Б.ЗАЯА

Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй үнэмлэхийг ирэх сарын 1-нээс шинэчлэх талаар мэдэгдэж байсан.  Энэ талаар Нийслэлийн халамж үйлчилгээний газрын тэтгэвэр, тэтгэмж хөнгөлөлт хариуцсан мэргэжилтэн Т.Ариунжаргалаас тодрууллаа.

-Нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих иргэдийн үнэмлэх шинэч­лэх хугацааг хойшлуулсан нь үнэн үү?

-Үнэмлэх шинэч­лэх хугацааг тавдугаар сарын 1 гэж тооцоолж байсан. Харин энэ хугацаагаа хоёр­дугаар сарын 1 бол­го­сон. Тиймээс ирэх сарын 1-нээс шинэ үнэмлэх олгож эхэлнэ.

-Тэгвэл ирэх сарын 1 гэхэд иргэдийн гар дээр шинэ үнэмлэх очиж амжих уу. Нийтийн тээврийн үйлчилгээнийхэн тэр өд­рөөс л шинэ үнэмлэх шаардаж эхлэх байх?

-Манайхаас шинэ үнэмлэх гаргахаар бэлдэж байна. Эхний үнэмлэхүүд хэвлэлтээс гарч эхэлсэн. Тиймээс ирэх сарын 1 гэхэд үнэмлэхээ дүүр­гүү­дэд хуваарилчихна. Харин хороо хэлтсүүд хэр­хэн тараахаа зохицуулах байх.

-Тэтгэвэр болон групп шинээр тогтоолгож байгаа иргэд хуучин үнэмлэх авч болох уу?

-Одоо ямар ч үнэмлэх иргэдэд шинээр олгохгүй. Энэ сард тэтгэвэр болон групп тогтоолгож байгаа иргэд ирэх сараас үнэм­лэхтэй болно. Тэр хүртэл тэтгэврийн насны хүмүүс иргэний үнэмлэхээ үзүү­лэн автобусаар зорчиж болно. Хөгжлийн бэрх­шээлтэй иргэд групп тогтоолгосон дэвтрийг үзүүлж явна. Орон нутгаас ирж байгаа ахмад наст­нууд болон түр оршин суугчид үнэмлэхээ Нийс­лэлийн халамж үйлчил­гээний газраас ирж авна. Харин нийслэлд харьяа­лалтай иргэд харьяа дүүргийнхээ халамжийн газраас авна.