Б.ГАРЬД

 

“…Энэ дэлхий дээрх хамгийн супер хэрэглэгч орныг нэрлэ” гэвэл манайх найдвартай нэгт орно. Үйлдвэрлэхгүй, зөвхөн хэрэглэдэг учраас бүр түрүүлнэ. Өөрсдийнхөө идэхээс эхлээд унааныхаа “идэш”-ийг хүртэл импортоор авдаг. Бид үүндээ дасчихсан. Харин гаднынхан ойлгодоггүй. “…Яагаад” гэцгээдэг. Бидэнд хариулт байдаггүй.

“…Аан тийм, нэг дэх, хоёр дахь, гурав дахь хөршөөсөө бүгдийг авчраад хэрэглэчихдэг юм” гэчихдэг.

Үнэндээ, энэ бүгдийнхээ оронд нүүрсээ, зэсээ, төмрийн хүдрээ зарж олсон орлогоо шилжүүлдэг. Манай эдийн засаг ийм л энгийн эргэлттэй.

Бид иймэрхүү эмзэг ч гэмээр, эмгэ­нэлтэй ч гэхээр байдалтай социализмын 70 жил, араас нь ардчиллын 30 гаруй жилийг элээж суугаа юм.

УИХ-аас 2010 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд 3.2.4.3-т “...Газрын тосны бүтээгдэхүүнээр нэг орноос шууд хараат байдлыг багасгаж, улмаар 2020 он гэхэд дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ бүрэн хангана. Үнийн хэт хэлбэлзэлд өртөх эрсдэлээс сэргийлж, улсын нөөцийг түүхий нефтээр зургаан сараас доошгүй хэмжээнд байлгана” гэсэн. Гэвч…

Ер нь бол, Монголын төр монгол хүний амьдралд ус шиг амин чухал хэрэглээгээ “..Стратегийн” хэмээн тодорхойлдог. Гэхдээ стратегийн нэг ч бүтээгдэхүүнийг өөрсдөө боловсруулж үзээгүй л байна. Үүний нэг нь газрын тосны бүтээгдэхүүн юм. Монголчууд анх 1923 онд шатахуун хэрэглэж эхэлсэн байдаг. Түүнээс хойш 102 жил болж байна. Гэтэл газрын тос боловсруулах ганц ч үйлдвэр барьж чадаагүй л байна. Тэр олон жилийн хугацаанд хойд хөршөөс шатахууны хэрэглээнийхээ 90 гаруй, урд хөршөөс 10 хүрэхгүй хувийг авчирч хэрэглээд ирсэн. Шулуухан хэлэхэд, хөршүүдтэй харилцдаг хувийн хэдэн компани л манай стратегийн бүтээгдэхүүнээр бизнес хийсээр ирсэн. Шатахууны нөөц, хангамжийн тал дээр тэд төрөөс том болчихсон. Хилийн цаана крант хаахаас өмнө тэдний “крант”-ыг хаалгахгүйн тулд Монголын төр тэднийг аргадаж, авлигадсаар ирсэн. Энэ  нууц биш болсон.

Угтаа энэ маань Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой шууд холбоотой. Тодруулбал, тусгаар тогтнолын гурван гол хүчин зүйл маань хүнс, эрчим хүч, шатахуун юм. Ерөнхийлөгч өнөөдөр “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг санаачлаад хэрэгжүүлж байна. Эрчим хүчний салбар бас л шатахуун шиг гаднаас хараат байдалтай, гэхдээ сүүлийн үед дотоодын бизнесмэнүүд өөрсдийн хөрөнгө, зээлээр янз бүрийн хүчин чадалтай цахилгаан станцуудыг барих болсон. “Бодь”-ийн Д.Баясгалан Бөөрөлжүүтэд, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг Тосонцэнгэлдээ цахилгаан станц барьж ашиглалтад оруулсан. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энүүхэн урд Төв аймгийн Баян суманд цахилгаан станц барьж байна. Бараг 70 жил “зангасан” Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хөдлөөд эхэлсэн. Энэ мэтээр эрчим хүчний хараат байдлаас Монгол Улс гарах цаг чимээлж эхлээд байгаа юм. Харин шатахуунаа 100 хувь гаднаас авдаг маань хэвээр үлдсэн. Тиймээс энэ л Монгол Улсын хувьд туйлын эмзэг асуудал болж байна. Дэлхий ертөнцийн хөл хөдөлгөөн, геопилитикийн ойлгомжгүй гулсалт үүнийг шаардаад эхэллээ.

Хамгийн гол нь, “…Газрын тос боловсруулдаггүй, шатахуун үйлдвэрлэдэггүй” гээд “…Хойноос хэдэн вагон ачсан бэ” гээд хүлээгээд суудаг цаг дуусах дөхөж байна, цаана чинь. Цаашдаа “…Сүх далайтал үхэр амар” гээд суугаад байх боломжгүй болж байх шиг байна. Тиймээс, нэг л өглөө сэрэхэд “…Бензин нет” гэвэл бид яах билээ. Тэгэхээр “…Утаанаас салахад орон сууцнаас өөр гарц байхгүй” гэдэг шиг шатахууныг дотооддоо үйлдвэрлэхээс өөр гэдэг зөв шийдэл алга. Үүнийг бодох цаг нэгэнт болсон. Бодох ч биш, газрын тосоо боловсруулж хэрэгцээгээ хангадаг үйлдвэрүүдийг байгуулахаас өөр замгүй гэсэн үг. Ганц нэг биш, олон тооны үйлдвэр шүү. Гэхдээ Монголын төр бас зүгээр суугаагүй байдаг. “…Алаагүй ч айлгасан” гэдэг шиг үе үеийн Засгийн газрууд түлш, шатахууны гадаад хамаарлаас салах, нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой Газрын тос боловсруулах үйлдвэрийг барих зорилго тавьж, үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусгасаар ирсэн. Тэгж тэгж одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхаас Дорноговийн Алтанширээд Газрын тос боловсруулах үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Өнөөдөр тэр нь ид явж байна. Түүхийг нь товч сөхвөл, 2017 оны гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ, тооцоо, судалгаанд тулгуурлан 100 хувь төрийн өмчит компани үүсгэн байгуулахаар болсон. Тэр үеийн тооцоогоор “…Удахгүй ашиглалтад орох үйлдвэр нь жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизелийн түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ” гэсэн байдаг. Ингээд энэ үйлдвэр Энэтхэгийн Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр баригдаж эхэлсэн. Ийм хэмжээний мөнгийг бид ганцхан жилд хэрэглэх шатахууныхаа төлбөрт гадагшаа шилжүүлдэг гээд бод доо. Дунджаар 1.2 сая тонн шатахуун авч, оронд нь дээрх хэмжээний мөнгийг өгдөг. Хэрэглээний хэмжээ байнга өсөж байна. Тэгэхээр өгдөг хэд маань ч цаашид нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 102 жилийн турш шатахуун хэрэглэхдээ газрын тос боловсруулах 102 үйлдвэр барих мөнгөө “экспортолсон” гэсэн үг.

Тэгэхээр Газрын тос боловсруулах ганц үйлдвэрээ бушуухан барьж, нэмээд олон үйлдвэрийг цахилгаан станцууд шиг энд тэндгүй барих хэрэгтэй. Ийм үйлдвэр барья гэсэн бизнесмэнүүдэд бодит боломж, хөнгөлөлтийг үзүүлж энэ “хөдөлгөөн”-ийг үтэр түргэн хэрэгжүүлэх нь онохоор байна. Тэгээд төр өөрөө, бас хувийн хэвшлийг татан оролцуулж газрын тосны хайгуулыг нэмж хийх шаардлагатай байгаа юм. Учир нь, манай улс газрын тосны нөөцөөрөө дэлхийд 33-т ордог. “…Газрын тосны нөөцөд санаа зоволтгүй, батлагдаад гарч ирсэн нөөц нь харьцангуй бага байгаа” гэдгийг судлаачид, мэргэжлийнхэн хэлдэг. Тоо баримтууд ч нотолдог. БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн 1941 оны 15 дугаар тогтоолоор “Союзнефтьэкспорт нэгдлийн төлөөлөгчийн газраас зарим барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийг шилжүүлэн авах тухай”, мөн оны 16 дугаар тогтоолоор “…Дорноговь аймгийн нутаг газар явуулсан геологийн эрэн тэмтрэх ажлыг явуулсны үрээр газрын тосыг олоход холбогдох битумын гарах газрыг нээн олсон тухай” зэрэг шийдвэрийг гаргасан. Энэ дагуу тухайн үеийн Тээврийн яамны харьяанд газрын тосны зүйлүүдийг борлуулах ажлыг эрхлэх хэлтэс байгуулсан. Зүүнбаян, Цагаан элсний газрын тосны ордын нөөцийг 1953 онд 3.5 сая тонн, 1986 онд 2.2 сая тонноор бүртгэсэн. Ингээд тус ордыг түшиглэж, газрын тос олборлох үйлдвэр байгуулж байв. Тэнд 1950-1969 онд нийт 600 орчим тонн газрын тос олборлож боловсруулсан. Улмаар 1990-ээд оноос хайгуулын ажил дахин идэвхтэй өрнөсөн. 2010, 2012 онуудад Тосон-Уул, Тамсаг, Зүүнбаян, Цагаан-Элсний орд газарт 332.6 сая тонн баталгаат нөөц, 43.2 сая тонн ашиглалтын баталгаат нөөцийг тогтоож, ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэсэн. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар Монголд газрын тосны 250 сая орчим тонн нөөц хайгуулаар тогтоогдоод байгаа юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 29 (7525)