-БШУЯ-наас элсэлтийн журмыг шинэчилэн гаргана-

Э.ОРХОНСҮРЭН

БШУЯ-наас төрийн өмчийн дөрвөн их сургуулийн захирлуудыг сонгон шалгаруулах болсноо зарласан. Сонгон шалгаруулалтын хугацаа энэ сарын 28-нд дуусгавар болно гэдгийг албаны хүмүүс хэлж буй. Гэтэл иргэдийн дунд энэ асуудлыг улс төртэй хольж хутгах явдал нэлээд байна. Тиймээс энэ удаагийнхаа дугаарын зочноор БШУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөтийн газрын дарга Б.Насанбаярыг урьж, дараах асуултад хариулт авлаа. 

-Төрийн өмчит их, дээд сургуулиудын захирлын сонгон шалгаруулалт эх­лээд хэд хонож байна.  Зарим иргэд үүнийг янз бүрээр тайлбарлаж, ойлгож, хүлээж авч байна.  Ер нь яагаад заавал энэ сонгон шалгаруулалтыг явуулах болсон юм бэ?

-Боловсролын тухай хуулинд тухайн сур­гуулийн захирлыг таван жи­лийн хугацаагаар то­милно гэж заасан байдаг. Энэ хугацаанд ажлын үр дүнг нь  харгалзан, хамт олныхоо саналаар дахин нэг удаа сонгогдох эрхтэй байдаг. Тиймээс энэ сон­гон шалгаруулалт хуу­лийнхаа дагуу явагдаж байгаа үйл ажиллагаа юм.

-Ард иргэдийн дунд сонгон шалгаруулалт нэрээр таньдаг мэддэг хүмүүсээ тавих гэж байна гэсэн хардалт үүсээд байгаа. Тиймээс энэ удаа­гийн сонгон шалгаруулалт хэр үнэн бодитой явагдах бол. Мөн шинээр томи­логдох хүн ямар шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх ёстой вэ?

-Их сургуулийн захирал  Монгол Улсын шинжлэх ухаан, дээд боловсролыг хөгжүүлж явах гол менежерүүд юм. Тиймээс хэн нэгэн хүний танил тал, улс төрийн томилгооноосоо илүү улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж чадах захирлуудыг томилох сонгон шалгаруулалт нь шударга, нээлттэй болно. Магадгүй зарим хүмүүс аль хэдийн хүнээ тов­ло­чихсон  байгаа байх ороод нэмэргүй гэх яриа чих дэлссэн. Харин ч олон шилдэгүүд сонгон шал­гаруулалтад орж ирж хам­гийн сайн нь чад­лаараа гарч ирээсэй гэсэн  манай сайдын хүлээлт байгаа. Үнэхээр тухайн сургуулиудыг хөгжүүлэх хүсэл, зорилготой, чад­вартай хүмүүс энэхүү шалгаруулалтад ирээсэй гэж хүсч байна. Сонгон шалгаруулалтыг шударга хийж,  зөв хүнийг гаргаж ирэх нь бидний хариуц­лага болоод байна. Хэрэв та шалгуур үзүүлэлтүү­дийг хангасан хийж бүтээх эрмэлзэл, туршлага чад­вартай гэж өөрийгөө үнэлж байгаа бол  сонгон шалгаруулалтад оролцох зориг шийдвэртэй байх хэрэгтэй гэж хэлмээр байна. БШУ-ы сайд Л.Ган­төмөр  Аймгийн Засаг дарга нартай уулзах үедээ улс төр, танил талаас аль болох ангид байж  тухайн сургууль, цэцэр­лэгийг хөгжүүлж чадах зөв хүнийг эрхлэгч, захирлаар томилж өгөхийг хүссэн. Үүнтэй зарчим нь нэг байна. Учир нь буруу хүн томилсоноос болоод бүхэл бүтэн нэг үеийн хүмүүсийн хувь заяа хохирох аюултай. Сонгон шалгаруулалт нь их сур­гуулийн хөгжлийн шийдлийг удирдах хүнийг томилж буй  учраас олон нийтийн анхаарлын төвд байх шиг байна. 

-Сонгон шалгаруулалт ямар үе шаттай явагдах вэ. Эрх бүхий байгуул­лагаас тогтоосон журмын дагуу шалгаруулна гэж байсан. Үүнийг товчхон тайлбарлахгүй юу?

-Төрийн албаны тухай хууль болон төрийн албаны зөвлөлийн жур­мын дагуу сонгон шалга­руулалт зохион байгуу­лагдана. БШУЯ-ны Төрийн албаны салбар зөвлөл  зохион байгуу­лалтын ажлыг удирдана. Тус зөвлөлөөс  тухайн үед сургуулийн захирлуудыг сонгон шалгаруулах комис­сыг томилно. Комисст хэн байх талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй юм. Тиймээс ч олон талын төлөөлөлтэй тухайн хүмүүсийг бодит дүгнэж чадах хүмүүсийг комисст оруулах болно. Эхний ээлжинд сонгон шалгаруулалтад ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангасан хүмүүсийн материалыг энэ сарын 28  хүртэл хүлээж авна. Үүний дараа ажлын байрны тодорхойлолтын  шалгуур үзүүлэлтийн  дагуу эхний шатны шалгаруулалт  явагдана. Их сургуулийн захирал хүн асар их ачаа үүрэх чухал хариуц­лагатай алба учраас нэр дэвшигчийн туршлага, хийхийг ажлын төлөв­лөгөө зорилго үүнтэйгээ уялдаатай авах арга хэмжээ зэрэг нь гол шал­гуур үзүүлэлт болно. 

-Сонгон шалгаруу­лалтыг дөрвөн сургууль дээр хийхээр зарласан. Үлдсэн төрийн өмчийн их, дээд сур­гуулийн захир­луудыг сонгон шалга­руулах уу?

-Бусад сургуулийн захир­луудын хувьд хуулийнхаа дагуу хугацаа нь болсон солигдох шаард­лагатай захир­луу­дын сонгон шалгаруулалт удахгүй болно. Сонгон шалгаруулалт нь ээлж дараагаар явагдах учраас эхний ээлжинд дөрвөн гол сургуулийнхаа захир­луудыг сонгон шалга­руулж байна.

-Тухайн сургуулийн багш, оюутнуудаас санал авах уу. Тийм сураг байсан?

-Өмнөх жилүүдийн туршлагаас харахад нэр дэвшигчдийг хамт олных нь өмнө танилцуулж  са­нал хүсэлтийг авах нь давуу талтай хэдий ч, талцсан таагүй уур амьсгал бүрдэж цаашид хэн нэгэн нь томилогдож хамт олон бүрдэж ажил­лахад  амаргүй нөхцөл үүсгэдэг сөрөг талтай. Нэр дэвшигчдийн хөгжлийн хөтөлбөрийн танилцуулга хийгдэж санал  авна. Тухайн хувь хүнд нь бус хийж,  хэрэгжүүлэх хө­төлбөрт нь санал авах болно.

-БШУЯ-наас зарласан шалгуур үзүүлэлтийг хан­гасан хүн маань ажлын дадлага туршлага муутай, их сургуулийн чадварлаг менежер байж чадахгүй бол яах вэ.  Буцаагаад татах нөхцөл бий юу?

-Их сургуулийн захир­лууд БШУ-ы сайдтай үр дүнгийн гэрээ байгуулдаг. Тиймээс үр дүнгийн гэ­рээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй бол зохих журам хууль дүр­мийн дагуу шийдвэрлэнэ. Дэвшүүлж байгаа хөтөл­бөр нь тухайн хүний хэ­рэг­жүүлэх арга хэм­жээний гол үүрэг учраас хөтөлбөрийнхөө дагуу үр дүнгийн гэрээ  байгуулна. Урсгалаараа чадсан ч чадаагүй ч байж л байдаг  жишгийг өөрчилнө.Чухал алба учраас нэгдүгээрт хариуцлага тооцож ажил­лана.

 

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ИРЭХ САРЫН 1-ЭЭС ЭХЭЛНЭ

 

-Нэгэнд их, дээд сур­гуулийн боловсролын асууд­лаар тантай уулз­саных бас нэг зүйлийг тодруулж асууя.  Их, дээд сургуулиудын оюутан эл­сүүлэх босго оноо, төл­бөрийн хэмжээг нэг, гуравдугаар сард зарлаж байхаар болсон. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-БШУЯ-наас их, дээд сургууль болон дээд бо­ловсролын байгуулла­гуудад нэгдүгээр сард тухайн мэргэжлээр ямар шалгууртай элсэгчийг эл­сүүлэх тухай санал ирүү­лэх шаардлага тавьсан. Их, дээд сургуулиудыг  2012 оны 12 дугаар сарын 20-ны дотор саналаа ирүү­лэх албан тоот хүргүүлсэн хэдий ч  одоогоор 60-аад сургууль ирүүлсэн байна. Иймээс санал авах хуга­цааг сунгаж нэгдүгээр сарын 25 хүртэл авах болсон. Хэн дуртай нь хүссэн сургуульдаа ямар ч тохиолдолд элсэн суралц­даг буруу жишиг  чанаргүй олон сургууль бий болох үндэс нь болж байна. Тий­мээс элсэлтийн чанарын тухай ярьж байж төг­сөл­тийн чанарын тухай ярих юм. Их, дээд сур­гуулиу­даас ирсэн сана­луудад хоёрдугаар сард дүгнэлт хийсний үндсэн дээр тухайн мэргэжилд ямар шалгууртай элсэгч  элсэх боломжтойг  гаргах болно. Гуравдугаар сард тухайн мэргэжлийнхээ шалгуур хангасан элсэг­чийг хэдий хэмжээний төлбөрөөр сур­гахаа олон нийтэд сургуулиуд зарлах болно. Яамнаас элсэлтийн жур­мыг шинэчилж гаргана. Энэ дагуу сур­гуулиуд өөрс­дийн элсэл­тийн жур­маа баталж, мөрдөхийг яамны зүгээс шаардлага тавьж ажиллана.

-Энэ сарын 25-ны дотор саналаа ирүүлээгүй бол яах вэ?

-Саналаа ирүүлээгүй тухайн сургуулийг элсэлт авахгүй гэж тооцож яамнаас элсэлтийн хянал­тын тоо өгөхгүй. Яагаад гэвэл тухайн сургууль ямар шалгуураар элсэлтээ авах саналаа өгөхгүй байна гэдэг энэ жил эл­сэлт авахгүй гэсэн зарчим гэж ойлгох боломжтой.

-Гурван сард сургал­тын төлбөрийн хэмжээгээ тогтоосон ч намар өссөн тохиолдолд яах вэ. Өсгөхгүй байх нөхцөл бий юу? 

-Хавар тогтоосон хэмжээ албан ёсны байна. Намар тогтоосон хэмжээг албан ёсны гэж тооцохгүй. Тийм учраас элсэгч, оюутан залуус хавар тогтоосон хэмжээгээр нь төлнө гэсэн шаардлага тавих ёстой. Үүний тулд сургуулиуд төлбөрөө тодорхой гаргаж, удирдах зөвлөл хариуцлагатай ажил­­лах хэрэгтэй. Оюут­нуу­дын хувьд мэргэжлээ зөв сонгож,  сургуульдаа  сурах  хүсэл эрмэлзэлтэй, өөрийгөө бэлтгэж орох нь чухал.

-Жил бүр сур­гуулиу­дын төлбөр нэмэгддэг. Энэ удаад сургалтын төлбөр хэдий хэмжээгээр өсөх бол. Сургуулиуд ямар хэмжээний төлбөрийн санал ирүүлээд байна вэ?

-Материалаа өгсөн сургуулиуд нь 800 мянгаас хоёр сая төгрөгийн төлбөрийн санал ирүүлсэн байна. Үнэхээр дээд бо­ловсролыг чанартай болгоё гэж байгаа бол зөвхөн оюутнуудаас сан­хүүжилт олдог биш өөр олон нөхцлөөр  сан­хүүждэг болох эрх зүйн орчин, боломжийг бүрдүү­лэх нь чухал байна. Сур­галтын төлбөрөөр  тухайн сургууль санхүүжилтын гол эх үүсвэрээ болгож оршин тогтнодог тогтол­цоотой явж ирсэн. Дээд боловсролын байгууллага буюу их, дээд сургуулиуд нь олон талт төсөл хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээ хийх зэргээр санхүүжилт олдог байх хэрэгтэй. Мөн Монголд хөгжиж байгаа үйлдвэр, үйлчилгээний байгуул­лагатай төр, хувийн хэвшил, сургууль хамтарч ажиллах хамтын ажил­лагааны соёл, хөгжлийг бодитой болгох нь чухал байна.

-Их сургуулиудын эл­сэлт хэзээнээс хэлэх вэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр  сарын 15 хүртэл уламжлал ёсоор цахим хэлбэрээр яваг­дана.