Д.ОЮУНЧИМЭГ

 

 

БИРЖИЙН ЭХЛЭЛ БА АНХНЫ ТУРШИЛТ

 

2023 онд Монголын хөрөнгийн биржээр “Энержи Ресурс” анх удаа 12.8 мянган тонн коксжих нүүрсийг тонн тутмыг нь 1.290 юань буюу 187 ам.доллароор амжилттай борлуулж биржийн арилжааг эхлүүлсэн түүхтэй. Нэг жилийн хугацаанд нийт 13.964.800 тонн нүүрс биржээр дамжин арилжаалагдаж, нийт экспортын 20 хувийг эзэлжээ. Өөрөөр хэлбэл, 2023 онд нийт экспортын 68 сая тонн нүүрсийг экспортод гаргасан статистик мэдээ байна.

2023 онд нүүрсний экспортын орлого нь ойролцоогоор 8.76 тэрбум ам.доллар болж эдийн засагт ихээхэн дэм болсныг тухайн үед албаныхан онцолдог байлаа. Харин өнгөрсөн жил Монгол Улс нийт 83.7 сая тонн нүүрс экспортлож, 8.6 тэрбум ам.долларын орлого олсон нь мөн л эдийн засгийн гол ачааг нугалсан хэмээн учир мэдэх хүмүүс хэлдэг.

Тэгвэл 2025 оны эхний хоёр сарын байдлаар, Монгол Улс 11.5 сая тонн нүүрс экспортолсон, өмнөх оны мөн үеэс 5.3% иар өссөн ч экспортын дүн 904 сая ам.доллар болж, өмнөх жилээс 33% буурсан байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс уул уурхайн салбарын арилжааг ил тод, өрсөлдөөнт, зах зээлийн зарчимд суурилсан хэлбэрт шилжүүлэх зорилтын хүрээнд “Монголын уул уурхайн бирж” (МУУБ)-ийг идэвхтэй ашиглаж эхэлсэн. Тус биржээр дамжуулан нүүрсний экспортын арилжаа явуулах нь зах зээлийн бодит үнийг тогтоох, авлига, хээл хахуулийг бууруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.

 

ИЛ ТОД, ӨРСӨЛДӨӨНТ ХУДАЛДАА БА ЭДИЙН ЗАСГИЙН ӨГӨӨЖ

 

Өмнө нь нүүрсний экспортын гэрээ ихэвчлэн түүхий эд худалдан авагчидтай шууд хэлцэл хийх замаар, зарим тохиолдолд бага үнээр, хязгаарлагдмал тооны худалдан авагчтай хийгддэг байсан. Харин уул уурхайн биржийн систем нэвтэрснээр худалдан авагч олон улсын болон дотоодын зах зээл дээр өрсөлдөн оролцох боломж бүрдэж, арилжаа нээлттэй явагдаж эхэлсэн.

Жишээлбэл, 2023 оноос эхлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ биржээр дамжуулан худалдах эхний алхмуудыг хийж, 2024 он гэхэд биржийн арилжаа жигдэрсэн. Ингэснээр нэг тонн нүүрсний үнэ 100 ам.долларт хүрч, өмнөх шууд гэрээний үнээс хэд дахин өндөр үнээр арилжигдах болсон нь улсын төсөвт орж буй орлогыг мэдэгдэхүйц өсгөсөн хэмээн судлаачид дүгнэдэг.

Тэгвэл “Биржийн арилжааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа. Гэхдээ энэ оны эхний долоон сарын байдлаар 35 удаагийн амжилттай арилжааг Монголын хөрөнгийн биржтэй хамтран зохион байгуулсан. Тэдгээрийн 15 нь зөвхөн өнгөрсөн сард арилжаалсан байна. Ямартай ч биржийн амжилттай арилжааны тоо нэмэгдэж байгаа нь компаниас авч хэрэгжүүлж буй ажил үр дүнтэй байгааг илтгэж байгаа юм” гэдгийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Х.Болортуяа хэллээ.

Биржийн арилжаа нь Монгол Улсын эдийн засгийн хувьд томоохон давуу талуудыг авч ирсэн. Нэгдүгээрт, нүүрсний үнэлгээ нэмэгдсэнээр уул уурхайн компаниудын орлого өсөж, улсад төлөх татвар нэмэгдсэн. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сайжирч, биржийн систем нь хөрөнгө оруулалтын орчны ил тод байдлыг нэмэгдүүлсэн.

Түүнчлэн, нүүрсний экспортын маршрутад шинэ гарцууд нээгдэж, төмөр замын хүчин чадал, хилийн боомтуудын ачаалал оновчтой зохицуулагдаж эхэлсэн. Энэ нь тээврийн зардлыг бууруулж, экспортын хэмжээ нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлж буйг албаныхан онцолж байна.

Тэгэхээр биржийн арилжааны хэмжээ, оролцогч компаний туршлагыг нэмэгдүүлэх замаар илүү өрсөлдөхүйц болгох шаардлага тулгарч буй. Түүнчлэн логистик, боомтын хүчин чадал, хилийн дэд бүтцийн уялдаа холбоо сайжруулах, өөр боомтоор экспорт нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг хэн хүнгүй л хэлдэг. Мөн Коксжих ба эрчим хүчний нүүрс зэрэг төрөлжсөн бүтээгдэхүүний тусгай дуудлага арилжааг өргөтгөх нь зүйтэй ажээ.

Гэсэн хэдий ч уул уурхайн биржийн тогтолцоог улам боловсронгуй болгох шаардлага хэвээр байна. Тухайлбал, арилжааны дүрэм, зохицуулалт, логистикийн уялдаа холбоог сайжруулах, худалдан авагч, нийлүүлэгч талуудын мэдээллийг ил тод, шударга байлгах зэрэг асуудлуудыг шийдвэрлэх хэрэгцээ тулгарч байна.

Ирээдүйд зөвхөн нүүрс бус зэс, төмрийн хүдэр зэрэг бусад эрдэс баялгийн бүтээгдэхүүнүүдийг ч мөн биржээр арилжих боломж нээгдэх бөгөөд энэ нь Монголын уул уурхайн экспортын өрсөлдөх чадварыг дэлхийн зах зээлд нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг хангах чухал алхам байх болно гэдгийг салбарын судлаач, шинжээчид сануулж байна.

 

“ТУЛГАРЧ БУЙ ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛИЙГ ШИЙДВЭРЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА”

 

Төсвийн орлогын бүрдүүлэлтэд нүүрсний экспорт жин дарах хувийг эзэлдэг. Гэхдээ энэ жилийн тухайд дэлхий нийтээр нүүрснээс татгалзах хандлагыг дагаад борлуулалт буурах эрсдэл тулгарч байгаа. Үүнд “Эрдэнэс тавантолгой” бэлэн үү гэдэг олны анхаарлыг татна. Энэ талаар “Нүүрсний экспорт тэр дундаа Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьд төсвийн орлогын тодорхой хувийг бүрдүүлдэг төрийн өмчит хамгийн том хувьцаат компани. Зөвхөн 2024 оны үзүүлэлтийг аваад үзэхэд 3.5 их наяд төгрөгийн татварыг  улсын төсөвт төвлөрүүлж, нийт татварын орлогын 12 хувийг дангаараа бүрдүүлсэн. 

Энэ жилийн хувьд дэлхий нийтэд нүүрсний зах зээлд тулгамдаж буй олон асуудлаас шалтгаалж нүүрсний худалдаа саарсан зүйл бий. Гэхдээ таг зогсчихоогүй. Борлуулалт, экспорт үргэлжилж байгаа.

Монгол Улсын Засгийн газраас Улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс тээвэр, хил нэвтрүүлэх үйл ажиллагаа, салбар дундын уялдааг сайжруулах, компанийн үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой”-д гурван сарын хугацаатай Онцгой дэглэм тогтоож Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнгээр ахлуулан Зам тээврийн яам, Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүйн яам,  Эрдэнэс монгол нэгдлийн төлөөллөөс бүрдсэн Бүрэн эрхт төлөөлөгчийн багийг томилон ажиллаж байна.

Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг онцгой дэглэмийн үед олборлолт, борлуулалт, тээвэр, бусад үйл ажиллагааг сайжруулснаар компанийн 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэл 20 орчим хувиар нэмэгдэх боломжтой гэж үзсэн. Энэ хүрээнд худалдан авагч талуудтай уулзалт хийж, борлуулалт, тээврийн үйл ажиллагааг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлуудаар санал солилцох уулзалтууд хийж байна. Мөн төмөр замын тээврийг нэмэгдүүлэх ТНАЛТ-ийг бүрэн хүчин чадлаар ашиглах асуудлаар Зам тээврийн яам болон Монголын төмөр зам ТӨХК-тай хамтран ажиллаж тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээр ажиллаж байна” хэмээн албаны эх сурвалж хэлсэн юм. 

Мэдээж биржийн арилжаан дээр алдаа, оноо байгааг үгүйсгэхгүй биз. Гэхдээ худалдан авагч байхгүйгээс арилжаа цуцлагдах байдал нь нэмэгдсэн талаар мэдээлэл гарч байна. Энэ тухайд БНХАУ-ын нүүрсний зах зээлийн уналтаас үүдсэн худалдан авагч тал хүлээлттэй байсан зэрэг шалтгаануудаас үүдсэн гэх тайлбарыг эх сурвалж өгсөн юм. Харин өнгөрсөн зургаадугаар сараас нүүрсний зах зээл сэргэж өнгөрсөн хоёр сарын биржийн арилжаа амжилттай болж байгааг статистик мэдээллээс харж болно. Бүр тодруулбал, “Эрдэнэс тавантолгой” ХК зөвхөн долоодугаар сард 15 удаагийн арилжаагаар 896 мянган тонн нүүрс худалдаалсан гэдгийг тус компанийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Х.Болортуяа хэлж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК он гарсаар 13.7 сая тн нүүрс экспортолсон байна. Нүүрсний зах зээл зургаадугаар сараас сэргэж байгаа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК  энэ жилийн төлөвлөгөөгөө биелүүлэх боломжтой гэдгийг тэрээр тодотгосон юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 141 (7638)