Т.САЙХАН
АН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилуулах Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж дуусчээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч О.Алтангэрэл байр сууриа илэрхийллээ. Тэрээр "АН-ын бүлэг нэгдсэн шийдвэр илэрхийлэхгүй гэж тогтлоо. Бүлгийн дүрмийн дагуу нэгдсэн шийдвэр гаргахгүй, гишүүд бүр өөрсдийн саналаа өгч болно гэдэг шийдвэр гарлаа. Хувь гишүүнийхээ хувьд Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж ирсэн бодлого ялангуяа хүний эрх, эрх чөлөөний чиглэлээр өргөн барьсан хуулиуд болон авлигын эсрэг багц хуулийн төслүүдийг батлаарай гэдэг захиас хүргүүлэх байдлаар дэмжих бодолтой байна. Би Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлыг аваад 11 сарын хугацаа болж байна. Энэ хугацаанд УИХ-д 12 хуулийн төсөл өргөн барьснаас 11-ийг нь хэлэлцэхээр дэмжсэн. Үүн дээр нэмээд олон жил яригдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай болон Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслүүд бий. Дараа нь Авлигын эсрэг багц хуулийн төсөл гэх мэт олон жил яригдсан олон хуулийн төслүүд байгаа. Тэгэхээр эдгээр хуулийн төслүүд батлагдах юм бол миний Хууль зүй, дотоод хэргийн сайд болсны хэрэг бүтнэ. Өнгөрсөн хугацаанд энэ бүх хуулийн төслүүдийг яамныхаа болон салбарынхаа ажилчдын тусламжтайгаар өргөн барьсан. Эхнээсээ хэлэлцэх эсэх саналаар дэмжигдсэн. Зарим нь хэлэлцүүлгийн шатандаа явж байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn