Т.САЙХАН

Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын Ханан шалгах түр хорооны хуралдаан өчигдөр /10.01/ боллоо. 

УИХ-ын гишүүн С.Зулпхар: -“Оюутолгой” компани “Онтра”-гийн талбай руу нэвтрэлт хийсэн гэж байгаа. Лиценз шилжээгүй байгаа. Энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ. Хэлэлцээрийн хүрээнд засаглалын асуудлыг эргэж харна гэсэн. Оюутолгой  төслийн хүрээнд засаглалыг эрх тэгш байх зарчимд нийцүүлэн, сайжруулах талаар ярьж байна уу, хэлэлцээрт энэ асуудал туссан уу. 

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:  -“Онтра” компанийн харьяанд байгаа хоёр лицензийн талбайд бэлтгэлт, нэвтрэлт гэдэг зүйл хийгдсэн. Уулын ажлын төлөвлөгөөг 2025 оны нэгдүгээр сард батлаад өгсөн байна лээ. Би бол эргэлзээтэй байгаа, Хянан шалгах хороон дээрээ ярих байх. Бэлтгэл нэвтрэлт гэдэг бол олборлолтын үйл ажиллагаа биш хэр хэмжээний хүдэр байна вэ, эсвэл судалгаа шинжилгээний ажил хийгдэж үү гэдгийг хэмжилт хийгээд тооц гэдэг үүрэг өгсөн. Тэнд олборлолт явагдахгүй, хайгуул эрт хийгдсэн. “Оюутолгой” компанид Монголын Засгийн газрыг төлөөлж ажиллаж байгаа гурван гишүүн хангалттай, хангалтгүй ажиллаж байгаа, тайлан өгөхгүй байгаа, удирдамжаар хангахгүй байгаа зэрэг олон асуудал бий. ТУЗ -ийн гишүүд зарим нь сайн ажилладаг, зарим нь алга болдог түүхүүдийг бид бүгдээрээ мэднэ. Ажлын хэсгийг зайлшгүй мэдээллээр хангаад яв гэдэг чиглэлийг өгч байгаа. Хараат бус гишүүдийг томилуулах тухай асуудлыг хэлэлцээрийн төвшинд аваад явж байна. Нэг шүүгчийн  шийдвэртэй холбоотой  асуудал бий, энэ нь Оюутолгойд Монголын Засгийн газрыг төлөөлж байгаа ТУЗ- ийн гурван гишүүний хаалт хамгаалалт тавих, зогсоох эрх үүргийг цуцалсан байдал руу оруулсан эрх зүйн ийм нэг нөхцөл байдал бий. Оюутолгойн гэрээ бол өөрчилж болдоггүй гэрээ биш. Өөрчлөх асуудал ярих бүрэн эрхтэй. Гэрээн дээр энэ заалт бий. Монголынхоо талд давуу тал үүсгэх чиглэлээр ажиллаж байна. Хэлэлцээртээ орно.Энүүхэндээ товчоор хэлэхэд тэр хүмүүсийн тэргүүнд шийдэх гэж хүсч байгаа асуудал бидний хувьд сүүлд шийдвэрлэх асуудалтай давхцдаг, бидний тэргүүнд шийдвэрлэх гэж оролдож байгаа асуудал тэдний хувьд сүүлд нь шийдвэрлэх асуудал байдаг. Тактиктай холбоотой асуудлаа ажлын хэсгийн даргатайгаа зөвлөлдөөд явъя л гэдэг бодолтой байна.

Эх сурвалж:www.polit.mn