Д.БОЛОР

Шинэчлэлийн Засгийн газрын энэ үед ажлаас халагдсан төрийн албан хаагчдын тоо 2000-д хүрсэн байна. Энэ тоо асуулга авч эхэлснээс хойшхи 14 хоногийн дотор ирүүлсэн санал гэнэ. Төрийн албан хаагчдыг хоморголон халах үзэгдэл цадигаа алдсан тухай мэдээллийг өчигдөр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Я.Содбаатар нар сэтгүүлчдэд өгсөн юм. С.Бямбацогтоос зарим зүйлийг тодрууллаа.

-Та Ерөнхий сайд Н.Алтан­хуягт төрийн ал­бан хаагчдыг хоморголон халж байгаа нь үнэн эсэ­хийг лавласан асуулга тавьсан гэсэн. Хариулт нь ирсэн үү?

-Төрийн албаны халаа сэлгээтэй холбоотой асууд­лаар Ерөнхий сайд Н.Алтанхуягт өнгөрсөн оны есдүгээр сарын 28-нд асуулга тавьсан. Асуул­гын хариуг хуулиараа  нэг сарын дотор өгөх үүрэгтэй. Гэвч хуулийн хугацаанаас 11 өдрөөр хэтэрч бүрэн бус хариултыг илгээсэн. Өөрөөр хэлбэл, албан ёсны шийдвэрийг дахин нэгтгээд илгээнэ гэсэн боловч дөрвөн сарын ху­гацаанд ямар хариулт ирүүл­сэнгүй. Энэ үйлд­лээрээ Ерөнхий сайд Н.Алтан­­­хуяг Үндсэн хуульд заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зар­чим мөн” гэсэн заалтыг шууд зөрчиж байгаа юм. Хэдийгээр Шинэчлэлийн Засгийн газар өөрсдийгөө ил тод, нээлттэй үйл ажил­лагаа явуулж байгаа гэх боловч төрийн ордны му­зейг нээлттэй бол­госноос өөр нээсэн зүйл харагд­сангүй. Ялангуяа, төрийн алба хэмээх шалгуур өн­дөр­тэй, хууль дүрмээр яв­даг томилгоог ямар байд­лаар зөрчиж халаа сэлгээ хийснийг нь асуу­хад огт хариу өгөхгүй юм.  Албаны хүмүүс нь бидэнд ямар ч хариу ирүү­лэхгүй байгаа ч иргэдээс ирж байгаа мэ­дээллийн хү­рээнд төрийн алба зөр­чигдөж байна гэсэн дүгнэлт хийж байна.

-Төрийн алба данхай­сан гэдгийг илчлэх тоо баримт нь бий юу?

 -Өмнөх Засгийн газар 11 яамтай, 929 албан хаагч­тай байсан. Харин Шинэчлэлийн Засгийн газар нь 16 яамтай 1625 албан хаагчийн орон тоотой ажиллаж байна. Энэ нь яамдын орон тоог 696 хүнээр нэмсэн үзүү­лэлт юм. Хэдийгээр Зас­гийн газрын зүгээс “Агент­лагуудын тоо багас­сан учраас орон тоо нэ­мэгдээгүй” гэж  байгаа боловч энэ нь үнэнд ний­цэхгүй хариулт. Татан буулгасан гээд байгаа агентлагуудыг улсын үйлдвэрийн нэрээр хэвээр ажиллуулж байна гэсэн үг. Тухайлбал, Удирдла­гын академи, Төр, зас­гийн үйлчилгээ эрхлэх газар гэхчилэн нэрлэж болно. Нөгөө талаас тө­рийн албан хаагчдын ца­лин хөлсний зардлыг өн­гөр­сөн онд нэг их наяд 200 тэрбум төгрөгөөр тооцож байсан бол энэ онд 200 тэрбум төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан байдаг. Энэ нь төрийн албан хаагч­дыг цомхотго­сон биш нэмэгдүүлсэн болж таарч байна. Өөрөөр хэл­бэл, 33 мянган хүнээр нэмэгдсэн гэсэн тооцоо бий. Нэмэгдүүлэхдээ ажил­­­­лаж байсан ажилч­дыг нь халж өөр хүнийг ямар ч шалгуургүйгээр ажилд авсан асуудал бай­гаа юм. Дээрээс нь Тө­рийн нарийн бичгийн дар­гаас эхлээд агентлагуу­дын дарга нарыг түр орлон гүйцэтгэгч гэсэн стату­саар ажиллуулж байна. Төрийн нарийн бичгийн даргад очсон хү­ний олонхи нь улс төрийн нам, хувийн хэвшилд ажил­лаж байсан. Ингэс­нээр Төрийн албаны тухай хуулийг маш ноцтой зөрчиж байгаа  юм.

-Төрийн албан хаагч­дын нэгдсэн холбоонд ирж байгаа мэдээллээр халагд­сан хүний тоо хэд хүрч байна вэ?

-Нэгэнт Засгийн газ­рын зүгээс хариу өгөхгүй байгаа учраас нээлттэй утас ажиллуулж халагдсан төрийн албан хаагчдын тоог авч байгаа. Зөвхөн 14 хоногийн хугацаанд 2000 гаруй албан хаагч халагд­сан гэдгээ мэдэгдээд бай­на. МАН 2004, 2008 онд Засгийн эрхийг барих­даа ингэж хоморголон халж байсан тохиолдол байхгүй. Төрийн албан хаагчдыг хоморголон ха­лах нь Үн­дэс­ний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй юм.