Ө.СОНОР

Монголын хоёр дахь том хот Дарханыг С.Насанбат удирдаж эхлээд удаагүй байна. Тэрээр манай 21 аймгийн нэгнийх нь Засаг дарга боловч гол ажил нь Дархан хотод төвлөрөх нь мэдээж юм. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар тус аймгаас сонгогдох 33 төлөөлөгчийн олонхийг МАН авсан тул Засаг даргаар аймгийн намын хорооныхоо даргыг томилсон. Тэрээр дээрх сонгуульт ажлыг аваад удаагүй байхдаа намаа сонгуульд ялуулж чадсан нь одоогийн энэ албан тушаалд очих шат болж өгчээ.
С.Насанбат 1979-1989 онд нийслэлийн 56 дугаар дунд сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1989-1991 онд Зах зээлийн коллеж, 1999-2003 онд Орхон Их сургуулийг тус тус бакалавр зэрэгтэй төгсч, нийтийн хоолны технологи арга зүйч мэргэжилтэй болсон хэмээн боловсролынхоо намтарт бичсэн байна. Төв аймгийн Жаргалант сумын харьяат тэрээр Батлан хамгаалах яамны Ар талыг удирдах газар нярав, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч, Нийслэлийн ЗДТГ-т мэргэжилтэн, “Би Энд Жи”, “Шарын гол” орон нутгийн өмчит компанийн гүйцэтгэх захирал зэрэг албан тушаалыг хашиж байсан тухай ажлын туршлагыг нийгмийн даатгалын дэвтэртээ тэмдэглүүлжээ.
Тэрээр Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Монгол Ардын Намын бага хурлын гишүүн, Аймгийн МАН-ын хорооны гишүүн, Шарын гол сумын МАН-ын хорооны гишүүний сонгуульт ажил хийж байгаад өнгөрсөн орон нутгийн сонгуулийн өмнөхөн аймгийн МАН-ын хорооны дарга болсон тухай дээр дурдсан. Харин одоо нэг аймгийг төлөөлж бус нэг том хот, дөрвөн суманд амьдарч буй уугуул, суугуултайгаа нийлээд 100 орчим мянган иргэнийг тохь тухтай орчинд аж төрөх нөхцлийг хангахын төлөө ажиллах болж байна. Дарханыхан шинэ Засаг даргынхаа нэг зүйлд ам сайтай байгаа юм билээ. Энэ бол анх 1961 онд суурийг нь тавьж, барьж эхэлсэнээс хойш олон жил “гар хүрээгүй” орон сууцнуудын хонгил дахь хуучирсан шугам, сүлжээг бүхлээр нь солих ажлыг эхлүүлэх болсон явдал юм. Энэ тухайгаа С.Насанбат дарга “Дархан өөрөө ямар ч аюулгүй хот болох ёстой. Энэ өвлийн эхний хүйтрэлтээр гэхэд орон сууцнуудын шугам, сүлжээтэй холбоотой асуудал олон гарсан. Хонгил болгон нь доороо ус алдчихсан, хүн орж ажиллах нөхцлөөр хангагдаагүй, дотор нь ажиллаж байгаа хүн нэг эвгүй хөдлөж турбанд нь хүрэхэд цоорохоор ундааны лааз шиг болчихсон байх жишээтэй. Аль байрнаас нь эхэлж шинэчлэх дарааллыг нь ч гаргаад бэлдчихсэн. Орон нутгаас энэ ажилд тэрбум төгрөг төсөвлөсөн. Цаашид шат дараатай шинэчлэнэ” хэмээсэн юм. Мөн Дархан хотод 5000 айлын орон сууц барих, Нефть боловсруулах үйлдвэрээс эхлээд аж үйлдвэрийн цогцолбортой болох гэсэн томоохон зорилт дэвшүүлж дөрвөн жилийн хугацаанд ажил хэрэг болгохоо мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Тэрээр “Үйлдвэрийн хотод ажилгүй иргэд байгааг өөрчлөх хэрэгтэй” гэдгийг онцолж байсан юм.
С.Насанбат Засаг дарга болохоосоо өмнө “Шарын гол” уурхайн захирлын ажлыг нэлээд олон жил хашсан. Энэ хугацаанд түүнийг уурхайгаасаа алт олборлосон хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгаж байсан ч хэрэг нь нотлогдоогүй юм билээ. Одоогоор түүний талаарх муу мэдээ үүнээс өөр байхгүй бололтой. Аймгийн иргэд нь ч шинэ Засаг дарга нь ажил хийнэ гэж итгэж суугаа гэнэ. Гэхдээ С.Насанбат аймгийн намын хорооны даргын ажлаас шууд Засаг дарга болон дэвшсэн хүмүүсийн нэг. Намын ажил хийх, аймаг удирдах хоёрт асар их ялгаа байгаа гэдгийг эртхэн ойлгож, дөрвөн жилийн дараах тайлангаа одооноос л бодох хэрэгтэй байх.