С.УРТНАСАН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа хамгийн их эр зориг, хариуцлага, хүмүүнлэг сэтгэлийн илэрхийлэл, ард олноо аюул ослоос авран хамгаалагчдын бие бүрэлдэхүүний нэг болох ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын дарга, хурандаа Б.Үнэнбаатарыг урьж оролцуулж байна.

Бидний дунд байдаг эгэл боргил боловч эрдэнэт хүний алтан амийг авран хамгаалахын төлөө эцэс төгсгөлгүй зорьж, хоногийн хэдэн ч цагт хоёргүй сэтгэлээр зүтгэж байдаг энхийн манааны баатрууд бол Онцгойгийнхон. Тэд тэнгэрт, газарт ч аврах ажлаа чимээгүй гүйцэтгэдэг.

Тэд цээжиндээ зөвхөн хүсэл мөрөөдлөө бус эх орон, элэг бүтэн ирээдүйгээ тээж явдаг. Эр зориг, итгэл, сэтгэл, өөрөөсөө гарч болох бүхий л тэсвэр хатуужлаа эх орондоо зориулахаар тангараг өргөсөн. Өргөсөн тангарагынхаа төлөө халуун түймэр, хүйтэн ус, бусад хүнд хэцүү зүйл рүү ч эцэж цуцалгүй ордог. Таамаглашгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөөг цаг алдалгүй мэдээллэдэг учир одоо бид амар тайван сууж байна.

Гэнэтийн аюул осол, гамшиг тохиолдох мөчид энгийн иргэд гарц хайж ухардаг бол Онцгой байдлынхан л бусдын төлөө ажилладаг. Бидний өдөр бүрийн энгийн эрүүл, айдасгүй аюулгүй амьдралын төлөө тэдний зүрх нэгэн хэмнэлээр цохилж, үүргээ биелүүлдэг. Энэ л эгэл баатруудын нэгийг энэ дугаарт онцоллоо.

Цэрэг цагдаагийн хүн болохыг багаасаа л мөрөөдсөн гэж ярих энэ эрхмийг Бямбасүрэнгийн Үнэнбаатар гэдэг. Тэрээр Бямбасүрэн гэх айлын найм дахь хүүхэд болж Архангай аймагт төрж өссөн. Ерөнхий боловсролын сургуулиа аймагтаа төгсөөд, цэргийн сургуулиа сонгожээ. Цэргийн сургуульдаа тэнцсэн боловч “Аврагч” болно гээд Батлан хамгаалах их сургуулийн ахлагчийн сургуулийн “Шүхэрчин аврагч”-ийн ангийг сонгожээ. “Надад цэргийн дэд сургуульд ороод дээд боловсрол эзэмших боломж байсан ч хүний алтан амь авардаг, ард иргэдийнхээ төлөө хүчин зүтгэдэг сайхан үйлст мэргэжил эзэмшихийг миний ах нар зөвлөсөн” гэж тэрээр ярилаа.

 

Шүхэрчин аврагчийн анги амьдралын их далайд сэлүүр болжээ

 

-Тухайн үед иргэний хамгаалалтын газар буюу одоогийн Онцгой байдлын байгууллага энэ жил 21 жилийн ойгоо тэмдэглэж байна. Гал түймэртэй тэмцэх байгууллага, улсын нөөцийн газар, иргэний хамгаалалтын газар гээд гурван байгууллага нэгдэж одоогийн ОБЕГ-ыг үүсгэсэн. Иргэний хамгаалалтын газраас анх удаа Батлан хамгаалах сургуулийн Ахлагчийн сургуулиар мэргэжлийн шүхэрчин, усчин, химич бэлтгэж төгсгөх захиалга өгснөөр би шүхэрчин аврагчийн анхны төгсөгч болсон юм. Шүхэрчин аврагчийг хуучин 45 хоногийн курст явуулаад  бэлддэг байсан бол шүхэрчин гэдэг мэргэжлийг мэргэжлийн түвшинд аваачъя гэснээр Ахлагчийн сургуульд 1996 онд анхны тэнхим байгуулагдсан. Тэнд гурван төрөл мэргэжлээр бэлтгэж байсан.

1997 онд анхны шүхэрчин аврагчийн ангийг төгсөөд төрж өссөн нутаг Архангай аймгийнхаа аврах отрядад шүхэрчин аврагчаар томилогдож очсон. Томилогдож очсон тэр жил улсын хэмжээнд “Арвагч 97” тэмцээн мөн анх удаа зохион байгуулагдсан. Монгол Улсын хэмжээнд байдаг аврах отрядууд, аврагчдын дунд зохион байгуулдаг 10 километрийн аврагч тэмцээн зохион байгуулахад Архангай аймгаас багаараа оролцож алтан медаль авч байлаа. Тэр жилийнхээ зургаадугаар сард дэд ахлагч цолоор төгссөн ч, есдүгээр сард нь улсын аварга болсон гээд Иргэний хамгаалалтын газрын даргын тушаалаар хугацаанаасаа өмнө “Ахлагч” цолоор шагнагдаж байсан. 5-6 жил ахлагчаар ажиллахдаа тухайн үеийн иргэний хамгаалалтын байгууллагын хийдэг бүх дуудлагад явж үүргээ гүйцэтгэдэг байв. Түүнээс хойш “Офицер” болох нь зөв юм байна гэж бодоод 2000 онд конкурсдаад оноогоороо гуравдугаарт жагссан. Тэр жил яагаад ч юм бас их сонин хувь тавилангаар иргэний хамгаалалтын байгууллага нь Батлан хамгаалах сургуулийн цэргийн дэд сургуульд хими, иргэний хамгаалалтын тэнхим байгуулсан. Конкурсдаж тэнцээд сургуулийнхаа сонголтыг хийх тэр жил иргэний хамгаалалтын тэнхим гээд байгуулагдчихсан байсан. Би өөрөө шүхэрчин аврагч учраас иргэний хамгаалалтын командын офицер гэдэг мэргэжлээр Батлан хамгаалах сургуулийн цэргийн дэд сургуульд элсэн суралцаж 2005 онд онц дүнтэй төгссөн. Тухайн үед онц дүнтэй төгссөн гээд намайг ОБЕГ-т томилсон. Тэр цагаас эхлэн одоог хүртэл Онцгойдоо ажилласаар 27 жил болжээ.

 

Аврагч гэдэг мэргэжлийг эзэмшсэн нь амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголтуудын минь нэг

-Миний ах Бумандорж гэдэг хүн Архангай аймгийн шүхэрчин байсан. Тэр үед ахыгаа дагаж онгоцонд нь суудаг, шүхрээр буухад нь хамт байдаг, шүхрийг нь эвхэлцдэг байсан болохоор цэргийн дээд сургуульд оролгүй ахлагчийн сургуулийн шүхрийн ангийг сонгож орсон. “Аврагч” гэж дуудуулах нь бахархалтай сайхан санагддаг. Хүний амь нас гэдэг юутай ч зүйрлэж боломгүй үнэт зүйл. Тэр алтан амийг эд хөрөнгөтэй нь хамгаална гэдэг бахархалтай. Ганцхан хүний цаана аав ээж, эхнэр хүүхэд гээд хэр олон хүн байгаа билээ дээ. Хэн нэгний амийг аварснаар тэр олон хүмүүсийг уйлуулахгүй болгож байна шүү дээ. Янз бүрийн л осол аваар гарна, тэр бүх эрсдэлээс хүнийг аварна гэдэг хэчнээн сайхан үйл гэдэг нь ойлгомжтой. Онцгой байдлын байгууллагадаа ажиллаж энэ албан үүргийг гүйцэтгэж байгаадаа маш их баярлаж явдаг. Багаасаа цэрэг, цагдаагийн хүн болно гэж мөрөөдсөн. Би багадаа сахилгагүй гэдэг үгээр хэмжихэд багадам тийм сахилгагүй хүүхэд байлаа. Гэтэл зарим хүмүүс та уурлаж үзсэн үү гэж асуудаг, миний сахилгагүй хүүхэд байсан гэдэгт итгэдэггүй юм. Би арван жилээсээ эхлээд цэргийн сургуульд офицер болох хүртлээ хөдөлгөөнтэй хүүхэд байсан.

Офицер болсныхоо дараа арай гайгүй болсон. Архангай аймгийн арван жилийнхэн, аврагчийн ангийн албан хаагчид, миний ойр дотнын хүмүүс намайг ямар хүүхэд байсныг мэднэ. Аав хүүхдийн зохиолч болохоор ч юм уу би шүлэг зохиох их дуртай. Сахилгагүй байсан болохоор хүмүүс намайг ном уншиж, шүлэг зохиох дуртай гэдэгт итгэдэггүй. Хүмүүс сахилгагүй хүүхдийг сахилгагүйтээд л явдаг гэж боддог. Гэтэл Үнэнбаатар сахилгагүй ч юм уншиж судалдаг том хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд би биеийн тамирдаа сайн байх ёстой, нийгмийн ухааны хичээлдээ сайн байх ёстой гээд мөрөөдөлдөө хүрэх зорилгуудтай байсан. Зорилгодоо хүрэх алхмуудаа хийж эхэлсэн. Нэг зорилгоо биелүүлэх бүрдээ дараагийн зорилгоо тавьж байсан. Нэг ажил хийвэл хэчнээн хүнд хэцүү, бэрхшээлтэй байсан ч түүнийхээ ард гарсны дараа санаагаа амраадаг байсан нь миний нэг давуу тал юм. Ийм хүмүүжлээр хүмүүжүүлсэн ээж аав, эзэмшсэн мэргэжилдээ талархаж байна.

 

Онцгой байдлын байгууллага хурдацтай хөгжиж байгаагийн олон жишээ бий

-Би болон миний дээд үеийнхэн надад болон нийт албан хаагчдадаа албаараа бахархаж үнэнч байх, Онцгой байдлын байгууллагад ажиллах үнэхээрийн чин  эрмэлзэлтэй байх, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй байхыг үеийн үед захиж сургамжилж ирсэн. Намайг анх Онцгой байдлын байгууллагад ирэхэд цалин 37000 төгрөг байлаа. Тэр үеийн аврагчид цалин хөлс, техник хэрэгслийн байдлыг хэзээ ч хангалтгүй гэж хэлж байгаагүй. Энэ байгууллагад ажиллах хүсэл эрмэлзэл тийм их байдаг учраас өнөөдрийг хүртэл албандаа үүргээ гүйцэтгэн ажилласаар байна. Онцгой байдлын байгууллагын үе үеийн удирдлагууд, Онцгой байдлын байгууллагыг хөгжүүлэхэд маш их бүтээн байгуулалт, хууль эрх зүйн дүрэм журам боловсруулж, эрх зүйн шинэчлэлт, орчин үеийн стандартад нийцсэн багаж, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг хийсэн. Тэр хэмжээгээрээ ч манай байгууллага маш хурдацтай хөгжиж байгаа. Дээхэн үед усны хуурай, нойтон хувцас гэж байсангүй. Бид биеэ наран цэцгийн тосоор тослоод завинаасаа ус руу шууд л үсрээд ордог байлаа. Тэр үеэ бодвол одоо бид усны хуурай, нойтон хувцастай, баллонтой, олон улсын стандартад нийцсэн усны болон эрэн хайх, аврах чиглэлийн багаж, гал унтраах автомашин техник хэрэгсэл гэх мэт бүх л төрлийн стандартад нийцсэн ажлын хэрэгслүүдтэй болсон.

Маш олон салбарууд шинээр нээгдэж байна. Манайх агаараас эрэн хайх, аврах 111-р ангитай болсноос хойш байгуулагдаад таван жилийн ойгоо хийсэн. Үндэсний аврах бригадтай боллоо. Онцгой байдлын байгууллага оффис бүрэлдэхүүнээрээ хувцас, форм, эд хэрэглэлээ өөр газар захиалгаар хийлгэдэг байсан бол оёдлын үйлдвэртэй болсон. “Онцгой” тусгай хувцас хэрэгслийн туршилт үйлдвэрлэлийн төв нэртэй. Бүх л хэрэглэлээ өөрсдөө үйлдвэрлэдэг болсон. 113-р ангидаа Жаргалант сувилал гээд сувилалтай болсон. Албан хаагчид ой хээрийн түймэр болон хүнд нөхцөлд үүргээ гүйцэтгэвэл сувилалдаа амарч биеэ нөхөн сэргээх эмчилгээнд ордог. Мөн спорт хороотой болсон, энэ мэтчилэн Онцгой байдлын байгууллага өргөжиж, тэлж хөгжиж байна.

 

Хүний суурь хүмүүжил, ухамсрыг чухал гэж боддог

 

- Гэр бүлийн суурь хүмүүжил, өссөн орчин хүнд хамгаас чухал. Аав ээж хоёр хоёулаа боловсролын салбарын хүмүүс болохоор ах, эгч, дүү бид нарыг мөрөөдөлтэй, ёс суртахуунтай, ажилч хичээнгүй хүн болж төлөвшихөд их нөлөөлсөн. Олон ах нартай тэд маань ч бас цэрэг, цагдаагийн хүмүүс байдаг. Энэ салбарын эд эс болоход ээж аав хоёр “Хүүхдүүд минь өөрсдийн хүсэл мөрөөдлөөрөө л яв” гэж хэлсэн.Багаасаа цэрэг цагдаагийн хүн болно гээд мөрөөдчихсөн учраас сэтгэл зүйгээ бэлдчихсэн байсан гэж хэлж болох юм. Аав ээжийн зааж сургасан хүмүүжил энэ мэргэжлийн онцлогийг миний сэтгэл зүйд суулгасан. Миний аав хүүхдийн зохиолч, ээж бага ангийн багш. Хүүхэдтэй ажилладаг боловсролын салбарын хүмүүс хүүхдийнхээ хүмүүжилд ихээхэн ач холбогдол өгдөг. Багаас л эр зоригтой, тэсвэр хатуужилтай, хүнлэг энэрэнгүй, сэтгэлийн хаттай байхыг зааж сургасан. Би дээрээ таван ах, хоёр эгч, хоёр охин дүүтэй. Энэ бүх чадварыг ээж аав хоёр минь үр хүүхдүүддээ суулгасан. Спорт хүнийг их тэсвэр хатуужилд сургадаг, тэр дундаа цэргийн сургуулийн хүмүүжил гэдэг ярих юм биш. Казармд нэг жилийн хугацаанд 100 гаруй хүн нэг дор байна гэдэг нь асар их тэвчээр, ур ухаан, нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрүүлдэг. Ээж аавын хүмүүжил дээр нэмээд энэ бүх хүмүүжлийг би цэргийн сургуулиасаа авсан.

 

Эх орондоо амиа зориулна гэж боддог минь итгэл хүлээлгэсэн хүмүүстээ үнэнч ханддагтай адилхан

-Онцгой байдлын байгууллагад ажиллахад биднээс хамгийн ихээр шаардагддаг эрхэм чанар нь тэсвэр хатуужил ба хүнлэг нигүүлсэнгүй зан. Би өөрөө ямар ч зүйлээс урвадаггүй, хувирдаггүй, үзэл бодлоосоо няцдаггүй, хүн итгэвэл хүний итгэлийг алдахгүй юмсан гэсэн үзэл бодлыг толгойдоо маш сайн суулгасан. Хүн надад итгэл хүлээлгэвэл насан туршдаа л тэр хүндээ үнэнч явна гэж боддог. Тэр ч утгаараа эх орондоо амь насаа өргөнө гэсэн цэргийн тангаргаа өдөр бүр бодож явдаг. Тэр тангарагтаа ч хүрэх болно. Үе үеийн дарга нар маань надад итгэл хүлээлгэсээр ирсэн. Дахиад л анхдагч байсан тухайгаа ярих нь. Шүхэрчин аврагч, Иргэний хамгаалалтын командын офицер, аврагч тэмцээний 1997 оны анхны алтан медальтан, мөн 2008 онд Онцгой байдлын байгууллага Солонгос улсын Онцгой байдлын байгууллагатай хамтраад Монголын аврагч нарыг хот доторх эрэн хайх, аврах ажиллагааны чиглэлээр сургалтад явуулахаар болоход би ахалж явсан. Энэ ч бас анхных.

2008 оны Солонгос дахь сургалт амжилттай явагдвал Солонгос улсын Онцгой байдлын байгууллага дараа дараагийн сургалтыг авна гээд,Онцгой байдлын байгууллагын 30 орчим залуучууд Солонгос улс дахь хот дотроо эрэн хайх сургалтад суусан. Тухайн сургалтад Азийн бусад орнуудын аврагчид мөн байсан. Зохион байгуулж байгаа улсын Онцгой байдлын байгууллагын хүмүүс монголчууд юмыг маш хурдан хугацаанд сурдаг юм байна гээд гайхаж байсан. Бусад Азийн орны аврагчид хэдэн өдрийн туршид олон дахин дадлага сургуулилт хийж байсан бол манай орны аврагчид нэг удаа заалгаж тайлбарлуулж сонсоод дорхноо сурчхаж байсан. Залуучууд маань ч өөрсдийн чадвараа баталж би ч хараад бахархаж байлаа. Түүнээс хойш олон ч жил манай Онцгой байдлын байгууллага нь Солонгосын Онцгой байдлын байгууллагатай хамтарч жил бүр тэнд аврагч нарыг бэлтгэсээр ирсэн.

2012 онд Монгол Улс, Өмнөд Судан улсад усан эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр болсон. НҮБ-аас тийм шаардлага тавьсан. Даян дэлхийн энхийг сахиулах үйл ажиллагаанд Онцгой байдлын байгууллагыг оролцох саналыг тавьсан. Тэгэхдээ дандаа мэргэжлийн усчин аврагчдыг оролцуулаач гэсэн. Тэгээд анх 2012 онд Энхийг сахиулах ажиллагаанд гүний усны шумбалтад хамрагдсан олон улсын гэрчилгээтэй 30 албан хаагчид оролцсон. Усны ямар нэгэн хэлбэрийн сургалтад хамрагдаад гэрчилгээтэй болсон мэргэжлийн усчин аврагчдыг сонгон шалгаруулсан. Тухайн үеийн Онцгой байдлын байгууллагын удирдлагууд миний биеийг ахалж яв гээд 2012-2013 оны хооронд үүргээ амжилттай биелүүлээд ирж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Онцгой байдлын байгууллага Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсоор явж байна.Энхийг сахиулах ажиллагаанд явахад хамгийн түрүүнд Монгол Улсын мөн Онцгой байдлын байгууллагын нэр хүнд гарч байгаа даа гэж бодогдож байлаа. Надад маш их хариуцлага ирсэн. Онцгой байдлын усчин аврагчдаа усан эргүүлийн үүрэг гүйцэтгэхэд нь тухайн үеийн баазуудад хуваарилсан. Ийм их хүн итгэл хүлээлгэж байгаа юм чинь албан хаагчдаа сайн ахлаад албаа нэр төртэй гүйцэтгээд ирнэ ээ гэж бодсон.

 

Хүмүүсийн сэтгэлийн дэм, миний урагшлах хүч

 

-Өнөөдрийг хүртэлх хугацаанд миний баярлаж талархдаг явдаг хүмүүс маш олон. Өсгөж хүмүүжүүлсэн аав ээждээ, ажил албыг минь ойлгож ар талыг минь даагаад явж байгаа халамжит ханьдаа талархаад баршгүй. Миний хань маш хүчирхэг. Онцгой байдлын албандаа хоёргүй сэтгэлээр цаг наргүй зүтгэхэд минь үргэлж дэмжлэг болдог. Би хүний дээд сайн ханьтай учирсан. Надад итгэл хүлээлгэсээр ирсэн Онцгой байдлын байгууллагынхаа удирдлагуудад мөн талархаж явдаг. Мэргэжил олгосон олон сайхан эрдэмтэн багш бас байна. Онцлон хэлэхэд ч хэцүү юм. Аврагч байхдаа жил бүр Улаанбаатар хот руу тэмцээнд орохоор явдаг байлаа. Эхнэртэйгээ 1999 онд аврагч байхдаа танилцчихсан байсан. Бидний үед одоогийн сошиал хөгжөөгүй байсан болохоор хоорондоо шуудангаар захиагаар харилцдаг байв. 2000 онд хотод ирж улам дотносоод нэгдүгээр курст байхдаа охинтой болсон. Сургуулиа төгсөхөд миний эхнэр гурван настай охинтой минь хамт ирж байсан. Одоо хоёр охин нэг хүүтэй. Үр хүүхдүүддээ тэсвэр хатуужилтай, шударга хүн байхыг л сургадаг. Хүн бас хүсэл мөрөөдөлтэй байх ёстой. Би өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан учраас Онцгой байдлын байгууллагадаа үнэнчээр зүтгээд өдий хүрсэн. Онцгой байдлын байгууллагын үе үеийн удирдлагууд, ахмадууд, мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэдэг Онцгой байдлын байгууллагын нийт албан хаагчид, генерал, офицер, ахлагч нартаа Онцгой байдлын байгуулга үүсэн байгуулагдсаны 21 жилийн баярын мэнд хүргэе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 114 (7611)