Т.САЙХАН

Ардчилсан хүчний холбооны IV их хурал өнөөдөр /05.10/ болж байна. Тус холбооноос 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ыг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мөн АН-ын үнэт зүйл, үзэл санаанд харш үйлдэл, үйл ажиллагааг хөхиүлэн дэмжигч Монголын ардчилалд заналхийлэгч аливаа хүчний гар хөл болсон хэсэг бүлэг этгээдийг Ардчилсан Намаас нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг тус намын удирдлагад хүргүүлэхээр болжээ.  

Ардчилсан хүчний холбооны тэргүүн С.Эрдэнэ “Энэ холбоо нь анх 2009 онд байгуулагдсан. Тухайн үед төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгосонтой холбоотойгоор баруун чиглэлийн үзэл санаа бүхий хүмүүсийг нэгтгэж, төрийн бус байгууллагын зохион байгуулалтад оруулах зорилгоор энэ холбоог байгуулсан. Өнөөдөр энэ холбооны 15 жилийн ой болж, IV их хурлаа хийж байна. Өнөөдрийн хурлаас Эрх чөлөөний тунхаг бичиг гаргана. Мөн хоёр тогтоолыг батална.

Бид хэн нэгнийг харлуулах зорилгоор мэдэгдэл гаргаж байгаа юм биш. Ардчиллын үнэт зүйлтэй санал нийлэхгүй хүмүүсийг битгий нэр дэвшүүлээч, үзэл санаандаа үнэнч байгаач гэдэг зарчмыг баримтлан тогтоол гаргаж байгаа” гэв.

“УИХ‑ын сонгуульд АН-ыг дэмжихдээ хэдэн хүнийг нэр дэвшүүлэхээр тохиролцсон бэ” гэдэг сэтгүүлчийн асуултад “Ардчилсан хүчний холбоо нь ямар нэгэн квот, тохиролцоог АН-тай хийгээгүй” гэдэг хариулт өглөө.

Эх сурвалж:www.polit.mn