Ц.МЯГМАРБАЯР
“Монголын банкны холбоо”-ны /МБХ/ шинэ ерөнхийлөгч О.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр банкны салбар дахь зарим тулгамдсан асуудлын эргэн тойронд тодруулж ярилцав.
- Банкуудын чанаргүй зээлийн өрийн хувь хэмжээ сүүлийн жилүүдэд ялангуяа хэрэглээний болон цалингийн зээлийн эргэн төлөлтөд ихээр ажиглагдах боллоо. Өөрөөр хэлбэл, давхар зээлийн өрийн сүлжээнээс гарч чадахгүй байдалд орсон байна. Үүнийг хэрхэн зөв голдрилд нь оруулах вэ. Энэ асуудалд танай холбоо ямар байр суурьтай байна вэ?
- Зээл олголт дижитал технологид шилжсэнээр цахим зээлийн давхардал хамгийн сэтгэл зовоосон асуудлын нэг болж байна. Зээлийн шаардлагад нийгмийн даатгалын шимтгэлийг нэг жилийн хугацаанд тогтмол төлснөөр тухайн хүнд дунжаар 5-20 хүртэл сая төгрөгийн зээл олгодог. Энэ байдлыг буруугаар ашиглаж давхар зээлийн өрийн сүлжээнд орж буй явдал. Өөрөөр хэлбэл, нэг зээлдэгч нэг банкнаас нэг удаа дээрх хэмжээтэй тэнцэх зээл авах байтал хэд, хэдэн банкнаас зээл зэрэг олгодог гэсэн үг. Гэвч уг хүн 5-10 сая төгрөгийн зээлийг л даах санхүүгийн чадвартай атал нэмээд хэд хэдэн ББСБ-аас 20-30 сая хүртэл хэмжээнд зээл авах эрх нь нээлттэй байгаатай холбоотой. Мэдээж үндсэн зээл, зээлийн хүү хугацаандаа төлөгдөх зайлшгүй шаардлагатай учраас зээлээ төлж чадахгүй байгаагаас чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл өссөөр байгаа юм.
-Зээлийн мэдээллийн санд хугацаа хоцорч мэдээлэл ордог учраас үүнээс амжаад зээлээ давхардуулан авдаг мөн зээлээ амжаад төлдөг гэж ярьдаг. Тэгэхээр энэ сан бодит горимын цагаар ажиллах нөхцөл бүрдсэн үү?
-Цахим зээл олголтыг шийдэж байсан оргил үеүүдэд Зээлийн мэдээллийн сан бодит цагийн горимоор ажилладаггүй байсан. Тодруулбал, өдөр нь зээл авлаа. Шөнө нь зээлийн мэдээллийн санд ордог байсан гэсэн үг. Тэвэл одоо Зээлийн мэдээллийн сан бодит гормын цагаар ажиллладаг болсон учраас өмнө авсан зээлтэй хүмүүст эргэн төлөлтөд бодит дарамт үүссэн гэсэн үг. Нөгөөтээгүүр, зээлийн лавлагааг хийдэг /скоринг/ хийдэг компаниудын ажиллагаа эрс сайжирсан. Тиймээс цаашид давхардуулан зээл олголт хийгдэх боломжгүй, засагдсан гэсэн үг.
-Банкны эрх зүйн орчныг сайжруулах тухай ярьдаг. Ямар, ямар хуульд өөрчлөлт оруулснаар сайжруулах боломжтой гэж харж байна вэ?
- Тэгэхээр хамгийн бага зардлаар хийдэг хууль эрх зүйн орчныг хөгжүүлэх шаардлага бий. Тухайлбал, чанаргүй зээл төлүүлэхтэй холбоотой Шүүхийн процесс удаашралтай байгаа нь нэлээдгүй эрсдэлийг бий болгосоор байна. Тухайлбал,17 жилийн дараа зээл төлөгдсөн бодит жишээ байдаг. Шүүхэд шилжсэн гэдгээр хүү зогсоно, 17 жилийн эдийн засгийн алдагдал гээд олон хохирол үүснэ. Тухайн үед ажиллаж байсан банкны удирдлага, ажилтан хэдэн ч удаа солигдсон байх уу гэх зэргээр. Тэгэхээр нэн түрүүнд шүүхийн процесийг хурдасгах хэрэгтэй. Ядаж нэг жилээр урагшлуулхад л зээлийн хүүг нэг хувиар бууруулах боломжтой. Гэх мэт хууль, эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлагатай зүйлүүд олон.
-Евразийн түр хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гадны банкуудыг оруулж ирэх асуудлыг төр засгийн зүгээс яриа, хэлэлцээр хийж байна. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Гаднын банк оруулж ирэх тухайд эсэргүүцсэн зүйл байхгүй. Гэхдээ хэдэн зүйлийг анхаарч, хууль эрх зүйн орчноо бэлтгэх хэрэгтэй. Манай улс 2023 онд Гадаадын хөрөнгө оруулалттай төрөлжсөн банкны тухай хуулиа баталсан. Гэхдээ энэ хугацаанд нэг ч банк орж ирээгүй. Орж ирэхгүй байгаа шалтгаан нь манай хуульд заасан тодорхой хязгаарлалт тэдэнд таалагдахгүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, манайх дотоодын зах зээлээ хамгаалах зорилгоор хамгаалалт, хязгаарлалтуудыг хийсэн байдаг. Үүнд нэгдүгээрт, дотоодоос хадгаламж татахгүй байх. Хоёрдугаарт, банкны эхлэх хөрөнгө 100 тэрбумаас доошгүй байх. Гуравдугаарт, мөн нэг зээлдэгчдэд олгох хэмжээ 100 тэрбум төгрөгөөс доошгүй байна. Энэ нь нэг зээлдэгч 30 сая ам.долларын л зээл авах эрхтэй байна гэсэн үг. Эдгээр хязгаарлалтуудын цаад санаа нь зөвхөн том, мега төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор л манай улсад банк байгуулж болно гэсэн үг.
Гэвч өнөөдрийн байдлаар ажиллах хууль эрх зүйн орчин нь бүрдсэн хэдий ч нэг ч банк орж ирээгүй байна. Уг хуулийг батлах хэрэгцээ юу байсан вэ гэвэл “Оюу толгой” төслийн санхүүжүүлтэд хэрэгтэй зээлийн эх үүсвэрийг манай арилжааны 12 банк нийлээд гаргаж чадахгүй нөхцөлд байсан. Тиймээс ийм хэмжээний том төслийг санхүүжүүлэх дэлхийн том банкууд орж ирэх боломжийг хуулиар нээлттэй болгосон. Гэвч хуулийг нь батлаад байхад орж ирэхгүй байна гэдгийн цаана асуудал байна гэсэн үг. Харин тус хуулиар арилжааны статустай банкууд орж ирэхийг дээрх хязгаарлалтуудаар хааж өгсөн. Учир нь гадны арилжааны статустай банк оруулж ирэх нь геополитекийн талаас ч тэр үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний асуудал. ОХУ-ын болон Унгер, Польш улсын банкыг оруулж ирэх тухай хөндөгдөж байна. Үүнд нэлээд холч, алсын хараатай, цэгцтэй бодлогоор хандах хэрэгтэй. Түүнээс биш гадны банк орж ирээд маргаашнаас нь шууд зээлийн хүү буурна гэсэн ойлголт байж болохгүй. Тиймээс энэ асуудалд нэлээд нухацтай хандах хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 39 (7781)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn