М.ГАН

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж цаг үеийн асуудлаар ярилцав. Хэвлэлийнхэн түүнээс ярилцлага авах хүсэлтээ  илэрхийлсэн тул аль нэгийг нь ялгалгүй бүгдийнх нь сонирхсон асуултад нээлттэй хариулахаар шийджээ. Сэтгүүлчдийн асуулт, Ерөнхий сайдын хариултаас тоймлон хүргэе.

-Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсээр байна. Үнэ ханшийг барих, тогтворжуулах ямар төлөв­л­өгөө Засгийн газарт байна вэ. Ерөнхийлөгч Засгийн газрын хуралдаанд орол­цож зарим асуудлаар чиг­лэл өгсөн. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

-Засгийн газар Мон­гол­банктай хамтран ажил­лаж өргөн хэрэглээний барааны үнийг хазаарлаж байгаа. Мах, гурил, тээ­вэрлэлт, барилга, шата­хуун гэсэн таван хөтөлбөр боловсруулж үнийг ха­заар­ласан. Үнийн өсөлт харьцангуй буурсан. 5-20 төгрөгөөр нэмэгдсэн зүйл бий. Өмнө нь 100-200 төг­рөгөөр нэ­мэгддэг байсан бол одоо багассан. Цагаан сар дө­хө­хөөр махны үнэ нэ­мэгд­дэг. Тэгэхээр нөө­цийн махыг худалдах чиг­лэл өгсөн, үнэ ч буурна. Ерөн­хийлөгч Засгийн газ­рын хуралдаанд оролцсон ту­хай мэдээлэл өмнө нь дэл­гэрэнгүй гарсан. Сүү­лийн хоёр жилд агаарын бохир­дол, хүхрийн хэмжээ ба­гас­сан ч хүссэн хэм­жээнд хүрээгүй байна. Ажил хийх явцад алдаа ч гарсан байна лээ.

-“Эрдэнэс-Таван­толгой” компанийн орлого, зарлагын баланс ямар байгаа бол. Цаашид гэ­рээний нөхцлийг сайж­руу­лах боломж байна уу. Дарханд барих нефть бо­ловс­руулах үйлдвэрийн талаар бодит мэдээлэл өгнө үү?

-Тавантолгой гэдэг компани өрөндөө баригд­сан. Арилжааны банкуу­дад 110 тэрбумын өртэй. Сар бүр хүү төлж байгаа. Хүү нь манай бондын хүү­гээс өндөр юм билээ. “Чалко”-гаас 350 сая ам.доллар авсан. Үүнээс 190 орчим тэрбум төгрөг үлдсэн. Нийт 300 орчим тэрбумын өртэй гэсэн үг. “Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй” гэсэн үг бий. Тэгээд л энэ компани өөдлөхгүй байгаа юм. Өр ширийг нь дараад гайгүй ажиллуулна. Тэг­сэн ч хүнд байх болно. Учир нь “Чалко”-той хийсэн гэрээ хүндрэлтэй юм билээ. Тэр гэрээнээс салахаас өөр аргагүй. Гэхдээ 50 сая ам.доллар төлж байж гэрээнээс сална. Хорлонтой юм шиг ийм гэрээ хийсэн байна. Засгийн газар өрийг нь төлж гэрээг цуц­лаад бо­лом­жийн хөрөнгө оруу­лагчтай хэлэлцээ хийнэ. Нефть боловсруу­лах үйлд­вэр барих саналтай 11 компанийн төлөөлөл манай өрөөнд ирсэн. Сайд нартайгаа ярилцаад “Дар­хан газрын тос” компа­нийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Жилд хоёр сая тонн түлш хэрэг­лэдэг боло­хоор үйлдвэр барих нь зүйтэй. Ирэх хоёрдугаар сард багтааж япончуудтай хэлэлцээр хийнэ. Дараа нь төр хэдэн хувьтай оролцохыг ший­дэх юм. Мөн бусад компани хэд хэдэн хувь­тай оролцох талаар яриад УИХ-д оруулна. Дан ганц ОХУ-аас түүхий нефть та­тахгүй. Манай улс жилд 360 мянган тонн түүхий тос гаргаж авдаг. Энэ онд 700 сая тонн, 2014 онд нэг сая тонныг гаргана. Нэг саяыг нь ОХУ-аас, нэг сая тонныг дотоодоос авах боломж­той. Тэгэхээр ша­та­­хууны гачаалаас гарна.

-ОХУ-ын талаас манайд шатахуун түгээгүү­рийн 100 станц барих санал тавьсан. Манайх ямар хариу өгсөн бэ. Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян сүүлийн үед хууль зөрчсөн зүйл хийсэн гэх. Ийм хүмүүст хариуцлага тооцох уу эсвэл Засгийн газар тогтвортой бүтэн байдлаа бодоод дуугүй өнгөрөх үү. Нийтийн тээврийн үнийг 600 төгрөг болгох тухайд Засгийн газар ямар саналтай байгаа вэ?

-Сүүлийн 4-5 жилд ОХУ манайд шатахууны жижиглэнгийн худал­даанд оролцох саналаа хэлдэг байсан. Түүнд нь Монгол Улс хариу өгчих­сөн. Монголд гадаадын жижиглэнгийн худалдаа оруулахгүй. Засгийн газар хууль зөрчсөн албан тушаалтанд ха­риуц­лага тооцно. Одоо­хондоо хууль зөрчсөн сайд, дэд сайд, агент­лагийн дарга нарын асуудал орж ирээгүй. Тэр нийтийн тээвэр, автобус, баруун, зүүн рультэй машин хотын асуудал.

-Төмөр замын тухайд нарийн, өргөн царигийн алийг нь сонгох юм бэ. Та шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ?

-Царигийг хэн нэгэн хүн эсвэл М.Энхсайхан, Х.Баттулга шийдэхгүй. Монголын төр бодлогоор шийддэг. Өргөн царигтай байна гээд шийдчихсэн. Би шүүмжлэлийг хүлээж авдаг. Шинэчлэлийн Засгийн газрын нэг онц­лог бий. Бид өөрсдийгөө гоё сайхан гэж хараг­дуу­лах бодлого барьдаггүй. Биднийг өдөр бүр “1111” төвөөр шүүрдээд өгөөрэй. Тус төвийг нээснээс хойш 26 мянган иргэн хандсан байна. Түүний 80 гаруй хувь нь шүүмжлэл байсан. Шүүмжлэлийг сонсоно, иргэдэд чихээ нааж ажиллана. “1111”-д ирсэн шүүмжлэлийн дагуу нүүрсний үнийг буул­галаа, ХЗХ-ны хохи­рогч­той уулзсан. Мөн “Зэс эрдэнийн хувь” компа­нийн төлөөлөлтэй уулзлаа. Өшөө шүүмжил, шүүмж­лэ­лээс ердөө айж эмзэг­лэхгүй.

-Зарим албан тушаал­тан үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тэднийг хэзээ жинхлэх вэ. М.Энх­сайханыг яагаад ажлаас чөлөөлсөн тухайгаа ТӨХ тайлбарласан уу. Та үүнийг хэр оновчтой шийд­вэр гэж бодож байна вэ?

-Ажилд сэтгэлгүй ханддаг, хойрго ажилладаг хүмүүсийн оронд үүрэг гүйцэтгэгч тавихгүй өөр яах юм бэ. Төрийн албан хаагч нэрээр намын ажил хийж ирсэн хүмүүс өөрсдөө явсан. Төрийн албан хаагч нэрээр мөнгө иддэг явдлыг зогсооно. Одоогийн дарга нар ч мөнгө идэж уувал өөр­чилнө. Үүрэг гүйцэтгэгч­дийг Төрийн албаны зөв­лөлд шалгалт өгүүлээд шийдчихнэ. М.Энх­сайханыг томилохдоо Ерөнхий сайдад хэлсэн. Харин халахдаа хэлээгүй учир ТӨХ-ны даргыг халсан. Томилохдоо ч, халахдаа ч танилцуулдаг байх ёстой.

-Төрийн албан хаагч­дын дунд бүтцийн өөрчлөлт явж байгаа. Ажил хийдэг­гүй хүмүүсийг халах нь зөв байх л даа. Гэхдээ хомор­гонд нь өртсөн тухай яамны нэгэн мэргэжилтэн ярьж байсан. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Нэг мэргэжилтэн гэдгээ нэр устай нь сайдад нь хэл. Ам дамжсан яриа байж болохгүй. Төрийн албан хаагч, зарим агентлагийн дарга нар өөрсдөө өргөдлөө өгөөд явсан. Тэр нь ч дээр бай­сан. Угаасаа манай Засгийн газрын хурдыг гүйцэж ажиллах хүн цөө­хөн байсан. Тийм боло­хоор өөрсдөө явахгүй гээд ч яах юм. Үнэхээр болох­гүй учраас нэлээдгүй нь өөрсдөө явцгаасан. Арга­гаүй шүү дээ. Өглөө 08:00 цагт босч чадахгүй, хагас сайнд ажиллахад хэцүүг мэдрээд явсан.

-Зарим телевизийг хаах тухай ярьж байна. Телевизүүд хөрөнгө оруу­лагчгүй бол аяндаа дампуурна. Заавал хаах хэрэг байна уу?

-Манайх 100 орчим телевизтэй. Хаана гэж яриагүй. Стандартын шаард­лага хангасан нэвт­рүүлэг хийхийг шаардсан юм билээ. Чанартай дуу, дүрстэй нэвтрүүлэг цацдаг байх ёстой. Дутагдлаа арил­­гах 45 хоногийн хугацаа өгсөн гэсэн. Ер нь цаашид 100 телевиз байх хэрэгтэй юу, үгүй юу. Үүнийг Засаг хянахгүй. Та бүхэн стандартаа мөрдөж ажиллаарай, сэтгүүлчийн ёс зүйгээ баримтлаарай.

-Цахилгааны хязгаар­лалтыг нэлээд хийж байна. Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох хүртэл хязгаарлалт хийх үү?

-V цахилгаан станцыг барихад хугацаа хэрэгтэй. Түүнээс өмнө IV цахил­гаан станц дээр 100 мгвт нэмэх шийдвэр гаргасан. Түүнийг нь ОХУ-д захиал­чихсан. Хамгийн хэцүү нь 1.6 жилийн дараа ший­дэг­дэх юм билээ. Эрчим хүчний хэрэглээ шинэ жилээр нэг нэмэгдсэн, одоо битүүний өдөр аргалчихвал гайгүй болов уу. Зун найр наадам эргүү­лэхгүй өвлийн дулаан хангамжаа бэлдэнэ.

-”Чингис” бондоор санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр бэлэн болсон уу. МАН-ын гишүүд бондын хүү өдөр бүр урсаж байгааг шүүмжилдэг. Та өмнөх Засгийн газрын үед тэр­гүүн Шадар сайд байхдаа Тавантолгойн ажлын хэсгийг ахалж байсан. Таныг Ерөнхий сайд байх үед Тавантолгой урагшлах болов уу. Оюутолгойн гэрээг сайжруулах эсэх талаар ямар бодолтой байдаг вэ?

-Бондын хүүнд өдөрт хэдэн мянган доллар алдаж байна гэдэг худал. Бондоор санхүүжүүлэх төслүүдийг удахгүй танил­цуулна. Одоогоор гурван төсөл бэлэн болчихсон. Зургаан аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбох нэг төсөл бий. Нө­гөөх нь Тавантолгойд цахилгаан станц барихад бондын хөрөнгийг ашиг­лана. Мөн Тавантол­гойгоос Гашуун сухайт хүртэл төмөр зам барих төсөл байгаа. Оюутолгойн тухайд хатуу байр суурьтай байдаг. Гэрээнд анхны хөрөнгө оруулалт 4.4 тэрбум ам.доллар гэсэн байдаг. Гэтэл 6.7 тэрбум ам.доллар болсон. Энэ нь Монголын эрх ашгийг хөндөж байгаа. 4.4 тэрбум ам.доллар 6.7 болсон шалт­гааныг ярихаас нааш юу ч ярих боломжгүй. Учрыг олж байж цааш явна.

-Өмнөх Засгийн газар “Эрдэнэс МГЛ”-ийн давуу эрхийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Энэ ажлыг яаж үргэлжлүүлэх вэ. Ураны ямар бодлого Засгийн газарт байгаа бол?

-”Эрдэнэс МГЛ”-ийн давуу эрхийн хувьцааг гаргана. Иргэдэд өгнө. Гэхдээ нэг но байгаа. Эхлээд аж ахуйн нэгжүү­дээс хувьцаагаа авч цуг­луулна. Ураны тухайд Зас­гийн газрын байр суурь хэвээр байгаа. Ураныг шар нунтаг хүртэл нь боловс­руулъя гэж байгаа. Цөмийн инергийн газар та бүхэнд энэ тухай дэл­гэрэнгүй танилцуулга өгсөн байх. Саяхан нэг зүйл болсон. Дорноговьд ураны хайгуул хийдэг Францын “Арева” компа­нийн ойролцоо өвөлждөг малчны мал үхсэн байна. Гэхдээ ураны цацрагаас болоогүйг тогтоосон. Тэнд юу болсныг судалж байгаа. Ураны асуудалд дээд зэр­гээр болгоомжтой хандаж байна. Гэхдээ боломжтой газар нь шар нунтаг хийхэд аюулгүй.

-Засгийн газар иргэ­дийг орон сууцжуулах талаар ямар бодлого ба­рим­талж байгаа вэ. Олон хүн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдах гээд ча­дахгүй хохирсон шүү дээ?

-Хохирсон нь үнэн. Үүнд иргэдийг буруутгаж болохгүй. Зургаан хувийн хүүтэй зээлийн сонголтыг өөрсдөө хийсэн. Уг нь хүсэх зүйл биш байсан. Шинэчлэлийн  Засгийн газар иргэдийг орон сууцжуулах талаар гурван ажлын хэсэг гаргасан. Нэг нь шинэ газарт орон сууц барих, нөгөөх нь гэр хороол­лыг барилга­жуу­лах, мөн урт хугацааны зээлийн бодлогыг судлах ажлын хэсэг юм. Зургаан хувийн хүү гэхээр хямдхан сонсогдсон байх. Зургаан хувийн хүүтэй зээл гаргахад 1000 байр бэлэн байсан. Авах хүний тоо 4000. Тэгээд метр.кв-ын үнэ өссөн. Засгийн газар өнөөдөртөө амиа аргацаая гэвэл зургаан хувийн хүүг гаргаж болно. Зургаан хувийн хүүтэй зээлээр метр.кв нь 1.5 саяын үнэтэй байр авах, 12 хувийн хүүтэй зээлээр нэг сая төгрөгийн үнэтэй байр авах адилхан. Засгийн газар метр.кв-ын үнийг буулгах бодлого барьж байна. Ингэхдээ хоёр арга хэрэглэнэ. Барилга барих гэж байгаа компаниудыг дэмжинэ. Тэгэхдээ метр.кв-ын үнээ буул­гахыг шаардана, үгүй гэ­вэл яв гэнэ. Хоёр саяын үнэтэй байраа өөрөө ба­риад, өөрөө дэд бүтцээ байгуулаад зарна биз. Ха­рин метр.кв-ыг нь нэг сая болгож бууруулах компа­нийг Засгийн газар дэмжинэ.

-Засгийн газарт хамтран ажиллаж байгаа МАХН-ын сайд нар эх орны төлөө гэхээс илүү намынхаа эрх ашгийн төлөө ажиллаад байгаа юм биш үү. Ерөнхий сайд үүнд ямар бодолтой явдаг вэ?

-Намын асуудал тусдаа. Шинэчлэлийн Зас­гийн газарт МАХН, ИЗН-ын сайд нар ажил­лаж байгаа. Сайд нарыг урдах ажлаа хий л гэдэг. Сайд ажлаа л хийнэ, намын ажил нь надад ха­маагүй. Оролцох ч шаард­лагагүй. Өөр намын асуудлыг би мэдэхгүй.

-Сүүлийн үед “МИАТ” компанийн талаар шуугиж байна. Мөнгө угаасан ажилтнуудыг баривчилсан мэдээлэл бий. Цаашид “МИАТ”-ийг яах юм бэ?

-Энэ талаар тодорхой мэдээлэлгүй байгаа. Та бүхний бичсэн зүйлийг л уншсан. Төрийн өмчит компаниудыг мөнгө иддэг уурхай болгочихсон гэм бий. “МИАТ” алдагдалтай ажилладаг юм билээ. Буруу зүйл хийсэн бол хариуцлага тооцно.