Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Батшугар санаачлан өргөн барьсан юм.  Байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал танилцуулав. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: -УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн мэдүүлсэн хуулийг төслийг хоёр шалтгааны улмаас дэмжиж байгаа. Нэгдүгээрт, 200 мянган хүн хар жагсаалтад янз бүрийн шалтгаанаар орчихсон байдаг. Тиймээс хар жагсаалт бус санхүүгийн онооны жишгийг нэвтрүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт энэ хууль батлагдсаны дараа, зээлийн хүү буурна. Зээлийн хүүд байгаа эрсдэлтэй хүчин зүйлс багасна гэдэг хүлээлт байгаа. Тиймээс энэ хууль батлагдсанаар тэтгэврийн болон бусад зээлийн хүү буурна гэдгийг хэрхэн тооцож байгаа вэ? 

УИХ-ын гишүүн Э.Батшугар: -Зээлийн хүү буурна. Буурах гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, банкууд эрсдэлээ тодорхойлдог болсноор эрсдэл нь буурна. Тэгэхээр өндөр оноотой буюу сайн зээлдэгч нараа урамшуулдаг болно. Мөн тэтгэврийнхэн зэрэг тогтмол зээл төлдөг хүмүүсийн зээлийн оноо өснө. Үүнийг дагаж эрсдэл буурна. Тэр нь зээлийн хүү буурснаар илэрнэ. Тэтгэврийн зээлийг банкууд сар болгон данснаас нь шууд суутгадаг буюу хамгийн эрсдэлгүй зээл.Хоёрдугаарт, зээл авахын тулд “таньдаг эдийн засагч байна уу?” гэх мэтээр хүнээр яриулах гэдэг нь байхгүй болно. Түүний оронд зээлийн оноогоо банкинд үзүүлж, тэр оноо нь тухайн зээлдэгчийг бүрэн илэрхийлэх учир шууд л санхүүгийн үйлчилгээ үзүүлэх суурь нөхцөл үүснэ. Манай хэдэн том банкууд харилцагчийнхаа мэдээллийн бие биедээ хуваалцдаггүй. Тэгэхээр зөвхөн тэр банкны нөхцөлөөр санхүүгийн үйлчилгээ авч байна. Харин онооны системийг нэвтрүүлснээр хүссэн банкнаасаа зээл авах боломж бүрдэнэ. Тэгэхээр банкууд зээлийн хүү, таатай нөхцөлөөрөө өрсөлдөх орчин бүрдэнэ. Цаашилбал, барьцаа хөрөнгийн шаардлага ч буурна. Зээлийн оноо нь санхүүгийн биет бус хөрөнгө гэсэн үг. Банк, санхүүгийн байгууллагууд заавал арилжааны зээлтэй адилхан нөхцөл тавьж, тэтгэврийн зээлээр ашиг олох нь буруу гэж бодож байна. 

Эх сурвалж:www.polit.mn