Б.НЯМСҮРЭН

Консерватив бодлоготой Христийн Ардчилсан холбоо намын тэргүүн Фредрих Мерц ХБНГУ-ын Канцлерын албыг аваад хэдхэн хонож байна. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон сонгуульд нам нь олонхийн санал авсанаар түүнийг 10 дахь канцлер болно хэмээн таамаглаж байсан ч даваа гарагт болсон парламентын санал хураалтаар Бундестагийн 630 гишүүний 50 хувиас дээшхи санал буюу 316 санал авахад дөнгөж зургаан санал дутсан нь дэмжигчдийг нь гонсойлгож орхисон. Харин мягмар гарагт болсон хоёр дахь санал хураалтаар 325 гишүүний дэмжлэгтэйгээр Германы Засгийн газрыг тэргүүлэх болов.

Дашрамд сонирхуулахад, 1949 онд Германд ардчилал сэргэснээс хойшхи 76 жилийн хугацаанд канцлерт нэр дэвшсэн хүмүүсээс хэн нь ч Бундестагийн санал хураалтад бүдэрч байсан түүх үгүй. Тиймээс даваа гарагийн санал хураалтын дараа парламент хэсэг бужигнаж байгаад мягмр гарагт дахин санал хураалтыг явуулсан нь энэ юм.

Өдгөө 69 настай Мерц тангараг өргөж, 17 сайдтай засгийн газрын тэргүүний албаа хүлээн авав.

Өнгөрсөн хоёрдугаар сард болсон сонгуулиар 20.8 хувийн санал авч хоёрдугаарт орсон хэт барууны үзэлтэй Германы альтернатив нам Мерц санал хураалтын босгонд бүдэрсэн учир шинээр сонгууль явуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Ямартай ч Европын хамгийн хүчирхэг эдийн засагтай орны засгийн газрын тэргүүний суудал өнөөгийн цаг үе, олон улсын нөхцөл байдал тулгамдуу байгаа үед удаан эзэнгүй байх нь зохимжгүй хэмээн үзэж санал хураалтыг наашлуулсан юм. Тэгвэл хоёрдугаар сараас хойш Канцлер болох нь тодорхой байж, дотоод болон гадаад бодлогоо ч нээлттэй илэрхийлж байсан Ф.Мерцийн бодлогыг сонирхъё.

69 настай Мерц өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй ч тэрээр Европт манлайлал үзүүлж, Украиныг дэмжихээ амласан.

Тэрээр олон улсын нөхцөл байдал тэр дундаа Европын холбоо АНУ-ын харилцааны тун эгзэгтэй цаг үед Европын хамгийн том эдийн засагтай улсын засгийн газрыг толгойлж байгаагаараа онцлог үе тохиож байна. Германы бизнесийн сэтгүүл Wirtschaftswoche “Мерц бол "транс-атлантын байр суурийг дэмждэгээрээ Европын найз бөгөөд шинэчлэгч юм. Тиймээс тэр “Одоогийн цаг үед яг тохирсон хүн" хэмээн бичжээ.

1989-1994 онд Мерц Европын парламентын гишүүн байсан. Үүний дараа 1994-2009 онд Бундестагт 15 жил ажилласан бөгөөд энэ хугацаанд тэрээр АОХН-ийн парламент дахь бүлгийн дарга болж, намын удирдлагын төлөөх тэмцэлд домогт Канцлер Ангела Меркельд ялагдаж байжээ. Энэ үедээ тэрээр Германы АНУ-тай харилцах харилцааг онцгойлон сонирхож байв. Мерц сүүлийн хэдэн сарын турш Европын засгийн газрын тэргүүн нартай тогтмол харилцаж, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой Елисей ордонд оройн зоог барьж, Берлин эсвэл Брюссельд хоёр талын хэлэлцээ хийж байгаагаа байнга дурдддаг байсан. Мөн The Guardian-ы мэдээлснээр Ф.Мерц ойрын үед олон улсын нөхцөл байдал болон худалдааны тариф, цаг үеийн асуудлаар АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай утсаар ярихаар төлөвлөж байгаа бололтой.

Харин дотоод бодлогын хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засаг нь хумигдаж, цагаачлал, аюулгүй байдлын хурцадмал байдалтай, нийгмийн туйлшралтай тулгараад байгаа. Тэрээр цагаачлалын асуудалд хатуу байр суурьтай байхаа сонгуулийн дараа ил тод зарласан. Мөн 2015 оны Европын цагаачдын хямралын үеэр Ангела Меркелийн хилийг нээх бодлогыг Германыг ихэд доройтуулсан хэмээн шүүмжилдэг аж. Мөн сүүлийн үед Германы тагнуулын албанаас тус улсын хоёрлогч томоохон улс төрийн хүчин болох AfD-г хэт барууны үзэлтэй хэмээн буруутгаж, үйл ажиллагааг нь хориглох тухай асуудлыг гаргаж тавиад байна. Харин AfD намын хувьд мөн шүүхэд хандахаа мэдэгдсэн. Тиймээс ч дотоодын болон олон улсын олон ээдрээтэй асуудал шинэхэн канцлерийг хүлээж байна.

Эх сурвалж: zms.mn