Л.ХЭРЛЭН

 

Энэ ертөнцөд хүн болж ирснийх удаан амь­дармаар байна. Түүний тулд амьд явах эрхээ   Үнд­сэн хууль доторх   уриа лоозон  бус, алхам тутамд  мөрдөгдөж намайг хам­гаал­даг “дуут дохио”  бол­гохыг хүснэм.

Уг нь энэ үүднээс “Мон­гол Улсын иргэн амьд явах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд аж төрөх ёстой”  гэж хуульчилсан биз. Гэвч хэзээ ч хэрэгжиж байсангүй. Цаашид ч тийм байж болзошгүй. Тэгэхдээ бүр  хүний амь нас амьтны араг яснаас ч үнэгүй  болох жишиг  рүү явж байна.  Ардчилсан Ерөнхийлөг­чийн үг, үйлдлээс ийм дүр зураг харагдах боллоо. 

Ерөнхийлөгч эв нэгд­лийн баталгаа, Ц.Элбэг­дор­жийн өөрийнх нь хэлс­нээр “Ард түмэнтэйгээ амь нэг” –тэй эрхэм. Түү­ний хэлснээс хүмүүст хам­гийн их хүрсэн бас нэг ишлэлийг сануулахад “Ард түмнээ намаар, хү­нээр, албан тушаалаар нь алагчилдаггүй Ерөнхий­лөгч байна” гэж анх удаа амласан төрийн тэргүүн. Миний амь Ерөнхийлөг­чийнх,  Ерөнхийлөгчийн амь минийх хэмээн бүгд итгэж байв. Албан ту­шаалт­ныг бус ард иргэдээ гэсэн нэгэн үзүүрт сэтгэ­лээр хандана хэмээн дэмжиж байлаа.

Харамсалтай нь, тө­рийн тэргүүний үг, үйлдэл эсрэгээрээ хэрэгжиж бай­на.   Магадгүй хэнийг  амьд байлгах, хэнийг  нь үхэг гээд зөнд нь хаях, бүр үхээсэй гэж  эмчлүүлж байгаа хэн нэгнийх нь  эмчилгээг  зориуд тасал­дуулах хүртэл бүгдийг гартаа атгахаа  тийнхүү хэлж байсан мэт.  Ингэж бодоход хүргэсэн үйл явд­лууд ар араасаа хөвөрч тэр болгонд   Ц.Элбэгдорж  ямар нэгэн байдлаар хол­богдож заримд нь шууд оролцож байгаа юм. 

 

БАРИМТ 1: АМЬТНЫ ЯСНААС ҮНЭГҮЙ АМЬ

Малайзын харгис хэрцгий алуурчдын гарт амь үрэгдсэн охиныхоо араас  долоон жил яваад эрэл нь мухардсан эцэг эцэст нь Ерөнхийлөгчид хандаж ил захидал бичсэн нь хэвлэлийн хуудаснаа дурайж байна.  Иргэн С.Шаарийбуу гуайн тэр­хүү захидлын хариуг сэт­гүүлч мэргэжилтэй  төрийн тэргүүн маань хэвлэлээр л лав өгөөгүй. Долоон жи­лийн турш  манай Засгийн газар, Нажибын Засгийн газрын  хооронд  өрнөсөн үйл явдал, Гадаад харил­цааны яамнаас томилсон ажлын хэсгийн мэдээлэл, удаа дараагийн шүүх хур­лууд төрийн тэргүүний чихнээс холуур өнгөрөө­гүй байлтай. Үнэхээр ард­чилсан Ерөнхийлөгч,  ард түмэнтэйгээ амь нэгтэй нь үнэн л юм бол Малайзад өөрийн биеэр очиж  иргэ­нийхээ амийг нэхэж бол­сонгүй юу. Өнөөдөр мил­лиард гаруй хүн амтай  Энэтхэг улс нэг иргэний­хээ  төлөө  нийтээрээ тэм­цэж байна.  Гэтэл цөөхөн монголчуудын эцэг, тө­рийн тэргүүн юу хийж байна вэ.

Алхам тутамд хүний амь нас, амьд явах эрхийн асуудал хөндөгдөж байхад Ерөнхийлөгч аль галавын амьтны араг ясыг  эрэн сурвалжилж,  Олон улсын шүүх, прокурорын бай­гуул­лагад  өөрийн нэрээр нэхэмжлэл  гаргаж,   хол­богдох хүмүүстэй  нь уул­заж  байв. Монгол хүн амьд явах эрхтэй гэсэн язгуур эрх ашгийг хуульчлан ба­тал­гаажуулсан Үндсэн хуулийн өдөр, тус хуулийн хэрэгжилтэд ач холбогдол өгдөггүй атлаа жил бүрийн тавдугаар сарын 18-нийг “Батаарын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар болгов. Гадаадынханд энэ бол маш том баримт. Ганц Ба­таар ч бус  монгол хүний  тухай  дараагийн удаад баримтлах үзэл хандла­гынх нь  чигийг манайхан тогтоож өгсөн нь тэр.  Мон­­гол хүний амь нас амьтны араг яснаас ч  үнэ­гүй гэх гаж жишгийг Ц.Эл­бэгдорж ийнхүү тогтоолоо.

 

БАРИМТ 2. Б.ХУРЦ ХЭРЭГТЭЙ БУСАД НЬ ХАМААГҮЙ

Өнөөдөр хүний эрх, эрх чөлөө, амьд явах эр­хийн төлөө өлсгөлөн суулт хийж буй эмэгтэйчүүд, ээжүүд олон байна. Тэд­ний амь нас хутганы ирэн дээр байгаа.  Түүний  цаана эрх нь зөрчигдсөн хэдэн зуун хүн, хариуц­лага хүлээх эзэн олдохгүй, эсвэл аль нэг шатанд нь бүрхэгдүүлэн хэрэгсэхгүй болгосон хэргүүд зөндөө бий.

Түрүүнд дурьдсанчлан Малайзад амь насаа алд­сан Ш.Алтантуяагаас гадна  ОХУ, АНУ, Солон­гост  учир битүүлгээр бус­дын гарт үрэгдсэн  монгол хүн цөөнгүй. Олон улсын шилжилт, суурьшлын бай­гууллага, “Хүйсийн тэгш эрхийн төв”—ийн хамтарсан  судалгаагаар  өнгөрсөн онд манай  ул­сын 60 иргэн гадаадад нас барсан тоо гарчээ.  Түү­нээс ОХУ-д зургаа, БНХАУ-д долоо, БНСУ-д 26, бусад улсад 21, өвч­нөөр 26, золгүй тохиолд­лоор 10, авто ослоор найм, амиа хорлосон гурав, бу­сад  шалт­гаанаар 13 иргэн амиа алдсаныг тогтоосон байна.  Түүнээс гадна хүний наймаа, хар там­хины хэргийн золиос болж ял сонссон  эмэгтэйчүү­дийн  тухай мэдээлэл  дуулд­даг. Гадаад харил­цаа­ны сайд Л.Болдын  УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдэд   сонс­госон мэдээллээр  манай улсаас гадаадад ял эдэлж байгаа 138 иргэн бий. Үүний 26 нь хар тамхитай холбоотой гэмт хэрэгт хол­богджээ. Цаазаар авах ялтай тав, хугацаагүй хо­рих ялтай нэг, 5-10 жи­лийн ялтай дөрөв, 10-15 жилийн ялтай 12 хүн бай­сан бол 15-аас дээш жи­лийн ялаар шийтгүүлсэн гурван хүн байна.

Хэлний  бэрхшээл,  мэдлэг  нимгэнээс  болж харь газар учир битүүлэг, хилс хэрэгт гүтгэгдэн шо­ронд орсон  залуус ч олон  бий.  Тухайлбал, бусдад хууртагдсан, хүний най­мааны золиос болсон, эх орондоо буцах зардалгүй зэрэг 102 иргэнийг төрийн бус байгууллагууд өнгөр­сөн оны эхээр авчирсан. Энэ судалгаанд хамраг­даа­гүй, сураггүй алга бол­сон хүмүүс ч бий. Харин тэдний тухайд одоогоор ярьж байгаа төрийн болон төрийн бус байгууллага алга.  Сүүлийн хэдхэн жилийн дотор гудамжинд дуулж, эсвэл хүнсний за­хуу­дад тэрэг түрдэг байсан хүүхдүүд хаачсан нь мэ­дэгдэхгүй алга болчихсон.  Арабууд ирж шонхор барь­даг болсноос хойш махчин шувууны  өгөөшинд хэрэг­лэгддэг   тагтаанууд Ган­дан­гийн дэнжид  харагда­хаа байсантай адил  хачин санагдахгүй байна гэж үү энэ байдал. Харийн шо­ронд хоригдсон олон мон­гол хүн байгаагаас  ач холбогдол өгч, эх орондоо эсэн мэнд авчирсан   хүн гэвэл  Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хур­цаас өөр алга. Гэхдээ Ц.Эл­бэгдорж  түүнийг улс төрийн зорилгодоо ашиг­лах гэж Герман улс руу өөрийн биеэр явж хөтөлж ирсэн хэмээн  хэвлэлүүд бичдэг. Энэ үнэн бол Б.Хур­цыг өмнө нь хийж явсан үйл хэрэг,  ирээдүйд хэн нэгний захиалгаар хийж гүйцэтгэх ажил нь аварсан болохоос Ерөн­хий­лөгчөөс жирийн  ир­гэн­дээ санаа тавьсан хэ­рэг биш юм. Ийм байхад тэгш эрхийн тухай ярих илүүц биз.   “Ард түмнээ намаар, хүнээр, албан ту­шаалаар нь алагчилдаггүй Ерөнхийлөгч байна” гэж гарч ирсэн Ц.Элбэгдор­жийн амлалт ч худал болж таарлаа. Төрийн тэргүү­ний хайр халамж  жирийн иргэнд бус төрийн албан хаагч, гүйцэтгэх албаны ажилтанд   үйлчилдэг жи­шиг  “Б.Хурц хэрэгтэй бусад хамаагүй” гэсэн энэ хандлагаас  харагдана.

 

Н.ЭНХБАЯР VS БУСАД

Хүний эрх, эрх чөлөө­ний асуудлыг сүүлийн үед “Н.Энхбаярын эрх ба бус­дын...” хэмээн  ярьж, би­чиж байна. Монголд хү­ний эрх, эрх чөлөө зөрчиг­дөж байгаагийн хамгийн  том  жишээ  өнөөдрийн байдлаар  Н.Энхбаяраар илэрч байгаа учраас ийн­хүү онцолсон биз. Зарим нь төрийн тэргүүн байсан, төрийн хамгаалалтад бай­гаа хүний эрхийг зөрчиж  байгаа юм чинь жирийн иргэн бид  юу ч биш юм байна гэх дүгнэлтэд хүр­сэн.  Учир нь бид хүнд хилс хэрэг тулгаж болдогийг,  шат шатны шүүхээр хилс­дүүлэн яллаж байгааг, 1937 он шиг   хүч хэрэглэн баривчилж, ойр тойрных­ны нь амгалан тайван байдлыг хэрхэн  алдаг­дуулс­ныг телевизийн шууд нэвтрүүлгээр хан­галт­тай харсан. 

Хүний эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг  ноц­той зөрчиж, тэр бүү хэл  “Чи үх” хэмээн шууд тул­гахтай адил, эмч нарын зүгээс эхлүүлсэн эмчил­гээг тасалдуулж байна.  

Өнөөдөр монгол хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, шударга ёс алдагдаж бай­гааг сануулж ээжүүд тэмц­лийн хурц  хэлбэр  сонгон өлсч байгаа.  Олон улсын жишигт эрхээ хамгаалж өлсгөлөн,  жагсаал цуг­лаан зохион байгуулж буй иргэдтэй  бүү хэл  буу барьсан зандалчид, эзлэн түрэмгийлэгчидтэй  ч хэ­лэлцээрээр асуудлыг ший­дэх  зарчим бий. Тэг­вэл Засгийн газар энэ үүр­гээ хэрэгжүүлсэнгүй. Ээж­дээ нулимс дуслуулан очиж буй   телевизийн нэвтрүүлэгийг хэд хэдэн хувилбараар  хийлгэж сон­гуулийн шоундаа ашиглаж байсан эрхэм  Ерөнхийлөгчид ч энэ асуу­дал хамаагүй бололтой.    Иргэн байж улс бүрэлддэг гэх энгийн зарчим ал­дагдаж, иргэдийнхээ амийг амьтны араг яснаас дор үзэж байгаа Монгол Улс хаашаа явж байна аа.