“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор чөлөөт бөхийн Монгол Улсын гурван удаагийн аварга, 23 хүртэлх насны ДАШТ-ний хүрэл медальт, “Сүлд” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Бямбадоржийг урьж, ярилцлаа.
-Чөлөөт бөхийн спортоор хичээллээд 18 жил, үндэсний шигшээ багийн тамирчин болоод найман жил болох гэж байна. Энэ замналыг сонгоход юу түлхэц болов. Бөхийн удам бий юу?
-Манай аав Архангай аймгийн Чулуут сумын харьяат хүн. Өвөө маань аймаг, сумандаа барилддаг бөх хүн байсан. Улсын заан Д.Ванчинсүрэн өвөөгийн маань үеэл гэдэг. Түүнчлэн ээжийн талын эмээ маань Н.Батсуурь аваргын аавтай эгч дүүсийн хүүхдүүд болохоор хоёр талын бөхийн удамтай гэдэг. Аав маань бөхөд бөхөд дуртай болохоор чөлөөт бөхөөр хичээллүүлж байсан. Би ч өөрөө дуртай болохоор хүсэл мөрөөдлөө болгосон.
-Энэ жилийн улсын аваргаар гурав дахь түрүүгээ хүртсэн. Ингэхдээ гурван өөр жинд зодоглосон юм билээ?
-22 нас хүрэх жилээ насанд хүрэгчдийн 70 кг-д зодоглож, ах нартайгаа сайхан барилдаад түрүүлж, байлаа. Жин өгсөж барилдахаар дахиад шинэ сорилтуудтай учирч байгаа юм. Түрүү жилийн улсын аваргаар 86 кг-д барилдаад хүрэл медаль авсан байв. Бүтэн жил энэ жиндээ барилдаж, бэлтгэл сургуулилалтаа хийсэн. Одоо дараа дараагийнхаа зүйлсийг л бодож байна. Хоёр дахь улсын аваргаа гурван жилийн өмнө 79 кг-д барилдаж хүртсэн. Ер нь тухайн бөхийн барилдааны онцлог чухал.
Хүнд жинд бяр шаардсан хав золгооны барилдаанд их ордог. Би хав золгооны барилдаан арай илүү хийдэг болохоор хөнгөн жинд энэ нь давуу тал болдог байсан. Харин одоо жин өгсөж барилдах тусам өөрийн давуу талаа илүү хөгжүүлэхэд анхаарч, бэлтгэлээ хийж байна.
-Улсын аваргын финалын учраа Н.Батбилгүүн энэ жингийнхээ өнгөрсөн жилийн аварга бөх. Энэ удаагийн барилдаан нэлээн няхуур болох шиг болсон?
-Бид өнгөрсөн жил улсын аварга болон бусад тэмцээн дээр нийт таван удаа учраа таарсан байсан. Н.Батбилгүүн залуу бөх болохоор хурд сайтай. Харин би барьц сайтай. Хэн хэн нь барилдааны давуу талыг атгахыг зорино. Би барилдааны төгсгөлийг сайн хийдэг онцлогтой. Тэр утгаараа байнга давтдаг мэх техник, дандаа гардаг дэвжээн дээрээ барилдаж байгаа болохоор сандрах зүйл юу байх вэ.
Улсын харцага Г.Ганхуяг бид нэг багштай. Б.Баяраа гэж мэдлэг боловсрол сайтай, сайхан хүн бий. Багшдаа их баярлаж явдаг.
-Тамирчны замнал амжилт бүтээл, уналт босолт хослох үе бий. Тэр бүхнийг хэрхэн даван туулж байсан бэ?
-Би анхны насанд хүрэгчдийн дэлхийн аваргадаа хүрлийн төлөө барилдаад ялагдсан юм. Тухайн үед надад боломж байгаа юм байна гэж бодсон. Түүний дараа 23 хүртэлх насны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэний дараа бэртэл гэмтэл сэдэрч, улсын аваргадаа түрүүлж чадахгүй хэдэн жил болсон. Нэг ёсондоо миний уналтын үе болсон. Ингээд 2023 оны дэлхийн аваргын өмнө хөлийн холбоосоо таслаад гүрийгээд явсан боловч олигтой барилдаж чадаагүй. Эргэж ирээд хагалгаанд ороод хөлөө эдгэх хооронд бүтэн жил жингээ нэмж, хүчний бэлтгэл хийгээд 86 кг-д барилдах болсон.
Хүн ер нь жижиг гэлтгүй амжилтынхаа үнэ цэнийг мэдэрч, өөрийгөө урамшуулж байх хэрэгтэй юм билээ. Шантрах үе тохиолдвол болох бүтэх талаас нь харж, гарц гаргалгаа хайж давах ёстой санагддаг. Барилдах гэлтгүй аливаа зүйлийг хийхдээ үр дүнг бодож стресс хуримтлуулалгүй тухайн нөхцөлдөө хамгийн сайнаараа хичээж, төвлөрөх нь чухал. Хүн хүний бодол өөр байх. Гэхдээ аливааг эерэг талаас харах нь сэтгэл зүйд болон дараагийн алхамд амар байдаг.
Хариуцлага өндөр том хожигдол хүнд их туршлага болдог. Тэндээс мэдэрсэн харамслаа бэлтгэл дээрээ хүч болгож зарцуулах хэрэгтэй. Спортын шинжлэх ухаан сайн хөгжиж байгаа энэ үед спорт залуу насных байхаа больжээ.
-Ялах, ялагдах, баяр гунигтай бүх үеийг гэр бүлийн хүн нь хуваалцдаг болов уу?
-Ялаад гэртээ ороход эхнэр маань надаас илүү баярлаж угтдаг. Ялагдаад ороход “Миний хайрын цаг ирнэ” гэж хэлдэг. Тэмцээн үзсээр байгаад барилдаан мэддэг болчихсон зөвлөгөө өгдөг. Удахгүй манай гэр бүл дөрвүүлээ болох гэж байна.
Аав болоход хариуцлага их мэдэрдэг юм билээ. Тиймээс хариуцлагаа үйлдлээрээ харуулахыг зорьдог.
-Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Япон улсад 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж, туршлага солилцоод ирлээ. Хэр үр дүнтэй бэлтгэл болов?
-Япончууд биднээс илүү шаргуу, хөдөлмөрч хүмүүс байна лээ. Бэлтгэлийн ачаалал сайн даадаг санагдсан. Манайхан мэх техник дээрээ илүү ажилласан үр дүнтэй бэлтгэл болсон. Би гуяны арын бэртлээ хөндөхгүй байхад анхаараад илүү хүчний бэлтгэлдээ анхаарсан. Одоо Азийн аваргадаа зорьж байна.
-Та үндэсний бөхөөр барилдаж байна уу. Чөлөөт суурьтай бөхчүүд илүү эвлэгхэн байдаг гэдэг шүү дээ?
-Хааяа наадамд зодоглох үе бий. Гэхдээ үндэсний бөхийн бэлтгэл тусгайлан хийж, цаг заваа зарцуулах бодол, зорилго байна. Манай найзууд үндэсний бөхөөр сайн барилддаг болохоор намайг бас барилдаач гэдэг юм.
-Бидний ярилцлагыг унших бөх сонирхогч хүүхэд залууст хандаж зөвлөвөл?
-Хүн эхлээд өөрийн дуртай зүйлээ олж, цаг заваа зарцуулах нь илүү үр дүнтэй, чанартай, сэтгэл тэнэгэр байдаг. Дуртай зүйлээ хийж байхад ямар ч сорилтыг давж чаддаг. Тиймээс эхлээд өөрийгөө таних нь чухал.
Надад гадаад бөхчүүдтэй барилдах бараг амар санагддаг байсан. Учир нь ах маань адилхан хүн, адилхан бөх гэх сэтгэл зүйг суулгаж өгсөн юм. Ингэхээр сэтгэл зүй, өөртөө итгэх итгэл бас чухал. Хий дэмий хийрхэл, бардамнал тээж гаднаа онгирох, дотроо өөртөө итгэлтэй суух хоёр эсрэг тэсрэг. Хийж, хөдөлмөрлөөгүй байж ялах тухай бодож болохгүй. Өөрийгөө хуурахгүй, өөртөө үнэнч байх нь өөртөө итгэх итгэлийг бий болгодог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 39 (7781)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn