Д.НАДМИД
2024 онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж, нутгаа гэх бодол юуг нь сэргээсэн юм.
Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг. Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин өнгөрсөн онд 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна.
Энэ удаа Хэнтий аймгийн Норовлин сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын манлай бөхчүүдийг танилцуулъя.
Норовлин сумын гол онцлог нь эрт үеийн түүхийн дурсгалт газрууд олонтой юм.
Тиймээс Монголын түүхийн бодит ул мөрийг хадгалсан нутаг гэж болно. Үүний заримыг нэрлэвэл Чингисийн Хэрмэн цав, Шивэр мандлын хөндлөнгийн бичигт хад уран дөш уулын орчмын дөрвөлжин булш Дэлийн булаг өндөр довд шинэ чулуун зэвсгийн үеийн туурь бууц бий.
Мөн Могойн шүтээн буюу Нарстай. Энд Чингис хаан Шихихутагийг багад нь олзлон авч өсгөсөн тухай Монголын нууц товчоонд өгүүлсэн байдаг юм.
Бас Галины өндөрлөг гэж Барон Унгернийхэн Оросын улаан цэрэгтэй тулалдсан газар бий.
Үүний гадна 1800-гаад онд байгуулагдаж байсан сүм хийдүүд олон байжээ.
Тус сум 1924 онд байгуулагдсан түүхээ баримталж 2024 онд түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэв.
Сумын 100 жилийн ойн баяр наадамд Хэнтий аймгийн харьяат бөхчүүд барилдсанаас улсын харцага Ганцогтын Бадрах түрүүлж мөн аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож үзүүрлэжээ.
Шөвгийн дөрөвт аймгийн арслан Д.Аззаяа, Ш.Отгонтөгс нар шалгарсан юм билээ. Түрүү бөх Ганцогтын Бадрах нь Бат-Ширээт сумын харьяат бөх.
Үндэсний бөхийн цолны хувьд 2017 онд цэргийн начин, аймгийн заан болж байсан бол 2019 онд Хэнтийдээ түрүүлж аймгийн арслан цол хүртсэн юм. Улсын баяр наадмын дэнжид эхний хоёр жил зодоглохдоо нэг, хоёрын даваанд өвдөг шороодож байсан бол 2022 онд Ардын Хувьсгалын 100,101 жилийн ойн үндэсний баяр наадамд 1024 бөх барилдахад улсын начин Г.Ганжадаар дөрөв, улсын өсөх идэр начин Ч.Батчулуунаар тав, улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүүгээр зургаа давж улсын харцага цолны эзэн болжээ.
2003 онд улсын наадамд тав давж чимэг нэмсэн байдаг.
Түүнийг Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар анги, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх гэдэг.
Анхны багш нь Алдар спорт хорооны дасгалжуулагч улсын начин Ш.Зоригт.
Г.Бадрах сумын заан цолыг 18 настайдаа авч байв. Улсын харцага болсноосоо хойш заал, танхимын барилдаанд тасралтгүй барилдаж Дорноговийн харьяат улсын начин А.Хатансайхан, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, улсын начин Д.Багахүү нарын нэрэмжит барилдаан Бөхийн өргөөнд болоход дараалан түрүүлсэн юм.
Тус сумын наадмын үзүүр бөх Д.Алтанцоожийн бөхийн замналаас товчхон дурдвал 2014 онд сумын заан болж байсан бол 2019 онд Хэнтий аймгийнхаа баяр наадамд үзүүрлэж аймгийн заан, 2020 онд түрүүлж аймгийн арслан болсон юм билээ.
Тэгээд 2024 онд Говьсүмбэр аймгийн баяр наадамд түрүүлснээр эрэмбээ ахиулсан юм.
Өмнө нь сумын цолтой бөхчүүдийн барилдаанд гурван удаа түрүүлсэн. Ер нь сүүлийн үед түүнийг бөхийн хүрээнийхэн аль ч барилдаанд түрүүлэх бөхийн тоонд оруулж ярих болсон. Энэ найдварыг ч тэр биелүүлж яваа.
Энэ он гарсаар Бөхийн өргөөнд болсон улс, аймгийн алдар цолтон оролцсон хоёр томоохон барилдаанд нэгд нь шөвгийн дөрөвт үлдсэн бол нөгөөд нь үзүүрлээд байна.
Үнэндээ Д.Алтанцоож улсын цолтны хэмжээнд л барилдаад байгаа бөх.
Цолоо дуудуулахыг сонсвол “Хан Хэнтийн аварга” дэвжээ, Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 014 дүгээр анги, Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр, “Юү Эл И” ХХК-ний бөх гэх юм билээ.
Бяртай, суурьтай тогтмол сайн барилдаж өдрөөс өдөрт ир нь ханана гээч болж яваагийн учир түүнийг давдаар амлах бөх олон биш болоод байгаа гэнэ лээ.
Хав болон цэврүү аль байдлаас сайн барилддаг нь түүний онцлог аж. Саяхан гэхэд Д.Алтанцоож “Бөхийн өргөө”-нд болсон “Атар” хэвийн боовны барилдаанд үзүүрлэж харагдана лээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 20 (7516)