Ц.МЯГМАРБАЯР
Монгол Улсад хэрэгжиж байгаа усны компакт төслийн гүйцэтгэгчээр “Тетра Тех Консалтанси” фирм сонгогдон ажиллаж байна. Төслийн ахлах менежер/FIDIC/ инженер доктор Хешам Монеймыг урьж ярилцсан юм.
-Монгол болон АНУ-ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй усны төслийн нэг зөвлөх компаниар танайх сонгогдон ажиллаж байна. Танай компанийн хэрэгжүүлж буй төсөл ямар онцлогтой вэ?
-Юуны өмнө, танай нэр хүндтэй сонинд ярилцлага өгөх боломж олгосонд талархал илэрхийлье. Эхлээд өөрийгөө товчхон танилцуулъя. Би олон улсын түвшний, докторын зэрэгтэй Олон улсын инженерүүдийн холбооны итгэмжлэгдсэн Феллов /Fellow Chartered, Их Британийн Инженерүүдийн Институт ICE, Австралийн Инженерүүдийн Холбоо, PMI-ийн PMP болон RMP баталгаажуулалттай, NEBOSH дипломтой, Хөдөлмөр аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн мэргэжилтэн, IRCA-ийн тэргүүлэх аудиторын сертификаттай/ инженер хүн.
35 жилийн туршид усан хангамж, түгээлтийн системийн зураг төсөл, барилга, бохир ус цэвэршүүлэх, дахин ашиглах, борооны ус цуглуулах, ашиглах, ус зайлуулах байгууламж, усалгааны олон төрлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн туршлагатай. Нийт гадаадын 150 гаруй төсөл дээр ажиллаж байсан. Эдгээр төслүүдийн заримынх нь төсөв 4.0 тэрбум ам.долларт хүрч байсан.
Мөн их, дээд сургуулиудад иргэний инженерчлэл, бизнес, менежмент, программчлалын багш, фриланс багш, сургалт, арга зүйн туршлагатай. Дэлхийн банк, JICA, KfW, Европын Төв Банк зэрэг олон улсын санхүүжилттэй хөтөлбөрүүд дээр ажиллаж өргөн хүрээний туршлага хуримтлуулсан. Африкийн Египет, Кабо Верд, Австралийн Аделэйд, Канберра, Персийн булангийн орнууд Арабын Нэгдсэн Эмират Улс, Катар, Кувейт, Зүүн Европ, Гүрж, Өмнөд Ази, Энэтхэг зэрэг улсад ажиллаж байсан. Төсөвлөлт, удирдлага, манлайллын ур чадваруудыг, техникийн мэдлэг, мэргэжлийн өндөр түвшний шаардлага, шалгууруудтай нийцүүлэн баталгаажуулж, ажил үүргээ зорилтот хугацаанд, чанартай гүйцэтгэх, асуудал шийдвэрлэх, стратеги төлөвлөх, тогтвортой хөгжил, эрсдэл, чанарын удирдлага, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг хангуулж, топ менежерийн түвшинд удирдан чиглүүлж, ажиллаж ирсэн.
2017 оноос хойш ICE-ийн мэргэшсэн инженерийн шалгалтын хорооны шалгагч, 2020 оноос хойш Их Британийн Инженерийн Зөвлөлийн (JBM) хөндлөнгийн магадлан шинжилгээний гишүүнээр ажиллаж, гадаад орны их сургуулиудын хөтөлбөрийг Британийн стандарттай нийцүүлэн үнэлэх, хянан магадлах ажлыг хийж байна. Энэхүү туршлага маань Монголд ажиллах хугацаандаа хамтран ажиллаж буй инженерүүддээ туршлага мэдлэг, онол практикийн түвшинд дамжуулах улс орны эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлж өгч байна гэж боддог.
Хөтөлбөрийн тухайд онцолбол манай компани Монголын Засгийн газрыг олон улсын байгууллагуудтай хамтран эдийн засгийн өсөлтөд тулгуурлан ядуурлыг бууруулах зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөвлөх үүрэгтэй ажилладаг гэсэн үг.
Монгол Улсад хэрэгжиж байгаа усны төсөл, хөтөлбөр таван багц төслөөс бүрдэж байна. Газрын доорх усны нөөцийг үйлдвэрийн бус хүн амын ундны усанд зориулах замаар тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэж байна. Монгол Улс газрын доорх усны арвин их нөөцтэй. Энэхүү баялгаа ирээдүй хойч үедээ зөв хадгалж үлдээх, хамгаалах шаардлагатай. Тиймээс хамгийн орчин үеийн технологийг ашиглан үйлдвэрийн зориулалттай усны өөр эх үүсвэрийг бий болгож, газрын доорх усыг зөвхөн ундны усанд ашиглах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ хүрээнд хэрэгжиж буй төсөл гэдгээрээ онцлогтой.
- Усны дэд бүтэц, инженерчлэл, технологийн чадавхыг Монголд нутагшуулах явцад ямар бэрхшээл, сорилт тулгарч байна вэ?
-Манай компани 60 гаруй жилийн өмнө байгуулагдсан. Дэд бүтцийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Гол бэрхшээл нь гэрээнд заасан шаардлагад нийцэх олон улсын туршлагатай мэргэжилтнүүдийг Монголд ажиллуулах байсан. Монгол Улс газарзүйн хувьд алслагдсан. Өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг. Агаарын бохирдол өндөртэй тул гадаад мэргэжилтнүүдийг ажиллуулахад хүндрэлтэй орчин нөхцөлтэй. Тухайлбал, “Tetra Tech” зөвлөх компани нэг төслийн менежерийг нийт зургаан удаа солино гэдэг нь нөхцөл байдлын хүндрэлийг харуулж байна. Мөн барилгын, механик, цахилгаан, хэмжилзүй, чанар, скада, гэрээ, төлөвлөлт, хяналт зэрэг олон тооны монгол инженер, техникийн ажилтан зэрэг нарийн мэргэжилтэн ажиллуулах шаардлагатай байсан. Гэвч монголд ийм төрлийн төсөл анх удаа хэрэгжиж байгаа тул шаардлагатай туршлагатай мэргэшсэн зөвлөх инженерүүдийг олоход амар байгаагүй.
Өөр нэг бэрхшээл нь FIDIC-ийн олон улсын нөхцөл, шаардлагад нийцсэн харилцаа, процедурын ойлголт, уялдааг гүйцэтгэгч компаниудад ойлгуулах гар нийлж ажиллах шаардлага тулгарч байсан. Мөн өвлийн хэт хүйтний улмаас барилгын ажил аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл зогсдог. Өөрөөр хэлбэл, бетон цутгалт, хөдөлмөрийн нөхцөл хүндрэх зэрэг нь бас том сорилт болж байсан.
-Хөтөлбөрөөр ямар шийдлүүдийг хэрэгжүүлсэн бэ?
-Ийм төрлийн олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд олон орны мэргэжилтнүүдийн туршлага, мэдлэгийг нэгтгэн ажилладаг. АНУ, Франц, Герман, Израиль, Турк, Хятад, Солонгос, Египет, Энэтхэг, Филиппин, Иордан зэрэг олон орны мэргэжилтнүүд, гүйцэтгэгчид, ханган нийлүүлэгчид нэг баг болж ажилласан. “Tetra Tech”-ийн үүрэг нь “Mянганы сорилын сан”-д /МСС/ техникийн үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж гаргах, шийдвэр гаргалтыг дэмжих, зохицуулалт хийх, бүх талуудын хамтын ажиллагааг нэгтгэн удирдах явдал байлаа. Ийм хэмжээний төслийг хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын явцад олон техникийн хүндрэл гардаг. Гэсэн хэдий ч бид эдгээрийг цаг тухайд нь шийдвэрлэж чадсан. Хамгийн гол нь төсөл хугацаандаа амжиж, төсөвтөө багтаж, шаардлага ханган дуусах нөхцөлийг бүрдүүлж ажилласан.
-Төслийн үр дүнг бодитоор үнэлнэ үү. Ирээдүйд нийслэлийн хүн ам өсөхийн хэрээр тогтвортой, найдвартай усан хангамжид ямар нөлөө үзүүлэх вэ?
-Уг хөтөлбөрийн хүрээн дэх нийт таван төсөл бүхэлдээ дуусмагц Улаанбаатар хот хүн амынхаа хэрэгцээнд өдөр бүр олон мянган шоо метр ундны ус нэмэлтээр авах боломжтой болно. Мөн газрын доорх усыг халаалт зэрэг үйлдвэрийн хэрэглээнээс чөлөөлж ирээдүй үед хадгалснаар усан хангамжийн тогтвортой байдал хангагдана. Үйлдвэрийн хэрэгцээнд шаардлагатай усны нөөцийн сан энэ хөтөлбөрийн хүрээнд баригдаж, ажиглалтад орох хугацаа ойртсоор байна. Түүнчлэн саарал ус дахин боловсруулах шинэ үйлдвэрийн технологиор хангаж, байгалийн усанд бохирдол үүсгэхгүйгээр буцаан ашиглах боломж бүрдүүлж байгаагаар онцлогтой.
-Хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа энэ төсөл хөтөлбөр нь аль аль талд ашигтай, үр дүнд суурилсан, зардал, үр ашгийн түншлэл болж чадсан уу. Таны байр суурийг сонсвол?
-Тийм ээ, энэ хөтөлбөр санхүүжүүлэгч тал болон Монгол Улс аль алинд нь өгөөжтэй маш том мега төсөл. Санхүүжүүлэгч талын хувьд хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах чиглэлд бодит үр дүн үзүүлснээр олон улсын нэр хүндээ өсгөнө. Ялангуяа Mянганы Сорилын Корпарац нь дэлхийн улс орнуудад хүмүүнлэгийн бодитой дэмжлэг үзүүлдэг байгууллага гэдгээ үүгээр улам бүр бататгаж байгаа. Монгол Улсын хувьд нийт санхүүжилтийн гуравны нэгийг өөрсдөө гаргасан. Ард иргэддээ өндөр чанартай ундны усны үйлчилгээг хүргэх газрын доорх усыг ирээдүй үедээ хадгалах, бохир усны нөөцийг дахин боловсруулж үйлдвэрийн хэрэгцээнд ашиглах боломжийг бүрдүүлж байгаагаар стратегийн чухал ач холбогдолтой. Төсөл эхэлснээс хойших зургаан жилийн хугацаанд олон мянган монгол иргэнийг ажилтай, орлоготой байлгаж, олон улсын инженерүүдтэй ажилласнаар мэдлэгийн солилцоо бий болох зэрэг маш олон ашиг тус өгсөн. Энэ туршлага цаашид Монголд хэрэгжих ижил төрлийн олон төслүүдэд үнэтэй суурь болж өгнө.
-Төслийн өртөг, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгнө үү?
-Хөтөлбөрийн нийт өртөг ойролцоогоор 500 сая ам.доллар. Үүний нэг хэсгийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлж байна.
-Монгол инженерүүд энэ төсөл дээр ажилласан уу. Тэдний чадавх ямар байсан бэ?
-Төсөл олон төрлийн мэргэжил шаарддаг учир инженерүүдэд шинэ зүйлийг сурах, судлах, шинэлэг шийдэл боловсруулах, технологийн давуу талыг ашиглах том боломж олгосон. Монгол Улсад барилгын салбар сайн хөгжсөн ч ихэвчлэн уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн салбарт төвлөрсөн. Харин ус, бохир ус, усалгааны систем, шугам хоолойн ажил, зам, гол нүхэлж шугам холбох (trenchless) технологи, газрын доорх усан сан зэрэг зөвлөх инженерийн нарийн тусгайлсан төслүүдэд инженерүүдээ бэлтгэхэд анхаарах шаардлагатай. Энэ нь олон улсын мэргэжлийн сертификат бүхий эрх авахын төлөө инженерүүд илүү хүчин чармайлт гаргаж суралцах шаардлага байгааг харуулж байна. Олон улсын мэргэжлийн эрх авахын тулд инженерүүдийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх шаардлагыг хангасан байх ёстой. Олон улсын мэргэжлийн эрхтэй монгол инженерүүд олон байх тусам Монгол Улсын ирээдүйд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй. Би Их Британийн инженерүүдийн холбооны итгэмжлэгдсэн фелло зэрэглэлтэй барилгын инженер. Хүсвэл Монголын инженерүүдийг ICE болон бусад олон улсын байгууллагад мэргэжлийн эрх авахад үнэ төлбөргүй дэмжиж туслахад бэлэн.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 220 (7717)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.
Таны итгэл, дэмжлэг биднийг хараат бус байлгадаг.