Т.САЙХАН
Ромын 267 дахь папаар Роберт Превост тодорч, түүнийг дэлхий дахинаа Ромын пап лам XIV Лео хэмээн тунхаглав. Ийнхүү Роберт Превост Америкаас тодорсон анхны пап боллоо. АНУ, Перугийн давхар иргэншилтэй тэрээр 69 настай бөгөөд дэлхийн хэмжээний туршлагатай удирдагч. Тодруулбал, тэрбээр карьерынхаа ихэнх хугацааг Өмнөд Америкт номлогчоор өнгөрүүлжээ. Харин хамгийн сүүлд Ватиканы хамба ламыг томилдог хүчирхэг албыг удирдаж байжээ.
Ромын шинэ папыг сонгох санал хураалт тавдугаар сарын 7-нд эхэлсэн билээ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн католик шашны кардиналууд 267 дахь папын төлөө саналаа өгсөн. Нийт 133 кардинал санал хураалтад оролцов. Папын суудлын төлөө 10-20 нэр дэвшигч өрсөлддөг. Энэ жилийн тухайд голлох 10 нэр дэвшигч байсны нэг нь Роберт Превост юм.
Санал хураалт энэ удаад сунжралгүйгээр хоёр өдөрт ийнхүү шинэ папыг сонголоо.
Эх сурвалж:www.polit.mn