Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн ярилцлагын зочноор МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Түмэн-Очирын Эрдэнэ-Очирыг урьж, ярилцлаа.

-МУИС-ийн ууган бүрэлдэхүүний нэг Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн 80 жилийн ой энэ онд тохиож байна. Тэнхимийнхээ үүх түүхээс бидэнтэй хуваалцаач?

-Дэлхийн хоёрдугаар дайн ид өрнөж байсан хүнд хэцүү цаг үед эх орныхоо нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт ажиллах дээд боловсролтой мэргэжилтэн, боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх нь тулгамдсан асуудал болж байв. Ингээд Монгол Улсын ууган их сургууль болох Монгол Улсын Их Сургуулийг 1942 онд байгуулсан нь Монгол Улсад орчин үеийн боловсролын тогтолцоог хөгжүүлэх түүхэн үйл явдал болсон юм. МАХН-ын X хурлын шийдвэрийг үндэс болгож БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1940 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар “Улаанбаатар хотноо Улсын Университет (Улсын их сургууль) байгуулах тухай” 45 дугаар тогтоолыг баталж, түүнээс хойш 1942 он хүртэл олон үе шаттай бэлтгэл ажлыг хийж дуусган, Монгол Улсын Их Сургуулийг 1942 оны 10-р сарын 05-нд нээж, мал эмнэлэгийн факультет, хүн эмнэлэгийн факультет, багш нарын факультет гэсэн 3 факультетын 90 гаруй оюутантай хичээлээ эхлүүлж 1946 онд анхны төгсөлтөө хийж байжээ. МУИС байгуулагдсан цагаасаа эхлэн зохион байгуулалт, материаллаг баазын хувьд бэхжин шинэ шинэ анги салбаруудыг нээж улс орныхоо хөгжилд шаардлагатай төрөл бүрийн мэргэжилтнүүдийг бэлтгэсээр ирсэн бөгөөд энэхүү анхны 3 факультетэд түшиглэн өнөөгийн Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль байгуулагджээ.

Харин манай тэнхимийн хувьд БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МАХН-ын Төв Хорооны 1945 оны 07-р сарын 27-ны өдрийн хамтарсан хурлын 51/44 дугаар тогтоолын дагуу Монгол хэл бичиг, утга зохиолын факультетыг МУИС-д байгуулж 33 оюутантай хичээллүүлж эхлэн, 1949 онд анхны 19 хүнийг төгсгөжээ. Өөрөөр хэлбэл, манай тэнхимийн түүх эндээс эхэлж байна аа гэж ойлгож болно. Монгол хэл утга зохиолын ангийг анх байгуулахад монгол хэлний багшаар Б.Ринчен, утга зохиолын багшаар Б.Содном, манж хэлний багшаар Л.Дэндэв нар ажиллаж байсан ба удалгүй МАХН-ын төв хороонд ажиллаж байсан Ш.Лувсанвандан багшийг, мөн Академич Ц.Дамдинсүрэн нарыг урьж авчран ажиллуулжээ. Монгол хэл утга зохиолын анги байгуулагдсанаар Судар бичгийн хүрээлэн, Ардыг гэгээрүүлэх яам зэрэг хэдхэн газарт цөөхөн хүн сурах бичиг бэлтгэх, нэр томьёо боловсруулах, үсгийн дүрмийн болон Орос монгол хэлний орчуулгын толь зохиох, шинэ үсгийн цагаан толгой, үсгийн дүрэм боловсруулах зэрэг ихэвчлэн дунд сургуулийн сургалтад зориулсан цөөн тооны ажлаар үйл ажиллагаа нь хязгаарлагдаж байсан монгол хэл, утга зохиолын судлал хөгжлийн шинэ шатанд гарч, үндэсний хэл бичгээ орчин үеийн шинжлэх ухааны онолын үүднээс судлах сайхан боломж бүрдэж манай оронд Монголын судлал хөгжих үндэс суурь болсон юм. Харин анхны тэнхимийн эрхлэгчээр Б.Ринчен, удаагаар нь Академич Ш.Лувсанвандан, Т.Пагва нар ажилласан байна. Дашрамд дурдахад, манай тэнхимийг тус тэнхимд ажиллаж байсан Лу багшийн үе үеийн шавь нарын санаачлага, дэмжлэгээр 2001 онд Академич Ш.Лувсанванданы нэрэмжит болгосон юм. Мөн Лу багшийн шавь, Монгол Улсын гавьяат багш, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ж.Баянсан, эдүгээгийн МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор, ОУМСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор, профессор Д.Заяабаатар нар Академич Ш.Лувсанвандан багшийн бүтээл туурвилынх нь бүрэн чуулганыг 12 ботиор эрхлэн Ш.Лувсанвандан багштаны мэндэлсний 100 жилийн ойгоор буюу 2010 онд хэвлүүлсэн нь сургалт, судалгааны чухал хэрэглэгдэхүүн болсоор байгаа билээ. Түүнчлэн “Хэл шинжлэлийн удиртгал” номыг анх удаа монгол хэлээр бичсэн доцент Т.Пагва, Ш.Гаадамба, Ц.Хасбаатар, Ц.Сүхбаатар, С.Мөөмөө, Т.Дашцэдэн, Ш.Чоймаа, Ж.Баянсан, М.Базаррагчаа, Ю.Мөнх-Амгалан нарын монголын тэргүүлэх хэл шинжлэлч, эрдэмтэд тус тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан ба одоогийн бүтцэд нэгдсэн Монгол хэл шинжлэлийн тэнхим, Монгол хэлний тэнхим, Эх бичиг-Алтай судлалын тэнхимийн эрхлэгчээр нийтдээ 40 гаруй эрдэмтэн багш ажилласаар иржээ.

Манай хэл бичиг, утга зохиолын салбар нь МУИС-ийн нийгэм, хүмүүнлэгийн салбарын анхны факультет байсан учир манайхаас 10 гаруй тэнхим салбарлаж үүсчээ. Өөрөөр хэлбэл, 1947 онд анхны 33 оюутны 19-ийг үлдээж, түүхийн тэнхим байгуулжээ. Тухайлбал, Ардын багш Д.Чойжилсүрэн тэдгээр оюутны нэг байсан бөгөөд хэл бичгийн ангид элсээд түүхч мэргэжлээр төгссөн ч манай тэнхимд монгол бичгийн хичээлийг голлон зааж, энэ талын сургалт, судалгааг бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулсан Чойжоо багшийн алдрыг дурсаж, түүний шавь Ардын багш Ш.Чоймаа нарын санаачлагаар эхлүүлсэн “Ардын багш Дагвын Чойжалсүрэн багшийн нэрэмжит монгол бичгийн улсын уралдаан”-ыг тэнхимийн хамт олон бид одоо ч жил бүр уламжлал болгон зохион байгуулж, улам бүр хүрээ хаяа, үр өгөөжөө тэлсээр байгаа билээ. 1960-аад оны эхэн үеэс Хэл, утга зохиолын факультетын нэрийг Хэл бичгийн факультет болгосныг 1991 онд бүтцийн өөрчлөлтөөр Монгол судлалын хүрээлэн буюу бүрэлдэхүүн сургуулийг бие даалган байгуулснаар Монгол судлалын чиглэлээр бие даасан сургалт, судалгааны олон ажлыг тогтолцоотойгоор нарийвчлан хөгжүүлэх үндэс бүрэлдсэн гэж ойлгож болох болов уу. Академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан нарын монголын шинжлэх ухаанд оруулсан их хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээл туурвилын үр нөлөөгөөр монгол хэл бичгийн салбарын судалгаа нь монгол судлалын үндсэн цөм буюу сонгодог салбар байсаар ирсэн гэж ойлгож болно. Тийм ч учраас Монголч эрдэмтний анхдугаар их хурлыг 1959 онд зохион байгуулах үйл хэрэгт манай ахмад үеийн академич эрдэмтэд онцгой идэвх зүтгэл гарган ажилласан ба  Монголч эрдэмтний анхдугаар их хурал нь монгол хэл бичгийн салбарын хуралдаан байсныг энд онцлон тэмдэглэе. Ингэж эхэлсэн Монголч эрдэмтний их хурлын 13 дахь удаагийнх нь 2026 онд зохион байгуулагдах гэж байгаа билээ. МУИС-ийн Монгол судлалын сургууль, Монгол судлалын дээд сургууль зэргээр нэрээ хэд хэд өөрчилсөн манай салбар сургууль 2001 оноос Монгол хэл, соёлын сургууль нэртэйгээр сургалт, судалгаа эрхэлж байгаад 2014 онд МУИС-ийн бүтцийн өөрчлөлтөөр татан буугдаж, бүрэлдэхүүнд нь байсан Монгол хэлний тэнхим, Эх бичиг- Алтай судлалын тэнхим, Монгол хэл шинжлэлийн тэнхим нэгдэж, одоогийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийг байгуулсан юм. Ингэхлээр одоо 80 жилийн ойгоо манай тэнхим тэнхимийн түвшинд тэмдэглэж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ бүхэл бүтэн бүрэлдэхүүн сургуулийн үүх түүхийг хамаарах юм.

 

-Энэхүү түүхт ойгоо угтаж ямар ажлуудыг зохион байгуулах вэ?

-Энэ бол багш, оюутан, төгсөгч, ажил олгогч гээд оролцогч талуудын бүтээсэн хамтын түүх юм. Тиймээс арваннэгдүгээр сарын 11, 12-нд төгсөгч, багш нарын уулзалтыг зохион байгуулна. Түүнчлэн манай тэнхимийн болон ижил мэргэжлийн сургалт судалгаа явуулдаг бусад их сургуулийн оюутнуудад зориулсан улсын хэмжээний эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зарласан. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 25-нд бакалаврын, 27-нд ахисан түвшний оюутнуудад зориулсан эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан болно. Харин арваннэгдүгээр сарын 29-нд энэхүү ойд зориулсан “Монгол хэл шинжлэл 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах бөгөөд тус өдрийн үдээс өмнөх хэсэгт Монгол Улсын төр засгийн төлөөлөл, гадаадын монгол судлалын төв, ахмад багш нар, оюутан төгсөгчид мэндчилгээ дэвшүүлсэн баярын хурал болно. Одоогоор арав гаруй орны судлаачийн 40 гаруй илтгэл ирээд байна. Үүнийг салбар хуралдаанаар хуралдаж, багцална. Орой нь мөн хүндэтгэлийн үйл ажиллагаатай.  Үүнээс гадна тэнхимийн түүх, сургалтын онцлог, үе үеийн эрдэмтдийн судалгаа, бүтээлийн өвийг танилцуулах гэхчлэн агуулгатай баримтат кино, тэнхимийн түүхийг эмхэтгэсэн ном хийж байна. Мөн МҮОНРТ-тэй  хамтран дурсамж нэвтрүүлэг, шууд дамжуулалт хийхээр ярилцаж байгаа зэрэг олон төлөвлөгөөт ажил бий.

 

-Монгол хэл шинжлэлийг их сургуулийн сургалтын тогтолцоонд оруулж, мэргэжилтэн бэлтгэж эхлээд 80 жил болжээ. Тэгвэл шинжлэх ухааны түвшинд хэзээнээс судалж эхэлсэн юм бэ?

-Чойжи-Одсэрийн “Зүрхэн толт” Данзандагвын “Огторгуйн маань”-д дам өвлөгдөж ирсэн баримтаар XIII-XIV зууны үеэс монгол хэл, бичгийн сургалт, судалгаа үүсэж хөгжсөн түүхтэй гэж үздэг. Түүнээс хойш Ганжуур, Данжуурын орчуулга түүнд зориулсан “Мэргэд гарахын орон” толь зэрэг ном бүтээл гарч байсан. Энэхүү олон жилийг дамнасан сургалт, судалгааны суурин дээр Судар бичгийн хүрээлэн байгуулж, монгол хэл, бичиг, утга зохиолын төрөл зүйлийг тогтолцоотой судлан шинжилж байгаад МУИС-д 1945 оноос их дээд сургуулийн тогтолцоонд сургалтыг явуулж эхэлсэн.

Тэнхимийн түвшинд харьяалуулж ярихад ийм боловч 1831 онд И.Я.Шмидт “Grammatik der mongolischen Sprache” буюу монгол хэлний хэл зүйг бичсэн. Энэ нь Европын хэл шинжлэлийн онол, арга зүйн суурин дээр монгол хэлний асуудлыг тайлж, тайлбарласан анхны бүтээл юм. Сургалтын хэл зүй талаас “Лу багшийн цагаан ном” гэж алдаршсан Ш.Лувсанвандангийн 1939 онд бичсэн ном байна. Түүнчлэн Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Т.Пагва нарын олон эрдэмтэн барууны оронд эрдмийн зэргээ хамгаалж, ном бүтээлээ туурвисан нь шинжлэх ухааны үндэслэлтэй сургалт, судалгаа явуулах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй юм. Үүнээс өмнө санскрит, төвөд хэлний судалгааны уламжлалаар олон ном бүтээл туурвисан байдаг.

-Тэгвэл энэхүү  тэнхимийн сургалт, судалгааны онцлог юу вэ? Уламжлал, шинэчлэлийг хэрхэн хослуулж байна?

-Энэ нь тэнхимийн бүтцийн түүхэн өөрчлөлттэй уялдаа холбоотой. Тухайлбал, утга зохиолын тэнхим 1982 онд бие дааж салсан ч Багш монгол хэл, уран зохиол, Хэл, уран зохиол судлаач зэрэг дундын хөтөлбөрүүдийн хичээлүүдийг тэнцүү хуваарьтай заасаар ирсэн.

Уламжлалт манж хэл бичиг, төвөд хэл бичиг, монгол бичиг, сурвалж судлал, алтай судлалын сургалт, судалгааны чиг баримжааг таслахгүйгээр хөгжүүлж, хөтөлбөртөө тусгахын сацуу түгээмэл хэл зүй, нийгэм хэл шинжлэл, хэлний соёл судлал, танихуйн хэл шинжлэл, тогтолцоот үүргийн хэл зүй зэрэг орчин үеийн хэл шинжлэлийн онол, арга зүйн шинэлэг талыг тасралтгүйгээр сургалт судалгаандаа тусгаж байна. Ингэхдээ төгсөгчид  маань орчин үеийн нийгэм, цаг үеийн шаардлагад нийцсэн ур чадвартай, сайн мэргэжилтэн байхыг харгалзаж хөтөлбөрөө шинэчилсээр ирсэн.

Түүнчлэн 1952 оноос социалист орны гадаад оюутнууд Монгол Улсад сурч эхэлсэн. Энэ үеэс гадаад хүнд монгол хэл заах тусгайлсан сурах бичиг, багшийн эрэлт хэрэгцээ тулгарсан. Архивын баримтаас үзвэл 1952 онд социалист нөхөрлөлийн таван орноос 100 гаруй гадаад оюутан Монгол Улсад сурч байгааг дурдсан байдаг. Ийнхүү 1971 онд албан ёсоор гадаад оюутны сургалт хүмүүжлийг дагнан хариуцах Монгол хэлний тэнхимийг байгуулж, анхны эрхлэгчээр Ж.Лувсандорж багш ажиллаж байсан. Тэр үеэс эхлэлтэй архивын баримтыг шүүж үзэхэд 30 гаруй улсын найман мянга гаруй гадаадын оюутан суралцагч манай тэнхимд сурч төгссөнөөс олон алдартай монголч эрдэмтэд, элчин сайд, дипломат ажилтан, бусад салбарын сургалтын судалгааны ажил эрхэлдэг судлаач мэргэжилтнүүд болсон байна.

Мөн манай тэнхимийн багш нар гадаадын Монгол судлалын төв, их сургуулиудад зочин профессороор уригдан ажиллаж, тухайн газрынхаа монгол судлалын сургалт, судалгааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирснийг дурдах хэрэгтэй.

 

-Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн хөтөлбөрүүдийн элсэлт, тус мэргэжлүүдийн нийгэм дэх эрэлт, хэрэгцээ ямар байна вэ?

-Манай мэргэжлийн эрэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухаан, спортын яаманд баталсан 2030 он хүртэлх Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт эрэлттэй тэргүүлэх мэргэжлийг статистик үзүүлэлтийн хамт дурдсан байдаг. Тодруулбал, 2025 он гэхэд Багш монгол хэл, уран зохиолын мэргэжилтэн гурван мянга, 2030 он гэхэд таван мянга хэрэгтэй гэж заасан бөгөөд энэ мэргэжлийн хөтөлбөртэй их сургуулиуд дээд хэмжээгээрээ оюутан элсүүлсэн ч дутагдаж буй ажлын байрыг хангаж чадахгүй байна. Иймд монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтнээс гадна хэл, уран зохиол судлаач болон хэл шинжлэлийн хөтөлбөрийн төгсөгчид багшлах боловсон хүчнийг хангахад чухал нөлөө үзүүлэхээс гадна энэ чиглэлийн магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр сурч буй оюутанд сургалтын тэтгэлэг, боловсролын зээлийн сангийн үе шаттай дэмжлэг үзүүлдэг. 

Түүнчлэн 2015 онд батлагдсан “Монгол хэлний тухай хууль”-ийн хэрэгжилттэй холбоотой манай төгсөгчдийн ажлын байрны эрэлт, үнэ цэн нэмэгдэж, багшаар хязгаарлагдахгүй судлаач, сэтгүүлч, мэргэжилтэн, шинжээч, архив, бичиг хэргийн ажилтан зэрэг мэргэжлээр ажиллах боломжтой билээ.

Элсэлтийг сүүлийн гурван жилээр баримжаалан хэлэхэд Багш монгол хэл, уран зохиолын хөтөлбөрт 90, Хэл шинжлэлийн хөтөлбөрт 40, Хэл, уран зохиол судлалын ангид 30 оюутны хязгаартай элсэлт авч байгаа бөгөөд жил бүр элсэлтийн квот дүүрч байгаа нь манай тэнхимийн хэрэгжүүлдэг мэргэжлийн хөтөлбөрийн үнэ цэн, эрэлт хэрэгцээг тодотгох нэгэн үзүүлэлт болов уу.

 

-Тэгвэл оюутнуудад нь зориулсан ямар тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг вэ?

-Сургалтын үйл ажиллагааг тогтвортой явуулах, амжилттай сайн суралцаж байгаа оюутнуудыг мэргэжлийн хүрээнд өсөж дэвших боломжийг олгох, дэмжихэд чиглэсэн олон хөтөлбөрүүдийн нэг нь тэтгэлэг байдаг.

“Монгол судлал – Залгамж үе” болон манай тэнхимд ажиллаж байсан ахмад үеийн эрдэмтдийн нэрэмжит тэтгэлгүүд бий. МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнтэй хамтарсан залуу монгол судлаачдад зориулсан Академич Б.Ринчен, Ш.Лувсанвандан, Ц.Дамдинсүрэн нарын нэрэмжит тэтгэлэг нь Монгол Улсад урт болон богино хугацаагаар судалгаа шинжилгээ хийх судлаачдад зориулсан. Мөн Ардын багш Ш.Чоймаа, Ардын уран зураач Н.Цүлтэм, Гавьяат багш Г.Гантогтох, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн М.Базаррагчаа багшийн нэрэмжит тэтгэлэг бий бөгөөд тэтгэлгийг олон эх үүсвэрээс төрөлжүүлэн бий болгохыг зорьж байна.

 

-Хөтөлбөрт заагдсан хичээлээс гадна оюутнуудаа хөгжүүлэхэд зориулсан танхимын бус ямар сургалт зохион байгуулдаг вэ?

-Танхимын бус сургалтаар оюутнуудыг идэвхжүүлэх,  мэргэжлийнхээ онцлог, үнэ цэнийг ойлгоход чухал нөлөөтэй хэмээн үзэж сүүлийн дөрвөн жилийн хугацаанд олон ажлуудыг зохион байгуулж байна.

Жил бүр 20-оод орны 100-200 гаруй оюутан тогтмол ирж суралцдаг. Тэдэндээ зориулж Монгол орон судлалын хавар, намрын дадлагыг бодит орчинд нь зохион байгуулдаг. Мөн “Эх орноо сурталчлах өдөрлөг”, “Монгол хэл хэн сайн мэдэх вэ” зэрэг арга хэмжээ байна.  

Харин төгсөх ангийн монгол оюутнууддаа зориулж “Дуутын хадны бичээс”, “Тоньюкукын гэрэлт хөшөө” зэрэг бичиг үсгийн дурсгалт газраар хээрийн дадлага зохион байгуулдаг. Түүнчлэн монгол, гадаад оюутнуудыг тэгш хамруулсан “Монгол хэл соёлын өдөрлөг”, “Хамтдаа алхъя” зэрэг хөтөлбөрт үйл ажиллагаа байна.

Түүнчлэн тэнхимийн дэргэд 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй монгол бичиг, соёлын “Хос уянга” нэгдэл нь МУИС-ийн оюутны хэмжээнд сонгон шалгаруулалт явуулж, тэнцсэн оюутнуудад монгол бичгийн уран бичлэгийн тиг зааж, мэдлэг чадварыг дээшлүүлэхэд тусалдаг. Нийгмийн хариуцлагын хүрээнд хаяг, шошго монгол бичгээр хийх, үзэсгэлэн, сонин гаргах зэрэг үйл ажиллагааг тогтмол хийдэг. Ингэхдээ жил бүр тэнхимийн нэг багш оюутнуудад заавар зөвлөгөө өгөн ажилладаг.

Мэргэжлийн чиг баримжаа, судалгаа шинжилгээний чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн “Хэл шинжлэлийн дугуйлан”, “Төвөд хэл бичгийн дугуйлан”-г мөн идэвхтэй ажиллуулдаг. Энэ жилээс төгсөгч нарынхаа ур чадварыг дээшлүүлэх зорилгоор шилдэг багш нарын туршлагыг хуваалцах “Заах арга зүйн нэгдэл”-ийг хичээллүүлнэ. Зөвхөн манай тэнхимд сурдаг оюутнаар хязгаарлагдахгүйгээр Монгол орны өнцөг булан бүрд ажиллаж буй багш нарынхаа ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч хамтын ажиллагааны хүрээнд янз бүрийн хөтөлбөр, сургалтыг мөн зохион байгуулж байна. Жишээлбэл, Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуультай хамтран жил бүр 50-60 монгол хэл, уран зохиолын багшийн зардлыг дааж, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулдаг. Үүнд жил бүр 300-500 багшийн хүсэлт ирдэг бөгөөд ажлын байранд дадлагажиж, монгол хэл, бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хэрхэн идэвх санаачилгатай ажилласан зэрэг байдлаар сонгон шалгаруулдаг.

 

-Монгол хэл шинжлэлийн салбарын ирээдүйн хөгжил, судалгааны чиг хандлага хаашаа чиглэж байна. Энэ асуултад өөрийн байр суурийг илэрхийлбэл?                                                                          

Монгол хэл шинжлэл, хэл бичгийн салбарын сургалт судалгаа нь уламжлалт сургалт, судалгааны ололттой талыг бүтээлчээр хөгжүүлэн уламжлахын зэрэгцээ орчин үеийн хэл шинжлэлийн шинэ шинэ онол, арга зүйг монгол хэлний үзэгдэл баримтыг задлан шинжлэхэд ашиглаж хөгжүүлэх хандлагатай байна. Ялангуяа бүтцийн хэл шинжлэлийн уламжлалт онол, арга зүйгээс хүн төвт хэл шинжлэлийн үзэл баримтлал руу чиглэсэн хандлага, мөн орчин үеийн цахим технологийн хөгжлийн шаардлагаар тулгаран гарч ирж буй цахим хэл шинжлэл, хэрэглээний хэл шинжлэл, хиймэл оюун ухаанд хэлийг зөвөөр ойлгуулах, таниулах зэрэг онолын судалгааны үр дүнг хэрэглээнд хэрхэн нэвтрүүлэх зэрэг чиглэлийн судалгааг салбарын эрдэмтэн судлаачид сүүлийн үед идэвхтэй хийж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 214 (7711)