С.УРТНАСАН
Зургаадугаар сарын 17 нь “Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр” юм. 1994 онд үүнийг НҮБ-аас баталсан бөгөөд дэлхий даяараа цөлжилт, газрын доройтлын эсрэг тэмцэхийг чухалчлан орон нутгийн болон олон улсын түвшинд үйл ажиллагаа өрнүүлэх зорилготой. Мөн Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи олон улсын хурал зургаадугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдахтай холбогдуулан салбарын мэргэжилтнүүдийн байр суурийг хүргэж байна.
Монгол орны 77 хувь нь цөлжилтөд өртсөн ба үүний гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн:
- Монгол Улсад газрын доройтол, цөлжилт нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас явагдаж байгаа үйл явц. Монгол оронд явагдаж байгаа дулаарал сүүлийн 60 жилд дэлхийн дунджаас гурав дахин их байгаа. Үүнээс харахад манай орон ямар хэмжээний ачааллыг уур амьсгалын өөрчлөлтөөс авч байгаа нь илэрхий байна. Уур амьсгалын өөрчлөлт огцом явагдаж байгаа цөөхөн орны нэг нь манайх. Зах хязгаар шилжилтийн бүсэд оршдог учраас уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлийн нөлөөнд амархан өртөх эрсдэлтэй. Монгол орны нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжилтөд өртсөн гэсэн судалгаа байдаг. Үүний шалтгааны эхнийх нь өмнө хэлсэнчлэн уур амьсгалын өөрчлөлт байна. Дараагийн асуудал нь газар ашиглалт. Тухайлбал, социализмын үед байсан малын тоо толгой бараг гурав дахин өссөн нь газар доройтох үндсэн нөхцөл болж байна. Энэ нь малчдыг муулж байгаа үг биш. Нөгөө талаас төр засгаас явуулж буй бодлого холбоотой. Биднийг хээрийн судалгаа, яриа танилцуулга хийгээд хөдөөгүүр явахад малаас гарч буй бүтээгдэхүүнийг ашигладаг, үнэ цэнд хүргэдэг болчихвол бид ингэж олон малтай, ачаалалтай яваад байхыг хүсэхгүй гэдэг үгийг л малчид хэлдэг. Тэгэхээр малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийг боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай байна. Төр засаг, малчдын хамтын ажиллагааны үр дүнд газрын бүрхэвч, ургамалан бүрхэвчийг хамгаалах нэг хэлбэр болж улмаар цөлжилт, газрын доройтлыг сааруулах боломжтой болж байгаа юм.
Мөн цөлжилт, газрын доройтолд уул уурхай, зам харилцаа орж ирдэг. Томоохон хэмжээг хамарсан уул уурхайн үйл ажиллагаа бол мэдээж байгаль орчинд сөрөг талтай. Дараа нь бараг хүн бүхний хийдэг хөдөө нутагт зорчихдоо замгүй газраар явж, шинэ зам гаргах асуудал байдаг. Энэ нь байгаль орчинд газрын доройтол үүсэх, цөлжилт явагдах үндсэн нөхцөлийг бүрдүүлдэг. Яагаад гэвэл тухайн талбайн хөрсөн бүрхэвч хэдэн жилдээ эргэж сэрэхгүйгээр доройтдог. Үүнээс үүдэж боссон тоос шороо нь буцаад ойр орчмын газар дээрээ буугаад фотосинтез явагдах үйл явцыг багасгаж, ургамалан бүрхэвчийг доройтуулж, ургамлын ургах чадварыг их хэмжээгээр бууруулдаг. Бид шууд л хүрз, жоотуу бариад тэмцдэггүй. Эдгээртэй тэмцэх арга технологийг нь зааж өгдөг. Жишээлбэл, Элсэн тасархайд биологийн болон механик нөхөн сэргээлтүүд, цөлжилт газрын доройтлын эсрэг тэмцэх бодит ажлууд явагдсан. Үр дүнг холбогдох газруудад нь хүргээд өгсөн байгаа. Одоо говь, хээрийн бүсэд газрыг нөхөн сэргээх зориулалтаар Японы нэг компанитай хамтраад хөвдийг говьд бий болгох замаар ус чийгийн нөхцөлийг нь хангаад ургамалан бүрхэвчийн нөхөн сэргээлтийг хийх зорилготой төслүүд дээр ажиллаж байна. Мөн манай Цөлжилтийн салбарын эрдэмтэд Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгийн цөлжилтөд тодорхой үнэлгээнүүдийг хийж газрын доройтол, цөлжилтийн эсрэг хийх ажил, авах арга хэмжээг нь судалгааны үндсэн дээр тодорхойлоод өгчихсөн байгаа.
Цөлжилт гэдэг нь газрын доройтол юм
“Эко инновац, хөгжлийн төв” ТББ-ын үүсгэн байгуулагч, доктор Н.Мандах:
-“Цөлжилт нь газрын доройтол юм. Газрын доройтол гэсэн энэ ойлголтыг том шүхрээр зүйрлэвэл ган, үер, хөрсний бохирдол, хөрсний гулсалт гээд доройтлын олон хэлбэрийн нэг нь цөлжилт. Нэрлэсэн эдгээр үйл явцаас ялгарах зүйл нь газарзүйн хувьд гандуу нутаг буюу орох хур тунадас нь усны ууршилтаас хэд дахин доогуур байх бүс нутгууд хамрагдана. Энгийнээр бол жилд дунджаар 200 мм хур тунадас ордог ч ууршилт нь 2000–4000 мм хүрвэл бүс нутгуудад илрэл доройтлын аливаа үйл явц цөлжилт болох юм. Цөлжилт яагаад хамгийн хүнд нь вэ гэвэл нэгэнт энэ цэгт хүрсэн тохиолдолд нөхөн сэргээхэд их нөөц шаардлагатайгаас гадна байгалиараа гандуу бүс нутагт ус, чийг, дулаан гээд олон нөөц нь хязгаарлагдмал тул тэнцвэрт хүргэх боломж бага. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын судалгаагаар нөхөн сэргээхэд зарцуулсан нэг ам.доллар нь хөрөнгө оруулагчид болон орон нутгийн иргэдэд 30 ам.долларын үр өгөөж авчирдаг гэж үзсэн. Энэ нь хөрөнгө гуч дахин үржих гэсэн муйхар дүгнэлт биш харин үр нөлөөг мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэг хэлбэр юм. Газрыг нөхөн сэргээхэд шинжлэх ухаан, технологи, инновац зэрэг олон мэдлэгийг оролцуулдаг. Төдий чинээгээр бид хүмүүсийн боловсролд эерэг нөлөө үзүүлнэ.
Огт үр тариа авахаа больсон тариалангийн газрын нөхөн сэргээснээр нэг тонн үр тариа авдаг бол бид хүнсний хангамж, өлсгөлөн, ажлын байр, ядуурал гээд дахиад олон арван доллартой дүйхүйц эерэг нөлөөг авчрах боломжтой юм. Хөгжиж буй улс орнуудын хувьд энэ далд боловч хэн хүн мэдвэл зохих эерэг нөлөөллийг хүлээн зөвшөөрөх, ойлгох төдий чинээгээр бодлого, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь чухал. Ган, цөлжилтийн эсрэг өдрийг жил бүр нэг улсад тэмдэглэж олсон ололт амжилт, хүрсэн үр дүнгээ даян дэлхийд таниулдаг. Энэ жил энэ тэмдэглэлт өдрийн гол арга хэмжээг Колумби Улсад зохион байгуулж байна. Колумби улс Рио-де-Жанейрогийн гурван конвенцийн хүрээнд ард иргэд, орон нутгийн түвшний хамтын оролцоонд тулгуурласан байгаль хамгаалал, ашиглалтын бодлогыг амжилттай хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хамтын ажиллагааны хүрээнд хэн нэгнийг орхилгүй бүх талуудыг нэгтгэх бодлогыг нөхөн сэргээх томоохон төсөл хөтөлбөрийнхөө цөм болгон амжилттай хэрэгжүүлж байна. Газар тариалангийн онцгойлон анхаарч үр тариа, хүнсний бүтээгдэхүүний ашиглалт, уламжлалт таримлын арга барилыг эрүүл мэнд, боловсролын асуудалтай уялдуулан хөгжүүлэх бодлого баримталж байна” гэлээ.
Эх сурвалж: zms.mn