Р.Оюун

ДЭМБ-аас 2030 он хүртэл умайн хүзүүний хавдрыг устгая гэсэн зорилт тавин, өсвөр насны охидынхоо 90 хувийг папиллома вирусын эсрэг вакцинжуулалтад, 35-45 насны эмэгтэйчүүдийг папиллома вирусын шинжилгээнд хамруулахыг уриалж байна. Папиллома вирусын халдвар бэлгийн замаар дамждаг бөгөөд халдвар авснаас хойш 10 болон түүнээс дээш жилийн дараа хавдар болон хүндэрнэ. Тав болон түүнээс дээш жилийн дараа умайн хүзүүний хавдрын урьтал шинж илэрдэг байна. Халдвар авсан даруйд өвчлүүлдэггүй учир урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлбэл эмчлэх бүрэн боломжтой өвчин гэж үздэг юм байна. Монголд энэ хавдраар өвчилсөн хүмүүсийн 50 хувь нь хожуу шатандаа оношлогдож, 96 хувь нь 30-аас дээш насны буюу ид нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд байна. Папиллома вирусын эсрэг вакцин хийлгэдэггүйгээс эмэгтэйчүүдээ залуугаар нь алддаг. Энэ тухай ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам хүний папиллома вирусын халдварын эсрэг дархлаажуулалтын зохион байгуулалт, салбар хоорондын хамтын ажиллагаа зохицуулалтын талаар танилцуулсан юм. Тэрээр “Папиллома вирусын эсрэг вакцины үр дүн ямар байгааг судлахад охидын нөхөн үржихүйд сөрөг нөлөө үзүүлээгүй нь нотлогдсон. Хамгийн гол үр дүн нь вакцин хийлгэсэн охидын дунд папиллома вирусын халдварын тархалт 10 дахин буурсан үр дүн гарсан. Гэтэл вакцин хийлгээгүй охидын дунд халдвар 10 дахин өндөр байгаа. Энэ охид 10-15 жилийн дараа хавдраар өвчлөх эрсдэл өндөр байна гэсэн үг" гэж байлаа.

 

Эх сурвалж www.zms.mn