Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор байт харвааны мастер Ж.Занааг урьж ярилцлаа. Тэрээр энэ оны тавдугаар сарын 17-29-ний өдөр Тайвань улсад зохион байгуулагдсан мастеруудын дэлхийн аваргын тэмцээнд байт харвааны төрлөөр өрсөлдөж, мөнгөн медаль хүртээд байгаа билээ.
-Эх орныхоо далбааг дэлхийн тавцанд мандуулсан баярт үйл явдлаас нь яриагаа эхэлье. 75 насандаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэнэ гэдэг ховор тохиол болов уу?
-Баярлалаа. Та бүхэн сайхан зусаж байна уу. Энэ удаагийн Дэлхийн аваргын тэмцээн 107 орны 25000 орчим тамирчны дунд 35 төрлөөр зохион байгуулагдлаа. Ингэхдээ их спортоо таваас дээш жил орхисон ахмад мастерууд өөрсдийн хүч чадал, авхаалж самбаагаа сорьсон гэдгээрээ онцлог юм.
Манай улсаас Дэлхийн аваргын тэмцээнд 345 тамирчин 17 төрлөөр оролцсон бөгөөд 67 алт, 67 мөнгө, 61 хүрэл медаль хүртсэн бахархам амжилт үзүүлсэн.

Үүнээс харахад манай ахмад тамирчид Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд олон удаа мандуулсан гэж болно. Харин энэ дашрамд хэлэхэд ахмад тамирчдыг төр засгаас анхаарч, дэмжлэг үзүүлж байх ёстойг хэлэх нь шударга ёсонд нийцнэ гэж бодож байна.
Би үүнийг Үндсэн хуульд нас, хүйс гэх мэтчилэн улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд хэнийг ч ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасантай нийцүүлж хэлж байгаа юм.
Дэлхийд гарын арван хуруунд багтахаар 70-аас дээш насны байт харвааны тамирчин байдаг юм билээ. Би Монголдоо 75 настай ганц эмэгтэй тамирчин болж байна.
-Тэмцээний зохион байгуулалт, Тайвань улсын нийгэм, соёл танд ямар санагдсан бэ?
-Тэмцээн маш сайн зохион байгуулалттай байсан. Бүх юм нь эмх цэгцтэй, хэн ч харсан ойлгомжтой, цэвэр цэмцгэр байхаас гадна олон олон сайн дурын ажилтан чин сэтгэлээсээ ажилласан. Өөрөөр хэлбэл, өөлөх зүйлгүй, сэтгэл дүүрэн тэмцээн боллоо.
Тайванчууд их ажилсаг, тусч санагдсан. Тусламж хүссэн хэнд ч сэтгэл гаргаж, цаг цаваа зориулан тусалдаг нийтлэг соёлтой, ухамсартай ард түмэн байна лээ. Манайхны зарим нь төөрөөд очих газраа олохгүй болоод тусламж хүсэхэд цааргалахгүй алхаад эсвэл метрогоор хүргэж өгсөн байсан. Энэ талаар бид талархан ярьсан удаатай.
Өөр нэг жишээ гэхэд дэлгүүрээс НӨАТ-ын баримт авах шаардлагагүй бол тусгай шилэн хоргонд хийчихдэг. Тэнд цугласан мөнгөөр нь халамж шаардлагатай хүмүүст тус дэмжлэг хүргэдэг юм билээ. Тайпэй хотын гудамж талбай, явган хүний зам нь хүртэл бүгд хүний төлөө, үйлчилгээний газрууд нь цэвэрхэн, харьцаа сайтай байсан. Эмнэлэг үйлчилгээ гээд тэнд ажиллаж байгаа хүмүүс нь үйлчилгээнийхээ цагаар дэмий чалчих, утсаараа хувийн яриа ярих зэрэг ажлын байрны бүдүүлэг байдал гаргадаггүй нь ажиглагдсан. Ямар сайндаа л Монголдоо ирснийхээ дараа хэд хоног элдэв замбараагүй юм харахаараа “Манай Тайваньд бол ингэдэггүй. Ийм байдаггүй” гэж нөхөртэйгөө инээлдэж хөөрөлдөж явах вэ дээ.
-Таны амьдралын салшгүй нэг хэсэг бол спорт. Тиймээс яриагаа таны спортод анх хөл тавьсан түүхээр үргэлжлүүлье?
-Би арван жилийн сургуульд байхдаа спортын гимнастикийн дугуйланд явж, хотын аваргын тэмцээнд орж байлаа. Дээд сургуульд орсон хойноо ч спортын гимнастикаараа хичээллэж байлаа. Гэтэл нэг өдөр Багшийн их сургуулийн биеийн тамирын тэнхимийн багш, хожим гавьяат цол хүртсэн н.Жамъянсүрэн гуай намайг “Хөөе хүүхээ, нааш ир” гэж дууддаг юм байна. Дөхөөд очтол “Хоёр гараа алдлаад зогс доо” гэв. Ингээд төд удалгүй байт харвааны дугуйланд хичээллэж эхлэв. Зургаан сарын дараа эхний тэмцээндээ орж, нэг жилийн дараа байт харвааны улсын шигшээ багийн тамирчин болсон.
1973, 1975 онд Франц болон Швейцарь улсад болсон байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байв. 50 метрийн зайд 109 эмэгтэй тамирчнаас 15 дугаар байрт орсон түүхтэй. Ер нь хот, улс болон олон улсын тэмцээнүүдэд жил бүр оролцож, 1970-1980 онд шигшээ багийн тамирчин байсан.
-Энэ удаагийн Дэлхийн аварга их спортдоо эргэж ирсэн мастеруудад зориулагдсан гэдгээрээ онцлог. Таны хувьд байт харваагаа хэдэн жил завсарлаад эргэж ирэв?
-Би 39 жилийн дараа буюу 2018 оноос их спортдоо эргэж ирсэн хүн. Эргээд харваж эхлэх үнэхээр сайхан байсан. Байт харваагаа шөнөжингөө зүүдэлдэг байлаа. Өдгүй сумаар харваад аравт оноод л байна. Техник, харваж байгаа дүрслэл их тод харагддаг байсан. Харин дахин харваж эхлээд зүүдлэхээ больсон доо.
-Манай улсад байт харваан спорт хэр хөгжиж байгаа вэ. Ахмад тамирчин таны бодлыг сонсмоор байна?
-Байт харвааны спорт 65 жилийн өмнө Монголд үүсэж, 30 метрийн зайд Д.Дэмбэрэл агсан дэлхийн аваргын анхны алтан медалийг авч байлаа. Ийнхүү их спортын бүх төрлөөс Монголдоо анх удаа байт харвааны анхны гавьяат тамирчин болсон. Түүнээс хойш одоохондоо дэлхийн аварга дахин төрөөгүй байна. Гэхдээ Азийн аварга О.Отгонболд тэргүүтэй сайн тамирчид бий. Харин н.Жамъянсүрэн гуай анхны гавьяат дасгалжуулагч юм.
Манай Монгол их спортоо хөгжүүлэхэд дутагдалтай ажилладаг улс. Нэгдүгээрт, мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай. Хоёрдугаарт, шинжлэх ухаанч дасгалжуулагчийн мэдлэг, боловсруулсан нарийн төлөвлөгөө гэж бараг байхгүй. Гуравдугаарт, техник хэрэгсэл муу.
Мөн цаг улирлын байдлаас шалтгаалаад жилийн гурван улиралд нь гадаа талбайд бэлтгэл хийж чаддаггүй. 60, 70, 90 метрээс харвах өвлийн заал байхгүй. Тэгвэл Солонгосоор жишээ татахад, муж болгондоо байт харвааны заал, талбайтай. Шигшээ багийнхаа тамирчдын сумыг гурван сар тутамд сольдог. Уг нь Монгол тамирчид бие бялдар, сэтгэл зүй, тэвчээр сайтайгаас гадна зоригтой.
Байгалийн өгөгдөл сайтай гэж болно. Ер нь хатан зоригоороо л тэмцээнд явдаг. Өөрөөр хэлбэл, улсаас дэмжиж гайхуулаад байсан юм үгүй. Шигшээ багийн тамирчдын цалин маш бага, бараг ядуурлын түвшний цалин авдаг. Гэтэл гуравхан сая хүнийг эрүүл чийрэг байлгах нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх боломжтой эдийн засгийн боломж байж л байгаа шүү дээ.
-Та тэмцээний дараа өөрийн цахим хаягт “Хүн хөгширч үхдэггүй, харин хөшиж үхдэг нягууртай” гэж хуваалцсан байсан. Спортыг залуу насных гэдэг. Харин та энэ ойлголтыг эвдэж буй тамирчдын нэг болж байна. Энэ талаар?
-Тийм ээ. Энэ бас учиртай. Нэг талаас хүн урт насалж, удаан жаргахын тулд алд биедээ арчаатай байхыг хүсэж бичсэн юм. Нөгөө талаас настай хүнийг “зөнөг” энэ тэр гээд байдаг биеэ тоочихсон төрөлхийн эсвэл олдмол араншинтай хүмүүст зориулсан гэж болно. Би аливааг ёжлох гээд байдаг муу зантай. Тэгээд давс, хужрыг нь тааруулж байгаа нь тэр.
Спорт бол бүх нийтийнх. Тэр тусмаа их спортод насны хязгаар үгүй болж байгаа. Үүнийг дэлхийн хэмжээний тэмцээнүүдээс харж болно. Бид дэлхийн дэвжээнээс олон алтан медаль хүртэж, дээд амжилтуудыг тогтоосон 92 насыг зооглож буй гүйлтийн тамирчин Ц.Раднаа гуайг мэднэ. Энэ хүн бол хэн хөдөлмөрлөж чадаж байгаа нь ямагт эрүүл чийрэг, эрч хүчтэй урт насалж байгаагийн аугаа манлайлал, жишээ юм.
-Энэхүү ярилцлагад таны аав, ээж, нутаг усны тухай дурдахгүй өнгөрч болохгүй болов уу?
-Би 1950 онд хөдөө нутагт төрсөн жирийн л иргэн. Аав ээж минь хоёулаа багш хүмүүс байсан.
Харин энэ асуултад чинь арай өөрөөр хариулъя гэж бодлоо. 2024 оны сонгуулийн өмнө би өвөг, дээдсээс алдар нэрээ буулгах хэрэгтэй болсон юм. Би чинь аавынхаа өвөг, дээдсийн шугамаар алдар нэрээ авах ёстой богино жолоотой охин үр нь. Монгол хүн юм болохоор Алтай язгуурын 13 ястны 95 омгийн аль нэг нь буудаг юм байна. Би ч ааваасаа дээш ураг удмаа мэддэггүй, мэдэх ч шаардлагагүй байсан учраас “аав маань нийслэл хүрээнд л төрсөн юм гэсэн” гээд л ямар нэр ус буудаг юм бол доо гэж бодоод сууж байлаа. Гэтэл Хөх хиад ястай, Дайртан омогтой, Хутгийн тамгатай Хөх Зант гэдэг нэр өвгөдөөс буусан. Энэ алдар нэр яаж тодордог юм болдоо гэж бодсон. Би андуураагүй бол төрийн зайран маань толгойн оройг минь үнэрлэж шинжээд миний ураг удмын 33 мянган дээдэстэй транс холболтоор холбогдоод алдар нэрийг маань тодруулж дуудаад ирдэг гэж ойлгосон. Ингээд цааш нь бодоод ухаад байвал Монгол хүний хөх нуруутны удам судар хөрст дэлхий, орчлон ертөнцийн хязгааргүй орон зайд мөнхөд үргэлжилж хувь заяа нь бүх ертөнцийн хуулиас гажих ямар ч боломжгүй болдог юм байна гэж ойлгож авсан. Одоо бол энэ хязгааргүй орон зай, түүний ном хуулийг мэдэх хүсэл маань улам л олон асуудал ургуулаад байдаг болсон доо. Дашрамд хэлэхэд миний нэрний утга нь хөх өнгөний утга нь ариун бузрыг үл холигч буюу Хөх Зант гэхээрээ ариун бузрыг үл холигч зантай хүн гэж хожим нь тайлж өгсөн.
-Та ганган бүрх малгайтайгаа хэдийнээ хүмүүсийн сэтгэлд хоногшжээ?
-Надад малгайгүй явж байсан удаа бараг үгүй. Би том далбагар малгай өмсөх дуртай.
-Та өөрийгөө олон талаар хөгжүүлж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог хүн шиг санагдсан?
-Би спортоор долоо хоногт гурван удаа хичээллэж, төрөл бүрийн тэмцээнүүдэд оролцож өөрийгөө сорьдог. Мөн ач нараа харна. Хоол ундыг нь бэлдэж, эрүүл мэндэд нь цаг зарцуулна. Ер нь их завгүй хүн. Өдөр хоног ч хурдан өнгөрөх юм даа.
Тэгээд ч цөөнх нь хязгааргүй баян, дэндүү олонх нь цалингаас цалинд, өрнөөс өрөнд, зээлээс зээлний хооронд амь зууж байна. Монголд хөдөлмөрийн насны залуус хар өглөөнөөс харанхуй болтол хөдөлмөрлөөд ч ахуй амьдрал нь хэвийн сайхан байх нь ховор. Тиймээс бид чадах чинээгээрээ үр хүүхдүүддээ тус нэмэр болж байна.
Ингэхээр тэтгэвэрт гарсан өвөө, эмээ нар зүгээр биш зүлгэж суудаг. Цаашлаад манай үеийнхэн засаг төр болон нийгмийн бодит байдалд ажиллаж, хөдөлмөрлөсөөр байгаа. Үр хүүхдээ ажил албаа санаа амар хийж, арай тайван амьдрахад нь үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Тиймээс засаг төр бодлогоороо ач зээгээ харж байгаа өвөө, эмээ нарт тэтгэмж олгодог байх нь шударга ёсонд нийцэх болов уу.
-Манай улсын ахмадуудад өөрийгөө хөгжүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж тааруу гэдэг. Таны хувьд энэ асуудлын гарц, шийдлийн талаар ямар бодолтой байна?
-Хүн өөрөө л хүсэх хэрэгтэй. Одоо ч олон хүн өглөө, өдөргүй алхаж байдаг болжээ. Өөрийгөө хөгжүүлэх тухайд олон улсад өөр өөрийн зохион байгуулалтыг хэсэг бүлгээрээ хийдэг л дээ. Азийн орнуудад өглөө эрт бөөнөөрөө бүжиглэх, хийн дасгалууд хийх гэх мэтчилэн. Харин манай хотод цэцэрлэгт хүрээлэн, алхах амрах газруудыг орон сууцны хороолол бүрд байгуулах хэрэгтэй. Тэгвэл ядаж ойр орчимдоо алхаад, агаар амьсгалаад байх боломжтой болно. Гэтэл энэ хотыг сүүлийн 30 жил цементэн дээрх овоолго болгосон. Хээл хахууль газар авч хүн багтаж явах зайгүй орон сууцны хороолол болсон байна. Улаанбаатар бол хүн амьдрахад их тухгүй хот нэртэй хүн, машины бөөгнөрөл. Олон асуудлаар улс төр, нийгэм, эдийн засгийн гаж тогтолцоо үр дагаврын тухай ярих хэрэгтэй болно л доо. Угаасаа сүүлийн 500 гаруй жил дэлхийд ноёрхож байгаа зэрлэг барууныг дагаж галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөв гэгч ч болоод байна даа.
-Таныг нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэж, УИХ-д нэр дэвшиж байсан улстөрч эмэгтэй гэдгээр нь хүмүүс бас мэддэг. Энэ чиглэлд хэзээнээс идэвхтэй ажиллах болов?
-Сурч, боловсорч, ажиллаж хөдөлмөрлөж явсаар 75 насыг зооглосон байна. Би багш мэргэжилтэй. 18 жил орос хэлний багшийн ажил хийсэн. Харин 1990 оноос одоо хүртэл шударга ёс, тэгш байдлын төлөө зүтгэсээр л явна. Цаашдаа ч эцэс төгсгөлгүй зүтгэж амьдрах шаардлагатай юм байна. Амьдрал баян, дэлхий бөөрөнхий гэж үүнийг л хэлдэг биз. 1992 оноос хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, ардчиллын олон асуудлаар үндэсний болон олон улсын хэмжээний үйл ажиллагааг эрчимтэй, идэвхтэй зохион байгуулж ажиллаж байлаа. Хойшид ч байх юм байна. Сүүлийн 10 жилд улс төрийн амьдрал маань Их намын алсын бодлого, үйл ажиллагаатай нягт холбоотой болсон. Энэ 35 жилд нэг ч өдөр зүгээр суусангүй. Шударга үнэний төлөө байгаа бүх хүний төлөө дуугарч байна. Дуугарах ч болно. Би УИХ-ын сонгуульд дөрвөн удаа нэрээ дэвшүүлж байсан. Энд хувийн эрх ашиг, алд биеийн амбиц хөөсөн нэг ч зорилго байхгүй. Бүгд эв санаа нэгтэй улс төрийн хүч болсон Их намын үзэл баримтлал, эзэн Чингис хааны засаг, төрийн онол номыг дагаж амьдрах чин эрмэлзэлтэй, улс төрийн амьдралаас холдохгүй байх итгэл үнэмшил, зориг тэвчээрийн маань шалгуур болон үргэлжилж байгаа.
-Одоо та нийгмийн аль чиглэлд илүүтэй дуу хоолойгоо өргөж, ажиллаж байна вэ?
-Цаг хугацаа харуулна. Урьтаж мэдээд, тосож бэлдээд, тэсэж гарах зарчмаар л ажиллаж байна даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 31. ПҮРЭВ ГАРАГ. № 138 (7635)