Б.БЯМБАДУЛАМ

Өнөөдөр бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд “Будда фестиваль” буюу шашин соёлын нээлттэй арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Энэ жил “Амар амгаланг хамтдаа түгээе” уриатай тусгай хөтөлбөрийн дагуу үргэлжилж байна. Уг арга хэмжээнд “Аум” сургуулийн хамт олон иог хийх арга барилууд зааж хүмүүсийн алжаалыг тайлсан юм.“Аум” иогийн төвийг үүсгэн байгуулагч Б.Түмэндэмбэрэл “Бясалгал хийхэд иог маш чухал байдаг. Хүмүүс ихэнхдээ иог хийснээр гоё галбиртай болох ч юм уу өнгөцхөн талаас нь боддог. Эхлээд бид эрүүл энх,  урт удаан сууж иог хийснээр бясалгал хийх боломж бүрддэг. Хэрэв бясалгал хийх гэж байгаа бол амьсгалын дасгал болон иог хийвэл илүү амархан үр дүнтэй болно. Тогтмол бясалгал иог хийх нь биднийг маш олон стресс бухимдал, бодлогогүй үйлдлээс авардаг. Үр дүнд нь амар амгалан, тайван байдлыг мэдэрдэг. Мөн өдөр тутмын амьдралдаа дадал зуршил болгосноор өөрийн хийж буй үйлдлүүдийг хянах, ухамсарлах гэх мэтээр асар их нөлөөлдөг. Бясалгал хийх олон арга барилууд байдаг ч сэтгэл санааг намжаах нь хамгийн чухал гэж би боддог. Түүнчлэн олон жилийн турш номыг нь ёс журмаар нь судалсан лам багш нарын бясалгалын хичээлд хамрагдвал илүү зөв, эмх цэгцтэй эхлэх боломжтой. Зарим хүмүүс бясалгал хийхэд заавал олон цагийг зарцуулна гэж ойлгоод байдаг. Гэхдээ үүнийг өглөө босоод арван минут ч хийх боломжтой. Хүн хийх үйлдлүүдээ хянаж сурснаараа өдөр бүр аз жаргалтай болж эхэлдэг. Тиймээс өдрийн аль ч үед ганцаараа байх боломжтой орчин бүрдүүлж бясалгал хийх боломжтой юм” гэлээ.

Эх сурвалж: zms.mn