Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатартай ярилцав.

 -Таны хувьд найман удаа аймгийн ИТХ-д сонгогдсон өмнө нь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай. Таныг хэрхэн ажиллаж аймаг, орон нутгаа хөгжүүлэх бол гэсэн хүлээлт өмнөхөөс илүү байгаа болов уу?

- 2024 оны орон нутгийн сонгуульд Хөвсгөл аймагт МАН олонхын санал авч, “Бүтээлч Хөвсгөлчүүд” мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Хөвсгөл аймагт дөрвөн том зорилт, 26 зорилго бүхий 228 ажлыг хийхээр эдийн засгийн тооцоо судалгааг гаргаж товч, тодорхой үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулсан. Энэ нь аймгийн дараагийн дарга нарт жишиг болоосой гэж хүсэж байна. Улсын төсөв болон зээл тусламжаас гадна манай аймаг өөрөө ирэх дөрвөн жилд хэрхэн хөрөнгө босгож бүтээн байгуулалтаа өрнүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Нийт 238 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрвөн жилд хийхээр тооцож, төлөвлөн ажлаа эхлүүлээд байна. Энэ хөрөнгийн 15 хувь буюу 35.5 тэрбум төгрөгийг Хөвсгөл аймаг анх удаа өөрийн хөрөнгөөс гаргаж байна.

-“Бүтээлч Хөвсгөлчүүд” хөтөлбөрт аймгийн хөгжлийг хурдасгах ямар төлөвлөгөө, бүтээн байгуулалт эрэмбэлэгдэж байна? 

- 2025 он аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхны жил. Энэ жилийг “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Хөвсгөл аймаг 2020-2024 онд 3.2 км зам л барьсан байдаг.Тэгвэл энэ онд гэхэд л 10 гаруй км авто зам барихаар аймаг өөрөө хөрөнгөө шийдээд ажил ид явагдаж байна. Үргэлжлүүлээд Мөрөнд нийт 26.7 км хатуу хучилттай авто зам барихаар зураг төслийг нь хийгээд байна. Түүнчлэн авто замуудын уулзваруудыг өргөтгөж, ногоон байгууламж, явган хүний зам, дугуйн замын тэмдэг, тэмдэглэгээтэй нь стандартын дагуу барина.

Удаах ажил нь Мөрөн сумын агаарын бохирдлыг бууруулахад чиглэж байна. Мөрөнд нийт 10258 яндан бий. Энэ хэмжээгээр агаарын бохирдол зарим үед нийслэлээс ч дутахааргүй байдалтай болдог. Тиймээс аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 3000 айлын янданг буулгах зорилт дэвшүүлсэн. Эхний ээлжинд 2400 орчим айлыг дулаан, цэвэр усны шугам сүлжээтэй холбож, янданг буулгах нөхцөл бүрдээд байна. Төвлөрсөн шугам сүлжээг гудамж руу татахад айл өрхүүд хамтарч зохицоод шугамаа гэррүүгээ татаж авах нөхцлийг бүрдүүлэхээр боллоо.Төр ажлаа хийж, иргэд нь үүргээ биелүүлэхэд олон боломж, бололцоо бүрддэг гэдгийг эхний ажлуудаас харагдаж байна. Мөн банк, санхүүгийн байгууллагатай хамтран ногоон зээл гаргах зэргээр боломжийг бий болгоно.

Жишээлбэл, иргэн Дорж 64 м2 байшиндаа гурван портер түлээгээр өвөлжинө гэж бодоход хоёр сая гаруй төгрөгийг зарцуулна. Гэтэл нэгдсэн дулаанаар найман сар халаахад 410 мянган төгрөг. Дулааны шугамд холбож чадвал гарч буй энэ мэт хэмнэлт иргэн Доржид очсон байх ёстой. 

Дараагийнх нь нарийн ногоо, жимс жимсгэнээр аймгийнхаа хэрэгцээг 100 хувь хангах, орчноо ногооруулах зорилт тавьсан. Хөвсгөл аймаг гурилынхаа хэрэгцээг 100 хувь, нарийн ногоогоор 38 хувийг өөрсдөө хангаж байна. Өрх бүр хашаандаа 10 мод тарьж, арчилж ургуулсан бол мод тус бүрд 50 мянган төгрөгийн урамшуулал олгох журмыг аймгийн ИТХ-аар батлууллаа.10 модны тав нь жимсний, тав нь дуу чимээ, нүүрсхүчлийн хийг шингээх чадвартай мод байхаар тооцсон.

Одоогоор Мөрөн сумын 1000 гаруй өрх хүсэлтэй илэрхийлж модоо тариад эхэлсэн. Засаг, захиргааны зүгээс ус, сувгийн газруудтай хамтарч тухайн айлын усны картыг цэнэглэх зэргээр усны хэрэглээг нь шийдэж өгч байгаа.10 модоо сайн ургуулсан айлд 500 мянган төгрөгийн урамшуулал олгох зарчмаар бодит ажил хэрэг болгоно.

Түүнчлэн Мөрөн сумын өрхүүдийг нарийн ногоогоор хангахын тулд  эхний ээлжид 1500-1800 хүлэмж хэрэгтэй гэсэн тооцоо гарч хүлэмжийн аж ахуйг дэмжих ажлаа эхэлүүлэх зэргээр амьдралд ойр, иргэдийн амьдрах орчинд ээлтэй, эдийн засгийн бодит үр өгөөжтэй тодорхой ажлуудыг хийж эхлээд байна. Түүнчлэн Зүүн Мөрөн хороололд 77 га газарт 235 барилга, байгууламж бүтээн байгуулалтыг өрнүүлж, яндангүй бүсийг байгуулахаар зорьсон. “Хөвсгөл дулааны станц” ын хүчин чадлыг 20 мвт-аар нэмж ирэх аравдугаар сарын 01-нд ашиглалтад оруулна. Одоо ажижлаж байгаа станцын өргөтгөлөөр хэрэглэгчдэд хүссэн хүчин чадлын дулааныг хэрэглэгчдэд өгч чадахгүй. Тиймээс 14 м/вт дулааны станц шинээр нэмж барихаар зураг төслийг нь хийсэн. 2027 оны долоодугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Хойд бүсийн зөвлөлийн хуралдаанаар Засгийн газраас Хөвсгөл аймагтай холбоотой 10 асуудлыг шийдвэрлэж өгсөнд баяртай байгаа. Эдгээр бүтээн байгуулалт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэний дараа Хөвсгөл аймгийн хөгжил шинэ шатанд гарна гэж найдаж байна.

- Хөвсгөл аймагт тэр гээд цохож хэлэх орлого бүрдүүлэгч томоохон уурхай, үйлдвэр, үйлчилгээний газар байдаггүй. Нөгөө талд аялал жуулчлалын тулгуур бүс гэдэг ч  энэ салбарын ихэнх орлого улсын төсөвт ордог гэдэг. Энэ байдал хэвээрээ юу?

-Би үүнийг маш их шүүмжилдэг. Аймаг, сум, баг ялгаагүй. Багийн дарга нарт санхүүгийн эрх мэдэл байхгүй. Энэ нөхцөлд хэн юу хийх вэ.Тухайлбал, аймгийн НӨАТ-ын орлогыг 100 хувь улсын төсөвт авчихдаг байдлыг өөрчилж орон нутагт 30 хувийг үлдээх хэрэгтэй. НӨАТ, ААНОАТ, даатгал зэрэгтэй холбоотой орлогын ихэнхийг татаад авчихдаг. Сая нийгмийн даатгал, татвартай холбоотой хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлсэн. Батлагдвал байдал өөр болно гэж харж байна. Аялал жуулчлалын тулгуур төв, бүс нутаг болох Хөвсгөл аймагт 338 аж ахуй нэгж, хувь иргэн энэ салбарт бизнес эрхэлж байгаагаас 147 нь Улаанбаатарынх бусад орон нутгийнх. 2024 онд энэ салбараас 280 гаруй сая төгрөгийн орлогыг аймгийн төсөвт бүрдүүлсэн байсан. Гэвч 2024 онд “Хөх сувд” баяр, Хатгал тосгоны цэвэрлэх байгууламжийн татаас зэрэг арга хэмжээнд 360 гаруй сая төгрөг зарцууллаа. Эдийн засгийн талаасаа 368 сая төгрөгөөр төсөл, арга хэмжээгээ санхүүжүүлээд 280 сая төгрөгийн орлого олж байна шүү дээ. Нэг үгээр хэлбэл ийм л алдагдалтай байна. Монгол Улсын хэмжээнд хамгийн их татаастай аймгийн нэг нь Хөвсгөл. Тодруулбал, 100 төгрөг тутмын 40 төгрөг 25 мөнгийг аймаг өөрөө олдог. Үүний 52.3 хувь нь цалин хөлс,түүнтэй адилтгах орлогоос бүрдэж байна. Эдийн засгийн ийм бүтэцтэй Хөвсгөл аймагт тулгамдаж байгаа асуудал олон бий.

-Өнөөдөр Хөвсгөл аймгийн орлогын суурь эх үүсвэр нь юу байна вэ?

-Үр тариагаа 100 хувь, нарийн ногооныхоо 40 орчим хувийг хангаж байна. Хөвсгөл аймаг хамгийн олон хүн амтай. Мөрөн сумын захын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ Улаанбаатар хотын бараан захын ханштай яг ижил байдаг. Мөн түүхий эдийг ч хотын том захын ханшаар л авч байна.  Талх, нарийн боовоор аймгийнхаа хэрэгцээг 100 хувь хангадаг. Өөрөөр хэлбэл өрсөлдөөн ихтэй. Энэ нь улсын хэмжээнд жишиг болохуйц гэдгийг харж болно.

Мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүн, үр тариа, төмс хүнсний ногоо бусад үйлдвэрлэлийн бизнес тодорхой хэмжээнд хөгжиж түүндээ дасан зохицож амьдардаг ард түмэн. Хөвсгөл аймгийн 1200 орчим залуус, иргэд Өмнөговь аймагт уул уурхай, түүнийг дагасан салбарт ажиллаж байна. Нийт иргэдийн банкны хадгаламж 285 тэрбум 315 сая төгрөг байгаа бол 654 тэрбум 320 сая төгрөгийн хэрэглээ болон бизнесийн зээлтэй байна. Чанаргүй зээл нь 1.8 хувьтай. Үүнийг улсын дундажтай харьцуулахад зээлийн эргэн төлөлт бусад аймгуудаас маш сайн гэдэг. Бидэнд одоо төрийн ажил хариуцагчдын хариуцлага, хяналт ус агаар мэт хэрэгтэй байна. Би Засаг даргын ажлаа хүлээж аваад хэлэхдээ “Бид боломжийг нь олгоно, өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй бол хариуцлага тооцно” гэж хэлсэн. Эхнээс нь хариуцлага тооцож эхэлсэн.

Эх сурвалж: zms.mn