П.АМГАЛАН
Монголын сэтгүүл зүйн 34 жилийн арвин түүхийг бүтээж яваа өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үе, нийгмийн чухал асуудлыг хөндсөн нийтлэлээ уншигчдадаа хүргэн түүхэн архив болон хадгалагдан үлдэж буй.
Түүнчлэн олон улсын JTI сертификаттай монголын анхны сонин болж, нийгмийн тулгамдсан асуудлыг хөндөн, олон нийтийн дуу хоолойг төрд хүргэхийн төлөө хоёр дахь жилдээ нийтийн эрх ашгийн төлөөх эрэн сурвалжлах бүтээлүүдийг шалгаруулж байна. Энэ хугацаанд манай эрэн сурвалжлах баг нийтийн эрх ашгийн төлөөх 36 бүтээлийг уншигчдадаа хүргэсэн. Эдгээр бүтээлүүд нь асуудал дэвшүүлээд зогсохгүй шийдвэр гаргуулах хүртэл нөлөө үзүүлж, бодит үр дүнд хүрсэн билээ.
Харин 2025 оны эхний хагас жилийн нийтийн эрх ашгийн төлөөх шилдэг бүтээл тодруулах уралдаанд нийтийн эрх ашгийг хамгаалсан , баримт нотолгоонд тулгуурласан, нийгэмд нөлөөлсөн нийт 12 бүтээл өрсөлдсөн юм. Тодруулбал,
- Орон сууцны мкв “ордер” дээрх хэмжээндээ хүрдэг үү?
-Орон сууцны мкв-ын дутуугаа хэнээр “нөхүүлэх” вэ?
-Хос бичигтэн хөтөлбөр “хоосон” зарлиг болох вий
-Шахмал түлшний “шахаа” утаатай тэмцэх цорын ганц шийдэл мөн үү?
-Жагсаал цуглааны тухай хууль жагсагчдыг хамгаалж чадаж байна уу?
-Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя 1
-Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя 2
-Эзэнгүй лифт иргэдийг хохироосоор байна
-Түгжээтэй хаалганы цаана орхигдсон хүүхдийн аюулгүй байдал
-Шахмал түлшний шуудай нь хүртэл “шахаа”
-Өгий нуурыг гүнээс нь цэвэрлэх цаг болжээ бүтээлийг манай эрэн сурвалжлах багийнхан “сойлоо”.
Ийнхүү “Зууны мэдээ” сонины нийтийн эрх ашгийн төлөөх 2025 оны эхний хагас жилийн 12 бүтээлээс шилдгээр” Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя 1, 2” цуврал нийтлэлээрээ “Зууны мэдээ” сонины сонины бизнес, маркетингийн албаны сэтгүүлч Ц.Мягмарбаярын бүтээл шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнууллаа.
Тэрээр нийтлэлийн тухай “2025 оны эхний хагас жилийн нийтийн эрх ашгийг хамгаалах эрэн сурвалжлах 12 бүтээлээс “Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя” нийтлэл маань энэ жил дахин шилдгээр шалгарсанд баяртай байна. 2024 онд шалгарсан нийтлэл маань өнөөдөр бодит үр дүнд хүрсэн. Нийтлэлийн мөрөөр Сэлбэ голын бургас лаг шаврыг зайлуулж үерээс хамгаалах арга хэмжээг авсан. Сэтгүүлч хүнийг нийгмийн эмч гэдэг. Хаана нийтийн эрх ашиг зөрчигдөж байна. Түүнийг олж илрүүлж нийгмийн сайн сайхны төлөө дуугарч байх ёстой. Тиймээс сэдвийнхээ хойноос эрж, хайж, бодит байдал дээр нь очиж судалж, олон талын эх сурвалжийг тэнцвэртэйгээр гаргаж өөрөө тэр байдлыг биеэрээ мэдэрч байж бичсэн бүтээл үр дүнд хүрдэг. Энэ удаагийн нийтлэлийн маань гол агуулга нь дэлхий нийтээрээ оршуулгын зан үйлийг байгальд ээлтэй технологиор шийдэг болсон энэ үед Монгол Улс мөн энэ жишиг рүү чиглэх шаардлагатай. Өнөөдөр Монгол Улсын нийслэл, аймаг, 330 суманд нийт 1170 цэгт оршуулгын газар байна. Нийтдээ 15.525.8 га газрыг эзэлж байна. Нийслэлийн хэмжээнд жилд 36.8 га газрыг бурхан болоочдоо зориулж байгаа юм. Энэ нь дөрвөн Бага тойргийн газар нутгийг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний газарт оршуулж байна. Мэдээж газар тэлэхгүй. Тиймээс оршоосон шарил бүрийн дээр бурхан болоочийнхоо буянд зориулж мод таръя гэсэн уриалгыг энэ нийтлэлээрээ дэвшүүлсэн. Энэ нь тэрбум мод үндэсний хөтөлбөрт том хувь нэмэр оруулна. Түүнчлэн манай улс Оршуулгын тухай хуультай болж энэ асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатайг хөндсөн. Энэ нийтлэлийн мөрөөр Чингэлтэй дүүрэгт байрлах Далан давхрын оршуулгын газрыг бүхэлд нь цэцэрлэгт хүрээлэн болгох шийдвэрийг гаргасан нь үр дүнд хүрсэн. Цаашдаа энэ сэдвээ үргэлжлүүлж бичих болно. Саяхан миний танил 1974 онд “Далан давхар”-ын Нарангийн энгэрт оршуулсан ээжийнхээ шарилыг эргэж очсон хэдий ч шарил нь олдохгүй нэлээд хайсны эцэст арай гэж олсон. Өнөөдөр Чингэлтэй дүүргээс хөшөөний мэдээллээр дата бааз үүсгэхээр ажлаа эхлүүлсэн байгаа.Тэгэхээр магадгүй та ч гэсэн энэ мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй байж магад” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Мөн “Зууны мэдээ” сонин нийтийн эрх ашгийн төлөөх шилдэг бүтээлээ тодруулахдаа мэргэжлийн экспертүүдийн байр суурийг сонсож, олон улсын стандартын дагуу үнэлгээний аргачлалыг нэвтрүүлж буйгаараа онцлог. Түүнчлэн сэтгүүлчид ч мөн үнэлгээний аргачлалын хүрээнд тухайн бүтээлүүдэд анализ нь хийдэг нь эргээд нийтлэл бичихдээ юун дээр анхаарах ёстой вэ гэдгээ харах боломжийг олгодог. Ийнхүү сэтгүүлчдийн эрэл хайгуулын үр дүнд бүтсэн нийтийн эрх ашгийн төлөөх бүтээлүүдээ өрсөлдүүлж, тэр дундаас шилдэг бүтээл тодруулж буй нь эргээд сэтгүүлчдээ урамшуулах, илүү сайн бүтээл төрөх нэг хөшүүрэг болж байгаа юм. Түүнчлэн шилдэг бүтээл шалгаруулах арга хэмжээний үеэр бид алдаа, оноогоо ярилцаж, юун илүү анхаарах вэ гэдэг дээрээ дүн шинжилгээ хийдэг билээ. Нийтийн эрх ашгийг хөндсөн тухайн нийтлэлээ үр дүн хүргэх нь бидний хамгийн том зорилго юм. Энэ удаагийн шалгаруулалтыг бид редакц дотроо зохион байгуулж байгаа нь бүтээлүүдийнхээ алдаа оноог хоорондоо ярилцаж, дараа дараагийн бүтээлдээ юуг анхаарах вэ гэдгээ мэдэж авах нь чухал юм хэмээн “Зууны мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч, доктор Д.Отгонбаяр хэлж байлаа.
Ийнхүү 2025 оны эхний хагас жилийн нийтийн эрх ашгийн төлөөх шилдэг бүтээл тодруулах уралдааны экспертүүдийн байр суурийг хүргэж байна.
Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, зохиолч, сэтгүүлч, шүүмжлэгч Т.Баасансүрэн “Шахмал түлшний шуудай нь хүртэл шахаа”, “Чимээгүй хотод цэцэрлэг байгуулъя” гэсэн хэрэгтэй , хөндүүр сэдэв цөөнгүй байна. Эдгээрээс аль нэг нь хууль болж гарвал нийтлэлийн үр нөлөө, үр ашгийн маш том хэмжүүр юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
“Асуудлыг тодорхой өнцгөөс хурцаар гаргах нь зоримог шийдвэр”
Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор С.Амартүвшин “Орон сууцны мкв-ын дутуугаа хэнээр “нөхүүлэх” вэ? Бүтээл нь эрэн сурвалжилгын шинж бүхий боловч хаалттай эх сурвалжийн болон хохирогч бүлгийн байр суурийг тодотгоогүй, мэдээлэл цуглуулсан арга зүйн хувьд ярилцлага голлосон сул тал байна. Гэхдээ асуудлыг цувралаар гарган тавьж, эрэл сурвалжилга хийж байгаа нь эрэн сурвалжлах шинж бүхий бүтээлд тооцогдох боломжтой.
“Барьцгүй” барьцалдуулагч “...Шахмал түлшний барьцалдуулагч нь стандартгүйн дээр стандартын шаардлага хангаж буй эсэхийг шинжилдэг “Тавантолгой түлш” ХК-ийн лаборатори нь итгэмжлэлгүй байсан юм” гэсэн үр дүнгээр эхэлсэн өгүүлбэр нь асуудлыг хөндөж, шийдвэрлэсэн шинжтэй хүчтэй эхлэлийг үүсгэж байв. Улмаар ““Тавантолгой түлш” ХХК-ийн ерөнхий технологич Б.Өлзийбатын ярианд ““Монголынхоо шинжлэх ухааны байгууллагууд тэр дундаа хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран шахмал түлшний түүхий эдийг өөрчлөх гэж байна. Эрчим хүчний яамны сайдын тушаалаар шахмал түлшний стандартыг шинэчлэн сайжруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг маань түүхий эдийн судалгаа шинжилгээний үр дүнд үндэслэн стандартаа шинэчилнэ” гэсэн үг алдуулсан нь ярилцлагын аргаар дээрх санааг бататгасан, ноцтой мэдэгдлийг олж авч чаджээ. Гэвч өмнөх барьж байсан стандарт, түүнийг үр дүн, зөрчил, шалтгаан, үр дагавар зэргийг логик уялдаатай гаргаж гүнзгий сурвалжлах шаардлагатай байлаа. Нямбаатарын үг мэдэгдлийг шалгах, бататгах, нотлох замаар гүнзгий судалгаа мөн хийж болох байв.
“Эзэнгүй лифт иргэдийг хохироосоор байна” нийтлэл нь монголд байгаа лифтнүүдийн насжилт дуусаж байгаа, эрсдэл нэмэгдэж байгааг гаргаж ирсэн. Эрэн сурвалжилгын сэдэв, бүтэц, агуулгад нийцсэн бүтээл болсон. Шахмал түлшний шуудай нь хүртэл “шахаа” Монополь, түүнийг дагасан хээл хахууль, ашиг сонирхолын зөрчлийн асуудал эрэн сурвалжилгын сэдэв болдог. Мөн түүнийг гаргаж тавихдаа асуудлыг тодорхой өнцгөөс хурцаар гаргах нь зоримог шийдвэр юм.
Эрэн сурвалжлагчийн хөдөлмөр редакцид итгэх итгэлийг нэмэгдүүлнэ
Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш, доктор Ц.Оюунтунгалаг “Зууны мэдээ” сонины эрэн сурвалжлах бүтээлүүдийг уншиж, үнэлэх хүндтэй үүргийг хүлээн авлаа. Эрэн сурвалжилга бол сэтгүүлчээс эр зориг, тууштай байдал, багаар ажиллах чадварыг шаардаж байдаг сэтгүүл зүйн онцгой төрөл юм. Өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлах бүтээлүүд хэзээнээсээ уншигчийн анхаарлыг татаж, өөрийн гэсэн жишгийг тогтоож ирсэн. Энэ уламжлалаа хадгалж, эрэн сурвалжлах бүтээлийг редакцийн бодлогоороо тууштай дэмжиж буй “ Зууны мэдээ”-гйинхэндээ талархал илэрхийлж, амжилт хүсье. Нийтийн эрх ашгийг хамгаалсан, сайн судлагдсан эрэн сурвалжлах бүтээлээ нэмэгдүүлэх зорилгодоо хүрч чаджээ.Тэдний бүтээлүүд өөрийн арга барил, нотолгоотой баримтаар үнэнийг илчлэн гаргаж чаджээ гэж судлаачийн хувьд дүгнэж байна. Сэтгүүл зүйд итгэх олон нийтийн итгэл савлаж буй энэ цаг үед эрэн сурвалжлагчийн хөдөлмөр редакцид итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Хэрхэн ёс зүйтэй бичиж болохыг бүтээлүүд нь харуулж байна. Бичээд байгаарай. Энэ бол сэтгүүл зүйд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт шүү. Нийгэмд бугшсан асуудлыг ил гаргаж, авилгачдын буруу үйлдлийг таслан зогсооход, системийн асуудлыг шийдвэрлэхэд та нарын маань хөдөлмөр хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Асуудлыг нэг удаа бичээд өнгөрөх бус, эргэн сурвалжлах арга барилтай байгаа нь давуу тал юм
Медиа судлаач, Room24.mn мэдээллийн платформын ерөнхий стратегич Д.Мөнхчимэг “Чанаргүй мэдээ, сенсаац хөөсөн гарчгууд хэт их болсон өнөө үед олон нийтэд үнэн бодит, тулхтай мэдээлэл хүргэх өдөр тутмын сонины орон зай улам бүр хумигдсаар. Гэвч яг энэ сорилтын өмнө “Зууны мэдээ” сонин өөрийн байр сууриа алдалгүй, бүр тодруулж чаджээ.
Нийтийн эрх ашгийг хамгаалахад өдөр тутмын сонины гүйцэтгэх үүрэг, хэрэгцээ шаардлага урд өмнөхөөс ч илүү байгааг энэхүү цувралууд харууллаа. Зүгээр нэг асуудал сөхөөд орхих бус, олон төрөл, түвшний эх сурвалжаас тодруулж, цэгцтэй дүн шинжилгээ хийж, гарц гаргалгааг эрэлхийлсэн бүтээлүүдийг тогтмол хүргэж буйгаараа “Зууны мэдээ” сонин бусдаас ялгарч байна. Уншигч зөвхөн мэдлэг, мэдээлэл аваад зогсохгүй, “Энэ асуудал надад тохиолдох уу?”, “Хэнд хандах вэ?”, “Яаж урьдчилан сэргийлэх вэ?” зэрэг асуултын хариуг олж, уншаад өнгөрөх биш, шийдвэр гаргах боломж бүрдүүлсэн бүтээлүүд болжээ. Мөн асуудлыг нэг удаа бичээд өнгөрөх бус, эргэн сурвалжлах арга барилтай байгаа нь давуу тал юм.
Бүтээлүүдийг төгөлдөршүүлэх тал дээр хоёр зүйл л ажиглагдлаа. Хэт олон эх сурвалж, албаны хэл найруулга зарим бүтээлийг нуршуу болгосон байна. Сурвалжлагчийн цуглуулсан их өгөгдлөөс голыг нь шүүж, уншигчийн сэтгэлд шууд хүрэх эшлэл, дүрслэлийг тодруулан гаргаснаар илүү уншууртай болгох боломжтой. Түүнчлэн сэтгүүлчдийн боловсруулсан даацтай агуулгыг зураг дүрс, график дизайны шийдлээр илүү ойлгомжтой, өнгө үзэмжтэй болгоход анхаарч болохоор байна. Энэ нь мэдээж редакторын, техникийн ур чадвар, багаар ажиллах хүн хүч, хөрөнгө мөнгөний бололцооноос шалтгаалах болов уу. Тиймээс “Зууны мэдээ”-гийн эхлүүлсэн энэхүү санаачилгыг төгөлдөршүүлэхэд олон нийт, уншигчдын дэмжлэг шаардлагатай гэж харлаа” гэлээ.
“Зууны мэдээ” сонин эрэн сурвалжлах нийтийн эрх ашгийг хөндсөн дараагийн нийтлэлүүдээ үргэлжлүүлэн 14 хоногт тутамд хүргэх болно. Уншигч та бүхэн бидэнтэй холбогдон санаа оноогоо хэлэхэд үргэлж нээлттэй гэдгийг хэлье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 120 (7617)