Д.ОЮУНЧИМЭГ
2026 оны Монгол Улсын төсвийн хэлэлцүүлэг эхэлсэн. Олон нийтийн оролцоотойгоор төсвийн төслийг боловсруулж, эцэслэнэ хэмээн албаныхан хэлж буй. Салбар тус бүрийн олон нийтийн хэлэлцүүлэг орон даяар, салбарын яамд дээр, мөн цахимаар явагдаж байна. Иргэдийн санал авах систем ажиллаж байгаа бөгөөд төсвийн хүрээ, хөрөнгө оруулалтын чиглэл, зардлын оновчлол зэрэгт санал өгөх боломжтой юм. Саналуудыг нэгтгэн Засгийн газрын төсвийн эцсийн төсөл боловсруулж, намрын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ. Энэ удаад Гэр бүл, нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам төсвийн хэлэлцүүлгээ хийсэн байна.
ХАЛАМЖИД 2.3 ИХ НАЯДЫГ ЗАРЦУУЛЖЭЭ
Монгол УИХ-ын гишүүн Гэр Монгол УИХ-ын гишүүн бүл НХХ-ын сайд, Т.Аубакир, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан, НДЕГ-ын дарга Б.Батжаргал, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Энхболд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл нар оролцжээ. Хүн амын бүлгүүдийн хэрэгцээнд нийцсэн нийгмийн даатгал нийгмийн халамжийн үйлчилгээний чанар үр ашгийг дээшлүүлэх замаар хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн халамжийн санхүүжилтийн үр ашгийг сайжруулах монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэнэ хэмээн салбарын сайд нь тодорхойлсон.
Тус яамны Эдийн засаг, Санхүү, Төсөв, Хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Энхтөр "Салбарын 2026 оны төсөв 5.5 их наяд төгрөг байхаар төсөвлөсөн. Үүний 5.4 их наяд нь урсгал зардал. Хөрөнгө оруулалт нь 8.3 тэрбум төгрөг байхаар төлөвлөн Сангийн яаманд хүргүүлсэн” гэдгээ танилцуулгын үеэр хэлсэн юм. Мөн тэрээр Гэр бүл, нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам энэ жил зохион байгуулсан худалдан авах ажиллагаа амжилттай болсныг тодотгож байна.
2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах зорилгоор тус яам цахим хуудсаараа дамжуулан Кю ар код ашиглан мэдээллээ нээлттэй тавьсан. Энэ хүрээнд төсвийн төсөл дээр 117 санал иржээ. Эдгээр саналыг багцалбал, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын асуудлаар 59 санал, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний асуудлаар 26 санал, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил хамгааллын асуудлаар 15 санал иржээ. Мөн салбарын бусад үйл ажиллагааны чиглэлд 17 санал ирсэн байна. Түүнчлэн харьяа байгууллагуудын албан хаагчдаас 65 санал ирснийг хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.
Хэлэлцүүлэг ба хэрэгжилт
Түүнчлэн тус яамны Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Ю.Отгонбилэг "Гэр бүл НХХ-ын салбарт ирэх онд эрх зүйн шинэчлэлийг хийхээр төлөвлөж байгаа. Энэ хүрээнд нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл, нийгмийн халамжийн шинэчлэл, үүн дотроо нийгмийн халамжийг зорилтот бүлэгт шилжүүлэх халамжийг хэрэгцээнд нийцсэн байдлаар олгох. Мөн нийгмийн халамжийг бэлэн мөнгөнөөс илүү үйлчилгээний хэлбэрт шилжих гэсэн үндсэн зорилго дэвшүүлж байна" гэлээ. Тиймээс салбарын сайдын багцад хамгийн их хувийн жин эзэлж байгаа мөнгөн зарцуулалт бол нийгмийн халамжийн зардал гэдгийг тэрээр онцолж байна.
Нийгмийн халамжийн чиглэлээр одоогийн байдлаар зургаан хууль үйлчилдэг байна. Эдгээрийн хүрээнд 40 төрлийн хөтөлбөр арга хэмжээ хэрэгжиж байгаа аж. Нийгмийн халамжийн сангийн зарцуулалтыг 2024 оны аудитлагдсан тайлангаас харахад халамжийн зардалд 2.3 их наяд төгрөг зарцуулсан байна. Энэ зардал нь бол ДНБ-ий 3.2 хувь, улсын нэгдсэн төсвийн 9.1 хувийг эзэлж буй. Тиймээс өндөр харагдах боловч дийлэнхийг нь хүүхдийн мөнгөнд зарцуулдаг хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ТӨСӨВ БОЛОВСРУУЛАХ ШИНЭ ШАТ
2026 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн төслийн хэлэлцүүлэг 2025 оны наймдугаар сараас эхлэн улс орон даяар өрнөж байна. Энэ үйл явц нь зөвхөн эдийн засгийн тоон үзүүлэлт, санхүүгийн тооцооллын тухай биш, харин иргэдийн оролцоо, санал бодлыг тусган, ил тод байдлыг бэхжүүлэх зорилготой онцлогтой болжээ. Сүүлийн жилүүдэд “иргэдийн оролцоотой төсөв” гэх ойлголт улс төр, эдийн засгийн хэлэлцүүлэгт илүүтэй суурьшиж, төрийн бодлогын боловсруулалт илүү нээлттэй, хариуцлагатай болох хандлагыг бэхжүүлж буй.Төсвийн хэлэлцүүлгийн үеэр иргэд зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлд санал өгөхөөс гадна тухайн салбарын зардлын оновчлол, үр ашгийн талаарх байр сууриа илэрхийлж байна.
Төсвийн хэлэлцүүлгийг ил тод байлгах үүднээс Засгийн газар болон парламентын цахим хуудсаар хуваарь, баримт бичгүүдийг нийтэд байршуулж, шууд дамжуулалт хийх болсон. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад олон нийтийн оролцоог өргөжүүлж, төсвийн баримт бичгийг ойлгомжтой хэлбэрээр түгээх шинэ арга хэмжээ болжээ. Мөн хэлэлцүүлгийн дараа иргэдийн өгсөн санал, зөвлөмжийг хэрхэн төсөвт тусгасан талаар тайлагнах журам хэрэгжиж эхэлж байна. Ингэснээр иргэдийн санал зүгээр нэг сонсогдоод өнгөрөх бус, тодорхой шийдвэрт нөлөөлөх боломжтой болж байгаа юм.
Энэ удаагийн хэлэлцүүлгийн хамгийн том онцлог нь оролцогч талуудын хүрээг тэлж, төсвийн төлөвлөлтөд иргэдийн санаа бодлыг бодитой тусгах гэж оролдож буй явдал. Иргэдийн оролцоо нь зөвхөн ил тод байдлыг нэмэгдүүлэхээс гадна төсөв илүү үр ашигтай, хэрэгцээнд нийцсэн байх нөхцөлийг бүрдүүлнэ.
Түүнчлэн төсөв боловсруулах үйл явцад олон нийтийн хяналт нэмэгдэх нь авлигын эрсдэлийг бууруулж, төрийн байгууллагуудыг хариуцлагатай ажиллахад түлхэц болдог. 2026 оны Монгол Улсын төсвийн хэлэлцүүлэг нь улсын санхүүгийн бодлогыг тодорхойлоход иргэдийн дуу хоолойг шууд тусгах боломжийг олгож байгаа чухал алхам. Хэрэв энэ зарчим тогтворжиж, үр дүнтэй хэрэгжвэл Монгол Улс төсвийн төлөвлөлт, санхүүгийн хяналтын шинэ шатанд гарч, нийгэм эдийн засгийн хөгжилд илүү зорилтот, шударга хуваарилалт бүхий төсөвтэй болох боломжтой хэмээн судлаач, эдийн засагчид тодотгож байна.
ЭХ сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 146 (7643)