Б.НЯМСҮРЭН
Монгол Улсын ирэх оны төсвийн төслийг Улсын Их хуралд өргөн барьсантай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар болон танхимын сайд нар төсвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. “Энэ удаагийн төсөв анх удаа иргэдийн саналыг тусгасан, Хүний хөгжлийг дэмжсэн, хэмнэлтийн төсөв болсон” хэмээн танилцуулгын эхэнд Ерөнхий сайд онцоллоо.
Төсвийн төслийг боловсруулахаас өмнө И-Монголиа платформ болон Д-парламент хуудсаар дамжуулан иргэдээс санал авч эхэлсэн. 2026 оны төсвийн төсөлд давхардсан тоогоор 201.100 иргэд саналаа өгчээ. Иргэдийн саналыг багцлахад нэн тэргүүнд эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч гэсэн гурван салбарыг онцгойлон анхаарах шаардлагатай хэмээн үзжээ. Эрүүл мэндийн салбарын хувьд энэ оны төсөв 238.1 тэрбум байсан бол ирэх жилд 1.3 их наяд болгож 5.5 дахин нэмэгдүүлжээ. Тав дахин их нэмэгдүүлсэн төсвийн хүрээнд хэд хэдэн томоохон эмнэлэг барих ажлыг эхлүүлэх чимэгтэй мэдээг Засгийн газрын тэргүүн хэлж байна. Хавдар судлалын Үндэсний төв-2, Зүрх судасны үндэсний төв, Гэмтэл согог, судлалын төвийн их засвар зэрэг томоохон бүтээн байгуулалтуудаас гадна 17 эмнэлгийн байгууллагын яаралтай тусламжийн тасгийг шинэчлэн сайжруулах ажлыг ирэх оны төсвийн төсөлд амжуулан хийхээр төлөвлөөд байна.
Ирэх жилийг Засгийн газраас Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг мөн хоёр дахин нэмэгдүүлж, нэг их наяд болгожээ. Нийслэл хотод болон хөдөө орон нутагт хамгийн тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх хүрээнд ирэх жил 73 цэцэрлэг, 117 сургууль 32 дотуур байрыг барьж, засварлах бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна. Мөн Боловсролыг дэмжих жилийн хүрээнд 100 тэрбум төгрөгийг нэмж олгохоор тусгажээ.
Иргэдээс ирж байгаа саналд үндэслэн НӨАТ-ын буцаан олголтыг шат дараатай нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарснаа хэлж байна. Тухайлбал, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлж 2026 онд таван хувь буюу нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтанд төлсөн татварынхаа 50 хувийг иргэн буцаан авах, 2027 оноос 500 мянга хүртэлх худалдан авалтын татвараа 100 хувь буцаан авах нөхцлийг бүрдүүлжээ. Сангийн сайдын хэлж байгаагаар нийт худалдан авагчдын 75 хувь нь нэг сая төгрөг хүртэлх худалдан авалт хийдэг. Тиймээс тэдгээр 75 хувийг бүрдүүлж байгаа иргэдээ дэмжих бодлогын хүрээнд шаталсан байдлаар буцаан олголтыг нэмэгдүүлэх нь эргээд татварын эрүүл орчин бүрдэх, далд эдийн засгийг хязгаарлах, ач холбогдолтой гэв. Мөн бизнес эрхлэгч нарыг дэмжих бодлогын хүрээнд жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдэд тавьдаг хялбаршуулсан горимын босго 50 саяыг 400 сая болгож өсгөхөөр ирэх оны төсвийн төсөлд оруулжээ. Мөн банкин дахь дансыг хаадаг бүдүүлэг байдлыг халж, дансны орлогоос татварт суутгадаг шинэ зохицуулалт бий болгоно хэмээн зорьж байна. Энэ нь далд эдийн засгийг ил болгох, зах зээлийг тэлэх, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих бодит дэмжлэг болно хэмээн үзжээ.
2025 онд нийт төсвийн зарлага 35,1 их наяд байсан бол 3.1 их наядаар “танажээ”.
Үе үеийн Засгийн газрын үед нэмэгдсээр өнөөдөр 231 мянгад хүрээд байгаа төрийн албан хаагчдын тоог цөөрүүлэх, төрийн данхар бүтцийг багасгана гэдгээ Ерөнхий сайд ажлаа авсан даруйдаа мэдэгдсэн. Тэгвэл ирэх оны төсвийн төсөлд төрийн албан хаагчдын тоог 18 мянгаар бууруулахаар төлөвлөсөн байна. Сэтгүүлчдийн зүгээс энэ цомхотголд мэргэжилтэн голдуу гүйцэтгэх албаныхан өртөөд, дарга нар сугарч үлдэх вий гэсэн болгоомжлол байгаагаа ч Ерөнхий сайдаас тодруулж байлаа.
Харин төрийн албан хаагчдын тоог цөөлөх ажлыг салбарын сайд нарт хариуцуулсан тухайгаа Гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлэв. Гэхдээ хурган дарга нараас өндөр албан тушаалтнуудыг илүү хамруулах, ажил хийдэг нь үлдэж,ө хийдүүлдэг нь гарах зарчмыг баримтлах үүрэг өгснөө мэдэгдэв. Мэдээж төрийн албан хаагчдын асуудлын зэрэгцээ ТӨХК-уудын дарга нарын цалин хангамж, данхар бүтцийг зайлшгүй яригдах асуудал. Тэгвэл 108 Төрийн өмчит компанийн тоог 72 болгон цөөлж, дарга нарын цалин хангамжийг сайд нарынхаас хэтрүүлэхгүй барих, ажлын үр дүнгээс шалтгаалж урамшуулал олгох, үр дүнгүй ажилласан гэж үзвэл урамшууллыг хасдаг байх чиглэлийг баримталж байгаагаа ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хатуухан хэлнэ лээ.
Иргэдийн зүгээс онцгой анхаарах салбарын гуравдугаарт эрчим хүчний салбарыг нэрлэсэн байна. Тиймээс ч Эрчим хүчний хараат байдлаа цэгцлэхийн тулд энэ салбарт 3,9 их наядын хөрөнгө оруулалт хийхээр төсөвт оруулжээ.
Ийнхүү хэмнэлттэй, хүний хөгжлийн төлөөх хэмээн тодотгосон төсвийн дэлгэрэнгүй танилцуулгыг засгийн газар бүрэн бүрээлдэхүүнээрээ танилцуулсны дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан. Ялангуяа эдийн засаг, татварын бодлогын хүрээнд шинэчлэл хийж байгаа гэж магтаж байгаа энэ төсвийг тавхан жилийн өмнөхтэй харьцуулахад бараг гурав дахин нэмэгдсэн байгааг шүүмжилж, дахин бууруулах боломжтой эсэхийг тодруулав.
“Тавхан жилийн өмнө 11 их наядад багтаж байсан Монгол Улсын төсөв өнөөдөр багасаад хасч танаад 31 их наядад хүрч байгаа нь хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл, бусад урсгал зардлын нэмэгдэлтэй холбоотой хэмээн Ерөнхий сайд онцолсон. Мөн багш, эмч, төрийн албан хаагчдын цалинг үе шаттай нэмэгдүүлэх, хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учир хүүхдийн мөнгө тодорхой ачаалал болж байгааг ч дурдаж байв. Тодруулбал, гурван жилийн өмнө нэг сая гаруй хүүхэд хүүхдийн мөнгө авч байсан бол энэ тоо 1.3 сая болжээ.
Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариулсны дараа салбарын сайд нар өөр өөрсдийн салбарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 163, 164 (7660, 7661)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.