Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ.
Энэ удаа М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийн дэд захирлын орлогч Ирина Давидовна Тутберидзег урилаа.
“Залуу эрдэмтдийн олон улсын холбоо”-г байгуулснаар дэлхийн улс орнуудын залуу эрдэмтдийг хамтран ажиллах боломж бүрдэнэ
БЛИЦ:
Боловсрол:
М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн түүхийн факультетыг дүүргэсэн.
Эрдмийн зэрэг:
М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн түүхийн факультетэд олон улсын харилцааны чиглэлээр түүхийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.
Эрхэлж буй ажил:
М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургууль, олон улсын харилцаа хариуцсан дэд захирлын орлогч.
-Дэлхийн олон улстай үйл ажилагаагаараа холбогдох гүүр болдог Оросын Ректоруудын Холбоо нь 1992 онд байгуулагдсан. Манай улсын 700 гаруй их, дээд сургуулийн ректор (тэргүүн), ерөнхийлөгч нарыг эгнээндээ нэгтгэсэн бүх оросын олон нийтийн байгууллага юм. Дээд боловсролын асуудлаар ректоруудыг нэгтгэх, хамтын ажиллагааг зохицуулах зорилготой ажилладаг.
Оросын Ректоруудын Холбооны удирдлагын бүтэц нь Их Хурал, Зөвлөл, Удирдах зөвлөл, Тэргүүлэгчид болон Ерөнхийлөгчөөс бүрддэг. 1994 оноос хойш ОРХ-ны Ерөнхийлөгчөөр Москвагийн улсын их сургуулийн ректор, академич Виктор Антонович Садовничий ажиллаж байна. Холбооны үйл ажиллагааг үр дүнтэй явуулах үүднээс Оросын Ректоруудын Холбоо нь бүтцийн нэгжүүд болох Холбооны тойргуудын их, дээд сургуулиудын ректоруудын зөвлөл, ОХУ-ын субъект бүрийн ректоруудын зөвлөлийг байгуулсан бөгөөд эдгээр нь ОРХ-ны эрх ашгийг төлөөлөн ажилладаг.
Оросын Ректоруудын Холбоо (ОРХ) олон талт, өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Томоохон арга хэмжээнүүдийг санаачилж гол зохион байгуулагчаар ажилладаг. Тодруулбал, 2007 оноос хойш Оросын Ректоруудын Холбооны зохион байгуулалт техникийн болон эрдэм шинжилгээ арга зүйн дэмжлэгтэйгээр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оюун ухааны тэмцээнийг системтэй хөгжүүлэх, зохицуулах ажлыг Оросын Сурагчдын Олимпиадын Зөвлөл (РСОШ) гүйцэтгэж байна. Мөн “Их сургуулийн гурван эрхэм зорилго” хэмээх олон улсын их сургуулиудын чансаа тогтоох Москвагийн системийг бий болгосон.
Тэргүүлэгч их сургуулиуд, академийн хүрээлэнгүүд, шинжлэх ухааны байгууллагууд болон өндөр технологийн компаниудын боломжуудыг нэгтгэсэн “Вернадский” нэртэй шинжлэх ухаан-боловсролын консорциумуудыг байгуулах замаар хамтын ажиллагааг дэмжиж байна. Түүнчлэн жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг “Ломоносов” олон улсын залуучуудын эрдэм шинжилгээний чуулга, уулзалт нь зөвхөн ОХУ төдийгүй дэлхийн олон орны оюутан, докторант болон залуу судлаачдыг нэгтгэдэг гэдгээрээ онцлогтой
Мөн “Бүх Оросын шинжлэх ухааны НАУКА 0+” фестиваль зохион байгуулдаг. Уг фестиваль нь шинжлэх ухааныг олон нийтэд сурталчлах дэлхийн хамгийн том боловсрол, танин мэдэхүйн төслүүдийн нэг юм. 2017 онд Оросын Ректоруудын Холбооноос олон улсын залуу судлаачдын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Залуу эрдэмтдийн олон улсын холбоо”-г байгуулах санаачилга дэвшүүлсэн бөгөөд энэ нь дэлхийн улс орнуудын залуу эрдэмтдийг хамтран ажиллахад түлхэц болж байна. Эдгээр нь Оросын Ректоруудын Холбооны зохион байгуулж буй томоохон үйл ажиллагаануудын нэг хэсэг юм.
“Орос, Монголын их, дээд сургуулиудын ректоруудын анхдугаар чуулга уулзалт нь хамтын ажиллагааны гол платформ юм”
-Оросын Ректоруудын Холбооны үйл ажиллагааны нэг чухал чиглэл нь олон улсын боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг зохион байгуулах явдал юм. Оросын боловсролын экспортын чадавхыг хөгжүүлэх төсөлд оролцож, Оросын боловсролын гүйцэтгэх үүргийг олон улсын боловсролын орон зайд бэхжүүлэх, түүний нэр хүнд, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлыг Оросын Ректоруудын Холбоо идэвхтэй явуулж байна. Тодруулбал, 2000 оноос хойш Орос болон гадаадын улс орнуудын их, дээд сургуулиудын ректоруудын 85 гаруй удаагийн чуулга уулзалтыг зохион байгуулсан.
Эдгээр арга хэмжээнд нийт 6500 гаруй ректор, их сургуулийн төлөөлөгчид оролцсон. Тухайлбал,
•Орос, Хятадын их дээд сургуулиудын ректоруудын чуулга уулзалтууд,
• Оросын Холбооны Улс болон Ираны Исламын Бүгд Найрамдах Улсын их дээд сургуулиудын ректоруудын чуулга уулзалтууд,
• Оросын Холбооны улс болон Бүгд найрамдах Энэтхэг улсын ректоруудын уулзалт,
• Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Куба Улсын их сургуулиудын ректоруудын чуулга уулзалтууд,
• Орос, Арабын орнуудын их сургуулиудын ректоруудын холбооны чуулга уулзалтууд,
• Орос болон Иберо-Америкийн их сургуулиудын ректор, ерөнхийлөгч нарын чуулга уулзалт,
• Орос, Беларусийн их дээд сургуулиудын холбооны чуулга уулзалтууд,
• Оросын Холбооны Улс болон Киргизийн Бүгд Найрамдах Улсын их дээд сургуулиудын ректоруудын чуулга уулзалтууд,
• Орос-Узбекийн боловсролын чуулга уулзалтууд,
• Орос, Тайландын их сургуулиудын ректоруудын чуулга уулзалт,
• Орос, Казахстаны их сургуулиудын ректоруудын чуулга уулзалт,
• Орос, Вьетнамын их сургуулиудын ректоруудын чуулга уулзалт,
• БРИКС-ийн орнуудын их сургуулиудын ректоруудын чуулга уулзалт,
• Орос, Бразил, Беларусь гурван улсын их сургуулиудын лигийн чуулга уулзалт,
• Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсын ректоруудын чуулга уулзалт. Саяхан болж өнгөрсөн Орос, Монголын ректоруудын чуулга уулзалт зэрэг багтана.
Орос болон гадаадын их, дээд сургуулиудын ректоруудын чуулга уулзалтын хүрээнд дэлхийн олон орны ректоруудын хамтын нийгэмлэгийн төлөөлөгчдийн хооронд идэвхтэй харилцан яриа, хамтын ажиллагаа өрнөдөг бөгөөд чухал шийдвэрүүдийг гаргадаг. Эдгээр шийдвэрийн олонх нь төр засгийн түвшинд хүрдэг. Иймээс л эдгээр чуулга уулзалт онцгой чухал ач холбогдолтой юм.
Оросын Ректоруудын Холбооны ивээл дор олон улсын их сургуулиудын хэд хэдэн холбоо (ассоциаци) байгуулагдаж, амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар Евразийн Их Сургуулиудын Холбоо, Орос, Ираны их дээд сургуулиудын холбоо, Орос, Беларусийн их дээд сургуулиудын холбоо, Орос, Хятадын сонгодог их сургуулиудын холбоо, Орос, Хятадын сэтгүүл зүйн их сургуулиудын холбоо, Орос, Энэтхэгийн их сургуулиудын холбоо, Орос, Кубын их дээд сургуулиудын холбоо, Орос, Арабын улс орнуудын их сургуулиудын ректоруудын холбоо, Орос, Киргизийн их сургуулиудын холбоо, БРИКС-ийн шинжлэх ухаан-боловсролын төвүүдийн холбоо, Беларусь, Бразил, Оросын их сургуулиудын лиг гэсэн 11 төрлийн холбоо бий.
Олон улсын их, дээд сургуулиудын холбоо болон ректоруудын чуулга уулзалтууд нь Оросын Холбооны Улсын дээд боловсрол, шинжлэх ухааны тогтолцоог гадаадын түншүүдтэй холбох хамгийн чухал механизмын нэг юм. Оросын их, дээд сургуулиудыг дэлхийн зарим бүс нутгуудын дээд боловсролын тогтолцоотой үр дүнтэй холбож, олон улсын хамтын ажиллагааг зохион байгуулалттайгаар хөгжүүлэх зорилгоор олон улсын их сургуулиудын холбооны хүрээнд системтэй үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд бид Орос, Монголын их, дээд сургуулиудын ректоруудын анхдугаар чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдсан. Анхдугаар чуулга уулзалт нь хоёр улсын тэргүүлэгч их сургуулиудын ректорууд, төлөөлөгчдийг нэгтгэсэн чухал талбар болж чадлаа. Уг анхдугаар чуулга уулзалт нь цаашдын дээд боловсрол, шинжлэх ухааны салбар дахь Орос, Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болохын зэрэгцээ, хоёр улсын их сургуулиудын хамтын ажиллагааны гол платформ болж төлөвшинө гэдэгт итгэлтэй байна.
Оросын их, дээд сургуулиудад ойролцоогоор 600 орчим монгол оюутан суралцаж байна
-Өнөөдрийн байдлаар Оросын их, дээд сургуулиудад ойролцоогоор 600 орчим монгол оюутан суралцаж байна. Монгол Улсын иргэд ихэвчлэн Москва, Санкт-Петербург хотуудын их сургууль болон Иркутск, Сибирийн бүс нутгийн сургуулиудыг илүүтэйгээр сонгон суралцдаг. Суралцах чиглэлүүдийн хувьд хамгийн түгээмэл нь эрх зүй, эдийн засаг, анагаах ухаан болон төмөр замын ашиглалтын инженерчлэл зэрэг мэргэжлүүд байна.
Монгол оюутнууд өөрсдийн сонирхолд нийцсэн ямар ч мэргэжлээр суралцах боломжтой. Өнөөдрийн байдлаар Москвагийн Улсын Их Сургууль нь 42 факультеттай бөгөөд нарийн мэргэшлүүдийн тоо үүнээс ч олон. Эдгээр нь онолын физик, тооцооллын математик ба кибернетик, биологи, анагаах ухаанаас эхлээд олон улсын харилцаа, түүх, урлаг гээд дотроо олон нарийн мэргэшлийн чиглэлтэй.
Сургалтын хугацаанд оюутнууд шинжлэх ухааны судалгааны төслүүдэд, тэр дундаа олон улсын төслүүд, олон нийтийн болон сайн дурын үйл ажиллагаа, дуртай спортын секцээ сонгон хичээллэх боломжтой. Хүн бүр өөрийн сонирхлын дагуу дуртай мэргэжлээ сонгож суралцах бүрэн боломж бий.
Москвагийн Улсын Их Сургуульд суралцах нь сонирхолтой бөгөөд нэр төрийн хэрэг. Монгол оюутнууд Москвагийн Улсын Их Сургуульд факультетууд болон их, дээд сургуулиудын хооронд байгуулсан гэрээний хүрээнд академик солилцооны хөтөлбөрөөр ирж суралцах боломжтой. Тухайн оюутны мэргэжлийн чиглэлээс хамааран дуртай факультетэдаа суралцах боломж нээлттэй байдаг.
Манай оросын оюутнууд ч академик солилцооны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад суралцахаар явдаг. Тухайлбал, Москвагийн Улсын Их Сургуулийн дэргэдэх Ази, Африкийн институтын оюутнууд, тэд монгол хэл, Монголын түүх, улс төр, эдийн засаг болон соёлыг судалдаг.Тус институтын багш нар монгол хэл, Монголын түүх, соёлын хичээлийн сурах бичиг, гарын авлага, материалуудыг боловсруулж, оюутан залуучуудыг холбогдох чиглэлээр дадлагажих, мэргэжлийн ур чадвар эзэмших боломжоор хангадаг. Монгол судлалын чиглэлээр төгсөгчид шинжлэх ухаан, боловсрол, төрийн байгууллага болон хувийн хэвшилд олж авсан мэдлэг, ур чадвараа амжилттайгаар ашиглан ажиллаж байна.
Монгол залуучууд оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд Оросын их, дээд сургуулиудад суралцах боломжтой. Энэ нь оюутан солилцооны болон хамтын ажиллагааны гэрээ байгуулсан сургуулиудад хамаарна.
Оюутнууд ямар ч мэргэжлийг сонгон суралцах боломжтой бөгөөд орос хэл сурах, Оросын их сургуулиудын төрөл бүрийн төсөл, үйл ажиллагаанд оролцох зэрэг өргөн боломж нээлттэй байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 136 (7633)