Б.ТУУЛ

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл хэмээн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ аймаг жуулчдыг татах, дэд бүтцээ хөгжүүлэх, ажлын байраа нэмэгдүүлэх, амьдрах орчин нөхцлөө сайжруулах гээд олон ажлыг эрчимтэй хийж буй. Мөн Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ аймаг ОХУ-тай авто зам болон төмөр замын боомтоор хиллэдэг. Одоо шинэ боомт нээгдэж, иргэдийн зорчих хөдөлгөөн улам бүр нэмэгдэж байгаа билээ.

Тэр утгаараа “Залуусын хот” гэгддэг Дархан-Уул аймаг, Дархан хот жил ирэх тусам хүн ам, дэд бүтэц, бүтээн байгуулалт гээд олон зүйлээр өргөжин тэлсээр байна. Жишээ нь, Сэлэнгэ зорчих иргэд Дарханаар дайрч гарахдаа энэ бүхнийг үргэлж анзаарч харж байдаг. Тэгвэл энэ удаа 2022 онд үүдээ нээсэн Дархан хотын соёл амралтын хүрээлэн  энэ жил дарханчууд төдийгүй нийслэл хотынхон, гадаад дотоодын жуулчид ирж сонирхохуйц олон бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэжээ.

Саяхан нээгдсэн хүүхдийн парк нь хөл хөдөлгөөн ихтэй байна. Сэлэнгэ аймгийг зорих зам зуураа Дархан хотын нүүр царай болсон “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн "Дархан-50" цогцолбороор орж, амарч зугааллаа.  "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэн нь дотроо "Морин хуур" цогцолбор, "Бурхантай толгой", "Дүүжин гүүр" цогцолбор, "Сүрэнгийн гудамж", "Найрамдал талбай", "Залуус" цогцолбор, “Дархан 50” цогцолбор зэргийг хариуцдаг ажээ.

“Дархан 50” цогцолборт  хүүхэд залуусын аялж зугаалах ногоон байгууламжийг үнэхээр бүрдүүлж чаджээ. Ялангуяа, зуны халуун өдрүүдэд талбайн голд байршуулсан усан оргилуур нь элдэв хаалт хашлага байхгүй, авирах унах эрсдэлгүй, багачууд төдийгүй зориод ирсэн хүүхэд хөгшид хэн бүхэнд нээлттэй, ээлтэй бүтээн байгуулалт болж чаджээ. Өдөржин усаар тоглох, усан оргилуурын дэргэд нүцгэн тоглох хүүхэд багачуудын дуу хөөр баяр баясал, аз жаргалаар дүүрэн байх ажээ.

Мөн түүнчлэн Дархан- Уул аймгийн Дархан сумын нутагт, “Дархан 50” цогцолборт Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал болон түүний гэргий А.И.Филатова нарын хөшөөг босгож, 2024 оны зургадугаар сарын 1-нд нээлтээ хийсэн байна.

Монгол Улсын хоёр дахь том суурин болсон Дархан-Уул аймгийн төвийг бий болгоход Ю.Цэдэнбалын үүрэг маш их байсан бөгөөд түүний санаачлагаар энэхүү том хот сүндэрлэн боссон гэж үздэг ажээ. Тиймээс Дархан хотыг зорин очсон хэн бүхэнд энэхүү шинэ хөшөө нь дурсамж бүтээх, өнгөрсөн түүхээ сэргээн санах, үр хойчдоо түүх өгүүлэх бас нэгэн чухал орчныг бүрдүүлж чаджээ. Биднийг очиход Төв аймгийн Лүн сумын иргэн, ахмад настан С.Базаррагчаа гуай энэхүү түүх өгүүлсэн хөшөөг зорин ирж дурсгалын зураг татуулж байхтай тааралдав.

Тэрээр хэлэхдээ " Монголын нийгэмд олон бүтээн байгуулалтыг хийсэн төр нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал, түүний гэргий нарын хөшөө Орхон аймагт сүндэлэн бослоо гэсэн мэдээг телевизийн мэдээ үзэж байхдаа олж харсан. Тэгээд энэ удаа Сэлэнгэ орох замдаа зорин ирж, зурагаа татуулж байна. Миний мэдэхээр, Цэдэнбал Филатова нь манай улсад олон сургууль, цэцэрлэг бариулсан, одоо бидний сайн мэдэх "Найрамдал" зуслан, гэрлэх ёслолын ордон, хүүхдийн парк, Батсүмбэрийн ахмад настны асрамжийн газар, хүүхдийн төрөх эмнэлгүүдийг барихад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж боддог. Хүндэлж явдаг юм аа" гэв. 

Эх сурвалж: www.zms.mn