Ч.БЯМБАХАЖИД
Нүүдлийн соёл иргэншлийн бат суурь болсон мал аж ахуй өнөөдөр малын эмчгүйгээр оршин тогтнох боломжгүй болсон ч энэ мэргэжлийг үнэлэх, цаашлаад мэргэшин ажиллах нь ховор болжээ. Монголчуудын аж амьдралын гол тулгуурын нэг цөм хэсэг бол мал сүрэг байдаг. Мал эрүүл байснаар дотоодын хүнсний аюулгүй байдал бүрэн хангагдана. Үүний цаана малын аюулгүй, эрүүл байдлыг хангаж, шантралгүй зүтгэх нэгэн бол малын эмч юм. Гэтэл мал аж ахуйн гол үндэс хөдөө орон нутагт ажиллах малын эмч хүрэлцээгүй байгаа нь салбарынхны анхаарах асуудал болоод байна. Тодруулбал, малын эмчээр ажиллаж буй боловсон хүчний 65 хувь нь 50-с дээш насныхан байгаа юм. Иймд “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Асуудал-Шийдэл” булангаараа хөдөө орон нутагт малын эмчээр ажиллах залуу боловсон хүчин дутагдаж байгаагийн шалтгаан, шийдлийг тодруулахаар уг сэдвийг хөндлөө.
“Жилд 150 орчим оюутан малын эмчээр төгсдөг ч 50 орчим хувь нь л мэргэжлээрээ ажилладаг”
Сургуулиа төгсөөд орон нутагтаа ажиллахаар болсон малын эмч залуу өвчтэй мал эмчлэхээс гадна жолооч, эм зөөвөрлөгч гэсэн ажлыг давхар хийнэ. Учир нь энэ суманд гурван малын эмч ажилладаг ч дуудлага өгсөн газар бүрт очиж чадахгүй, ажлын ачаалал их байдаг байна.
Цаашлаад зарим малчин өөрийн дураар өвчтэй малыг буруу эмчилснээс халдварт өвчин гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Тэгвэл малын эмчээр ажиллах боловсон хүчин дутагдалтай байгаа юу гэвэл үгүй. Монгол Улсад малын эмч бэлтгэдэг ганц сургууль бол ХААИС юм. Тус сургуулийн мал эмнэлгийн сургууль 70 гаруй жилийн түүхтэй, 4000 гаруй төгсөгчтэй. ХААИС-ийн мал эмнэлгийн сургуульд жил бүр 190 орчим шинэ оюутан элсдэг. Харин хаврын хаварт 150 орчим оюутан мал эмнэлгийн салбарт хувь нэмрээ оруулах их хүсэл тэмүүлэлтэйгээр төгсөж гардаг.
Сургууль хангалттай тоогоор мэргэжилтэн бэлтгэдэг ч төгсөгчдийг хүлээж авах ажлын байрны нөхцөлөөс шалтгаалан хөдөлмөрийн зах зээл дээр малын эмчээр ажиллах хүчин хомсдолтой байна.
Энэ талаар ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн сургалтын хөтөлбөрийн эрхлэгч Б.Отгонтөгс “Бид төгсөгчдөөсөө ажил эрхлэлтийн судалгаа авдаг. Судалгаанаас харахад нийт төгсөгчдийн 50 хувь нь л мэргэжлээрээ ажиллаж байна. Яагаад гэхээр мал төрийн өмчийнх ч, мал эмнэлэг хувийн өмч болчихсон. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай 1990-ээд оны үед малын эмч дутагдалтай байгаа газар руу шууд явуулдаг байсан. Гэтэл одоо зах зээлийн нийгэмд хувь хүн өөрөө ажлын байраа олно. Төгсөгчид ажлын байраа сонгоод очтол олон жил ажилласан малын эмч нар мал эмнэлгээ аж ахуйн нэгж, хувийн өмч болгоод авчихсан байдаг. Тэгэхээр тэнд залуу боловсон хүчин ажиллах боломж байхгүй. Хэрэв ажиллах болоход цалин маш бага. Энэ асуудлыг шийдэхийн тулд нэгдүгээрт төрийн зохицуулалт хэрэгтэй. Уг нь нэг малын эмчид ноогдох тоо толгойн журам гэж төрд байдаг. Гэхдээ тэр журам огт хэрэгждэггүй. Хэрвээ нэг малын эмчид 40 мянган толгой мал хариуцуулна гэж тооцоод ч юмуу үүнийгээ мөрддөг бол ажлын байранд гарч байгаа малын эмч нар өөрсдөө аж ахуйн нэгжээ нээгээд явчихаж болохоор байна. Хоёрдугаарт, аж ахуй нэгж нээе гэхээр стандарт маш өндөр байдаг. Дөнгөж төгссөн хүүхэд ажлын байр, цалин, машин, оношилгооны төхөөрөмжүүдийг бэлдэж чадахгүй. Халуун хэмждэг багаж гэхэд л маш үнэтэй. Энэ мэт олон нөхцөл байдал төгсөгчдөд нөлөөлж байна” гэсэн юм.
“60 сая толгой малын эрүүл мэндийн төлөө 2000 хүрэхгүй малын эмч ажиллаж байна”
ХААИС-ийн мал эмнэлгийн сургуулийг 22-25 насны залуус төгсдөг. Тэд ажиллаж хөдөлмөрлөх, хийж бүтээх насан дээрээ сарын цалингүй шахуу, хүнд хэцүү нөхцөлд ажиллах болж буй нь энэ салбарт тулгарч байгаа асуудлуудын нэг юм. Төгсөгчдийн 50 орчим хувь нь орон нутагт эцэг эхийнхээ шахалтаар эсвэл өөрсдийн сонголтоор мэргэжлээрээ ажилладаг байна. Үлдсэн 50 хувийн тал нь гадагшаа явдаг аж. Гадны улс оронд малын эмч бол хүнсний аюулгүй байдлыг хангаж ажилладаг, үнэ цэнтэй мэргэжил учраас цалин, үнэлгээ нь өндөр байдаг. Иймээс зарим залуус туслах малын эмч хийхээр гадны улсыг зорьдог аж. Харин үлдсэн хэд нь магистраар сурах эсвэл мэргэжлийн бус ажил хийж байна.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан сургуулиа төгсөөд зургаан жил сумандаа малын эмчээр ажиллаж буй Архангай аймгийн Хотонт сумын малын эмч, тархвар зүйч Б.Пунцагдуламаас ажлын байрны бодит нөхцөл байдлын талаар тодруулсан юм.
Тэрээр “Манай сумын мал эмнэлгийн тасагт хоёр малын эмч ажилладаг. Үүнээс гадна хувийн гурван ААН байдаг. Гэхдээ манай сумын малын тоо толгой их учраас орон тооны хувьд дутагдалтай. Нэг малын эмчид 25 тоо толгой мал ногдох ёстой гэхэд манайх 60 гаруй тоо толгой мал ногддог. Мөн зориулалтын тоног төхөөрөмж хангалтгүй байдаг. Мал эмнэлгийн лабортари гэж тусдаа байх ёстой. Гэвч байдаггүй учраас нэг өвчин гарлаа гэхэд дээжийг нь заавал аймаг руу явж шинжлүүлдэг. Цалин хөлсний хувьд бага. Үүгээр зогсохгүй малын эмч нар хүнд нөхцөлд ажилладаг. Нэг үхэрийг тарихад хүч хөдөлмөр их шаарддаг. Хүн бол зүгээр зогсож байгаад л тариулчихна. Мал тэгэхгүй. Мөн малаас хүнд халдварладаг өвчин, техникийн нөхцөл байдал, хөдөлмөр хамгааллын нөхцөл байдлаас шалтгаалан насаараа өвчтэй болсон малын эмч нар ч их байдаг” гэсэн юм.
Түүнчлэн Архангай аймгийн Хотонт сум 293.677 тоо толгой малтай. Үүнээс мал эмнэлгийн нэг нэгжид 200 гаруй тоо толгой мал ногддог байна. Энэ нь нэг малын эмчид 66 гаруй мянган тоо толгой мал ногдож байна гэж ойлгож болох юм.
“Хаана ажиллавал орлого их олохоор байна тэр чиглэл рүү л ажиллах сонирхол түлхүү байдаг”
Өнөөдөр 60 сая малын эрүүл мэндийн төлөө 2000 хүрэхтэй үгүйтэй малын эмч ажиллаж байна. Стандартаар нэг малын эмчид 25 мянган тоо толгойгоос багагүй мал ногдох журамтай. Гэвч энэ журам бодит байдал дээр мөрдөгдөж чадахгүй байгаа юм. Учир нь малын эмч нарын орлого, нийгмийн баталгаа хангалттай биш байгаа учраас энэ мэргэжлээр ажиллах залуу боловсон хүчин хомсдолтой байна. Жилд 100 гаруй оюутан төгсөж байгаа ч тэдний 20 хүрэхгүй хувь нь л мэргэжлээрээ ажиллаж байгаа. Залуус амьдралын баталгаатай хамгийн боломжит нөхцөлийг сонгож байгаагийн илрэл энэ юм.
Тэгвэл хэдхэн жилийн дараа малын эмчээр ажиллахаар бэлтгэгдэж байгаа оюутан залуусын төлөөлөл ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн гуравдугаар түвшний оюутан Б.Нацагдорж сургуулиа төгсөөд сумандаа ажиллахаар төлөвлөж байгаа аж. Тэрээр багаасаа малд ойр өссөн учир энэ мэргэжлийг сонгон суралцаж, малын эрүүл мэндэд анхаарах чухал үүргийг биелүүлэхээр зорьж байгаа юм.
Энэ тухай Б.Нацагдорж “Бид таван жил малын эмчээр бэлтгэгдэн суралцдаг. Хоёрдугаар курсээс эхлээд төгстлөө дадлагад гардаг. Манай ангид нийт 130 оюутан суралцаж байна. Энэ оюутнуудаас 20 гаруй нь хот суурин газрын хүүхдүүд учраас жижиг амьтны төрлөөр илүү лавшруулан суралцана гэж ярьдаг. Харин хөдөө орон нутгийн хүүхдүүд бол ихэнх нь малын дэргэд өссөн учраас сумандаа очиж ажиллах хүсэлтэй байдаг. Гэхдээ хаана ажиллавал илүү санхүү, цалингийн хувьд боломжтой, орлого их олохоор байна тэр чиглэл рүүгээ л ажиллах сонирхол түлхүү байдаг. Жишээлбэл, хурдан морины эмчээр дагналаа гэхэд хөдөө орон нутагт 2-3 сар ажиллаж авах цалинг энд нэг уяачийн морьдтой ажиллаад л 14 хоногт олчих боломжтой. Ийм учраас хөдөө очиж ажиллах нь бага байдаг” гэлээ.
Энэ мэт наад зах нь цалин хөлсний хангамж, цаашлаад бодлогын хүрээнд шийдэх ёстой олон асуудал байгаагийн улмаас мал эмнэлгийн салбар залуу боловсон хүчнээр дутагдаж байна. Гагцхүү үүний шалтгаан нь орлого юм. Тэд орлоготой л болчихвол хөдөлмөрийн зах зээлд гарах мэргэжилтэн хангалттай бэлтгэгдэж байгааг малын эмчээр суралцан төгсөж буй оюутнуудын тоо харуулж байна.
Мөн манай улсад малын эрүүл мэндийг хамгаалж, иргэдийнхээ хүнсний аюулгүй байдлыг хадгалахын тулд шинэ бодлого зохицуулалт зайлшгүй шаардлагатай болжээ.
Дээрх асуудалтай холбогдуулан Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Д.Болдбаатартай ярилцлаа.
Д.Болдбаатар: Малын эмчийн ажлыг даатгалын тогтолцоотой болгох хэрэгтэй
-Малын эмчийн орон тооны дутагдлыг арилгах талаар ямар бодлого баримталж, арга хэмжээ авч байна вэ?
-2017 онд “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль” шинээр батлагдсан. Тус хуулиар мал эмнэлгийн боловсон хүчин, орон нутагт ажиллах чадавхыг зохицуулах бодлого баримталсан. Тухайн үед сумын мал эмнэлэг үржлийн тасаг нэртэй сумын тамгын газар ажилладаг, түүгээр цалинждаг, нэг хүнтэй, хувийн хэвшлийн мал эмнэлгийн нэгжийн эмч гэсэн бүтэцтэй, аймгийн мал эмнэлгийн газрын албан хаагчид бол даргаас бусад нь тухайн байгууллагын цалингаар цалинждаг бүтэцтэй байсан. Үүнийг тус хуулиар төрд ажиллаж байгааг нь төрийн захиргааны болгохоор санал болгосон. Тиймээс 2018 оны зургаадугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн хуулиар сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн хоёр албан хаагчийг төрийн захиргааны албан хаагч болгосон. Мөн аймгийн мал эмнэлгийн газрыг шинээр байгуулж, лабораторийн эмч нараас бусдыг нь төрийн захиргааны албан хаагч болгосон. Учир нь албан хаагчдын шалгуурыг өндөрсгөж, хөгжиж нийгэмшсэн, ажил хэрэгч болгохын тулд төрийн захиргааны албан хаагч болгосон.
Ер нь энэ хууль гарахаас өмнө суманд байгаа мал эмнэлэг үржлийн тасгийн байцаагч бол тухайн сумын цалинтай малчин шиг л байсан. Тиймээс шинэ шатанд гаргах зорилгоор энэ ажлыг хэрэгжүүлсэн.
-Малын эмч нарын орлогыг нэмэх тал дээр ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
-Хувийн хэвшилд ажиллаж байгаа малын эмч нарын нас нэлээн өндөр болсон байна. Энэ асуудлыг шийдэж, сэлгэлт хийх болсон. Үүнийг онцгой анхаарах хэрэгтэй. Харин төрд ажиллаж байгаа сумын мал эмнэлгийн тасгийнхан нэг үеэ бодвол орон тооны хангалт арай гайгүй болсон байна. Гэхдээ нэг ялгаа байгаа. Манай салбар сумын мал эмнэлгийн тасгаас эхлээд босоо тогтолцоотой болгосон. Мөн орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын цалинг дээр нэлээдгүй сайн нэмэгдэл олгодог болчихлоо. Ингэхээр сумын тамгын газрын албан хаагчдын цалин эргээд манайхаас их болоод явчихсан. Тэгэхээр сумын тамгын газар руу орж ажиллах хандлага их болж байна. 2018 оноос хойш төрийн хөрөнгөөр хийгдэж байгаа тарилгын үйлчилгээний хөлсийг хоёр удаа нэмлээ. Ингэхдээ бодыг 1000, богийг 350 төгрөг болгосон. Энэ хувийн хэвшилд ажиллаж байгаа малын эмч нарын орлогыг нэмэгдүүлэх бодлого юм. Ашиг, орлоготой байж малын эмч нар хувийн хэвшилд ажиллана.
-Яагаад залуу мэргэжилтнүүд хөдөө орон нутагт ажиллахгүй байна вэ. Тэднийг орон нутаг руу татахад хэрхэн анхаарч байна?
-Дөнгөж төгсөөд гарч байгаа залуус шууд ажлыг байранд гарах гэхээр нэгдүгээрт, мал эмнэлэг байгуулаад явах чадавхгүй байна. Хоёрдугаарт, орлого бага байгаа. Тэгэхээр залуу боловсон хүчин орон нутагт ажиллах хандлага бага байна. Бид “Нэг бүс, нэр эрүүл” мэнд гэсэн бүсчилсэн хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрийн төслийг боловсруулж, салбарын сайдад өргөн барьсан. Ингэхдээ нэгдүгээрт, сумын мал эмнэлгийн нэгдсэн төвийн барилга байгууламжийг төрөөс нэг удаа барьж өгөх шаардлагатай байна. Яагаад цагдаагийн байрыг барьж өгч болж байхад үүнийг болохгүй гэж. Ингэх юм бол залуу мэргэжилтнүүдийн ажиллах байрны асуудал шийдэгдчихэж байгаа юм. Хоёрдугаарт, хувийн мал эмнэлгийн ажил, үйлчилгээний санхүүжилтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр санхүүжилт ямар хэлбэрээр явж байна гэхээр төрөөс олгогдож байгаа вакцины тарилгын хөлс, шинжилгээ тандалтын үйлчилгээний хөлсөөр явагдаж байна. Малчнаас авах үйлчилгээний хөлс байхгүй. Ийм учраас хувийн хэвшил төсөв дээр дулдуйдсан санхүүгийн орлоготой яваад байна.
Энэ нь вакцин их тарьж байгаа газар орлого нь арай гайгүй байдаг. Вакцин бага тарьдаг, халдварт өвчин гарах эрсдэл багатай байгаа газар орлого багатай болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, вакцин тарих нь хүнсний аюулгүй байдал талдаа муу. Гэтэл вакцин тарихгүй байгаа газрын малын эмч “ядуу” амьдрах гээд өвчин гарч вакцин тарьж байгаа малын эмч нь орлоготой амьдрах нөхцөл рүү орчихоод байна. Энэ асуудлыг олон улсад шийдэхдээ мал эмнэлгийн ажил, үйлчилгээний даатгалын тогтолцоо, албан журмын даатгалын тогтолцоог бий болгодог юм байна. Тэгэхээр өөрийн хариуцах бүх зардлаа урьдчилсан санд төвлөрүүлдэг. Энэ үйлчилгээг үзүүлэх тутамд нэрийн данснаас нь тухайн малын эмчид зарлага нь гарч байдаг гэсэн үг. Энэ жишигтэй ижил болгох шаардлагатай байна.
Мал бол малчны өмч. Өмчийн эзэн өөрийн өмчдөө анхаарал хандуулах ёстой. Нэг талдаа малчид бол мал аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний анхдагч үйлдвэрлэгч юм. Тиймээс энэ анхдагч бүтээгдэхүүн аюулгүй байх ёстой. Ингэхийн тулд малчин эрүүл малтай байх үүрэгтэй. Малчид өнөөдөр малын эмчид дуудлага өгчихөөд яваад очихоор зардлыг нь төлчихдөг хүн байхгүй байна. Ингэхээр малын эмч очихгүй, өвчин гарсан нь оройтож мэдээлэгдэж байгаа юм. Үүнийг бид ач холбогдолтойгоор шийдэх ёстой.
-Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд малаа хэрхэн чанаржуулах шаардлагатай вэ?
-Мал, мал эмнэлэг хувьчлагдахаас өмнөх тогтолцооны үед сүргийн эрүүл мэндийн үзлэгийг улирал тутамд малын эмч явж хийдэг байсан юм. Тэр үед мал нэгдлийн өмч байсан. Мал эмнэлэг улсын өмч байлаа. Тэгэхээр улирал тутам хийсэн үзлэгийн хөлсийг нэгдэл улсын мал эмнэлэгт төлдөг байлаа. Яг үүнтэй адил малын эрүүл мэндийн үзлэгийг улирал тутам хийх хэрэгтэй. Энэ үзлэгийн хөлсийг нь албан журмын даатгалд төвлөрүүлсэн өөрийнх нь мөнгөнөөс зарцуулдаг болоё. Ингэснээр бид малаа чанаржуулна. “Зааз” мал буюу үзлэг хийгээд эрүүл мэндийн согогтой малыг заазладаг байсан тогтолцоог эргээд нэвтрүүлэх хэрэгтэй байна. Мөн малчид малын эмчид төлбөрөө төлдөг болчихвол өөрийн дураар эм тариа худалдаж авахгүй, замбараагүй хэрэглээ бий болохгүй. Энэ тогтолцоо бий болсноор анхан шатны нэгжид малын эмч нар очих бололцоог бүрдүүлж өгч байгаа юм. Мөн сумын мал эмнэлгийн тасагт ажиллаж байгаа залуус хувийн хэвшил рүү орж, ААН байгуулах нь элбэг болж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 106 (7603)