Эх орныхоо торгон хилийн манаанд үүрэг гүйцэтгэж буй хүн бүр бахархалтай. Тэд бол Монгол Улсын хилийг дархлан хамгаалах их үйлсэд зүрх сэтгэлээ зориулж яваа хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлын эзэд билээ. Тэгвэл хил хамгаалах байгууллага нэн шаардлагатай таван мэргэжлийн хүрээнд гэрээт ахлагч бэлтгэх сургалтыг анх удаа зохион байгуулж байна. Хил хамгаалах байгууллагын түүхэнд нэгэн шинэ хуудас болон бичигдэж буй үйл ажиллагаанаас хийсэн талаар  “Зууны мэдээ” сонин  сурвалжилгаа хүргэж байна.

Б.Төгөлдөр

Сонсогч Б.Төгөлдөр Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат. Тэрээр 2024 оны нэгдүгээр ээлжээр Хилийн цэргийн 0214 ангиас өөрийн сонирхлын дагуу гэрээт ахлагч бэлтгэх сургалтын төвд тээврийн хэрэгслийн шалгагчаар сурч байна. Тэрээр “Хилийн шалган маш хариуцлагатай, нэр хүндтэй алба. Хилийн боомтод ажиллахын тулд харилцааны өндөр ур чадвартай байх ёстой. Мөн өөрийгөө хөгжүүлэх боломжтой мэргэжил гэж хардаг. Тиймээс энэ чиглэлийг сонгон суралцаж байгаа. Гэр бүлийнхэн маань ч намайг дэмжсэн.  Хичээлийнхээ хүрээнд өдөр бүр шинэ зүйл сурч, өөрийгөө хөгжүүлж байгаадаа баяртай байна. Хичээлийнхээ хажуугаар хутга шидэлт, нунчакаар хичээллэдэг. Хил хамгаалах байгууллагаас зохион байгуулж байгаа гэрээт ахлагч бэлтгэх анхны сургалтад хамрагдсандаа баяртай байна. Төгсөөд Алтанбулагийн боомтод ажиллах сонирхолтой байгаа” гэсэн юм.

М.Энхманлай

Энэ ангид ХХЕГ-ын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын боомтын аюулгүй байдлын офицер, дэд хурандаа М.Энхманлай хичээл зааж байлаа. Тэрээр “Сургалтын хугацаанд сонсогчид “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр очиж улсын хилээр зорчигч тээврийн хэрэгслийг хэрхэн шалган нэвтрүүлж байгаа үйл ажиллагаатай танилцсан. Мөн хилийн боомтоор тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх хөтөлбөрийн хүрээнд вагон депоны үйл ажиллагаа,  галт тэрэгний бүтэцтэй танилцсан” гэж хэллээ.

 

“Цэргийн сэтгэл судлал, харилцааны ур чадварын хичээл ордог”

Сургалтын хүрээнд ДХИС-аас багш нар ирж хичээл зааж байгаа аж. Тус сургуулийн Хилийн албаны сургуулийн ахлах багш, дэд хурандаа Д.Энхтайван дроны нисгэгчээр сурч байгаа сонсогчдод хичээл орж  байлаа. Тэрээр “Хил хамгаалах  байгууллагын хэмжээнд гэрээт ахлагч бэлтгэх  сургалтыг анх удаа зохион байгуулж байгаа нь олон талын ач холбогдолтой ажил болж байна. Сургалтад хамрагдаж буй сонсогчид нь хугацаат цэргийн албанаас ахлагч болоод үүрэг гүйцэтгэж байгаагаараа онцлог юм. Хөтөлбөрийн хүрээнд таван мэргэжлээс гадна цэргийн сэтгэл судлал, харилцааны ур чадварын хичээл орж байна. Энэ хичээлийн хүрээнд сонсогчдод албанд үүрэг гүйцэтгэх харилцааны ур чадвар, сэтгэл зүйн бэлтгэл, тухайн орчинд дасан зохицох чадварыг олгож байгаагаараа онцлог” гэлээ.

Б.Ууганболд

Дрон нисгэгчийн ангид суралцаж буй Б.Ууганболдын хувьд Ховд аймгийн Буянт сумын харьяат. Хилийн цэргийн 0130 дугаар ангид хугацаат цэргийн албанаас өөрийн сонирхлоор гэрээт ахлагч бэлтгэх сургалтад хамрагдаж байгаа аж. Тэрээр техник технологи хурдацтай хөгжиж буй энэ үед бид ч гэсэн илүү их зүйл сурах шаардлагатай болсон учраас энэ ангийг сонгон суралцаж байгаа. Ирээдүйтэй мэргэжил гэж бодож байгаа. Хичээлийн хүрээнд олон төрлийн дрон нисгэж сурч байна. Дрон нисгэх мэдрэмж, сурч мэдэж байгаа зүйл бүхэн нь сонирхолтой байдаг.  Төгсөөд хилийн тусгай ангид ажиллах сонирхолтой байгаа. Гэрийнхэн маань намайг сайн  сураад ирээрэй гэсэн. Миний багын мөрөөдөл цэргийн хүн болох. Мөрөөдөлдөө хүрэхэд бага багаар ойртож байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

“Ахлагчийн бүрэлдэхүүнд орж ажиллах боломж бүрдэж байгаад баяртай байна”

С.Цахиуртөмөр

Дохиолол хяналтын операторын ангид суралцаж буй сонсогчид гадна талбайд дадлага хийж байсан юм. Энэ үеэр сонсогч С.Цахиуртөмөр “Би компьютер дээр ажиллах сонирхолтой. Миний сонирхолд илүү ойрхон байсан болохоор энэ мэргэжлээр сурч байна. Дохиолол хяналтын оператораар сурч байгаа ч гэсэн хажуугаар нь олон зүйлийг сурч байгаа. Хичээлийн хүрээнд олон төрлийн дрон нисгэж сурсан. Мөн компьютерын системийг хооронд  нь хэрхэн холбох зэрэг олон зүйл сурч байгаа.

Э.Хэнмэдэхэв

Би Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас ирсэн. Хилийн цэргийн 0214 дүгээр ангиас гэрээт ахлагч бэлтгэх сургалтад хамрагдаж байна. Сургалтанд хамрагдаж мэргэжилтэй болохоос гадна ахлагчийн бүрэлдэхүүнд орж ажиллах боломж бүрдэж байгаад баяртай байна. Төгсөөд мэргэжлээрээ ажиллана гэхээр баяртай байгаа” гэсэн юм.  Дрон хөгжүүлэлт сургалт хариуцсан ахлах инженерээр ажиллаж буй Э.Хэнмэдэхэв “Сургалтад хамрагдаж буй сонсогчид хил хамгаалалтад ашиглаж байгаа дронуудыг туршин, ажиллаж байгаа. Эхний долоо хоног онолын хичээл ороод,  хоёр дахь долоо хоногоос практикийн хичээл орж байгаа. Сонсогчид маань өнгөрсөн долоо хоногт хээрийн  гаралтад гарч том дрон нисгэсэн. Дараагийн туршилтад гарахаар бэлтгэж байна” гэсэн юм.

Г.Бэлгүтэй

Харин гэрээт ахлагч бэлтгэх сургалтын хилчин жолоочийн ангид суралцаж буй Г.Бэлгүтэйн хувьд  2024 оны  нэгдүгээр ээлжээр Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас Хилийн цэргийн 0129 дүгээр ангиас иржээ. Түүнд жолоочийн анги олон давуу талтай санагджээ. Тиймээс хугацаат цэргийн албаа хаасан ангидаа ажиллах сонирхолтой гэлээ. Жолооны багшаар хил хамгаалах  байгууллагын авто жолооны сургуулийн захирал, ахлах дэслэгч Б.Тулгаа ажиллаж байгаа аж. Энэ сургууль нь 2011 оноос үйл ажиллагаа явуулсан байна. Хилчин жолооч бэлтгэх сургалтын хүрээнд В ангилал болон ангилал ахиулах А, С, D, E ангиллын сургалтыг зохион байгуулж байгаа аж. Энэ ангид гэрээт хилчин жолооч мэргэжлээр 40 сонсогч, ангилал ахиулах А ангилалд 32 сонсогч суралцаж байна.

Б.Тулгаа

 

Ахлагч нар спортын төрлөөр гэрчилгээтэй төгсөнө

 

Гэрээт ахлагч бэлтгэх сургалтад хамрагдаж буй сонсогчид сонгосон мэргэжлийнхээ дагуу суралцахаас гадна тусгай бэлтгэлийн спортоор гадна талбайд  бэлтгэл хийж байсан юм.  Гэрээт ахлагч бэлтгэх сургалтын төвийн ротын захирагч, багш, хошууч Ш.Батхүү “Сонсогчид маань таван мэргэжлээр суралцаж байгаа. Үүнээс гадна дадлагын цаг гэж хичээлийн хөтөлбөрт тусгасан. Сонсогчид маань 16:30-18:30 цагийн хооронд тусгай бэлтгэлийн буюу спортын хутга шидэлт,  сэлэм, нунчакаар хичээллэж байгаа. Мөн нэмэлтээр гардан тулааны хичээлүүд орж  байна.  Сургалт дууссаны дараа сонсогчид эдгээр спортын төрлөөр гэрчилгээтэй төгсөнө. Ингэснээр тухайн ажиллах хилийн анги, салбартаа эдгээр спортын төрлөөр сургалт явуулах боломжтой болох юм” гэлээ. 

Э.Мөнх-Эрдэнэ

Энэ үеэр практик буудлагын дадлага хийж буй сонсогч Э.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр Увс аймгийн Улаангом сумын харьяат. 2024 оны нэгдүгээр ээлжээр Хилийн цэргийн 0277 дугаар ангиас ирсэн байна. Түүний хувьд хилийн хяналтын ажилтан  мэргэжлээр суралцаж байна. Хичээлийнхээ хүрээнд дронтой ажиллах,   хил хамгаалах  мөр судлах гээд  олон сонирхолтой хичээл  үзэж байгаа гэсэн юм. Хугацаат цэргийн албан хаагчаас гэрээт ахлагч бэлтгэх сургалтын  анхны  сонсогчдын нэг болсондоо баяртай байна хэмээн сэтггэгдлээ хуваалцлаа.

 

Э.Лут-Очир: Нэн шаардлагатай таван мэргэжлээр гэрээт ахлагч бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна

 

Энэ үеэр Хил хамгаалах байгууллагын гэрээт ахлагч бэлтгэх сургалтын төвийн дарга, дэд хурандаа Э.Лут-Очиртой цөөн хором ярилцсан юм.

-Гэрээт ахлагч бэлтгэх сургалтыг анх удаа зохион байгуулж байна.  Сургалтын онцлог, давуу тал юу вэ?

-Юуны өмнө хил хамгаалах байгууллагад ажиллаж байгаа хилчид, үе үеийн ахмад хилчид, тэдний гэр бүлд сургалтын төвийн бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс энэ нийтлэл хүрэх өдрийн мэндийг хүргэе. Хил хамгаалах байгууллага 2025 оны үндсэн арга хэмжээний төлөвлөгөөнд гэрээт ахлагч бэлтгэх сургалтыг зохион байгуулахыг тусгасан. Эрх зүйн үндэслэлийн  хувьд УИХ-ын 2020 оны  52 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050” буюу Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг гаргасан. Үүний долоодугаар бүлэгт Дархан хил гэсэн зорилт бий. Энэ зорилтын хүрээнд ХЗДХ-ийн сайдын 2021 оны дугаар тушаал гарсан байдаг. Үүний 6.6-т Хил хамгаалах байгууллагын боловсон хүчний чадавхыг бэхжүүлж,  мэргэшсэн хилчин, хил хамгаалалтыг зохион байгуулна гэсэн стратеги төлөвлөлт байгаа. Энэ хүрээнд хил  хамгаалах байгууллагаас 2025 оны  хугацаат цэргийн албан хаагчдаас мэргэжлийн гэрээт ахлагчийг бэлтгэх сургалт зохион байгуулж байна.  Энэ сургалт нь  9+3 буюу хугацаат цэргийн алба хаагч есөн сар албаа хаагаад сүүлийн гурван сард нь мэргэжил олгох сургалт юм. Сургалтын  хүрээнд хил хяналтын ажилтан, тээврийн хэрэгслийн шалгагч, хилчин жолооч, дохиолол хяналтын оператор, дроны нисгэгч гэсэн мэргэжил олгож байна.  Сургалтын гол онцлог нь гурван сарын хугацаанд хугацаат цэргийн албан хаагчдад мэргэжил олгоод ажлын байрыг зуучилж байна.

-Хил хамгаалах байгууллага нэн шаардлагатай таван мэргэжлээр ахлагч нараа бэлтгэж байгаа гэж ойлгож болох уу?

-Хил хамгаалах  байгууллага сүүлийн үеийн техник технологийг хил хамгаалалтдаа нэвтрүүлж, техник технологид суурилсан хил хамгаалалтыг зохион байгуулж байна.  Тухайлбал, ХДС буюу хяналт дохиоллын 90 гэсэн системийг нэвтрүүлж байгаа.  Монгол Улсын хэмжээнд өмнө ашиглаж байгаагүй техник технологиудыг ашиглаж байна. Тиймээс гэрээт ахлагч бэлтгэх сургалтыг нэн тэргүүнд шаардлагатай таван мэргэжлээр зохион байгуулж байгаа юм. Техник технологи болон нэвтрүүлж байгаа  арга тактиктайгаа уялдуулаад энэ таван мэргэжлийг сонгосон.

-Сургалтын хүрээнд сонсогчдод чиглэсэн ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

-Сургалтын төвийн календарчилсан төлөвлөгөөний дагуу бямба гараг бүрд  соёл, спортын арга хэмжээг зохион байгуулж байна. Жишээлбэл, сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг сургалтын төвийн бүрэлдэхүүндээ үзүүлсэн. Спорт нь хүмүүжил, төлөв­шилд чухал нөлөөтэй учраас спортод дуртай болгох зорилготой. Мөн сургалтад хамрагдаж буй хугацаат цэргийн албан хаагчдын эцэг эхчүүдтэй уулзах өдөрлөг зохион байгуулсан.

Өдөрлөгийн хүрээнд хил хамгаалах байгууллага гэрээт ахлагч бэлтгэх мэргэжил олгох сургалтын хууль эрх зүйн үндэслэл болон ямар бодлого баримталж байгаа, хил дээр ямар орчинд ажиллаж, амьдрах вэ гэдгийг танилцуулсан. Мөн сургалтын хугацаанд сонсогчид маань ямар орчинд амьдарч, хичээл сургалтдаа хамрагдаж байна, сургалтад ашиглаж байгаа материаллаг бааз нь юу вэ гэдгийг харуулахыг зорьсон. Гол зорилго нь эцэг эхчүүд болон сургалтад хамрагдсан сонсогчиддоо гэрээт ахлагчийн талаар үнэн зөв, бодит мэдээллийг өгөх зорилготой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

Ийнхүү хил хамгаалах байгууллагаас анх удаа зохион байгуулж буй гэрээт ахлагч бэлтгэх сургалтын үр дүнд эх орныхоо торгон хил дээр үүрэг гүйцэтгэх мэргэшсэн ахлагч нар төрөн гарах нь гарцаагүй. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 71 (7568)