Ц.МЯГМАРБАЯР
МУИС-ийн “Багш оюутны стартап-2025” NUM Startup 3.0” хөтөлбөр 9 дахь жилдээ амжилттай хэрэгжиж, 2025 оны 11-р сарын 08-ны өдөр шалгаруулалтын үйл ажиллагаагаа зохион байгуулав. Тус хөтөлбөр нь МУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацын судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, салбар дундын судалгаанд багш оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, багш судлаачдын хамтарсан гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
“Багш, оюутны стартап” хөтөлбөр жилээс жилд өргөжин дэвжиж байна. Хамгийн анхны хөтөлбөрт таван багийн 20 гаруй оролцогч байсан болон 2025 онд 16 багийн 98 оролцогч, өнөөдрийг хүртэл нийт 91 багийн 623 багш оюутан хамрагдаад байна.
Энэ жилийн хөтөлбөрт Хими, Физик, Биологи, Биотехнологи, Микробиологи, Компьютерийн ухаан, Мэдээллийн технологи, сэтгэл судлал зэрэг салбаруудад технологи хөгжүүлэх, гарааны компанийн төсөл боловсруулах чиглэлд нийт 16 баг хамрагдаж, шинэ санаагаа хөгжүүлсэн юм. Энэ жилийн онцлог нь хог хаягдлыг боловсруулж шинэ бүтээгдэхүүн гаргах 5 төсөл, мэдээллийн технологи апплейкэшн хөгжүүлэх найман төслийг хөгжүүлсэн явдал байлаа. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 2, ашигтай бактер ашиглан био бордоо гаргах нэг төсөл оролцож байна.
Хөтөлбөрт оролцсон багуудаас жил бүр эхний гурван байрыг шалгаруулж, МУИС-иас гарааны санхүүжилт олгодог ба өнөөдрийн байдлаар нийт 24 багт 213 сая төгрөг олгоод байна.
Стартап хөтөлбөрийн үр дүнд МУИС-ийн дэргэд есөн гарааны компани байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаагаас “Гарааны Эм Би Пи Лаб”, “Гарааны дижитал солюшнс”, “Гарааны Creativision”, “Гарааны Мон Био Про” “Гарааны Чин ганц” “Ниргэ системс” компаниуд зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаад байна.
“Baby-Takara” багийн “Батцагаан” төсөл нь гарааны тэтгэлэг 12 сая төгрөг гардав
Шалгаруулалтаар таван төсөл эхний таван байранд шалгарч, гарааны тэтгэлэг болон оюуны өмч мэдүүлэх төлбөрийн эрх авлаа.
Нэгдүгээр байранд МУИС, Инженер Технологийн сургууль, Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Б.Даваапүрэв удирдагчтай “Baby-Takara” баг “Батцагаан” төсөл нь гарааны тэтгэлэг 12 сая төгрөг гардав.
Хоёрдугаарт МУИС, Шинжлэх Ухааны сургууль, Байгалийн ухааны сургууль Биологийн тэнхимийн ахлах багш Г.Оюундэлгэр удирдагчтай “Spice girls” баг “NanoBrew” төсөл шалгарч 10 сая төгрөгийн гарааны тэтгэлэг авлаа. Гуравдугаар байрт: МУИС, Шинжлэх Ухааны сургууль, Байгалийн ухааны сургууль, Биологийн тэнхимийн дэд профессор Г.Рэнчинханд удирдагчтай, “NUMX” баг, “Биологийн бордоо гарган авах” төсөл шалгарч найман сая төгрөгийн гарааны тэтгэлэг гардсан юм.
Хоёр баг Оюуны өмчийн эрх мэдүүлэх эрхээр шагнагдлаа

Харин удаах IV,V байр эзэлсэн Шинжлэх Ухааны сургууль, Байгалийн ухааны сургууль, Химийн тэнхимийн дэд профессор Ч.Буян удирдагчтай, “232” баг, “BioDrop” төсөл МУИС, ШУТУБП, Технологи дамжуулах төвийн эрхлэгч, профессор Ш.Наранмандах удирдагчтай, “Growith” баг, “Малын хаягдал арьснаас азотын шингэн бордоо гаргах технологи” төслүүд Оюуны өмч мэдүүлэх төлбөрийн эрх гардан авлаа.

2025 оны хөтөлбөрийн сургалт, менторын үйл ажиллагаанд МУИС-ийн Бизнес консалтинг төв, Рио тинто Монгол ХХК, Залуу судлаачдыг дэмжих сан, Сократус Стартап Студи ХХК, Стартап Маркетинг Спэйс ХХК, Оюуны өмчийн газар, Инно хаб Монголиа ХХК, Шинжлэх ухааны паркийн захиргаа, Нийслэлийн бизнес, инновац хөгжлийн газар, МУИС-ийн Дижитал профессор студи, Кинг лизард ХХК зэрэг байгууллагууд хамтран ажиллаа.
Цаашид “манай эрдэмтэн багш, судлаачид, оюутнууд болон үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн бүтээлч хамтын ажиллагаа өргөжиж, Монгол улсын хөгжилд бодит үр дүн өгөх өргөн боломж бий гэдэгт итгэж байна” гэж зохион байгуулагчид онцолж байна.
Эх сурвалж: zms.mn