П.АМГАЛАНБАЯР
“Бөмбөгөр”, “Хархорин”, “Төгөлдөр” гээд үйлчлүүлэгчийн ихээр зорин очдог худалдааны төвийн гоо сайхны лангуу, “Хараа зүйн төв”-үүдэд харааны, гоёлын линзүүд өрөөстэй.
Ихэнх лангуун дээр гоёлын линз 14-15 мянган төгрөг, харааны линз 20 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байна. Нүд гэдэг маш эмзэг эрхтэн ч гэлээ контакт линз хэн ч очоод авсан нээлттэй “талх” шиг борлуулагдсаар.
Мэдээж, линз бол олон давуу талтай, шинжлэх ухааны том ололтын нэг. Дэлхийн улс орнуудад ч мөн линзний хэрэглээ өндөр байдаг. Гэхдээ манай улсын хувьд контакт линзний замбараагүй худалдаанд хяналт тавих цаг болжээ.
Манай улсад контакт линзний мэргэшсэн эмч байхгүй
Манай улс эрс тэс, хуурай уур амьсгалтай бүс нутагт оршдог. Хотод агаарын бохирдол их, тоос тоосонцрын агууламж өндөр. Энэ нь контакт линзийг байнга хэрэглэх боломжгүй болгодог аж. Тиймээс харааны шил зүүх дургүй, харааны контакт линз тогтмол хэрэглэх сонирхолтой хүмүүс шил, линз хоёрыг ээлжлэн хэрэглэх нь зүйтэй гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Мөн харааны шил, контакт линзийг зургаан сар тутам нүдний эмчид үзүүлэн зөв тааруулж зүүх хэрэгтэй гэдгийг УНТЭ-ийн Нүд судлал, мэс заслын тасгийн тэргүүлэх зэргийн эмч Д.Сайнбилиг хэллээ. Тэрээр “Контакт линз борлуулж буй үйлчилгээний болон шилний газрууд хамгийн чанартайг нь авчран зөв хадгалж зараасай, учир нь энэ бол хүний нүдний эрүүл мэнд хараатай шууд холбоотой бүтээгдэхүүн. Харин үйлчлүүлэгч нар мэргэжлийн нүдний эмчийн зөвлөсөн линзийг, мөн чанартайг нь сонгож зөв хэрэглээсэй гэж хүсдэг” гэсэн юм.
Франц, Герман, АНУ зэрэг бусад улсад контакт линзний мэргэшсэн эмч ажилладаг аж. Өөрөөр хэлбэл, тухайн үйлчлүүлэгч ямар төрлийн контакт линз зүүх шаардлагатай вэ гэдгийг мэргэжлийн эмч тааруулж өгч, эмчийн бичгээр худалдан авдаг.
Харин манай улсад контакт линзний зах зээл өндөр мөртлөө мэргэшсэн эмч байхгүй. Худалдааны төв, “Хараа зүйн төв”-өөс дуртайгаа худалдан авах боломжтой. Худалдаалж буй хүмүүсийн хувьд контакт линзээ Хятад, Солонгос, Индонез зэрэг улсаас оруулж ирдэг гэж байв.
Контакт линз хүргэлттэй, орон нутгийн унаанд дайж явуулна

Мөн сүүлийн үед линз борлуулах нэг том зах зээл нь онлайн худалдаа болж байна. Солонгост үйлдвэрлэсэн нэг жилийн хугацаатай харааны болон гоёлын линз худалдаалж байна. Хүргэлттэй, орон нутгийн унаанд хүртэл дайж явуулна гэх агуулгатай пост олон байх аж.
Ийнхүү “Талх” шиг зарагдаж буй контакт линзний замбараагүй худалдаанд хэн хяналт тавих вэ. Энэ бүхэн эргээд таны нүдний хараа , эрүүл мэндтэй шууд холбоотой гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс замбараагүй зарагдаж байгаа линзнээс та л өөрөө нүдээ хамгаалж чадна.
Контакт линзний буруу хэрэглээнээс үүссэн эмгэгүүд нь хараа алдах эрсдэлд хүргэдэг
Линз нь материалын хувьд хатуу зөөлөн, силикон гидрогель бүтэцтэй (Silicone Hudrogel Lenses), Rigid Gas Permeable Lenses (RGR) гэж ангилалтай байна. Сүүлийн хоёр нь нүдний эвэрлэг рүү хүчилтөрөгч сайн нэвтрүүлдэг материалаар хийсэн линз. Мөн харааны, эмчилгээний, гоёлын, протез гэж ангилдаг байна.
Контакт линзийг тогтмол буруу хэрэглэснээр нүд хуурайших, , хүчилтөрөгчийн дутагдалд орох эвэрлэг болон салст бүрхүүл үрэвсэх, халдвар болон гэмтлийн шалтгаант эвэрлэгийн шарх шархлаа үүсэж болдог байна. Эдгээр эмгэгүүд нь хүндэрвэл хараа алдах өндөр эрсдэлтэй эмгэг рүү шилждэг аж.
Мөн контакт линзийг зүүх ариун цэвэр маш сайн сахиж, цэвэрхэн зүүх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Тодруулбал, зүүх болон авахдаа гараа маш сайн савандаж угаасан байх шаардлагатай. Хадгалах савыг мөн угааж үргэлж цэвэрхэн байлгах, уусмалыг нэмж хийхгүйгээр тогтмол солин контакт линзийг зөв хадгалснаар линзээр дамжиж халдвар тархах эрсдэлийг бууруулдаг аж. Мөн линз зүүх цагийг хэтрүүлж огт болохгүй, өдөрт дээд тал нь 6-8 цаг зүүх ёстой байна. Шөнө линзтэй унтаж болохгүй. Өөр хүний линкийг зүүж болохгүй зэрэг линз хэрэглэдэг хүмүүсийн заавал баримтлах дүрмүүд байдаг аж.
Энэ талаар “Орбита” эмнэлгийн нүдний эмч Э.Хишигбаяр “Контакт линзийг өдөр тутамдаа удаан хугацаагаар зүүгээд салстын үрэвсэл болчихсон хүмүүс ихэвчлэн ирдэг. Линзийг удаан хугацаанд зүүснээс болоод хэсэг газрын хүчилтөрөгч нь багасаж, хуурайшдаг. Энэ нь үндсэндээ хүмүүсийн буруу хэрэглээтэй салшгүй холбоотой. Линзний арчилгаа муу байгаагаас үүдэн нүдний салст болон эвэрлэг нь үрэвсэх хүндрэл үүсдэг.
Мөн контакт линзний хадгалах хугацаа нь урт, богино янз бүр. Үүнээсээ шалтгаалаад ашиглах аргууд нь ялгаатай. Хэрвээ линзтэй усан бассейн эсвэл шүршүүрт орвол халдвар үүсгэдэг.
Гоёлын линзний хувьд харааны линзнээс материалын хувьд зузаан байдаг. Тиймээс хүчилтөрөгчийн дутагдал үүсгэнэ, хуурайшилт их явагдана гэсэн үг. Мөн хэрэглэгчдийн хувьд линз ашиглах явцдаа бохир гараараа хүрэх, гэмтэл үүсгэх тохиолдлууд их байдаг” гэлээ.
“Эмчилгээ хийж байгаа үедээ контакт линзээ зүүж болохгүй”
Харин Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулаторид контакт линзний шалтгаант нүдний эмгэг цөөнгүй ирдэг байна. Ихэнхдээ нүдний эвэрлэгийн эмгэгүүд буюу эвэрлэг бүрхүүлийн шарх, шархлаа, хуурайшилт, салстын үрэвсэл зонхилон тохиолддог аж.
Эмчилгээ хийж байгаа үедээ контакт линзээ зүүж болохгүй. Үрэвсэлтэй үед хэрэглэж байсан линзээ дахин хэрэглэж болохгүй. Шууд хаяна шүү гэсээр байтал зовиур намдангуут дахин хэрэглэх тохиолдол гарч байсан гэдгийг УНТЭ-ийн Нүд судлал, мэс заслын тасгийн тэргүүлэх зэргийн эмч Д.Сайнбилиг хэлсэн юм. Тэрээр “Энэ байдал нь өвчний явц болон эмчилгээ удаашрах, өвчин хүндрэх өндөр эрсдэлийг дагуулдаг. Тиймээс та хэрвээ линз зүүдэг бөгөөд нүд аргах, юм орсон мэт мэдрэмж төрөх, улайх, бүрэлзэх, юм орсон мэт мэдрэмж төрөх улайх, гэрэлд гялбах, хатгаж өвдөх, нуухтах зэрэг зовуурь илэрвэл нүдний эмчид яаралтай хандах хэрэгтэй. Хугацаа алдаж болохгүй” гэлээ. Мөн линзээ авах гэж байгаад нүдээ хумсаараа гэмтээдэг тохиолдол байдаг аж.
Контакт линзийг эмчилгээний зориулалтаар бүх насныхан хэрэглэх боломжтой байна. Эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгасан бага насны хүүхдүүд ч хэрэглэдэг аж. Харин гоёлын болон хараа заслын линзийг насанд хүрэгчид хэрэглэх нь зохимжтой гэнэ. Гэвч сүүлийн үед өсвөр насныхан контакт линзийг ихээр хэрэглэх болсон байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 31. ПҮРЭВ ГАРАГ. № 138 (7635)