С.УРТНАСАН
УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, орчны хүртээмжийг бий болгох зорилгоор “Гэрээсээ гарцгаая” аяныг санаачлан Ахмадын талбайгаас эхлэн Улаанбаатар хотын нөхцөл байдалтай танилцлаа. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон Замын хөгжлийн дарга Б.Одбаяр, Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар хүртэлх зам, нүхэн гарц, автобусны буудал зэрэг маршрутаар явж замын хүртээмж, шинэ зам засварын ажлуудтай танилцаж үнэлгээ хийв.
Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад зам талбайн хүртээмж, хүртээмжтэй орчныг хангах талаар чухал өөрчлөлт орсон. Шинэчилсэн найруулгын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 2023-2024 оны хуульд зам талбай, дэд бүтэц, нийтийн тээвэр, мэдээллийн хүртээмж зэрэг салбарт шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг ч мөн оруулсан.
Зам талбай, явган хүний зам, орц, гарц, тийз төлбөрийн хүртээмж зэрэгт зайлшгүй шаардлага бүхий хүртээмжийн зохицуулалтыг нэвтрүүлсэн. Техник, төсөв, хэрэгжилтэд үнэлгээ хийх шалгах хэрэгслүүдийг бий болгосон. Зөвшөөрөл, барилга байгууламжийн эхлэх, ашиглалтанд оруулахдаа хүртээмжид хяналт тавих механизм нэмсэн. Нийтийн тээврийг хүртээмжтэй байдлаар хөгжүүлэх зорилт тодорхойлогдсон. Эдгээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр тутмын зорчих, ажил амьдрах, мэдээлэл хүлээн авах, нийтийн байршилд оролцох боломжийг чанартай хангах, тэгш байдлыг бодлогоор баталгаажуулах үндсэн арга зам юм.
Гэвч “Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд гэрээсээ гарсан иргэдийн зам, зам биш бөглүү давчуу хүн машин нь нийлж хөлхсөн саад бартаа л байв. Аяны хөтөлбөрийн маршрутаар бол багшийн дээдийн нүхэн гарцаар гарах байсан боловч хөгжлийн бэрхшээлтэй хүн байтугай зөрж буй хүмүүс нь үл багтах тийм давчуухан орон зай биднийг угтсанаар замаа буруулан цаашиллаа. Урд нь гарч зүрхлээгүй учир араас нь зугуйхан алхлаа. Гэрлэн дохионы ногоон өнгөгүйгээр тэнд зам тавьж өгөх машин ховор юм. Юм бодонгоо алхахдаа хөл алддаг тэгш бус замтай даа тэдний өмнөөс өмрөх шиг. Асран хамгаалагчидтайгаа аядуухан явах боловч дэгэн догонтой төв замаараа өгсөж уруудсаар гарцны хажууханд ирж зогслоо. Дараагийн маршрут Боловсролын их сургуулийн зүүн талын автобусны буудлаас зорчиж МУИС-ийн номын сангийн урд талын автобусны зогсоол дээр буух. Шахцалдан барин ороод багтаж шингэхгүй түлхэгдэн буудаг тэр л дүр зураг нүдэнд үзэгдэх. Томхон цүнхтэй ороход хүмүүсийг тухгүй болгочихдог билээ. Гэтэл одоо автобусанд суух хүмүүсийн тэн хагас нь тэргэнцэртэйг харж хэсэг хөшлөө. Тэдэнд зориулагдан шинэчлэгдэж буй төв зам ийм байна. Харин тэдний гэрээсээ гараад туулдаг зам ямар бол. Тэргэнцэртэй хүмүүсийг тээвэрлэх зориулалт бүхий автобус цөөн, автобус руу орох шат өндөр, ороод ч тэдний гар хүрэх бариул гэж байхгүй, тээврийн хэрэгслээр зорчиход туслах хүн ч бас тоотой болов уу. Энд зориулалтын хүртээмжтэй зам талбай багатай дээр хууль дүрэм хагас мөрдөгдөж байгааг харлаа. Стандартад заасан зүйлийг “хийсэн” гэж үздэг ч хэрэгцээнд тохирохгүй байгаа нь харамсалтай.
Аяны хүрээнд нийслэл хотынхоо зам талбайтай танилцаж үнэлгээ өгч буй хүмүүсийн байр суурийг хүргэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах хуулийн хэрэгжилтийн нэг ажил нь “Гэрээсээ гарцгаая” аян
Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр: “Байнгын хорооны тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалахтай холбоотой хуулийн хэрэгжилтийг биелүүлэхээр 17 акшин төлөвлөгөөтэй 13 ажил 32 бүлэг үзүүлэлтийг гүйцэтгэхээр ажиллаж байна. Үүний нэг ажил нь “Гэрээсээ гарцгаая” аян юм. Энэ аян нь гэрээсээ гарцгааж хүмүүсийн яриад байгаа орчны хүртээмж гэж юу вэ гэдгийг үзүүлж харуулах зорилготой. Хийж хэрэгжүүлэх олон ажил байгаа ч энэ дундаас нутгийн удирдлагын хийх ажил хамгийн чухал бөгөөд үүнийг жилийн дөрвөн улиралд гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулаад байна. Мөн судалгаа хийж байгаад хотын гурван километр доторх замд ямар асуудал байгааг өнөөдөр ярилцаж шийдвэрлэнэ”.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:
-68 километр буюу хотын Их, бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Олимпын гудамж, Наадамчдын гудамжийг шинэчлэх ажил хийгдэж байгаа. Гэр хорооллын болон алслагдсан зам дагуу явган замыг мөн шинэчлээд явж байгаа. Үүн дээр ирмэг зөрүү гаргахгүй байх зарчмыг бас баримталж байна. Мөн явган зам дээр байгаа шонгуудыг чөлөөлөх ажил бас хийгдэнэ.
Нийслэлийн замын хөгжлийн дарга Б.Одбаяр:
-“Асфальтан замуудыг шинэчилж шилжилтийн налууг хоёр хувиар хийж байгаа. Асфальт бордюр хоёрыг тэнцүү байлгахаар зорьж ажиллаж байна. Энэ нь ямар нэг түвшний зөрүү гаргахгүй гэсэн үг. Эдгээр стандартууд нь хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй, хараагүй, хөгшин хүмүүст нийгэмд тэгш оролцох нөхцөлийг хангах юм” гэлээ.
Бидний эрхийн хүрээнд зориулалтын замаас гадна хүмүүсийн харилцаа хандлага руу чиглэсэн ажлуудыг ч бас хийгээсэй
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл: “Бид хүний тусламжгүйгээр 90 хувь зорчих боломжгүй. Одоо л зохих хэмжээний зориулалтын зам талбайтай болгож өгч байгаа болохоос өмнөх хугацаанд ганцаараа зорьчих ямар ч боломжгүй байсан. Одоо бидний явж байгаа зам ч хүртээмжтэй биш. Тэгэхээр гэр хорооллын зам ямар байдаг нь ойлгомжтой байх. Би гэхэд гэрээсээ ажил хүртлээ хоёр автобус дамждаг. Энэ хугацаанд маш олон саад бэрхшээлтэй тулгардаг. Сая бидний явсан багшийн дээдийн автобусны буудал дээр ирэхэд хамт явж байгаа хүмүүс налуу зам байхгүй тухай ярьж байна. Налуу зам байхгүй ч гэсэн тээврийн хэрэгслийн жолооч нар бордюртайгаа тулаад зогсвол бид орж чадна. Гэвч ерөөсөө тэгдэггүй аль ч улиралд биднийг орхиод явчихдаг. Энэ тухайд жолооч нарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх бодол сэтгэл зүйд нь суугдаагүй гэж боддог. Энэ тал руу чиглэсэн бодлого давхар явагдвал мэдээж сайшаалтай. Дан ганц зам гэхээсээ илүү хүн дээрээ бас ажиллах ёстой юм болов уу гэж хардаг. Нэг үеэ бодвол бид автобусанд зорчих боломжтой болсон. Дотор нь орж чадвал дуудлагын хонх зэрэг байгаа учраас товлосон газраа очоод бууж чадахаар. Тэгтэл жолооч нар нь анзаардаггүй. Энийг олон нийтэд сурталчилж ойлгуулах шаардлагатай. Одоо бидэнд зориулсан хамгийн хүртээмжтэй хэсгээр явж байгаа боловч гэрээсээ гараад явахад ямар олон саад бэрхшээлтэй замаар явдгийг ч бас харуулах нь зүйтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой хүмүүст тэр бүр хүрээд байдаггүй ч ямар замаар яаж явдгийг харуулж бидэнд зориулагдсан хүртээмжтэй замыг бий болгож өгөөсэй л гэж хүсэж байна” гэж байлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, зорчих боломжийг сайжруулахын тулд зөвхөн зам засвар, техник, дэд бүтцийн шийдэл хангалттай биш. Нийгмийн хандлага, бодлого, боловсролын өөрчлөлт зэрэг цогц арга хэмжээ шаардлагатай байгааг дээрх иргэдийн төлөөллөөс онцлов.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 113 (7610)