Д.ОТГОНБАЯР
2011 онд УДЭТ-ын 80 жилийн ойд зориулсан “Алтан тайзны эзэд” номыг бичих ажлыг “Бадрангуй урлаг” гэж том амбийцтай нэрэн дор нэгдсэн зохиолч-орчуулагч, түүхч, сэтгүүлч, яруу найрагч, фото сэтгүүлч хэдэн хүнээс бүрддэг цомхон баг маань хийсэн билээ.
“Алтан тайзны эзэд” номд театрын түүхийн хөгжлийг хураангуйлан “Урлах ухаарахын заагт”, “Монгол театрын уран бүтээлчид өсөж өндийсөн нь”, “Монгол театр төрөлжин мэргэшиж, урлан бүтээхийн их аянд”, “Монголын театр шинэ нийгэм, шинэ үнэт зүйлийн эрэлд” гэсэн түүхийн хэсгүүдийг зохиолч-орчуулагч Н.Пүрэвдагва бичсэн бөгөөд шаардлагатай баримт материалуудыг архив болон бусад эх сурвалжаас олох ажлыг түүхч С.Туяа хийсэн.
“Алтан тайзны эзэд” /2011/ номын эхний “Урлах ухаарахын заагт” бүлгийн төгсгөлд зохиолч-орчуулагч Норовын Пүрэвдагва “Харин монголчууд бидний хувьд яагаад мэргэжлийн театр 80 жилийн түүхтэй байдаг юм бол?... гэдэг асуултыг тавьсан байдаг. Ийм асуулт гарч ирж байгаа шалтгаан нь Говийн догшин хутагт Данзанравжаагийн театр гэж байсан тухай манай судлаачид эрдмийн ажил хийж, бүр Дорноговь аймагт музей, эргэл мөргөлийн газар сэргээн засаад байгаатай холбон тайлбарлажээ.
Гялгар цар ашиглан нарны гэрэл тусгаж байсан, борооны шаагих чимээг мөнөөх царан дээрээ будаа хийсгэх мэт асган гаргаж байсан гэдэг. Театрт тоглох хүмүүсээ элсүүлэн сургаж, эзэмшсэн ур чадварыг нь шалгаж, жүжигт тоглох эрх олгох пайзтай байсан гэнэ. Бас эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэл, зүүж байсан баг өмсгөл, тэр бүхнээ хийж байсан тэг, будаг шунх, бийр янтай гээд музейд олон зүйл байдаг. Магадгүй нэлээн анхаарал татах зүйл бол дуу хөгжмийн аялгууг тэмдэглэсэн өвөрмөц бичиглэл буюу ноот. Ингээд тоочоод байвал хэлэх юм олон. “Бас дээр нь манайд суурьшиж байсан орос, хятад иргэдийн театр Да Хүрээнд-Нийслэл Хүрээнд-Улаанбаатар хотод байсныг одоо ч мэдэх хүн олон. Хятадын ший янгуу, ший янзны нөлөөг таслан зогсоо гэж МАХН-аас удаа дараа тогтоол шийдвэр ч гарч байсан” гэж тайлбарласан байна.
Энэ сэдэвтэй холбоотойгоор өнө эртний төрт ёсны түүхтэй, өргөн их соёлтой гэгдэх монголчуудын хувьд театрын түүх яахаараа дөнгөж 1931 оноос тоологддог юм бол оо. Монголын театрын түүхийг яг хэдийнээс эхэлсэн гэж үзэх вэ гэдэг асуулт “Алтан тайзны эзэд” номыг гаргахаар бэлтгэж байх явцад байнга хөндөгдөж, бас энэ талаар найруулагч голдуу уулзсан хүмүүсээсээ асууж, байр суурийг нь сонсож хариулт авах гэж оролдож байлаа.
Монголын театрын үүсэл хөгжлийн тухайд нүүдэлчин соёл уламжлалаа дагаад бусдаас өөр. Нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч ирсэн монголчууд нь театр, сонин хэвлэл гэх мэт суурин ахуйн олон зугаа цэнгэлээс хол хөндий байсан нь үнэн. Гэхдээ дээр хэлсэнчлэн Говийн догшин ноён хутагт Данзанравжаа “Саран хөхөөний намтар” хэмээх жүжиг бичиж, түүнээ тоглуулж байсан түүхэн баримт нь нүүдэлчдэд суурин хэв маягийн соёлын уламжлал байхгүй байсан гэх цуурхлын үгүйсгэл юм. Энэ жүжгийн талаар академич Ц.Дамдинсүрэн “Равжаа “Саран хөхөөний намтар” туужийг жүжиг болгож найруулж дэглэхдээ шашны номлол сургаалын үндсэн санааг хэвээр авсны хамт өөрийнхөө үеийн амьдрал, цаг үеийнхээ амьсгалыг гүн гүнзгий шингээсэн байна” гэж дүгнэсэн. Энэ мэтчилэн “Саран хөхөөний намтар”-ыг утга зохиол, хэл шинжлэл, шашин, жүжгийн зохиол талаас гэх мэтээр Ц.Дамдинсүрэн, Э.Оюун, Д.Цагаан, Л.Хүрэлбаатар, С.Хөвсгөл, Б.Шартолгой, Н.Пүрэвдорж нарын олон эрдэмтэн, зохиолч, судлаач нар судалж, өөр өөрсдийн судалсан чиглэлээр үнэлэлт дүгнэлт өгсөн байдаг.
Данзанравжаагийн “Саран хөхөө” жүжгийн талаар судлаач, доктор Т.Хөвсгөл “1830-аад оны үеэс одоогийн Дорноговь аймгийн нутагт “Саран хөхөөний намтар” хэмээх дуулалт жүжгийг тоглож байсан бөгөөд бусад нутагт ийм жинхэнэ театр байсан тухай мэдээ одоогоор алга. Хийдийн газар цам хэмээх шашны агуулгатай тоглолт болдог байсан нь одоогоор судлагдаагүй шахам” гэсэн байна. “Ийм жинхэнэ театр” гэж судлаач Монголд театр байсныг хүлээн зөвшөөрч баталсан хэллэг ашигласан атлаа залгаад өөр бусад газар ийм театр байсан мэдээлэл байхгүй гэж үгүйсгэжээ. Угтаа бол Данзанравжаа гэдэг хүн театр байгуулж, тэнд нь жүжиг ший тоглож байсан гэдэг нь өөрөө Монголд театр байгаагүй гэдгийг үгүйсгэх баримт гэдгийг судлаач зоригтой хэлсэнгүй.
Дорноговь аймгийн театрын даргаар олон жил ажилласан, найруулагч Н.Пүрэвдорж “Саран хөхөөний намтар” жүжгийг дэглэсэн театруудыг харьцуулан судалсан бүтээлийнхээ дүгнэлтдээ дараах санааг онцлон тэмдэглэжээ. “Дэглэлт ба найруулга зүйн хувьд Равжаа нь бүтэн сар тоглодог жүжгээ дуулалт жүжгийн хэлбэрээр дэглэжээ. Ардын үлгэрч ерөөлч, магтаалчдын нэг хүний театр буюу ардын харилцаа дуу нь Монголын мэргэжлийн театрын дуулалт жүжгийн төрөл зүйл болсон хэмээн үздэг ч одоогоос 200 гаруй жилийн тэртээх Д.Равжаагийн нүүдэлчний театр энэхүү төрөл чиглэлийн үндсийн үндэс хэмээн бид үзэж байна” гэжээ. Энд “нүүдэлчний театр” гэдэг хэллэг гарч ирж байгаа ч түүнийгээ дэлгэрүүлэн тайлбарласангүй. “Саран хөхөөний намтар” нь мэргэжлийн театрын дуулалт жүжгийн үндсийн үндэс гэж нэг талаасаа төрөл зүйлийн хувьд нарийвчилсан юм шиг атлаа нөгөө талдаа мөн л ерөнхийлсөн дүгнэлт хийжээ.
Театрын түүхийн талаарх өөр бусад олон бүтээлд 1830-аад онд театр байгуулж, жүжиг тоглож байсан баримтын талаар бичихдээ “Данзанравжаа Саран хөхөөний намтар гэдэг жүжиг тоглуулж байсан. Гэхдээ Монголд мэргэжлийн театр 1931 онд байгуулагдсан” гэдэг уламжлалт хэвшсэн хэллэг, хэвшмэл ойлголт хадгалагдаж ирсэн байна.
Театр байгуулж, жүжиг тоглож байсан түүхэн баримт нь 1830-аад он гэж байсаар байхад манай театрын урлаг хөгжлийн түүхээ 100 жилээр хойшлуулан 1931 оноос эхэлсэн гэж үзэх ёсгүй гэдэг дээр зохиолч-орчуулагч Н.Пүрэвдагва шиг өөрөөр бодож, өөрөөр бичиж хэлж байсан хүний нэг бол Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатар агсан юм. Энэ тухайгаа найруулагч Б.Баатар 2006 онд хэлсэн байдаг. Зохиолч А.Шартолгойн бичсэн “Саран хөхөө” жүжгийг ардын жүжигчин Б.Мөнхдорж 2004 онд найруулсан. Энэ жүжиг УДЭТ-ын урын санд орж ирэх ёстой гэдгийг харж, уран бүтээл болгох гэж түлхэж, зүтгэсэн хүн нь найруулагч Б.Баатар байсан. Тэрээр “Саран хөхөө” жүжгийг тавьснаар 200 гаруй жилийн өмнө Данзанравжаа гэдэг хүн Монголд анх театр байгуулж, өөрийн дэг жаяг, “школ”-ыг бий болгосон. Энэ нь Монголын театрын түүхийг уртасгаж байгаа юм” гэж үзэж байсан. Тухайн цаг үед Б.Баатар театрын ерөнхий найруулагч байсныхаа хувьд “Саран хөхөө” жүжгийг тайзнаа тавих ёстой гэдэг дээр хоёр гараа өргөн бүхий л талаараа дэмжиж байсан нь Монголд Равжаагийн театр гэсэн дорно дахины дэг жаяг бүхий театр байсныг нээн харуулж, олон улс руу гаргах ёстой гэсэн холын бодол зорилготой нь холбоотой байсан. Энэ талаараа найруулагч “Дэлхийн бусад театрын үүсэл хөгжилтэй харьцуулахад Монголын театр өөрийн гэсэн систем, “школ”-оор хэлж ярих юмтай болж байгаа юм. Энэ жүжиг театрын урын санд зайлшгүй байх ёстой. Харин бидний олж сонсоогүй, мэдээгүй зүйлийг Б.Мөнхдорж найруулагч хөөцөлдөж олж ирснээр бидний нүдийг нээж байна. Японы “Театр кабуки”, Хятадын “Бээжин дуурь” гээд драмын төрлүүд байдаг. Тэдний дэргэд “Равжаагийн дэг жаяг” гээд гараад ирэх юм бол цоо шинэ юм. Юм бүхнийг цоо шинэ гэж рекламддаг болсон. Гэвч энэ бол манай театрын хувьд жинхэнэ үзэгдэл гэж илэрхийлсэн байна.
Театрын хөгжлийн түүх гэдэг зөвхөн шийдвэр гаргасан он цагаар хязгаарлагдах ёсгүй гэдгийг нэртэй найруулагч ингэж хэлснийг нь өлгөж аваад судлаад олон улсын театр судлалын хэмжээнд судалгааны эргэлтэд оруулах нь шинэ цагийн театр судлаачдын хийх ёстой ажлын нэг.
200 жилийн өмнө жүжиг тавьж байсан баримт нь театр үүсэн хөгжсөн баримт, 1900-гаад оны эхэн үеийн ший жүжгүүд гэдэг бол ойрхон цагийн түүх. Монголын Юань гүрний үеийн жүжгүүд, Юань гүрний үеийн жүжгийн зохиолчдын дунд Аригбөх гэдэг монгол зохиолч байсан гэдэг театрын түүхтэй холбогдох зарим нэг номд хальт дурдагдаад өнгөрсөн байдаг нь театрын түүхийг урагшлуулах баримтын эрэл хол биш ойрхон байгааг илтгэнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 115 (7612)