С.УРТНАСАН

“UNIS” охидын хамтлаг шинэ цомгийнхоо хөгжмийн шоуны сурталчилгааг амжилттай дуусгалаа.Тэд хоёр дахь мини цомог болох “SWICY” нэртэй дууныхаа сурталчилгааг ойролцоогоор гурван долоо хоногийн турш үргэлжлүүлж, тавдугаар сарын 4-ний өдөр “SBS” телевизийн “Inkigayo” нэвтрүүлгээр сүүлийн тайзны тоглолтоо хийж өндөрлүүллээ. Тус хамтлаг хоёр дахь мини цомгийн нэрийг “SWICY” гэж нэрлэсэн нь “sweet” (чихэрлэг) болон “spicy” (халуун ногоотой) гэсэн үгний нийлмэл хэлбэр юм. Энэ нь тэдний шинэлэг өнгө төрх, уран бүтээлийн хоёр туйлын мэдрэмжийг нэгэн зэрэг илэрхийлж байгаа уран сэтгэмжтэй нэр гэдгээрээ онцлогтой.

UNIS хамтлаг F&F энтертайнмент  агентлагаараа дамжуулан талархлаа илэрхийллээ. “Шинэ сорилтдоо ийм их хайр хүлээж авсандаа маш их баяртай байна. Биднийг үргэлж дэмжиж байдаг “EverAfter” албан ёсны фен клубийнхэн та бүхэнд баярлалаа, бид та нарыг хайрлаж байна. Та бүхэнтэйгээ ойр ойрхон уулзаж байсандаа мөн баяртай байна” гэж хэлжээ. “SWICY” нь UNIS хамтлагийн өвөрмөц, эрч хүчтэй өнгө төрхийг чихэрлэг ба халуун ногоотой уур амьсгалтай хослуулсан онцгой хэв маягаараа олны анхаарлыг ихээр татдаг. Энэхүү дууны сэргээмэл аялгуу болон хөгжилтэй, уран сэтгэмжтэй үзүүлбэр нь хамтлагийн найман гишүүнд төгс зохицож, сошиал медиад хурдан тархаж, олон тооны челлэнж бичлэгүүдийг гаргажээ.

“SWICY” үзэгдлийг дэмжсэн шинэлэг сурталчилгааны стратеги ч мөн олны анхаарлыг татсан. Ихэнх уран бүтээлчид шинэ дуунуудаа бүжгийн челлэнж болон ковер бичлэгүүдээр сурталчилдаг бол UNIS уламжлалаас өөрөөр ханджээ. Тэд жүжигчин Хён Бон Шигийн оролцсон, “SWICY”-тэй холбоотой хөгжилтэй байдлыг дүрсэлсэн, вирус мэт тархсан зар сурталчилгааны хэв маягтай богино хэмжээний кино гаргасан гэнэ. Энэхүү бичлэгийг “Show! Champion” болон “The Show” нэвтрүүлгүүд дээр эргэн ирэлтийн тизер болгон ашиглаж, өргөн хүрээнд анхаарлын төвд орсон.

Охидын хамтлаг “SWICY” цомгоороо ч мөн онцлох амжилт үзүүлээд амжжээ. Тус цомог iTunes-ийн чартыг 14 улсад тэргүүлж, дотоодын хөгжмийн чартад ч амжилттай орсон бөгөөд Melon-ийн Hot 100 чартад 62-р байрт, Bugs-ийн бодит хугацааны чартад гуравдугаар байрт жагссан нь тэдний дэлхий дахинд өсөн нэмэгдэж буй алдар нэрийн тод илрэл юм.Энэ амжилтын давлагаан дээр UNIS хамтлаг “Show! Champion” нэвтрүүлгээр анх удаа хөгжмийн шоуны шагнал хүртэж, уран бүтээлийнхээ түүхэнд нэгэн чухал хуудас нээсэн гайхалтай үйл явдал бас тохиосон. Хэдий тэдний хөгжмийн шоуны үзүүлбэрүүд дууссан ч “UNIS”-ийн аялал үргэлжилж байна. Тэд анхны Азийн аялан тоглолтоо хийхээр бэлтгэж байгаа бөгөөд найман гишүүн “SWICY”-ийн уур амьсгалыг үргэлжлүүлэхийн тулд дотоод болон олон улсын тайзнаа уран бүтээлээ толилуулах болно.

Эх сурвалж: zms.mn