Г.БЯМБАДУЛАМ
Төв талбайд дуу хоолойгоо нэгтгэн жагсах иргэдийн тоо нэмэгдсээр байна. Өнөөдөр /06.02/ Төв талбайд хоёр өөр зорилго бүхий жагсаал болж үргэлжилж байна.
Огцрох амархан: -Төв талбай хэсэгт Ерөнхий сайдыг огцруулах шаардлага бүхий тайван жагсаал нь 21 дэх өдрөө болж байгаа юм. Иргэд үзэл бодлоо илэрхийлж, хамтын дуу хоолойгоо нэгтгэн ийнхүү олон хоног жагсаж байна. Бусад өдрүүдээс ялгаатай нь “UB Comedy”-ийн уран бүтээлчид ирж үзэл бодлоо илэрхийлж жагсаалд нэгдсэн байв.
Иргэн Ж.Өнөмөнх: -Жагсаал маань 21 хоногийн хугацаанд үргэлжилж байна. Ерөнхийдөө сүүлийн зургаан жилийн турш нийгмийн аж амьдрал хүнд, сэтгэл санаа бухимдалтай, эрх чөлөөний хувьд хязгаарлагдмал байдлууд үүсээд байгаа. Мөн Ерөнхий сайдын орлого зарлагын эргэлзээтэй байдлууд нь иргэдийн дунд бухимдал дагуулаад байгаа билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол хамгийн их ёс зүй хариуцлага ярьдаг байсан улстөрч билээ. Өөрийнх нь ярьдаг ёс зүйг бодитоор нь нэхэх шаардлагыг тавьж бид жагссаар байна. Бид үндсэндээ гурван шаардлага тавиад байгаа. Нэгдүгээрт, Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ огцрох, Хоёрдугаарт, Хамтарсан засгийн газрыг дэмжихгүй, Гуравдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн шаардлагууд байна. Ерөнхийдөө сүүлийн хоёр шаардлага маань тодорхой хэмжээнд биелээд явж байна. Анхдагч шаардлага маань биелэх эсэхийг мэдэхгүй байна.
Барилгын компаниудын төлөөлөл жагсав: -“Сэлбэ дэд хорин минутын төсөл”-ийг гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалтын хүрээнд Хятадын компаниудыг шалгаруулан авсан нь Монгол барилгын компаниудын хувьд гомдолтой байгаагаа илэрхийлэн эхний өдрөө жагсаж байгаа юм. Уг жагсаал нь арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байгаа ажээ. Иргэн Н. Бат-Эрдэнэ “Тендерийн сонгон шалгаруулалтын үр дүнд Хятадын хоёр компани шалгарсан. Төсвийн хувьд дөрвөн зуун тэрбум бүхий үйл ажиллагаа. Уг нь Монгол барилгын компаниуд хийх хангалттай боломжтой ч гэсэн Хятадуудад өгсөн нь үнэхээр харамсалтай байгаа юм. Ялангуяа үүнийг нийслэлийн Засаг дарга Нямбаатарын зохион байгуулж байгаа зүйл гэж харж байна. Бидний зүгээс эрх баригч нар болон дээд албан тушаалтнуудад мэдээ хүргүүлж дахин шалгаруулах шаардлага тавьж эхний өдрөө жагсаж байна” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn