С.УРТНАСАН

 

Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билэг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа “Storyline learning” сургалтын төвийн багш Б.Энхтунгалаг болон шавь нарынх нь бүтээлийг онцоллоо.

 

-Хүүхдүүдтэй уран зургийн өнгө, будаг, шугам, зураасаар холбогдох нь өөрөө ямархуу мэдрэмж байдаг вэ?

-Би зурахыг хэзээд өөрийгөө илэрхийлэх, сэтгэлгээгээ нээх чөлөөтэй орон зай гэж ойлгож ирсэн. Гэхдээ энэ мэдрэмжээ зөвхөн өөрөө мэдрээд өнгөрөх биш, бусдад дамжуулах, ялангуяа цэцэрлэг, бага, дунд, өсвөр насныханд дотоод ертөнцөө зурагт шингээх боломж өгч, өөрийгөө танин мэдэхэд нь тусалбал илүү утга учиртай юм шиг санагдсан. Оюутнуудад таван жилийн хугацаанд уран зургийн хичээл зааж байсан. Сурагчдыг бүр багаас нь суурь боловсролд урлагийн мэдлэг олгож танин мэдүүлж аливаа зүйлд бүтээлч сэтгэлгээгээр хандаж нийгэмд эерэг хандлага харилцаатай, аливаад урлагийн мэдрэмжтэй хандах хэрэгтэйг мэдсэн. Хүүхдүүдтэй ажиллах нь миний хувьд дахин дахин шинэ ертөнцтэйг нээж түүнтэй танилцаж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Бид уран сэтгэмжит зураг, анима/манга төрлийн дүрслэл, сторибоард мөн байгаль, амьтан, өөрсдийн мэдрэмжээр илэрхийлсэн зургуудыг давамгай зурдаг. Зарим хүүхдүүд дүрслэх урлагаар дотоод ертөнцөө үгээр илэрхийлэх боломжгүй үедээ зурах замаар “ярих” гэж оролддог нь маш мэдрэмжтэй хөөрхөн байдаг.

-Зураг зурдаг хүүхдүүдийн дотоод ертөнц, үзэл бодлынхоо хувьд ямар байдлаар илрэн гардаг вэ?

-Зураг зурдаг хүүхдүүд ихэвчлэн ажигч, эмзэг мэдрэмжтэй, дотоод сэтгэл нь гүн гүнзгий байдаг. Тэдний зурсан дүрс, өнгө сонголт зохиомж нь үгээр хэлж чадахгүй, сэтгэл хөдлөл хүсэл мөрөөдөл, заримдаа тайван бус сэтгэл зүй буюу зовнилыг ч илэрхийлж байдаг. Жишээ нь, тод өнгө давамгайлж байвал баяр баясгалан, харин саарал, хүйтэн өнгө зонхилж байвал дотоод түгшүүр гуниг байж болдог.

-Дугуйлангийнхаа давуу тал болон хүүхдүүдийн зурах үйл явцын талаар тодотгон яривал?

-Манай дугуйлангийн онцлог хүүхдийг “сайн” зурах-аас илүү өөрийгөө илэрхийлэх боломжийг нээж өгөхөд чиглэдэг. Бид уран зургийн техникийн суурь мэдлэгийг заахаас гадна, уран сэтгэмж, сэтгэл хөдлөлийг хэрхэн зурагт тусгахыг хичээл болгож зааж өгдөг. Зарим сурагчид 1-2 долоо хоног өөртөө итгэлгүй байдаг. Үргэлжлүүлэн зурснаар өөрийнхөөрөө зурж, өөрийгөө ойлгон илэрхийлж сурдаг. Манай дугуйлан бага, дунд, өсвөр насныханд зургаар өөрийгөө илэрхийлэх, бүтээлч сэтгэлгээг өргөжүүлэх болоод ахлах ангийнханд мэргэжлээ сонгож их сургуульд бэлтгэхэд нь хар зургийн ур чадварт бэлтгэх анги залуучууд бүх насныханд зориулсан канвас арт, арт графт, гэх мэт урлагийн төрөл бүрийн төрөл жанрыг дүрслэх урлагийн боловсролыг олгоход чиглэж байна.

-Зургаар дамжуулж эмчилгээ хийгддэг гэсэн энэ тухай хүмүүс хэр мэдээлэлтэй байдаг вэ?

-Зураг зурах нь өөрөө арт терапи буюу дүрслэх урлагийн бүтээлийн сэтгэл заслын нэг хэлбэр юм. Ялангуяа өсвөр насныхан үгээр илэрхийлж чадахгүй зүйлсээ өнгө будаг, дүрс шугам, зэргээр илэрхийлж хэлдэг. Зарим хүүхдүүд айдас, түгшүүр сэтгэл гутралтай байгаа нь зураас, өнгөөр илэрхийлэгдэж гардаг удалгүй удаан зураад ирэхээрээ тайвширч өнгө, будаг, зураас даралт нь өөрчлөгдөж анхаарал нь төвлөрч, эерэг өөрчлөлт илэрдэг. Манай хичээл ийм чиглэлд нөлөөлж байгаа нь харагддаг. Хүүхэд бүрийн зурах хэв маяг өөрчлөгдөж, сэтгэлзүйн хувьд тайвширдаг нь мэдэгддэг. Үүнээс үүдэн “Storyline” төв нь Монгол улсад мэргэжлийн урлагийн сэтгэл засалч бэлтгэх сургалтыг мэргэжлийн багш нар Америк, Солонгос, Индонез, зэрэг улсаас цахим болон танхимаар хоёр жилийн өмнөөс бэлтгэж эхэлсэн. Одоогийн байдлаар долоон урлагийн сэтгэл засалчийг бэлтгэн гаргасан бөгөөд Ховд, Дархан, Улаанбаатарт энэ чиглэлээрээ ажиллаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 84 (7581)