсан шүдний оо, хүнсний бүтээгдэхүүн тохируулан хэрэглэх гэх мэт жишээнүүдийг дурдаж болно.
-Энэхүү судалгаа нь энгийнээс авахуулаад судалгаа шинжилгээ, эдийн засаг, стратегийн маш чухал ач холбогдолтой юм байна. Танай багийн хамт олонд амжилт хүсье.
-Баярлалаа. "Монгол орны ундны усан дахь уран" нэгэн сэдэвт бүтээлийн хамтран зохиогчид болох Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Монгол Улсын Гавьяат багш, физик-математикийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Х.Цоохүү, МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, химийн ухааны доктор, профессор О.Болормаа багш нартаа баярлаж байна. Бид хамтдаа улс эх орон, ард түмнийхээ төлөө бүхий л хүч чадал, эрдэм мэдлэг, цаг хугацааг зориулж, маш их судалгаа шинжилгээний үр дүнгээр бүтээсэн юм.
Энэхүү бүтээлийг Эдийн засаг, хөгжлийн яам, Шинжлэх ухааны академийн Физик-технологийн хүрээлэнгээс Монгол Улсын Төрийн шагналд нэр дэвшүүлж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 221 (7718)