И.ОТГОНЖАРГАЛ
Ус сувгийн удирдах газар нийслэлийн иргэдийг цэвэр усаар ханган, хаягдал усыг татан зайлуулж, цэвэршүүлж, байгальд нийлүүлдэг. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг тойрсон түмэн асуудал “мянган” жил үргэлжилсээр.
Хэрвээ Төв цэвэрлэх байгууламж амьтай сан бол нийслэлчүүдэд (ялангуяа орон сууцны оршин суугчид болон хөнгөн хүнс боловсруулах үйлдвэрийнхэнд) үнэхээр их гомдож, ихэр татан уйлах байсан биз ээ. Тэртээ 1964-1965 онд Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахдаа Улаанбаатар хотын хүн амыг ирээдүйд үсрээд 500 мянгад хүрнэ гэсэн тооцооллоор байгуулсан. Гэтэл Төв цэвэрлэх байгууламж хүчин чадлаасаа хэд дахин давсан ачааллаар олон жил ажиллаад “уйлж” байна.
Хэрвээ Төв цэвэрлэх ярьдаг байсан бол “Улаанбаатар хотын хэрэглэгчид ээ, та нар ахуйн хэрэглээнээсээ гаргаж буй хаягдал усаа нүд халтирч, огиудас цутгамаар бохир явуулах юм аа. Би зөвхөн ахуйн механик бохирдолтой ус хүлээн авч, цэвэрлэх чадалтай байтал овортой хог хаягдалтай өдөр бүр ноцолдоод туйлдаж байна. Эдгээр нь бөөгнөрсөөр тоног төхөөрөмжийн маань араа шүдийг эвдлэн, өдрийн хэд зогсоход хүргэдэг. Би бохир усыг цэвэрлэх зориулалттай эцсийн хүлээн авагч, харин Та ус бохирдуулагч хамгийн эхний хэрэглэгч юм шүү” хэмээн учирлах байсан болов уу. Төв цэвэрлэх байгууламжид өдөртөө 3-4 удаа эвдрэл гарч зогсдог гээд бод доо” гэх байсан биз ээ. Энэ талаар Төв цэвэрлэх байгууламжийн Албаны ээлжийн инженер М.Энхчимэг “Манайх 1200мм-ын шугамаар бохир ус хүлээн авдаг. Хоёр сараалж болохоор овор ихтэй механик хог хаягдлыг шүүх зориулалттай байгууламж. Манайх хоногтоо 1.5 тонн механик хог хаягдлыг шүүдэг. Нойтон арчуур, ариун цэврийн хэрэглэл, үсний сэв, хүүхдийн живх зэрэг хог хаягдал ирдэг. Үүнээс 70 кг орчим нь ноос байх жишээтэй. Овортой хог хаягдал байгууламжийн насос тоног төхөөрөмжид бөглөрөл үүсгэдэг.
Төв цэвэрлэх байгууламжийн Лаг усгүйжүүлэх албаны оператор А.Амаасүрэн “Хог хаягдлаас болж тоног төхөөрөмж их эвдэрдэг. Бөглөсөн хогийг бээлий хийгээд гараараа авдаг. Дараагийн ээлжиндээ тоног төхөөрөмжөө бүрэн бүтэн хүлээлгэж өгөхийн тулд эвдэрлээ заавал засварлана. Засвар үйлчилгээ хийх үед газ ихтэй тул нүд их өвдөнө. Хэдэн минут засвсарлаж агаар амьсгалж ирээд үргэлжлүүлдэг. Бидний ажлыг хүндэтгээрэй” хэмээн учирласан юм.
Төв цэвэрлэх байгууламжийнхан дуртайдаа л энд ажилладаг юм биш. Хүчин чадлаасаа хэд дахин давсан өндөр ачаалалтай уухилан буй Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг гартаа оруулсан залуус учраас тэд байнгын бэлэн байдалд ажилладаг. Тэд бол хариуцсан ажлаараа эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа эгэл баатрууд юм.
Төв цэвэрлэх байгууламжийн Албаны дарга О.Оюунбаяр “Хүмүүс зарим үед Төв цэвэрлэхээс үнэр их гарлаа гэдэг. Биднийг ажлаа сайн хийхгүй байна гэж шүүмжлэх нь бий. Гэтэл Төв цэвэрлэхийн хоногт хаягдал ус хүлээн авч, цэвэршүүлэх хэмжээ нь зарим тохиолдолд 4-5 дахин нэмэгддэг. Энгийнээр ойлгуулбал таван хүний суудалтай жижиг тэргэнд 10 хүн суулгаад яв гэж байгаатай адил гэсэн үг” хэмээн тайлбарлав.
Төв цэвэрлэхийн асуудал нь бидний асуудал юм биш биз?

Төв цэвэрлэхэд үүсээд байгаа асуудал нийслэлчүүд бидний дөрвөн уулын дундаа утаанд хордоод гарцгүй сууж байгаатай агаар нэг гэхэд хилсдэхгүй. Утааг бууруулахын тулд янданг цөөлөх ёстой шиг Төв цэвэрлэх байгууламжийг бусад улсын хотуудынх шиг технологийн горимоор нь эдийн засгийн үр ашигтай ажиллуулах шаардлагатай тулгарч байна. Улаанбаатар хотын ус бохирдуулагч оршин суугчид болон айл өрх, үйлдвэр, аж ахуйн газрууд нэг л зүйлийг сайн ойлгож, хандлагын өөрчлөлт хийх хэрэгтэй юм. Тэр нь юу вэ гэхээр танай гэр, байгууллагаас гарч байгаа хаягдал усанд өөрийн гэсэн стандарт байдаг. Түүнийг хангах нь хэрэглэгч бүрийн үүрэг юм.
Учир нь,Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг 1964 онд ашиглалтад оруулахдаа нийслэлийн хүн амын өсөлтийг бага байхаар тооцож, 230.000 куб.метр ахуйн бохир усыг хүлээн авч, цэвэрлэх хүчин чадалтайгаар байгуулжээ. Өнөөдрийн байдлаар дээрх хүчин чадлаас 3-5 дахин давсан бохирдолтой усыг хүлээн авч, 70-80 хувийг нь цэвэршүүлж байгаа аж
Тулгамдаж буй гол асуудал нь жилээс жилд хотын хүн амын өсөлт, хөнгөн хүнсний үйлдвэрийн тоо өссөөр байгаа учраас Төв цэвэрлэх байгууламжийн технологийн процесст нь ихээхэн хүндрэл тулгарчээ. Энэ нь жишээлж хэлбэл, хүн өдөрт таваг хоол идэх атал хүчээр 4-5 таваг хоол идээд байвал биед нь ямар өөрчлөлт гарч, өвчин зовлон тохиолдох вэ гэдэгтэй яг адилхан нөхцөл байдал үүсдэг гэсэн үг. Гэсэн хэдий ч Төв цэвэрлэхийг төдийгөөс өдий хүртэл зогсоочихгүй цаг үеийн нөхцөл байдалд тааруулан технологийн хамгийн зохимжтой горимыг сонгон ажиллуулж байгаа тухай цэвэрлэх байгууламжийн мэргэжилтнүүд онцолж байлаа.
Үйлдвэрийн хаягдал усаа урьдчилан цэвэрлэхийн чухлыг тодотгоход

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүд хаягдал усаа урьдчилан цэвэрлэх үүрэг даалгаврыг хүлээн авч, биелүүлсээр буй. 470 гаруй үйлдвэр нийслэлд бүртгэлтэй. Хоногийн хаягдал усны хэмжээгээрээ харилцан адилгүй. Арьс шир, ноос, ноолуур, мах, сүүний зэрэг үйлдвэрүүд Улаанбаатар хотын усны нийт хэрэглээний бага хувийг эзэлдэг ч бохирдуулагчийн хувьд өндөр ачааллыг үүсгэдэг байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэрүүд хаягдал усаа урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах гээд өөр өөрийн боломжоороо хичээсээр байна. Салбар бүрт харилцан адилгүй байгаа боловч арьс шир, боловсруулах салбарынхан үйлдвэрийн хаягдал усаа урьдчилан цэвэрлэх сайн туршлагыг бий болгож чаджээ.
Тиймээс бүгд урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулчихвал шугамын нийт усыг бохирдуулахгүй, усны бохирдлын ачааллыг ч нэмэхгүй байх боломж үүсэх юм.
Байзаарай, хэрэглэгч Та ус бохирдуулагчийн стандартаа мөрдөнө үү

Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа бохир усны хэмжээ болон бохирдлын шинжилгээг умбуур бодис, химийн хэрэгцээт хүчилтөрөгч, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч гэсэн голлох гурван үзүүлэлтээр тогтмол хэмжиж, үнэр хаана их гарч байгааг ч шинжилдэг байна. Дээрх үндсэн гурван үзүүлэлтийг 400 мг/литр, 800 мг/литр, 400 мг/литр гэсэн тоонд хүлээж авч байх юм бол байгууламжийн технологийн процесс жигд хэвийн явагдах, ажилтнуудын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй юм. Гэтэл Төв цэвэрлэхэд хүлээн авч буй бохир усны шинжилгээгээр MNS 6561:2015 стандартаас 2-3 дахин, зарим үед 4-5 дахин өндөр бохирдолтой ус хүлээн авч байгаа нь Төв цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагаа, ажилтнуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, тухайн орчинд үнэр тархах гол эрсдэл болдог. Тэгвэл Төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарч буй хаягдал ус MNS4943:2015 стандартаар дээрх гурван үндсэн үзүүлэлттэй харгалзах тоо нь 30 мл/г, 50 мл/г, 20 мг/л буюу бохирдлыг 4-10 дахин бууруулж цэвэрлэдэг байна.
1998 оноос эхлээд Төв цэвэрлэх байгууламжид станцын насос тоног төхөөрөмж, лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл хөтөлбөрүүд үе шаттай, ихэнхдээ гадаад улсуудын тусламж дэмжлэгээр хийгдсээр ирсэн тул арай ч элгээрээ хэвтчихэлгүй, үүргээ гүйцэтгэсээр байна.
Албаны түвшинд Төв цэвэрлэхийн нэг хүндрэлтэй асуудлыг ийн тодорхой түвшинд шийдэж, бид “Пүү, паа” гэхээ больсон. Гэсэн хэдий ч бохир усны тунгаагуур дахь үнэр багасах болоогүй л байна. Уг үнэрийг багасгах тал дээр хэрэглэгч та бидний хаягдал усны талаарх ойлголт, мэдээлэл дутуу дулимаг хэвээр байна. Төв цэвэрлэхийн ажилтан “Үнэр гарахаар иргэд цэвэрлэх байгууламжийнхан ажлаа сайн хийхгүй байна. Ажлаа хийгээчээ гэдэг. Угтаа бол Төв цэвэрлэх зогсох эрхгүй ажилладаг. Харин бохир ус гаргагч эхний цэг нь хэрэглэгч та өөрөө гэдгийг ойлгодоггүй. Иргэд маань энэ талаар мэдээлэлтэй болоосой. Ингэснээрээ зөв дадлыг хэвшүүлээсэй” гэв.

Хэрэглэгчдийн хог хаягдлаар “баяжуулан” илгээх бохир ус эцсийн цэг буюу Төв цэвэрлэхийн үнэрийг нэмэгдүүлэх нөхцөл болдог гэдгийг мэргэжлийн хүмүүс дахин дахин тодотгож байгааг уламжилъя. Та бүхэн “Төв цэвэрлэхийн үнэр хувь хүн надаас шалтгаалж багасах боломжтой юм бол хэрэглэгчийн зүгээс би юу хийж чадах билээ” гээд сэргэгээр бодоод үзээрэй. Тийм ч том, олон зүйл хийх шаардлагагүй. Зүгээр л суултууртаа хог хаягдал хийхгүй, үсний сэвээ байнга хамж авдаг, хоолны үлдэгдлээ тосгуур руугаа хийхгүй болчиход л бохир ус татан, цэвэрлэх эцсийн цэгт их нэмэртэй.
Үйлдвэрлэгчдэд ч энэ стандарт мөн хамаатай. Үйлдвэрийн хаягдал усаа урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулснаар хаягдал усны бохирдол буурах ач холбогдолтой. Ялангуяа хаягдал усан дах химийн бохирдол буурч буй сайхан мэдээтэй. Үйлдвэрлэгч бүр өөрсдийн онцлогт тохирсон аргаар үйлдвэр дээрээ хаягдал усаа урьдчилан цэвэрлэж байж гэмээнэ стандартын шаардлагыг хангах боломж бүрдэнэ гэсэн үг.
Ус сувгийн удирдах газраас 2025 оныг “Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье” гэсэн уриалга гаргаж, зөв дадал хэвшлийг бий болгохыг зорьж байгаа юм билээ. Төв цэвэрлэх байгууламжаа технологийн горимын дагуу ажиллуулж, эвдрэл гэмтэлгүй, эдийн засгийн үр ашигтай болгох асуудал зөвхөн төрийн байгууллагынхан төдийгүй нийслэлчүүдийн хандлагын өөрчлөлт чухал юм. Чандмань эрдэнэ болсон усаа цэвэрхэн хэрэглэж, татан авч, цэвэршүүлэхэд нь бүх нийтийн оролцоог бий болгоё.
Бүгдээрээ хувь хүн, айл өрх, үйлдвэр, аж ахуйн газар байсан ч ус бохирдуулагчийн стандартаа мөрдөж, хандлагаа өөрчилье.
Төв цэвэрлэхтэй хаяа нийлүүлэн барьж буй Төв цэвэрлэх болон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр энэ онд шинээр ашиглалтад орно. Шинэ цэвэрлэх руу бохир устай хамт мөнөөх л элдэв бусын хог новш түрэгдэн туугдаж очсон хэвээр байх юм бол ямар ч нэмэргүй. Алдаагаа давтахгүйн тулд бүх нийтээр ус бохирдуулагчийн сэтгэлгээ, хандлагаа өөрчлөхөд л болоод явчихна.