Б.ТҮШИГ
Нобелийн Утга зохиолын шагналыг 1901 оноос хойш 117 удаа гардуулсан ба 121 зохиолч хүртэж байснаас 18 нь эмэгтэйчүүд ажээ. Тус шагналыг дөрвөн ч удаа хэд хэдэн зохиолчид зэрэг олгосон байдаг. Дайн дажин, улс төрийн тогтворгүй байдлын улмаас энэхүү нэр хүндтэй шагналыг 1918, 1935, 1940, 1941, 1942, 1943 онуудад гардуулаагүй юм.
Нобелийн Утга зохиолын шагналыг хамгийн залуудаа буюу 41 насандаа 1907 онд хүртсэн зохиолч бол алдарт “Маугли”, “Ширэнгэн ойн ном” зэргийг бичсэн Английн Редьярд Киплинг. Харин мөн л Английн зохиолч, хатагтай Дорис Лессинг 2007 онд 87 насандаа шагнуулж, хамгийн өндөр настай Нобелийн шагналтан болжээ.
Эл шагналыг гардахаас татгалзсан хоёр зохиолч л бий. Нэг нь “Доктор Живаго” роман бичиж нэрд гарсан Борис Пастернак. 1958 онд тэрээр эхлээд шагналыг хүлээн авсан ч Зөвлөлтийн удирдлагын шахалтаар татгалзахаас өөр аргагүйд хүрчээ. Удаахь нь Францын зохиолч Жан-Поль Сартр. Угаасаа аливаа албан ёсны шагналаас татгалздаг тэрээр 1964 онд Нобелийн шагналыг ч гардахыг хүсээгүй.
Тэгвэл энэ оны Нобелийн Утга зохиолын шагналын эзнээр Унгарын зохиолч Ласло Краснахоркаи тодорлоо. Нобелийн шагналын хороо, “Ласло Краснахоркаигийн уран бүтээлийн апокалипс буюу ертөнцийн сүйрлийн өмнөх аймшгийг ухааруулж, үнэмшилтэйгээр гүн гүнзгий хүүрнэн өгүүлснийг үнэлж” шагналыг олгосон тухайгаа мэдэгджээ.
Ласло Краснахоркаи нь зохиолуудаа утга учиргүй абсурдизм, гротеск бүхий Франц Кафка, Томас Бернхард зэрэг Төв Европын эпик уран зохиолын уламжлалаар бичдэгийн дээр эргэцүүлэн тунгаасан, нарийн тохиргоо бүхий дорнын хүүрнэлийн арга барилыг ашигладаг байна.
Өдгөө 71 настай тэрээр 1954 онд Румыны хилээс 5 км зайд орших Дьюла хэмээх жижигхэн хотхонд төржээ. Энд тэмдэглэхэд, түүний өвөг эцэг нацистуудын нөлөө ихсэхийг урьдчилж мэдрэн 1931 онд Корин гэх еврей овгоо Краснахоркаи гэдэг унгар овгоор сольсон аж.
Түүний эцэг Дьёрдь Краснахоркаи өмгөөлөгч, эх Юлиля Палинкаш Нийгмийн хамгааллын яаманд түшмэлээр ажилладаг байжээ. Эхэндээ Сегед, Будапешт хотуудад хуульчаар суралцаж байсан тэрээр 1978 онд Будапештын их сургуулийн хүмүүнлэгийн ухааны факультетэд элсэн орж унгар хэл, уран зохиолын ангид суралцсан байна. Улмаар 1983 онд Шандор Мараигийн хилийн чанадад цагаачилсны дараах үеийн уран бүтээлийн судалгаагаар дипломын ажлаа хамгаалан төгсчээ.
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбанд таагүй ханддаг тэрээр эх орондоо бус, Германы Берлин, Италийн Триестэд амьдрахыг илүүд үзэж, эдгээр хотуудад бүтээлээ туурвидаг нэгэн.
Зохиолч 1985 онд хэвлэгдэнгүүтээ Унгарын утга зохиолын ертөнцөд шуугиан дэгдээсэн “Сатаны танго” хэмээх анхны романыхаа үйл явдлыг чухамхүү алслагдсан хөдөө нутгийн төрөлх Дьюла хотхонд өрнүүлсэн байдаг. Ласло Краснахоркаи хожим нэгэн ярилцлагадаа, “Би цорын ганц ном бичээд дараа нь өөр зүйл, нэн ялангуяа хөгжимд амьдралаа зориулахыг бодож байв” гэсэн нь бий.
“Сатаны танго” романд социалист Унгар дахь сөнөж буй хотхонд хэдийн өөд болсон гэгдэж байсан Иримиас гэх хүн гэнэт эргэн ирж, оршин суугчдад шинэ амьдрал амлан итгүүлдэг тухай өгүүлдэг аж. Романыг хэвлэгдсэнээс арван жилийн дараа Унгарын алдарт найруулагч Бела Тарр маш урт, 7.5 цаг үргэлжилдэг урлагийнхны хүрээнд культ болсон шүтээн кино бүтээж дэлгэцнээ буулгажээ.
“New York Times” сонинд тэмдэглэснээр, Ласло Краснахоркаигийн анхны зохиолд л түүний цааш цаашдын романуудад байнга өгүүлэгдэх царцаж зогссон цаг хугацаа, хямрал, ялзралын апокалиптик мэдрэмж дүрслэгджээ. Унгарын эл зохиолчийн арга барилд Николай Гоголь, Сэмюэл Беккет, нэн ялангуяа Франц Кафкагийн зохиолууд ихэд нөлөөлсөн гэж үздэг.
Ласло Краснахоркаи ч үүнийг хүлээн зөвшөөрч, “Би Кафкаг уншихгүй үедээ түүний тухай боддог. Кафкагийн тухай бодохгүй үедээ түүний бодролуудыг үгүйлэн санагалздаг. Тэгээд түүний номыг яалт ч үгүй дахин авч уншдаг даа. Тэгж байж л өөрийн зохиолоо өөрийнхөөрөө бичих эрч хүч, итгэл үнэмшилтэй болдог юм” гэж хэлж байжээ.
Тэрээр 2015 онд Олон улсын утга зохиолын Букерийн зургаадахь удаагийн шагналыг гардсан бөгөөд шүүгчид зохиолчийн бүтээлүүдийн ер бусын эрчимтэй хэлний баялгийг онцолсон гэдэг.
Зохиолчийн бусад нэрд гарсан номуудын нэг нь 1989 онд уншигчдын хүртээл болсон “Эсэргүүцлийн меланхоли” юм. Энэхүү зохиолд нэгэн жижиг хотхонд гол үзүүлбэр нь аварга том халимны чихмэл бүхий нууцлаг цирк ирдэг тухай өгүүлнэ. Энэ нь эцэстээ хотхоныг бүхэлдээ эмх замбараагүй байдал нөмрөхөд хүргэнэ.
Үүнээс гадна “Дайн ба дайн” (1999), “Си-ван-му энд, бидний дунд байна” (2008) номууд сайшаагдан Европын олон хэлэнд орчуулагдан хэвлэгджээ.
Краснахоркайгийн зохиолчийн карьерт аялал багагүй нөлөө үзүүлсэн гэж үздэг. Анх 1987 онд коммунист Унгарыг орхин Баруун Берлинд нэг жил тэтгэлгээр суралцахдаа “төмөр хөшиг”-ний цаагуур өнгийж, өрнөдийн ертөнцийн эрх чөлөөг анх амталсан нь түүний үзэл бодолд шийдвэрлэх өөрчлөлт оруулсан нь дамжиггүй.
Сонирхолтой нь, унгар зохиолч 1990 онд ардчилсан хувьсгал ид өрнөж байсан Монголд хүрэлцэн ирж байжээ. Аяллынх нь үр дүнд "Их Хүрээнд олзлогдогч" ном бий болсон аж. Мөн Хятадаар аялж "Тэнгэрийн доорх сүйрэл, уй гашуу" гэх номоо бичжээ.
Харин "Дайн ба дайн" роман дээрээ ажиллаж байхдаа Европ даяар маш их аялснаас гадна Бит буюу алдагдсан үеийнхний хөдөлгөөнийг санаачлагч, АНУ-ын домогт яруу найрагч Аллен Гинсбергийн Нью-Йорк дахь орон сууцанд хэсэг хугацаанд амьдарсан нь романыг дуусгахад чухал ач холбогдолтой байжээ.
Ласло Краснахоркайгийн өвөрмөц арга барил болох догол мөрүүдэд хуваагдаагүй маш урт өгүүлбэрүүдээр илэрхийлэгдсэн ухамсрын урсгал, асар том текст нь түүний бүтээлүүдийг уншихад түвэгтэй болгодог гэнэ.
Унгарын зохиолчийн бүтээлүүдээс англи хэл рүү орчуулсан яруу найрагч Жорж Ширтес, "Түүний бүтээлүүд галт уулын лаав шиг хүүрнэхүйн удаан урсгал гэлтэй. Мөн текст бичвэрийн өргөн хар гол гэж ч хэлж болно" хэмээн тодорхойлжээ.
Эцэст нь, Нобелийн Утга зохиолын шагналыг сүүлийн 20 жилд хүртсэн зохиолчдын жагсаалтыг дор толилуулъя.
2024: Хан Ган (БНСУ)
2023: Юн Фоссе (Норвеги)
2022: Анни Эрно (Франц)
2021: Абдулразак Гурна (Танзани)
2020: Луиза Глюк (АНУ)
2019: Петер Хандке (Австри)
2018: Ольга Токарчук (Польш)
2017: Казуо Ишигуро (Их Британи)
2016: Боб Дилан (АНУ)
2015: Светлана Алексиевич (Беларусь)
2014: Патрик Модиано (Франц)
2013: Элис Манро (Канад)
2012: Мо Янь (БНХАУ)
2011: Томас Транстремер (Швед)
2010: Марио Варгас Льоса (Перу)
2009: Герта Мюллер (Герман)
2008: Жан-Мари Ле Клезио (Франц)
2007: Дорис Лессинг (Их Британ)
2006: Орхан Памук (Турк)
2005: Харолд Пинтер (Их Британи)
2004: Элфрида Елинек (Австри)
Эх сурвалж: zms.mn