Б.ОЮУНЖАРГАЛ

Сэтгүүлчид бол олон нийтийн дуу хоолой, нийгмийн толь юм. Гэвч өнөөгийн нийгэмд сэтгүүлчийн аюулгүй байдал зөрчигдөж, тэд ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө аливаа заналхийлэл, ял шийтгэлд өртөх болсон. Тэгвэл сэтгүүлчийн аюулгүй байдлыг хамгаалах, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зорилгоор “Сэтгүүлчийн аюулгүй байдлыг хуулиар хэрхэн хамгаалах вэ” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийг УИХ-д өргөн барьж, хэлэлцэхээр болсонтой холбогдуулан хэвлэл мэдээллийн салбарынхны дунд болон хуульч, өмгөөлөгч, эрхзүйн салбарынхан хамтарч хэвлэл мэдээллийн салбарын эрхзүйн тулгамдсан асуудлуудаар сэдэвчилсэн цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байгаа юм.

 

“Эрхзүйн хувьд заавал шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын нэг бол эх сурвалжаа нууцлах эрх юм” 

 

Энэ удаагийн хэлэлцүүлэгт “Эх сурвалжийг хамгаалах эрх”-ийг хамтатган багтааж байгаа бөгөөд энэ нь сэтгүүлчийн аюулгүй байдалтай салшгүй холбоотой юм. Өнөөгийн нийгэмд сэтгүүлчдийн бие махбод, сэтгэл санаанд халдахаас гадна цахим технологи хөгжснөөр сэтгүүлчдийн мэдээлэлд халдах, редакцийн мэдээллийг устгах, веб сайтыг хакердах, тагнах зэрэг асуудлууд ихээр гарах болсон аж. Мөн сэтгүүлч нийтийн эрх ашгийн төлөө ажиллах явцдаа санамсаргүй байдлаар алдаа гаргахаас хамгаалах хууль эрхзүйн зохицуулалтыг хийх, сэтгүүлчийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал зэрэг холбогдох сэдвийн талаар хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлгийг нээж Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийг УИХ-д өргөн барьснаар хэлэлцэхээр шийдвэрлэгдсэн байгаа. Удахгүй УИХ-д ажлын хэсэг байгуулагдна гэсэн хүлээлт салбарынханд үүсээд байна. Үүнтэй холбогдуулан Эхний хэлэлцүүлгээр бид Эрүүгийн хуулийн 13.14 болох нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээлэл түгээсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа асуудлыг эрхзүйн талаас нь хэлэлцсэн. Энэ хэлэлцүүлгээс эрүүгийн хуульд орсон гүтгэлэг гэх нэр томьёо нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцэхгүй байгаа төдийгүй олон улсын гүтгэлгийн тухай томьёоллыг хэт ерөнхий байдлаар ашигласан нь эргээд хуулийг хэтрүүлэн хэрэглэх, сэтгүүлчдийг ажил мэргэжлээ гүйцэтгэх үед айлган сүрдүүлэх арга хэрэгсэл болж байна гэх дүгнэлтэд хүрсэн. Харин энэ удаа хэлэлцэх гол асуудлуудын нэг нь эх сурвалжаа нууцлах, хамгаалах эрхтэй холбоотой байгаа” гэв.

Эх сурвалжаа нууцлах, хамгаалах эрхийн тухай олон жил ярьсаар ирсэн. Иймд эрхзүйн хувьд заавал шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын нэг энэ юм. Өнөөдрийн байдлаар зөвхөн “Олон нийтийн радио телевизийн тухай” хуульд эх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулсан байдаг. Иймээс бусад хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлчдэд энэ эрх нь хамаардаггүй байна. Мөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд эх сурвалжаа хамгаалах тухай заалт орсон хэдий ч энэ нь маш ерөнхий байдалтай байгаа гэдгийг салбарынхан хэлж байна. Түүнчлэн эх сурвалжаа хамгаалах эрх зөвхөн сэтгүүлчид хамаарахгүй бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд оролцож байгаа бүхий л бүрэлдэхүүнд хамаарах ёстой юм.

 

“Сэтгүүлч өөрийнхөө гэм буруугүйг нотолж чадахгүй байгаа учраас цаашид энэ үүргийг зөвхөн сэтгүүлчид хүлээлгэж болохгүй”

 

Манай улсад нэлээдгүй тохиолдож байгаа сэтгүүлчийн тоног төхөөрөмжийг хураан авах, гэмтээх асуудал байна. Үүнийг холбогдох хуульд тодорхой багтааж өгөх ёстой байгаа гэдгийг салбарынхан хэлж байлаа.

Хэлэлцүүлгийн үеэр Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, судлаач Б.Энхцэцэг “Сэтгүүлчтэй холбоотой шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг маргааны шийдвэрт хийсэн дүн шинжилгээ” сэдвээр илтгэл тавьсан юм.

Тэрээр “Өмгөөлөгч, сэтгүүлч нар мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байхдаа хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааг мөн хэрэгжүүлж ажилладаг. Өөрөөр хэлбэл хүний эрх хамгаалагч болдог учраас тэдний эрх зөрчигдсөн тохиолдлууд болон шүүхийн практикт тулгамдаж буй асуудлын талаар судалгаа хийсэн. Ингэхдээ шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн болон иргэний хэрэг хамгааллын шүүхийн шийдвэрт гол төлөв дүн шинжилгээ хийсэн. Сэтгүүлчид эрүүгийн хэргийн тухайд худал мэдээлэл тараах гэмт хэрэгт түлхүү яллагдагчаар татагдаж, ял авч байна. Харин иргэний хэргийн тухайд иргэний нэр төрд халдсан хэргээр хариуцлага хүлээсэн байна. Дүн шинжилгээгээр сэтгүүлчийг хүний эрх, нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгааг шүүх харгалзаж үзэхгүй, хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг практикт хэрэглэхгүй байна гэж үзсэн. Мөн өөрийгөө гэм буруугүйг нотлох үүргийг сэтгүүлчид өөрт нь хүлээлгэдэг. Шүүхийн шийдвэрийн шатанд гэмт хэрэг хийгээгүй, эрх зөрчөөгүй гэдгээ нотолж чадаагүйгээс хариуцлага хүлээсэн олон сэтгүүлч байна. Иймд цаашид гэм буруугүй гэдгээ нотлох үүргийг зөвхөн сэтгүүлчид өөрт нь хүлээлгэж болохгүй. Холбогдох хуулиудад зохицуулалт оруулах, олон улсын гэрээ конвенцын зохицуулалтыг нийцүүлэх зэрэг санал гаргасан” гэлээ.

Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийснийг авч үзвэл, нийт 10 хэрэгт 14 этгээд хохирсон. Үүнд улс төрийн, хууль сахиулах байгууллагын, төрийн байгууллагын удирдах албан тушаалтан зэрэг хүмүүс байсан байна. Хохирогчид нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж цагдаагийн байгууллагад хандсан аж. Дээрх хэргийг шийдвэрлэхдээ 12 сэтгүүлчийг холбогдуулан шалгасан. Үүнээс 11-ийг нь гэм буруутайд тооцож, наймд нь ял оноожээ. Тэдэнд торгох, зорчих эрх хязгаарлах гэсэн хоёр төрлийн ял оноосон байна. Мөн хоёр сэтгүүлчээс хохирогчийн нэхэмжилсэн долоон сая гаруй төгрөгийг гаргуулж, хохирогчид олгуулжээ.

Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээний тухайд, Есөн хэрэгт нэхэмжлэл гаргагчдын 70 хувь нь төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч болон төрийн байгууллага байсан. Дээрх хэргүүдэд зургаан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн есөн байгууллагыг хариуцагчаар тодорхойлжээ. Нэг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, дөрвийнх нь зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна. Гурван нэхэмжлэгчээс эдийн бус гэм хорын хохиролд хоёр тэрбум гаруй төгрөг нэхэмжилснийг шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон аж.

Эх сурвалж: zms.mn