Ө.ХҮҮ

Монгол Улс замын хөдөлгөөний зүүн гарын дүрэмтэй. Хэдий тийм боловч олон нөхцөл, шалтгааны улмаас нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй нийт тээврийн хэрэгслүүдийн 70 орчим хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байгаа юм.
Хотын дарга нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар “солгой” жолоотой автомашинуудыг амралтын өдрөөр хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн нь иргэдийн бухимдлыг хүргэсэн ч, асуудал нэг хэсэгтээ намжаад байгаа.
Цаашид буруу талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хязгаарлах тухай ярьж байгаа энэ үед манайд жижиглэнгээр бус дистрибютер нь болж зүүн хүрдтэй автомашин нийлүүлж байгаа компаниудын эзэмшигчдийн тухай мэдээллийг сонирхлоо. Хүснэгтээс харахад энэ салбарын зах зээлд АН-аас угшилтай, өдгөө өндөр албан тушаал хашиж байгаа эрхмүүд давамгайлах шинжтэй болж иржээ. Сүүлд авсан мэдээллээр гэхэд Хьюндай загварын автомашин импортолдог компанийг Үйлдвэр, хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулга худалдаж авсан гэх яриа гарсан юм. Гэхдээ дээрх компаниуд одоохондоо зөвхөн шинэ загварын, өндөр үнэтэй машинууд нийлүүлж байгаагаас үйлчлүүлэгчдийн тоо их биш гэдгийг онцлон дурдах хэрэгтэй.
Монголчуудын олонхи нь амьжиргааны төвшиндөө тааруулж, эдэлгээг нь бодож Японоос орж ирсэн буруу хүрдтэй, хуучин автомашинуудыг жижиг компаниуд болон хувь хүнээс худалдан авдаг. Нөхцөл байдал өдгөө ийм байгаа ч цаашид зүүн гарынхаа дүрмийг баримтлан зөв талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг өсгөх, энэ төрлийн жижиглэнгийн бизнес хүчээ авах ирээдүй байгаа юм.
