Ч.ЗОТОЛ

Дорноговь аймгийн Сайншанд сумын малчин Д.Норсүрэнгийн 12 үхэр үхсэн нь тус газарт ураны хай­гуул хийж буй  Фран­цын “Арева”-ийн салбар, “Кожеговь” компанийн үйл ажиллагаатай холбоо­той тухай шуугиан гарсан билээ. Энэ мэдээллийн мөрөөр хол­богдох газрууд шалгаж эхний хариу хор хөнөөлгүй гэж гарсан ч дахин үхэр үхжээ. Шин­жил­гээний хариу зүгээр гэж гарсан ч тугал, бяруу­нууд үхсээр байгаад гай­хаж байгаагаа малчин Д.Норсүрэн ярилаа.

Өнгөрсөн сарын 26-29-нд  Мэргэжлийн хя­налт, Онцгой байдал, Цө­мийн энергийн газар бо­лон Байгаль орчны иргэ­ний зөвлөлийнхөн газар дээр нь ажиллахдаа тэд­ний бууц, худаг болон “Кожеговь” компанийн өрөмдсөн цооногийн орч­моос  хөрсний долоо, усны хоёр дээж авч Цац­рагийн хяналтын шин­жилгээ, то­хи­руулгын ла­бо­ра­тори, Геологийн төв лаборатори болон Ус сув­гийн удирдах газрын Усны төв лабо­ра­торит шинжил­гээнд өгсөн байна. Цацра­гийн тун­гийн чад­лын хэм­жилтийн дүн байгалийн цацрагийн фон төвшний зөршөөрөг­дөх хэмжээнээс даруй хоёр дахин бага буюу хор хөнөөлгүй гэж гарсныг Цөмийн энер­гийн газраас өмнө нь мэдээлсэн.

Мөн усан дахь ра­дионы хуримтлалын хэм­жээ “Ундны ус, эрүүл ахуйн шаардлага, түүнд тавигдах хяналт” стандар­тын зөв­шөөрөгдөх дээд хэмжээ­нээс 90.09 дахин бага гэсэн хариу гарсныг мэ­дэгдсэн билээ. Харин  Геологийн төв лаборатори, Улсын төв лаборатори, малын дотор эрхтнээс дээж авсан улсын мал эмнэл­гийнхний  хийсэн шин­жил­гээний хариу ха­раа­хан гараагүй. Гарсан ч сал­барын яамдад дүг­нэл­тийг хүргүүлж, холбогдох газ­рууд албан ёсоор мэ­дээл­нэ хэмээн албаны хүмүүс хэллээ.   

Дорноговийн Улаан­бад­рах сум болон хаяа зал­гаа сумын нутгийг дам­­на­­сан ураны хайгуу­лын 2000 гаруй цооног байдаг аж. Мөн Баянбогд го­лын усан дотор өрөм тавьж, цооног үүсгэс­нийг  нутгийн мал­чид ту­хайн үед сумын ир­гэд ний­тийн хуралд хэлж байжээ.