Намжилцэрэнгийн САРАНГЭРЭЛ
Хаан хөгжмийг хүний хэлээр яриулж, баярлуулж бас гуниглуулж чаддаг жинхэнэ хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн тэр дундаа эрэгтэй төгөлдөр хуурч Монголд тийм ч олонгүй. Тэдний нэг Зана овогт Маамхүүгийн Цогбадрах Хөгжим бүжгийн сургуульд багшилж, хувийнхаа уран бүтээлийг хийхийн зэрэгцээ сонгодог урлагийг хүүхдүүдэд ойлгуулах чиглэлээр олон жил ажилласан. Тэр ажлаа улам өргөжүүлэн сонгодог урлагт шимтэн дурлагч өсвөрийн авьяастнуудыг нээн илрүүлэх, тэднийг олон нийтэд төдийгүй дэлхийд танилцуулах том зорилготой “Виртуоз” академийг санаачлан байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байгаа түүнтэй энэ удаа ээжийнх нь тухай ярилцахаар “Ижий бурхад” буландаа урьсан юм.
Төгөлдөр хуурч М.Цогбадрах ээж Даариймаагийн Цэрэндуламынхаа тухай “Миний ээж насаараа боловсролын салбарт ажилласан, нас сүүдэр 90 гарсан ч ухаан санаа саруул, бие тэнхлүүн, үр хүүхэддээ өмөг түшиг болсон сайхан буурал. Хэнтийн Дадалын буриад хүн л дээ. 1934 онд Балжийн гол гэдэг газар айлын дөрөв дэх охин болж төрсөн гэдэг. Урдуур нь Балжийн гол урсдаг, голын нэг салаа хойгуур нь гардаг өвс ургамал, мод, цэцэг алагласан үнэхээр үзэсгэлэнтэй сайхан нутагт төрж өссөн юм билээ” хэмээн яриагаа эхэлсэн.

БАГШ БОЛНО ГЭСЭН БАГЫН МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН

Есөн настай сургуульд орсон үеэ, багш нарынхаа тухай, хамт сурч байсан хүүхдүүдийнхээ тухай нэртэй, овогтой нь ярина шүү дээ. Батдарам гэж залуухан багшийн удирдсан нэгдүгээр ангид орж бичиг үсэгт тайлагдаж, ном эрдмийн мөр хөөн багш болох том мөрөөдөлтэй болсноо, дэлхийн II дайны жилүүд учраас үзэг харандаа, дэвтэр цаас гээд юм юм ховор, бараа боодог зузаан бор цаас үдээд дэвтэр, хорын харандааны балыг нунтаглаж усаар найруулаад бэх, бургасны үзүүрээр үзэгний иш хийдэг байсан гээд ярина.
Хичээлдээ сайн, дандаа онц сурдаг байсан болохоор багш нар нь ч сайн. Насан туршид мартагдахгүй хамгийн нандин бэлгээ хоёрдугаар ангидаа авсан гэж ярьдаг юм. 1946 оны шинэ жилээр онц сурсан гээд дөрвөлжин шугамтай дэвтэр нэг, уудаг цаастай тууш дэвтэр нэг, балын харандаа нэг, нутгийн алдартай дархан Гомбо гэж хүний урласан хөнгөн цагаан сам бэлгэнд аваад хэчнээн их баярласнаа одоо ч мартдаггүй гэдэг. Одооны хүүхдүүдэд бол ойлгох аргагүй амьдрал ч ээжийн минь хувьд сурч боловсрох их хүсэл тэмүүлэлд хөтөлсөн цаг үе байсан юм билээ.
“Хэдий онц сурдаг ч ар гэрт нь хэдэн малыг нь харах хүнгүй, өвөл хаврын тарчиг цагт туслах хэрэгтэй гээд сургуульд нь явуулалгүй өнжөөхөд л хамгийн хэцүү байжээ. Ашгүй ээжийг сумын захиргаанаас дуудаж хүүхдээ сургуульд нь сурга гэсэн учраас намайг явуулж, би дотуур байранд орсон. Ер нь урин цагт бол хичээлдээ мориор явчихдаг, өвөл харин яалт ч үгүй дотуур байранд суудаг байсан” гээд л бараг наян жилийн өмнөх бага насныхаа тухай хөөрхөн дурсамж их ярина.
1947 оны хавар сургуулийн дотуур байранд гал гарч, агуулах шатахад нэг их айсан гэдэг юм. Шөнө унтаж байхад нь гэнэт босоорой, юм хумаа аваад дэнж рүү явцгаа гэхэд хүүхдүүд сандраад л өөрийн гэсэн хөнжил гудсаа шүүрч аваад доошоо голын эрэг рүү гүйлдэж. Тэндээ байтал өдөр ч болж, гал унтарч, хүүхдүүдийг байр луугаа явж болно гэхэд дотуур байрнаас авч гарсан хөнжил гудсаа даахгүй хөглөцгөөж байжээ. Сандрахдаа яаж авч явснаа мэдээгүй гэдэг. Сургуулийн агуулахад хураалттай байсан дэвтрүүдийн дөрвөн өнцөг нь шатсан ч бичих зай үлдэж гээд хүүхдүүд баярлаж байсан гэнэ лээ.
1950 онд долдугаар ангиа төгсөөд цааш суралцах хүсэлтэй байсан ч ээж нь эмэгтэй хүүхэд энэ зэргийн номтой байхад болно гэсэн үү сургуульд явуулаагүй. Гэр орондоо тусалж, хоёр жил болсны дараа 1952 оны намар нутгийн оюутан дагаад хотод иржээ. Багш болно гэсэн мөрөөдөлтэй хүн Багшийн сургуульд бүртгүүлээд элсэлтийн шалгалт өгөөд оюутан болчихсон. Долдугаар анги төгссөн үнэмлэхнээс өөр юмгүй хөдөөний охин ингэж хотын хүн болсон түүхтэй.
КИМ ИР СЕН ДАРГА “ЦАГААН ГАРТАН Л БОЛГОЖ БОЛОХГҮЙ ЮМ ШҮҮ” ГЭЖ ЗАХИСАН

Багшийн сургуульд сурч байхдаа шилдэг оюутан байсан бөгөөд 1955 оны дөрөвдүгээр сард Гэгээрлийн яамны шийдвэрээр Солонгосын өнчин хүүхдийн сургуульд багшаар очсон.
Солонгосын хойгийн дайны үед манай улс Хойд Солонгосын ард түмэнд зүйл бүрийн тусламж дэмжлэг үзүүлж, дайныг давж туулахад нь тусалсан төдийгүй эцэг эхээсээ өнчирсөн 200 орчим солонгос хүүхдийг Монголд авчирч асарч тэтгэн, сургаж хүмүүжүүлж байсан тухай хүмүүс мэддэг. Энэ үйл явдлын амьд гэрчүүдийн нэг нь манай ээж.
Тэр хүүхдүүд Монголд 1952 оны есдүгээр сард ирсэн юм билээ. Гурваас зургаан насны 111 эрэгтэй, 89 эмэгтэй хүүхдийг Солонгосоос Хятад, Оросоор дамжуулан авчирсан. Анх ирэхдээ сульдаж ядарсан, яр шархтай, туранхай хэцүүхэн байсан ч манай монголчууд тэднийг асарч халамжилсаар байтал ээжийг сургууль төгсөөд очиход догь болчихсон байсан гэсэн.
Тэр үед манай улсын эдийн засаг олигтой хөгжөөгүй, ард түмний амьдрал тарчиг талдаа байсан ч дайны хөлд зовж зүдэрсэн нэгэндээ туслах агуу сэтгэлтэй байсны гэрч энэ хүүхдүүд гэж ээж ярьдаг юм. Эрүүл энх өсгөж бойжуулахын хамт сургаж, боловсруулах талд анхаарч байжээ. Эхэндээ зөвхөн цэцэрлэг байсныг сүүлд нь сургуультай болгосон. Зайсан толгойн бэлд төр засгийн тусгай хэрэгцээнд гэж барьсан тухайн үедээ Улаанбаатарын хамгийн боловсон, тохилог хоёр байшинг суллаж, хүүхдүүдийг оруулсан. Дараа нь 1955 онд Шарга морьтод зуслан барьж зундаа тийш нь гаргадаг болсон. Багш, хүмүүжүүлэгч, эмч, үйлчилгээний гээд 30 орчим хүнтэй багийг томилж ажиллуулж байсан юм билээ. Монголд бараг найман жил амьдарсан тэр хүүхдүүдийг улсынх нь удирдагч Ким Ир Сен дарга нь өөрийн биеэр эргэн ирж, Монголын ард түмэнд талархал илэрхийлсэн. Монголын ард түмний ач буянаар хүүхдүүд эрүүл чийрэг, сайхан өсөж бас суралцаж байгааг харахад баяртай байна гээд “Цагаан гартан л болгож болохгүй юм шүү” гэж захих, зөвлөхийн хооронд хэлснийг ээж дурсдаг юм.
Солонгос хүүхдүүдийг эх орон нь буцааж авсан 1959 оны тавдугаар сарыг дуустал ээж тэр сургуульд ажилласан. Энэ бол ээжийн багшаар ажилласан анхны газар нь.
ХИЧЭЭЛИЙН ЭРХЛЭГЧЭЭР 22 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАСАН ХҮН ЭЭЖЭЭС МИНЬ ӨӨР БАЙДАГ БОЛОВ УУ
Солонгос сургуулийн дараа ээж Улсын Багшийн дээд сургуульд номын санчаар ажилласан. 1967 онд Багшийн дээд сургуулийнхаа сурганы ангийг төгсөж, нийслэлийн 24 дүгээр сургуульд хоёр жил багшлаад 28 дугаар сургуулийн хичээлийн эрхлэгчээр очсон. Тэндээ 1991 он хүртэл тасралтгүй 22 жил хичээлийн эрхлэгч хийсэн хүн шүү дээ. Нэг сургуулийн хичээлийн эрхлэгчээр ээж шиг удаан ажилласан хүн би лав дуулаагүй ээ. Байхгүй л болов уу. Дундуур нь Боловсролын яамны илгээлтээр төрсөн нутаг Дадал сумынхаа сургуульд хоёр жил хичээлийн эрхлэгч хийсэн. Гэхдээ зөвхөн өөрт оногдсон ажлаа хийдэг хүн байсангүй. Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн гэж байгаад сүүлд Боловсролын хүрээлэн болсон газарт орон тооны бус заах аргач, хотын Сэргийлэхийн дэргэдэх идэвхтэн сурган хүмүүжүүлэгч, сургуулийнхаа Үйлдвэрчний эвлэл, Хянан шалгах хорооны дарга гээд зөндөө олон ажил давхар хийдэг байжээ. Яаж амжуулдаг байсан юм бол. Гайхмаар. Би хүүхэд болохоор тэр бүрийг нарийн мэдэхгүй л дээ. Сүүлд ээжийн ярихыг сонсож, бас гараар бичсэн намтрыг нь уншиж ойлгосон юм. Багш нарт хичээл заана гээд хөдөө их явдаг байсан. Хотын сургуулийн багш нарын хичээлд сууна, зөвлөгөө өгнө.
Ээжийн туршлага гээд хотын сургуулиудад нэвтрүүлсэн зүйл олон байдаг юм билээ. Хамгийн наад зах нь хичээлийн кабинет тохижуулах тал дээр ээж их олон хүнд үлгэр жишээ, урам зориг болсон гэдэг. 28 дугаар сургуулийн бага ангийн сургалт ээжийн үед маш өндөр үнэлгээтэй байж. Сургууль нь “Улсын тэргүүний сургууль” болоход бага ангийн сургалтын чанар, сурлагын амжилт гол нөлөө үзүүлсэн гэдгийг олонтоо сонсож байлаа. Бас орос хэл дээр сурганы сэтгүүлүүдээс орчуулга их хийнэ. Түүнийгээ хэвлүүлнэ. Ер нь л элдэвтэй хүн дээ, миний ээж.
ААВЫН МИНЬ ГАР НЬ, ХӨЛ НЬ Ч БОЛЖ, ХҮСЛИЙГ НЬ ГҮЙЦЭЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭСЭН ДЭЭ
Манай ээж нэг зүтгэсэн ажлынхаа ард гарч байж санаа амардаг айхавтар махруу бас маш хариуцлагатай, гайхалтай тэвчээртэй хүн. Энэ нь буриад цусных нь онцлог ч байж мэднэ. Ээж минь төрүүлсэн хүүхдүүд, түшсэн ханийнхаа төлөө амьдралаа зориулсан хүн.
Залуу насандаа автын осолд орсноос хөл дээрээ босож чадахгүй, гэртээ мөлхөж, гадуур тэргэнцэртэй явдаг болсон ханиа 45 жил цөхрөлтгүй асарч халамжлахдаа хөл нь, гар нь ч болж, хүслийг нь гүйцээхийн төлөө цөхрөлтгүй зүтгэсэн. Энэ хооронд ядарлаа, зүдэрлээ гэж бухимдаж байхыг би лав мэдэхгүй.
Аав минь Монголын анхны сэхээтнүүдийн нэг Ш.Маамхүү гэж сурган хүмүүжүүлэгч, биеийн тамирын мэргэжилтэн, түүхч хүн байв. Багшийн дээд, одоогийнхоор МУБИС-ийн Сурганы тэнхмийг үүсгэн байгуулагчийн нэг. 1960-аад оноос эхлэн 2000 он гартал түүх, сурганы холбогдолтой шинжлэх ухааны олон арван нийтлэл бичиж, “Шинжлэх ухаан, амьдрал” болон тухайн үеийн бусад хэвлэлд гаргаж байв. Ерөнхий сайд асан А.Амарын туурвисан “Монголын товч түүх” номыг кирилл үсэгт буулгасан гээд дурдвал бүтээл олонтой бичгийн хүн. Манай аавд Монголын түүхийн холбогдолтой судлаагүй эх сурвалж үгүй. Монгол бичиг, орос, төвөд хэл дээрх бүтээлүүдийг нооройтол уншиж, судлан, оюун санаандаа боловсруулдаг байв. Түүнээсээ төрүүлсэн нийтлэл, мэдээллээ сэтгүүл, хэвлэлд өгөхийн сацуу хүүхдүүддээ, сонирхсон залуучуудад, байрныхандаа, зуслангийн хөрш айлынхаа багачуудад ч болов ярьж өгдөг, олон нийтийг сургаж гэгээрүүлэхийн төлөөх зүтгэлтэн байсан.
Аав ээж хоёр ном их цуглуулна. Ээжийн авчирсныг аав уншина, ээжид болон бидэнд ярьж тайлбарлаж өгнө, тэмдэглэл хөтөлнө. Түүнийг нь тойрсон хөөрхөн хэлэлцүүлэг яриа ч өрнөнө. Ер нь л хэн хэн нь номын улс байв.
Аав хэвтэж байгаад юмаа бичнэ, орчуулна. Бичсэнийг нь ээж аваад сэтгүүлийн газар, хүрээлэн гээд хаана өг гэсэн газарт нь хүргэнэ. Нэг ёсны аавын үнэнч шууданч байсан юм. Аав тухайн үеийн эрдэмтэн, судлаачид, зохиолч, яруу найрагчидтай их найз. Б.Явуухулан, Ц.Гайтав гуай нар манайд байсхийгээд ирж, аавтай ном, бүтээлийн талаар ярилцдаг байлаа. Тэд ганц шил юм задлаад, өдөржин ярьж өнжинө. Ээж хэн ч ирсэн хоол цай бэлдээд дайлна. Ээжийн эзгүйд миний том ах М.Мандах зочдод хоол хийж өгдөг байсан бол дараа нь миний ээлж болж, юм л бол мах шараад зогсож байдаг байлаа. Нэрт газар зүйч, судлаач, эрдэмтэн О.Намнандорж гуай манайхаар байнга шахам ирдэг байлаа. Аав битүүхэндээ Чингисийн онгоныг хайдаг байв. Янз бүрийн хувилбар дэвшүүлж үзнэ. Тэр талаараа хүмүүстэй ярилцана. Нэг удаа О.Намнандорж гуайд “Их Богд хайрханы орой дахь Пунцаг овоо нэлээд магадлалтай санагддаг юм. Чингис хаан Тангудыг эзлээд буцаж явахдаа өөд болсон. Шарилыг нь төрсөн нутагт нь аваачих гэсэн байх. Гэтэл говь цөл газар, наймдугаар сарын халууныг хэдэн өдөр туулж хангай газарт очих билээ. Боломжгүй. Тийм болохоор замдаа онголсон байх магадлалтай гэж боддог. Пунцаг овоог Оросын аялагч, судлаач П.К.Козлов ”Ханский мавзолей” буюу “Хааны бунхан” гэж үзсэн байдаг шүү дээ. Болдог бол малтаж үзмээр санагддаг юм” гэж хэлж байсныг ээж яриад “Хэрэв аав чинь хөл дээрээ явдаг байсан бол аль хэдийнэ тэр булшийг малтаж үзэх байсан байх даа” гэж суусан.
ЭЭЖИЙНХЭЭ АЧААР ХӨГЖМИЙН ЕРТӨНЦӨД ХӨЛ ТАВЬСАН
Ээж минь дөрвөн хүүхэд төрүүлсэн. Би хамгийн бага нь. Намайг багад хөгжимд жаахан авьяастай байж магадгүй гэж мэдэрсэн ээж минь зургаан настай байхад Их дэлгүүрээс 75 төгрөгийн үнэтэй пианино гэж жижигхэн төгөлдөр хуур шиг даруултай тоглоом авч өгсөн юм. Би ч тэрийг нь өдөржин дон дон хийлгэнэ. Тэгж байгаад ахаараа заалгаад ямартай ч “Маамуу нааш ир”-ийг ганц хуруугаараа тогшоод сурчихаж билээ. Дараа нь телевиз, радиогоор явсан дууг дуурайж тогшсоор байгаад овоо хэдэн дуутай болсон. Тэгээд сургуульд орох болоход ээж намайг хөтөлж аваачаад Хөгжим бүжигт шалгуулдаг юм. Гурван шатны шалгаруулалтынх нь эхний хоёрт тэнцээд гурав дахиас нь хоцорчихсон. Хоцорсон учраас хасагдчихлаа. Тэгээд зогсож байтал Г.Занаа багш минь намайг хүлээж авснаар би сургуульд орж байсан юм. Ээж намайг авч очоогүй бол би хөгжимчин болохгүй ч байсан байж мэднэ. Хөгжим бүжигт Г.Занаа багшийнхаа удирдлагад сурч наймдугаар анги төгсөөд Армяны Ереван хотод Меликаны нэрэмжит Хөгжмийн дунд сургуульд сурч төгсөөд ирж нэг жил багшлаад буцаад Хөгжмийн дээдэд явсан.
Хүүхэдтэй ажиллах, тэднийг сургах тухайд надад ээжээсээ асуудаг, ярилцаж ч бид хоёр олон зүйл дээр санаа нийлж ярина. Тухайлбал, хүүхдийг багаас нь хөгжим тоглуулж сургах нь тэдний танин мэдэхүй, сэтгэл зүйн, нийгмийн хөгжлийг дэмжихээс гадна, амьдралын хөгжилд шаардлагатай олон талын ур чадварыг бий болгодог учраас хүүхдэд хөгжим тоглож сурах боломжийг хэдий эрт олгоно тэр хэрээр ирээдүйн амжилт, бүтээлч сэтгэлгээ, соёлын мэдлэгт чухал ач холбогдолтой. Ээжтэй энэ тал дээр их санаа нийлдэг байлаа. Ээжийн нас өндөр болсон болохоор ийм сэдвээр ярилцах нь ховордож дээ. Одоо бол зурагтаар гарсан мэдээ, мэдээллийн эргэн тойронд санал солилцоно. Заримдаа маргалдана. Яг энэ үед багш нар жил хаях нь зөв үү, буруу юу гэдэг сэдвээр ярилцаж байна. Ээж, манай халам ээж хоёр ажил хаях нь зөв арга биш л гээд байгаа.
Ээж сонгодог хөгжим, тэгэх тусмаа төгөлдөр хуурт бүр дуртай. Намайг дэлхийд алдартай төгөлдөр хуурч болох байх гэж Хөгжим бүжгийн сургуульд оруулсан гэж ярьдаг. Гэтэл би санаснаар нь сайн байж чадсангүй ээ. Өөрөө сайн байж чаддаггүй юм бол үндэсний болон сонгодог чиглэлд хөгжмийн төрөл бүрийн зэмсгээр суралцдаг шилдэг хүүхэд, залуусыг олон нийтэд танилцуулж, таниулах ажил, гарамгай уран бүтээлчдийн “Виртуозо” гала концерт зохион байгуулдаг болсонд минь маш их баярладаг. Дэмждэг. 2001 онд анхны гала концертоо Баянгол ресторанд зохион байгуулахдаа алдагдалтай ажиллаж, 80 мянган төгрөгийн өрөнд ороол байхад ээж төлж байлаа (хөхрөв). Намайг нийт, нийгмийн төлөө сайн үйлс бүтээж яваа юм, буруу замаар будаа тээсэн биш, дэмжинэ гээд өгч байсан юм. Угаас сэтгэл нь ийм л хүн. Тэр зан нь одоо ч хэвээр. Манай охин Ц.Дөлгөөн Монголоо гадаадынханд эерэг сайхнаар танилцуулах хүслээр англиар бичсэн “Authentic Mongolia” номоо өнгөрсөн хавар гаргахад нь нэг сая төгрөгөөр мялаасан. Тэгэхэд нь би “Миний ээж мөн дөө” гэж бодож байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 196 (7693)