Б.НЯМСҮРЭН
Эрдмийн оньсыг тайлагч, эрдэмтэн судлаачдын хувьд үнэт капитал нэгээр нэмэгдэж Сэтгүүл зүйн салбарын нэвтэрхий толь мэндэллээ. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор Л.Норовсүрэн 50 гаруй жил сэтгүүл зүйн салбарт ажиллаж, 60 гаруй ном, эрдмийн бүтээл туурвиж салбарын залуу эрдэмтэн, оюутан залуус үе үеийн судлаачдын судалгааны үнэтэй эх сурвалжийг бий болгосон хүндтэй эрдэмтэн. Тэгвэл түүний ээлжит даацтай бүтээл нь “Сэтгүүл зүйн нэвтэрхий толь” нэртэйгээр хэвлэгдэн уншигчдын гарт хүрэхэд бэлэн болжээ.
Монголчуудын бэлгэшээдэг “Дашням”-тай сайн өдөр тохиосон номын нээлтэд Нооёо багшийн хамтран зүтгэгчид, үе үеийн шавь нар, гэр бүл үр хүүхдүүд нь баярыг нь хуваалцахаар хуран цуглажээ. МУИС-ийн Сэтгүүл зүй олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч Б.Наранбаатар доктор, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Болд-Эрдэнэ ч, МУБИС хэмээх ууган сургуулийн ректорын албатай Ц.Батбаатар нар гээд томчууд бүгд л Норовсүрэн багшийг “Манай Нооёо багш” хэмээн хүндэтгэнэ. Мэдээж түүнтэй 44 жил мөр зэрэгцэн ажиллаж байгаа М.Зулькафиль багш ч хамгийн хүндтэй зочдын суудалд сууж, хамтран зүтгэгч багш андынхаа хариуцлагатай бөгөөд хөдөлмөрчийг магтан сууна. Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав хэмээх мундаг сэтгүүлч Л.Норовсүрэн багшийн тухай бидний мэдэхгүй хуучны түүхээс ч хуваалцав.
Өмнө нь М.Зулькафаль багшийн хэвлүүлж байсан сэтгүүл зүйн тайлбар толь гээд хэдэн хэдэн тайлбар толь нэг сэдвээр голдуу хэвлэгдэж байсан бол Л.Норовсүрэн багшийн нэвтэрхий толь сэтгүүл зүйн үүх түүхээс эхлээд, бичлэгийн төрөл зүйл, нийгэмд үүргээ маш сайн гүйцэтгэж, үр дүнд хүрсэн нийтлэл сурвалжлагууд, ахмад болоод одоо үеийн сэтгүлчдийн намтар түүх гээд нэг номд бүгдийг багтааснаараа ихээхэн ач холбогдолтой бүтээл болсныг номын баярт хүрэлцэн ирсэн мэргэжлийн судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна. Тиймээс ч МУИС-ийн номын сангийн хурлын танхимд цугласан олны амнаас“Нэвтэрхий толийг нэвтэрхий хүн л хийдэг юм” хэмээн талархсан, бахархсан үгс тасрахгүй үргэлжилсээр байсан нь түүнийг салбарынхан нь хэрхэн хүндэтгэж, үнэлж, бас бахархаж байдгийн тод жишээ.
Тухайлбал, шинжлэх ухааны сургуулийн захирал доктор, профессор Б.Болд-Эрдэнэ “Хэр баргийн хүмүүс ийм бүтээлийг бичих боломжгүй. Арвин их бүтээлтэй хүн энэ олон нэр томъёо ойлголтыг цэгцэлж тодорхойлж гаргасанаараа үнэ цэнэ нь арилшгүй юм” гэсэн юм. Харин түүнтэй олон жил нэг тэнхимд зэрэгцэн ажилласан М.Зулькафиль багш номоос илүү хувь хүнийх нь хөдөлмөрч, хариуцлагатай чанараар бахархаж явдгаа ярилаа. Тэрээр “Л.Норовсүрэн багшид онцгой хоёр чанар байдаг. Нэгдүгээрт маш хариуцлагатай хүн. Би 25 жил тэнхимийн эрхлэгч хийсэн. Энэ хугацаанд Норовсүрэн багшид ямар ч ажил даатгасан залуу багш нараас түрүүлж маш сайн гүйцэтгэдэг. Тэр хөдөлмөрч хариуцлагатай чанараараа бүхэл бүтэн баг, зөвлөлийн хийх ажлыг ганцаараа богино хугацаанд хийж чадлаа. Энэ бол гайхамшигтай хөдөлмөрийн үр дүн. Заримдаа Нооёо багшийг унтаж амардаг юм болов уу ч гэж боддог” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Сэтгүүл зүйн нэвтэрхий толь бол салбарын бүхий л мэдээллийг багцалсан, зөвхөн нэг хүний үзэл бодол бус онол болоод практик хүлээн зөвшөөрөгдсөн, хэрэглээнд аль хэдий нь нэвтэрсэн нэр томъёо, бүтээлийг нэгтгэснээрээ судлаач, оюутнуудын хувьд хамгийн чухал эх сурвалж болдог. Тэгвэл энэхүү нэвтэрхий толь нь сэтгүүл зүйн түүхээс гадна төрөл зүйл, тэр дундаа шинэ чиглэл, сэтгүүлчдийн намтар өнгөрсөн хугацаанд гарсан онцгой, үр нөлөө үзүүлсэн нийтлэлийн тухай товч мэдээлэл багтаасан гээд нийт 1641 жижиг сэдвээс бүтсэн эрдмийн бүтээл болжээ.
Тэгвэл энэхүү бүтээлийн эзэн Л.Норовсүрэн багш өөрөө энэхүү нэвтэрхий толь хийх болсон товчхон түүхээ хуваалцав.
“Хэдэн жилийн өмнө Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэнгийн санаачлагаар сэтгүүл зүйн нэвтэрхий толь хийцгээе гээд эрдмийн цол зэрэгтэй улсуудад сэдэв хуваарилж Соёлын яамаар хөөцөлдөж явсан ч тэгсхийгээд чимээгүй болсон. Миний хувьд өөрт нэг үүрэг хүлээлгэчихвэл тэр дор нь хийчихье гэдэг зантай. Тэр зангаараа намайг түүхийн сэдэв, төрөл зүйл хоёрыг бичнэ шүү гэсэн. Ингээд нэвтэрхий толь минь чимээ алдарсан ч нэгэнт эхлүүлсэн ажлаа дуусгахаар зориглоод одоо ард нь гараад байна” гэсэн юм.
Харин түүний талаар Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав:
“Их том бэлтэй хүн том юм руу ордог” гэж Б.Ренчин гуай хэлсэн байдаг. Аймгийн сонинд чанагдаж ажил амьдралын гараагаа эхэлж байсан Л.Норовсүрэн маань сэтгүүл зүйн том тойрог МУИС-д ажиллаж үе үеийн олон мянган шавь нартаа болсон. Тиймээс сэтгүүл зүйн талаар жинтэй том бүтээл хийхээс аргагүй хүн. Үнэхээр том бэлтэй хүн” гэсэн бол МУБИС-ийн ректор Ц.Батбаатар “Нэвтэрхий толь хийнэ гэдэг “нажид”-тай ажил. Норовсүрэн багш жинхэнэ мэдлэг оюун хүч хөдөлмөр бүхий эрдэм шинжилгээний маш чимхлүүр ажлыг ганцаар хийсэн нь гайхалтай хөдөлмөрч хүний шинж юм Сэтгүүл зүйн салбарт нэг том капитал, үнэт зүйл нэмсэнд баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 87 (7584)