П.ЛХАГВАЖАРГАЛ

 

 

Энэхүү хоёр ном нь түүх соёлын чухал ач холбогдолтой бүтээл

Эх орныхоо тусгаар тогтнол, элгэн садныхаа аюулгүй байдлын төлөө амь хайргүй тэмцсэн эрэлхэг цэрэг эрсийн аугаа ялалтын 80 жилийн түүхэн ойн өдөр нөгөөдөр тохиох билээ. Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойг угтан Монгол Улс, ОХУ-д түүхэн үйл явдлын үнэ цэнийг эргэн дурсаж, өвөг дээдсийн гавьяаг мөнхжүүлэх олон ажил зохион байгуулж байна.

Тэдгээрийн нэг нь өчигдөр Офицеруудын ордонд нээлтээ хийсэн “Эх орон-Их ялалт”, “Дайны баатрууд” хоёр ном байсан юм. Номын нээлтийн ёслолд номыг бүтээгчдээс гадна Монголын Энхтайван найрамдлын байгууллагуудын тэргүүн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа баатар, Монгол Улсад ОХУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд А.Н.Евсиков болон ардын уран зохиолч, яруу найрагч Д.Цоодол, соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Ж.Нэргүй, нэрт орчуулагч, зохиолч Н.Пүрэвдагва нарын Монголын утга зохиолын шилдгүүд, соёл урлаг, хэвлэл мэдээллийнхэн, ОХУ-ын ЭСЯ болон Монголд үйл ажиллагаа явуулж буй Оросын байгууллагуудын төлөөлөл оролцов.

Энэ үеэр Монгол Улсад ОХУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд А.Н.Евсиков “Эрхэм орос, монгол анд нөхөд өө. Эх орон нэгтнүүд ээ! Өнөөдөр надад 1941–1945 оны Эх орны их дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулсан шинэ бүтээлүүдийн нээлтийг хийж, олон нийтэд танилцуулах ховор боломж тохиолоо. Уран сайхны орчуулгатай яруу найргийн “Эх орон-их ялалт”, баримтат нэвтэрхий толь хэлбэрийн “Дайны баатрууд” судалгааны бүтээл хоёр хоорондоо ялгаатай боловч өнөөдөр нэгэн дээвэр дор хамтдаа байх тавилантай ажээ. Эдгээр бүтээлүүдэд  манай ард түмнүүдийн нацизмын эсрэг хийсэн тэмцлийн нэгэн ижил түүхийг өгүүлж байна. Өнөөдөр танилцуулж буй энэхүү хоёр номд олон өнцгөөс дүрсэлсэн түүхэн баатруудын гэрэлт дүр төрх нь эх орондоо үнэнч байх, эцэг өвгөдийн байгуулсан гавьяа бидний ирээдүйн үйл хэрэгт оюун санаа, ёс суртахууны баттай тулгуур байх нь дамжиггүй. Аугаа их ялалтын түүхэн ойд зориулсан энэхүү гайхамшигтай хоёр ном нь  түүх соёлын чухал ач холбогдолтой бөгөөд эдгээрийг бүтээхэд оролцсон Оросын эх орон нэгтнүүд, Монголын соёл, шинжлэх ухааны зүтгэлтнүүд, урам зоригоор дүүрэн эрхэм Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэсэн юм.

 

61 яруу найрагчийн 70 шахам бүтээлийг сонгон орос, монгол хэлэнд орчуулсан

Монгол, Оросын яруу найрагчдын шилдэг бүтээлийн түүвэр “Эх орон-Их ялалт” номыг Монгол Улсын гавьяат багш, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор, М.В.Ломоносовын нэрэм­жит Москвагийн Улсын их сургуу­лийн хүндэт профессор, ОХУ-ын боловсрол, шинжлэх ухааны элч Ц.Саранцацралын санаачилгаар “Бадрангуй урлаг” төрийн бус бай­гууллага, “Улаанбаатарын сонин”-ы редакцын баг хамтран хийжээ. Энэхүү номд 61 яруу найрагчийн 70 шахам бүтээлийг сонгон оруулахаас гадна хэд хэдэн онцлогийг тусгажээ. Тухайлбал, Монгол, Оросын яруу найрагчдаар хязгаарлалгүй Белорус, Казах, Дагестан, Якут, Башкир зэрэг хуучин Зөвлөлтийн олон үндэстний утга зохиолын төлөөллийг багтаасан байна. Зөвлөлтийн болон  Оросын 29 найрагчийн 33 шүлэг, найраглалын ихэнх нь эх орон  дайны жилүүдэд бичсэн бүтээл аж. Харин Монголын яруу найрагчдын бүтээлүүд дунд эх орны дайны гал дүрэлзсэн тэр үед бичигдсэн цөөн бүтээл бий. Гэхдээ дайны гамшгийг сэрэмжлүүлж, дайчин баатруудыг магтан дуулсан үе үеийн 31 найрагчийн бүтээлийг сонгон орос хэл рүү орчуулсан юм. Тэдгээрийн заримыг 1960, 1980, 2000-аад онд хэвлэгдсэн бүтээлүүдээс  авсан бөгөөд ихэнх монгол шүлгийг зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр шинээр орчуулан оруулжээ.  Тухайлбал, Монголын нэрт яруу найрагч Д.Цоодолын “Нэр нь тодроогүй баатрууд”, Б.Лхагвасүрэнгийн “Эрчүүд эзгүй зун” шүлгийг Москвад амьдардаг Оросын яруу найрагч, орчуулагч Н.Звягинцев  орчуулсан байна.

 

Сая сая хүний амь насны үнэтэй ялалтын цаана юугаар ч сольшгүй үнэтэй эх орон байсан учраас бид номоо “Эх орон-Их ялалт” хэмээн нэрлэсэн

Эх орны дайны тухай гэхээр олон хүний хувьд “Катюша”-гаас эхлээд эрэмгий цоглог ялалтын дуунууд санаанд буудаг. Тиймээс бидний орос хэл дээр дуулж, сонсож байсан ялалтын олон дууг орчуулагч  Н.Пүрэвдагва монгол хэл рүү хөрвүүлж, энэхүү номыг бүтээжээ. Юуны өмнө миний санаачилгыг бодит ажил болгохын төлөө ажилласан редакцын багийнханд, дэмжиж тусалсан яруу найрагчид, орчуулагчид, ОХУ-ын Элчин сайдын яамныханд гүн талархал илэрхийлье. Сая сая хүний амь насны үнэтэй ялалтын цаана юугаар ч сольшгүй үнэтэй эх орон байсан учраас бид номоо “Эх орон-Их ялалт” хэмээн нэрлэсэн. Бид номоо Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн “Миний нутаг”, Оросын нэрт яруу найрагч С.А.Есениний “Орос нутаг” гэдэг шүлгээр эхэлсэн. Учир нь эх оронгүй бол бид юуны төлөө ялалт байгуулах юм. Эх орон бол бидний хамгийн чухал үнэт зүйл гэдэг утгаар эх орны тухай шүлгээр яруу найргийн түүврээ эхлүүлсэн. Мөн номын ард орчуулагчдын товч намтрыг орос, монгол хэлнээ хүргэж байгаа” хэмээн Ц.Саранцацралт номынхоо утга учрыг тайлбарласан юм.

Уг номыг Элчин сайд А.Н.Евсиков  Монгол, Оросын яруу найрагчдын шилдэг бүтээлийн “Эх орон – Агуу ялалт” түүврийг  манай хоёр орны ард түмний түүхэн ой санамж, сэтгэл зүрхний нэгдмэл байдлыг гэрчлэх бодит баримт хэмээн үнэлж буйгаа илэрхийлсэн юм. Ингэхдээ “Энэхүү бүтээл нь тэр үеийн Зөвлөлт болон Монголын ард түмний мөрөөдөл, тэмүүлэл хэрхэн адил байсан, мөн түүнчлэн өнөөгийн монголчууд болон оросуудын зүрх сэтгэлд өнгөрсөн түүхийн түгшүүрт боловч агуу, хувь заяаг тодорхойлсон үйл явдлууд хэрхэн ижил гүн гүнзгий  өрнөж байсныг яруу найргийн хэлээр илэрхийлсэн” гэж өгүүлсэн билээ.

 

Дайны халуун цэгт тулалдаж байсан цэрэг эрсийн нэг захиа, нэг зургаас эхэлж баримт цуглуулсаар номоо бүтээсэн

 

“Эх орон-их ялалт” яруу найргийн түүвэртэй хамт нээлтээ хийсэн “Дайны баатрууд” номыг Монгол дахь “Оросын эх орон нэгтнүүд” байгууллагаас эрхлэн гаргасан юм. Тус байгууллагын төлөөлөгч Марина Геннадиевна  “Олон жилийн өмнөөс түүхийн гэрч болсон хүмүүс, тэдгээрийн гэр бүлээс архивын материал, захиа, гэрэл зураг зэргийг цуглуулж энэ номоо хийсэн. Үүнд төлөвлөгөөтэй, захиалгатай зүйл огт байхгүй. Бидний зүрх сэтгэлээр гэж болно. Дайны халуун цэгт тулалдаж байсан цэрэг эрсийн нэг захиа, нэг зургаас эхэлж баримтаа цуглуулсаар номоо бүтээсэн. Монгол Улсад төрж, өсөж, ажиллаж, амьдарч байсан эгэл жирийн орос залуус, эх орныхоо төлөө эргэлзэх зүйлгүйгээр дайнд мордсон цэрэг эрсийн тухай түүхэн бодит баримтаар номоор бүтээлээ. Тэдгээр баатарлаг гавьяатай цэргүүд дайны хүнд жилүүдийн дараа ч өөрсдийнхөө хийсэн бүтээснээр онгирч, дайны тухай ярьдаггүй байсан. Тэр бүхнийг эх орныхоо төлөө хийх ёстой үүрэг гэж боддог байв. Үүнээс гадна эх орны дайны он жилүүдэд ЗХУ-ын нутаг дэвсгэрт амьдарч, цэргийн болон бусад их дээд сургуульд сурч, бэхлэлт, хамгаалалтад ажиллаж, магадгүй цусаа өгч энэ ялалтыг ойртуулахад оролцсон Монголын зуу зуун иргэдийн дурсгалыг мөнхжүүлэх үүднээс энэхүү номд түүхэн хуудсыг шингээсэн. Энэхүү ялалтын нэгээхэн хэсэг болсон эгэл жирийн малчин монголчуудын зүрх сэтгэлийн бэлэг, хариу нэхээгүй тус болж долоон цуваа нь бидний хойч үед ч яригдаж байх түүхийн хамтын хуудас юм” гэж баярын нулимстай хэлсэн билээ.

Ардын уран зохиолч Д.Цоодолын “Нэр нь тодроогүй баатрууд” шүлгийг соёлын гавьяат зүтгэлтэн Р.Өнөржаргал дуудсан юм.

“Халх голын дайны 85 жил”-ийн хүндэтгэлийн медалийг ардын уран зохиолч Д.Цоодол, зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва нарт гардуулснаар энэхүү номын нээлтийн ёслол өндөрлөсөн юм.

 

НЭР НЬ ТОДРООГҮЙ БААТРУУД

 

Нэр нь тодроогүй баатрууд минь Та нар

Нэлэнхүй энэ хорвоод яасан олон юм бэ

Бичих нэргүй, оноосон хөшөө ч үгүй

Биднээс чухам хэчнээн нь үүрд буцсан юм бэ

Дорнод Монголын талын даруухан булшин дээр

Домогт эздийн нь нэр алга байлаа

Долгилох олны хөлтэй Кремлийн хөшөөн дээр

Дор хаяад ганц ч нэр үгүй байлаа

Ханагар дэлхийн энд тэнд

Хал үзсэн Европын төгөл дунд

Дунд чинь босгосон хөшөөн дээр

Дуурсах нэрийг чинь “Нэргүй” гэж бичсэн байлаа

Догшин ялалтын сүлд та нарыг дурсахдаа

Догдолж хөшөөний чинь өмнө очих бүрдээ

Нүд бүрхсэн нулимсаа нэвт

Нүүр царайг чинь би сайн хардаг шүү

Исгэрэх сумнаас амьдыгаа хааж унаад

Ирээгүй цэрэг ирснээсээ лав доргүй

Үлдэх нэрээ биш үлдэгсдээ гэсээр

Үрэгдсэний гавьяа яасан ч багагүй

Байлдаж байхдаа аль нэгэн нэртэй явснаа

Баатар болчхоод одоо нэргүй болцгоох гэж үү

Хэмжээгүй жаргалтай суухдаа бид

Хэн түүнийг нь өгснийг мэдэхгүй явцгаах гэж үү

Далай тэнгисээс гол горхи олон

Даруухан одод нар сарнаас олон

Дайчид та нар алдаршсанаасаа олон

Дархан алдарт чинь насан туршаа мэхийе

Та нарыг нэргүй гэж бид ярьж

Тавих цэцгээ дунд чинь өргөж байвч

Орчлонд та нар шиг нэртэй нь хэн бэ?

Он жилийг тоохгүй урт настай хэн байна

Энэ хорвоод ургах цэцэг болгон

Энгэр дээр ярайх та нарын одон

Элж хотойхгүй ертөнцийн хамаг улс

Эгнэгт сүндэрлэх та нарын хөшөө

Тариа ханхалсан талын шар салхи

Тасарна гэж үгүй та нарын амьсгал

Бух чулуу гижигдэн уулын өндрөөс

Бууж ваа горхи та нарын догшин цус

Бум түмэн айлд шоволзох улаан гал

Булиглаж байгаа та нарын халуун зүрх

Өнө үүрд ингэж амьдрахыг чинь мэдээд

Өнөө хүртэл дайснууд та нараас айдаг

Аль эрт та нарт ялагдсаныхаа өшөөг

Амьд мэнд яваа надаас авах гэдэг

Нэргүй баатар гэж байхгүй баатар л гэж бий

Нэг хэсэгхэн нь ялаагүй олны гавьяа бий

Хэцүү тулаанд та нар түрүүлж орсон

Хэрэг гарвал би шилийг чинь дарж орно

Тулаанд та нар дахиад л ялна

Тугаа шороодоогүй үнэний цэргээрээ үлдэнэ.

 

БЕЗЫМЯННЫЕ ГЕРОИ

 

Вы, наши безымянные бойцы,

Вас много средь покинутой земли.

Без имени, без памятника здесь,

Безмолвно вы навек от нас ушли!

На кладбищах, что спят в тиши степи,

Нет легендарных более имён.

На площади Кремлёвской средь толпы –

Ни камня там, ни имени на нём.

В земле великой, в разных уголках,

В Европе старой, в рошах, на лугах,

На памятнике имя не найти –

Навек вас «неизвестными» зовём.

И каждый раз, в победы грозной дни,

Иду, чтобы героев вспоминать.

Сквозь слёзы я на памятник смотрю,

Смотрю и вижу лица ваши вновь.

От пуль свистящих заслонив живых,

Отважный, не вернувшийся тогда,

Друзей спасённых он оставил нам,

Далёкий подвиг, память навсегда.

Вам, на войне носившим имена,

Вдруг «безымянны» стали говорить.

За счастье всё, к чему привыкли мы, -

Забыли мы, кого благодарить?

Степных речушек больше, чем морей,

Свет скромных звёзд, чем солнечный, сильней.

Сколь больше вас, чем память о войне!

Склоняюсь, вашим подвигом горжусь.

Мы всех вас «безымянными» зовём,

Мы помним вас и дарим вам цветы.

Кто в этом мире есть славнее вас?

Кто прожил дольше в памяти веков?

Весной цветы, земля ими полна,

Весь мир надел, как ваши ордена.

Все люди мира с памятью о вас

Ваш нерушимый памятник один.

Далёкий хлебный ветер золотой

Дыханье ваше в мире на века.

Вся вниз с вершин бегущая вода,

Вот крови вашей грозная река.

В любом окне горящие огни,

Вот сердце ваше, бьющееся вновь.

За то, что живы в памяти всегда,

Заклятый враг боится вечно вас.

Пусть отомстить проиграна война –

Пытаться он живым захочет нам,

Не будет “безымянного” вокруг:

Наш подвиг - это дело многих рук.

Вы первыми бросались в жаркий бой,

Вослед вам я всегда готов пойти

Сражаться, чтобы снова победить,

Остаться победителем всегда.

Перевод Н.Н.ЗВЯГИНЦЕВА, 2025 г.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 85 (7582)