Сүрнээгийн УЯНГА

 

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ. Ээлжит зочноор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгыг урьж ярилцлаа. Тэрээр анх удаа манай сонинд дэлгэрэнгүй ярилаа.

 

-Анх хоёр жилийн өмнө тантай Ховдын TEDx-ийн тайзан дээр илтгэл тавихад уулзаж байлаа. Салбартаа хэн тод байна түүнд TEDx-ийн тайз хөшгөө нээдэг. Харин тэнд та уригдсан байсан? 

- Алс баруун хязгаар Ховд аймагт TED буюу дэлхийн оюунлаг тайзыг зассан нь олон залууст нүүр хагарах, яриа дэлгэх, нөхөрлөх, хамтдаа хөгжих боломжийг нээж өгсөн. Тэдгээр манлайлагч залуусын нэгээр намайг урьсанд талархаж хүлээж авсан л даа. TEDx ямар ч  улс төрийн агуулгагүй. Цэвэр оюуны хөрөнгө оруулалт гэдэг утгаараа надад таалагддаг.

Дэлхийн 150 орны 3000 гаруй хотод нэгэн зэрэг зохион байгуулагддаг TEDx тайзан дээр "Next Gen" уриалгын дор миний бие “Амьдрал жаргал миний өнцөг” сэдвээр баруун бүсийн залуустай санал бодлоо хуваалцаж урам өгөхийг зорьсон.

Ингэж ярихаар намайг Ховдынх юм болов уу бодож байгаа байх. Ээжийн тал Өмнөговь аймгийн Цогтцэцийгээс гаралтай. Багадаа цэцэрлэгт явах дургүй байсан учраас өвөөгийнхөө дэргэдээс холдоогүй, яг л өвөр дээр нь өссөн. Энэ дурсамж одоо ч санаанд минь тод байдаг. Мөн гэр бүлийн хүн маань уул уурхайн салбарт Цогтцэций суманд ажиллаж байна. Бид мэргэжил нэгтэй, нэг  салбарт хоёулаа ажилладаг. Ер нь л төрж өссөн цагаасаа хойш говьтой ойр явна даа. Дундуур нь гадагшаа сурсан, ажилласан хугацаа бий  ч ажил амьдрал маань говь нутгаас нэг их холдоогүй. Мэргэжлийнхээ онцлогоор сүүлийн жилүүдэд байсхийгээд говь руу давхиж байгаа нь ховор хувь тохиол мэт санагддаг шүү.

 

УДАМ ЗАЛГАСАН ГЕОЛОГИЧ САЙД

 

-Одоогоос 20 гаруй жилийн өмнө охид уул уурхай геологийн мэргэжлээр суралцах нь ховор байсан байх. Ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн гэхээр бүр олон жилийн өмнө эмэгтэйчүүд уул уурхайн салбарыг сонирхож байжээ?

-Ээж маань геологич мэргэжилтэй. “Та яагаад геологич юм болсон бэ” гэж асууна л даа. Ээж оюутан болсон үе гэхээр 30-40 жилийн өмнө шүү дээ. Ээжийг их сургуульд орох үед сурлагынх нь оноогоор жагсаадаг. Өндөр оноо авсан хүүхдүүдийг ээлжээр гадагш нь сургадаг байж л дээ. Тэгээд ээжид ОХУ-руу явж сурах боломж олдсон нь геологич мэргэжлээр Москвад Ломоносовын их сургуулийн хуваарь таарсан юм билээ. Сургуулийнхаа хуваарийг авахдаа ээж маань геологич мэргэжлийн талаар сайн мэдэхгүй л явсан гэдэг. Харин сураад эхэлсэн чинь уул уурхайн салбар сонирхолтой санагдсан гэж ярьдаг. Тэр хэрээр ч Ломоносовын их сургууль маш сайн мэргэжилтнүүдийг бэлтгэсний нэг нь манай ээж байж таарсан. Намайг анх оюутан болоход ээж ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуульд багшилж байлаа. Миний хувьд багаасаа л ээжийн ажил дээр очиж геологичдын дунд өссөн. Ээжийн найзууд геологич байсан болохоор магадгүй эмэгтэй хүн уул уурхайн салбарт ажиллана гэдэг ойлголт төсөөлөл надад нэг их хол санагдаагүй байх. Геологийн төв лабораторийн байр, ШУТИС гээд ээжийг дагаж ажил дээр нь очихдоо гал цогтой мундаг геологич эмэгтэйчүүдийн дунд  ихэнх цагаа өнгөрүүлнэ. Уйдсан үедээ янз бүрийн зүйл сонирхож туршиж үзнэ. Тэр дундаас байгалийн чулуу өнгө өнгөөрөө ялгарч харагддаг нарийн мэргэжлийн багаж болох микроскопоор харах их дуртай байсан. Өөрөөр хэлбэл, өнгө нь асаж унтардаг болон бусад шинж чанараар нь ямар эрдэс вэ гэдгийг таньж болдог. Мөн геологийн зургийг нимгэхэн цаасан дээр хэвлээд өнгийн харандаагаар будах үед бөөрөнхий болгоныг нь улаан харандаагаар будаарай гээд бэлтгээд өгчихнө. Тухайн үед ойлгоогүй ч одоо бодоход цагариган хэлбэр үүсгэдэг тэр улаан чулуу боржин чулуулаг байж. Боржинг Богд уулыг үүсгэдэг гэдгээр нь хүмүүс мэднэ дээ. Ингэж л ээжийн маань жижигхэн хэрнээ хорвоо ертөнцийг алган дээр маань дэлгэж харуулдаг байсан тэр өрөөнд миний геологийн салбарыг сонирхох эхлэл тавигдаж байж гэж талархан боддог. Тиймдээ ч ээжийн мэргэжлийг өвлөж уул уурхайн чиглэлээр суралцахаас татгалзаагүй. Мөн гадагшаа явж сурах зорилго, хүсэл сонирхолтой маань нийцэж байсан болохоор эрдэс баялгийн салбарыг сонгосон. Нөгөө талаасаа гадаадад суралцах, мэргэжил дээшлүүлэх боломж олгосон гэж хэлж болно. Хэдийгээр сүүлд ойлгосон ч эрдэс баялгийн чиглэлээр ээжийн маань өрөө дүүрэн ном надад ирэх, бүгдийг нь уншиж судлах боломж гарч ирсэн нь юугаар ч үнэлэшгүй үнэ цэнтэй мэдлэг байсан даа

ШУТИС-д анх нэгдүгээр курсын оюутан болоход манай анги 80-иад хүүхэдтэй байсны зургаа нь эмэгтэй. Хоёр нь хотоос байсан санагдаж байна. Тухайн үед голдуу аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөхөөс гадна физик, газар зүйн шинжлэх ухаанд үнэхээр сонирхолтой бол уул уурхайн салбарыг сонгодог байсан л даа. Харин сүүлд сургуулиа төгсөж ирээд хичээл ороход ШУТИС-ийн нэг ангийн тал нь эмэгтэй оюутантай болсон байсан. Аргагүй уул уурхайн салбар тэсрэлт хийж байсан үе л дээ.

Миний хувьд мэргэжил сонгохдоо ч тэр эмэгтэй хүн уул уурхайн салбарт ажиллах нь хэвийн л зүйл болохоос онцгой содон ховор тохиолдол гэж бодогдож байгаагүй. Магадгүй геологич эмэгтэйчүүдийн хүрээлэл дунд өссөнтэй маань холбоотой байх. Нэг анзаарсан зүйл нь ээжийг хөдөө олон хоногоор ажилтай явахад аав биднийг хараад үлдэнэ. Хавар нь охиноо үнсээд намар уулздаг байлаа гэж ээж хэлдэг. Геологийн салбар ийм л онцлогтой. Энэ онцлогийг мэдэрч өссөн ч гэсэн хэцүү санагдаагүй. Аав маань механикийн инженер. Аав, ээж хоёр ОХУ-д сурч байхдаа танилцаж гэр бүл болсон гэж ярьдаг.

-Монголын говиос АНУ-д доктор хамгаалахаар урт замд гарчээ. Тэр дундаа Харвардад доктор хамгаалсан хоёр л эмэгтэй байдгийн нэг нь та шүү дээ. Холын замд бартаа саад их байв уу. Том гүрний зургаан жилийн докторын программ ч нэлээн “чанах” нь гарцаагүй?

-Улаанбаатарт “Ирээдүй” цогцолбор сургуульд сурч, их сургуулиа төгсөөд Монголдоо гадны хөрөнгө оруулалттай компанид зургаан жил гаруй ажилласан. Оюутан цагаасаа мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн.

Анх оюутан болохдоо л гадагшаа явж сурахаар төлөвлөсөн. Энэ зорилгынхоо дагуу 2009 онд шалгалт өгөхөөр бэлтгэж эхлээд бүтэн жилийн дараа сургуульдаа тэнцээд явсан. Тухайн үед хоёр сартай хүүгээ Монголд үлдээгээд сурахаар явсан. Мэдээж амар байгаагүй ч нэгэнт зорьж багагүй хугацаанд бэлтгэж ирсэн учраас шийдвэр гаргасан нь Харвард. Хүүхэд маань нялх, сүүгээ байнга саахаас эхлээд хүүхдээсээ хэтэрхий хол байх хүнд туссан учраас дөрвөн сартай байхад нь буцаж ирээд аваад явсан. АНУ-д зургаан жилийн докторын программд нялх хүүхдээ асрангаа сурна гэдэг хэцүү. Гэхдээ боломжгүй зүйл биш л дээ. Манай тэнхимд надаас гадна Норвеги эмэгтэй хүүхэдтэйгээ ирсэн байсан. Норвеги улс аавд нь хүүхдээ харах цалинтай чөлөө олгодог учраас ямар ч асуудалгүй нөхөр нь хүүхдээ харах боломжтой залуу гэр бүлдээ ээлтэй бодлоготой юм билээ.

АНУ-д сурч байхад нэг зүйлийг анзаарсан нь ганц бие болон гэр бүлээрээ яваа хүмүүс ялгаатай. Доктортоо сурч судалгаа хийхээс эхлээд ачаалал өндөр. Дээр нь хүүхдээ цэцэрлэгт оруулах гээд багш нартай нь байсхийгээд очиж уулзах зэргээр судлах суралцах ажил ч мундахгүй. Өөрөөр хэлбэл, ачаалал хэд дахин нэмэгдэхээс гадна эргээд үүрэг хариуцлагаа ухамсарлах нь арай илүү юм уу. АНУ-д  цэцэрлэгээсээ эхлээд боловсрол эзэмших нь багагүй төлбөртэй. Харин Харвардад манай тэнхимд хүүхэдтэй хоёр л оюутан байсан болохоор сургуулиас дэмжээд хүүгийн маань цэцэрлэгийн төлбөрийг төлдөг байсан. Энэ нь манай гэр бүлд маш том дэмжлэг болсон. Сургуулиа ч амжилттай төгссөн.

Харвардад доктор хамгаалсан надаас гадна бас нэг эмэгтэй бий. Одоохондоо хоёр байгаа ч удахгүй илүү олон болох байх. Физик, хими, математик, байгалийн ухаан гээд олон чиглэлээр докторын программд тэнцчих юм бол төлбөрийг нь цаанаасаа хариуцдаг учраас манайхан гүрийж байгаад орох л хэрэгтэй гэж боддог.

Докторын программд маш өргөн хэмжээний судалгаа хийнэ. Нэлээн ч зовооно. Ихэнх улс орон 3-5 жил сургаж байхад АНУ зургаан жилээр докторын зэрэг хамгаалуулдгаараа алдартай. Зарим үед 7-8 жил “уях” ч тохиолдол байдаг юм билээ. Эхний хоёр жил суурь хичээлүүдээ давтаад судалгааны чиглэлээ  олно гэсэн үг. Гурав дахь жилээс мэргэжлийн шалгалтаа өгөх үед докторын зэрэг хамгаалуулах комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж суугаад хоёр жилийн хугацаанд сурсан мэдсэнээс гадна бүх талын асуулт асууна. Мэргэжлийн чиглэлээс тэс ондоо зүйл асуусан ч мэдэж байх ёстой гэж үздэг. Хөндлөнгөөс хүмүүс орж ирж суугаад асуух ч нээлттэй. Тэнцвэл дөрвөн жил сурах эрх нээгдэнэ гэсэн үг. Ер нь эхний хоёр жил толгой өндийх завгүй. Харин мэргэжлийнхээ шалгалтыг давчихвал хамгаална гэсэн агуулга руу шилжиж арай жаахан хөнгөрөх юм уу. Гэхдээ л сонгож судалсан сэдвээрээ дөрвөн жилийн дараа чиний сурч мэдсэнийг өөр хэн ч мэдэх ёсгүй гэсэн шаардлага тавьдаг. Бараг л багш нараасаа илүү мэдэх хэмжээнд очтолоо нухаж яг тэр чиглэлийн нарийн мэргэжилтэн гарч ирнэ.

-Таны дипломны сэдэв сонирхолтой санагдлаа. Газрын хэвлийг судлах нь судалгаа болоод ач холбогдол талаасаа шинжлэх ухаан, салбар, олон нийтийн хэмжээнд ямар өгөөжтэй вэ? 

-Миний судалгааны ажил бол бидний амьдарч байгаа буюу Төв Азийн гэгддэг газрын хэвлий хэзээ яаж үүсдэг вэ гэдгийг нарийвчлах юм. Газар байнгын хөдөлгөөнд оршдог. Тэр их хөдөлгөөний үр дүнд өнөөдөр бидний амьдарч буй газрын хэвлий бий болсон. Ер нь сууриа сайн мэдэж байж агуулгуудаа ойлгох ёстой гэдэг утгаараа нэлээн суурь шинжлэх ухаан талаас нь судалж мэдэхийг хичээсэн. Төв Азийн салбар онцлогтой. Хэзээ үүссэн бэ гэдгийг чухалчилж үздэг. Тухайлбал, газрын хэвлийг аль цаг үед үүссэнийг нь судлах, Казахстан, ОХУ, БНХАУ-д байгаа ижил төрлийн газар нутагтай харьцуулж үндэслэлийг нь гаргаж ирэх чиглэлээр голчлон ажилласан.

"Evolutionary geology" гэдгийг Геологийн хөгжлийн түүх гэж орчуулаад байдаг. Гэтэл зарим судлаач шинжлэх ухаан биш түүх юм биш үү гээд байдаг. Салбарынхны хувьд бол шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрхэн хөгжсөн бэ гэдгийг л тайлбарлах ёстой. Бидний амьдарч буй газар нутаг эквадорын бүс, уртраг өргөргийн байнгын хөдөлгөөнд байдаг. Харин тэр хөдөлгөөн бүрийг тайлах болгондоо Монголыг дандаа Сибирийн хажууд байрлуулдаг. Миний судалгааны үр дүнгээр бол Монгол Улс Сибирьтэй байнга хамт байгаагүй. Баруун хойд Хятад буюу Таримтай ойрхон хөгжиж ирсэн гэж үзсэн. Энэ их чухал тайлбар.

-Тэгэхээр өмнөх буюу Монгол Сибирьтэй наалдаж хөгжиж ирсэн гэдэг нээлт таны судалгаагаар бүрэн үгүйсгэгдсэн гэсэн үг үү?

-Хэсэгчлэн үгүйсгэгдсэн гэж ойлгож болно. Гэхдээ шинжлэх ухаан байнга сайжирч, шинэлэг ойлголт болгоныг ашиглаж байх ёстой. Ямар ч зүйл байсан судлах тусам өөр л байдаг. Өмнө нь судалж гаргаж ирж өөрсдийнхөө онолыг дэвшүүлсэн хүмүүст талархах хэрэгтэй. Тэр бүхнийг судалж байж дараагийн шинэлэг санаа, шинэ нээлт төрдөг.  Үүний үндсэн дээр шинэ санаа дэвшүүлээд нэг бол арай өөр шүү гэдгийг батална. Эсвэл зөв байжээ гэдгийг нотолно. Хөгжлийн нэг үе юм уу. Магадгүй техник технологи хөгжихийн хэрээр шинэ аргууд гарч геологичид огт өөр нүдээр харж тайлахыг үгүйсгэхгүй. Хэн нэгэн ямар нэгэн шинэ баталгаа гаргаж ирвэл түүнийг үгүйсгэхээс илүү бодож үзэх л учиртай.

 

Ажлын зарчим: ХУГАЦАА, ЧАНАРТАЙ ГҮЙЦЭТГЭЛ

Блиц

УУХҮ-ийн дэд сайд Болдын Уянга

Боловсрол:

2001-2003 онд: АНУ, Вотертаун ахлах сургууль

2003-2007 онд: Шинжлэх ухаан технологийн их сургууль, Геологи, газрын тосны сургууль, Бакалавр

2009-2010 онд: Шинжлэх ухаан технологийн их сургууль, Геологи, газрын тосны сургууль, Магистр

2016 онд: АНУ, Харвардын их сургууль, PhD

 

Ажлын туршлага:

2020 онд: Үндэсний геологийн албаны дэд дарга

2022 онд: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга

2023 онд: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх

2024 онд: Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд

-Харвардад доктор хамгаалчихаад Токиогийн их сургуульд судлаачаар ажилласан гэхээр бараг арваад жил эрдмийн ажилд төвлөрчээ. Дэлхийн топ сургуулиудаас өөртөө суулгасан судалгааны арга барил юу байв?

-Мэргэжлээрээ ажиллахад хэзээ ч оройтохгүй гэж боддог. Тиймдээ ч АНУ-д докторын зэргээ хамгаалчихаад үргэлжлүүлээд Японд Токиогийн их сургуульд  хоёр жил гаруй судлаачаар ажиллалаа. Ер нь гадаадад ажиллаж амьдрахаар яах аргагүй сонголтын өмнө тулж ирдэг юм билээ. Миний хувьд үргэлжлүүлээд гадны оронд туршлага хуримтлуулж болох ч гэр бүлийнхээ хүний саналыг дагаад эх орондоо ирсэн. Энэ нь ч  бидний хувьд зөв сонголт болсон. Ер одоо гэр бүлээрээ Монголдоо ажиллаж амьдарч байна.

Судалгааны арга барил олон янз л даа. Миний хувьд хамгийн үр дүнтэй санагддаг судалгааны арга барил бол тууштай хөдөлмөрлөх.

-АНУ, Японы боловсролын системийг ажиглахад манай улс нэвтрүүлээсэй гэж бодсон зүйл олон байсан нь лав. Ер нь ажил амьдралын туршлага, академик боловсролоос та ямар арга барил, ажлын зарчим, ур чадварыг олж авсан бэ? 

-Сайн багшийг дагаж сайн оюутан бий болдог. Сайн багш сайн сургуульд л ирнэ шүү дээ. Чанартай боловсрол олгоё гэвэл сургуулиудыг бодлогоор дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй. Дэд бүтцийг нь шийдэж өгөөд сайн багш нарыг татах ёстой. Энэ үед хүссэн хүсээгүй оюутнууд ирнэ. Үр дүнд нь сайн боловсон хүчин бэлтгэнэ. Хаана хэзээ ч чадвар, чанарын асуудал яригдаж байвал сайн гэдэг тодорхойлолтод нийцэх болов уу гэж боддог.

Миний хувьд бакалаврын боловсрол, магистраа ШУТИС-д хамгаалсан. Хоёуланд нь улаан дипломтой төгсөж байлаа. Ер нь Монголдоо суурь боловсрол эзэмшиж багш, шавийн харилцаатай байна гэдэг эх орондоо эргэж ирэх бас нэг шалтгаан болдог гэж боддог. Гадаадад байхдаа ШУТИС төгссөн болохоороо ч тэр үү монгол оюутнуудаа дадлагажуулах чин хүсэлтэй байсан. Тиймээс өөрийнхөө сурах зургаан жилийн хугацаанд жил бүр 2-3 оюутныг шалгаруулж хээрийн ажилд дадлагажигчаар авч явна. Өвлийн амралтаар нь АНУ-руу 1-2 сар бас дадлага хийлгэдэг байлаа. Оюутнуудад дадлага их чухал тул өсөж хөгжихөд дэм болсон байх гэж найддаг. Японд байхад бас нэг туршлагаа үргэлжлүүлсэн. Цаашдаа ч тогтмолжуулна.

Миний ажлын зарчим бол хийнэ гэснээ хугацаанд нь амжуулж байж санаа амардаг. Мөн асуудал үүссэн бол заавал шийдлийг нь олно. Оновчтой шийдэл хайж зорилгодоо хүрэхийн тулд ямар зүтгэл гаргах нь миний асуудал.  Хойшлуулах, худал ярих, шалтаг тоочихыг тэвчдэггүй. Байж болохгүй зүйл гэж боддог.

Хэлснээ хугацаанд нь хийхээс гадна чанартай гүйцэтгэл чухал. Тиймээс өөртөө тавьдаг шаардлагаа өрөөл бусдаас нэхэх гээд байдаг талтай. Энэ ажлыг маргааш чамаас асууя гэж хэлсэн бол яг л хэлсэн цагтаа асуудаг учраас бусдад ч хэвшил болох болов уу. Хүн нэг, хоёр удаа амжихгүй байлаа гэхэд гурав дахь удаагаа арай өөрөөр хандана. Хэлсэн л бол хугацаандаа асуудаг шүү гээд дараа дараагийн удаад амжуулдаг, хугацаандаа хийдэг болдог. Тиймээс энэ бол чухал чадвар гэж боддог.

-Геологи, уул уурхайн салбарт газрын даргаас эхлээд удирдах албан тушаалд тасралтгүй 4-5 жил ажиллалаа. Гол онцлог нь мэргэжлийн буюу доктор сайдтай боллоо гэж олон нийт харж байна. Энэ хугацаанд илүүтэй тогтолцооны гажуудлыг олж харсан засахыг хичээсэн зүйлс хэр байв?

-Хувийн хэвшилд ажиллаад явах боломжтой ч төрийн албанд орох боломж бүрдэж, шийдвэр гаргасан маань зөв алхам болжээ гэж хардаг. Үндэсний геологийн албаны дэд дарга, УУХҮ-ийн яамны Геологийн бодлогын газрын дарга, сайдын зөвлөхийн хариуцлагатай, нэр төртэй албыг хашсан. Зарим үед хэдийгээр болж бүтэхгүй зүйлс бий ч гэсэн монгол төрийн төлөө зүтгэнэ гэдэг үнэхээр баярлууштай.

Төрийн байгууллагад ирээд бүх зүйлд, алхам тутамд баг, хамт олон хичнээн чухал, үнэ цэнтэй гэдгийг илүү их ойлгож мэдэрч байна. Ганцаараа яваад хэзээ ч зөв шийдвэр гаргахгүй, амжилтад хүрэхгүй. Багаараа илүү хурдан урагшилна. Тэр тусмаа багаараа нэг ойлголтыг өмнөө тавьсан зорилгынхоо төлөө хичээх юм бол болж бүтэхгүй зүйлс гэж хаана ч үгүй. Сайд газрын дарга нараасаа, газрын дарга мэргэжилтнээсээ хамааралтай ажилладаг. Түүнээс сайд дарга ер нь хэн ч байлаа гэсэн ганцаараа, би гэж яваад юу ч хийж бүтээхгүй. Төрийн албанд сайн баг бүрдэж чадах юм бол улс орны хөгжил ч урагшилна.

Төрийн албыг хүмүүс ад үзэх хандлага гаргадаг. Гэхдээ тэр хүмүүсийн хичээж байгааг, ямар ачаалалтай цаг наргүй ажиллаж байгааг тэр бүр мэдэхгүй. Ер нь шүүмжлэх шиг амархан зүйл үгүй. Харин тухайн хүний оронд өөрөө байсан бол ямар шийдвэр гаргах байсан, асуудлын шийдэл нь юу юм. Ямар нөхцөл байдал дунд шийдвэр гаргаж байгааг мэдэхгүй шүү дээ. Ер нь аливааг огт судалгаа шинжилгээгүйгээр шийдэх боломжгүй. Хамгийн гол нь төрийн байгууллагын аль ч ажилтан тухайн нөхцөл байдалдаа хамгийн сайнаараа шийдвэр гаргадаг байх. Би бол тэгэж л итгэдэг. Төрийн албан хаагчдаа шүүмжлэхээс илүү хамгаалах, итгэх ёстой гэж боддог.

Нөгөө талаас засах залруулахсан гэж олж харсан зүйлс бий л дээ. Хамгийн наад зах нь төрийн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулах, шуурхай байх хэрэгтэй. Цааснаас хараат, заавал бичиг цаас ирж очиж байж ажил урагшлах сул тал ажиглагддаг. Гэхдээ технологийн дэвшилтэй холбоотойгоор бага багаар засагдаж л байгаа байх. Энэ мэтээр олон асуудлууд цэгцрээд засагдаад яваа гэж бодож байна.

 

ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ЧИМЭЭГҮЙ УРАГШЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ

 

-Нийтээрээ үр өгөөжийг нь хүртэх томоохон төслүүд уул уурхайн салбарт цөөнгүй бий. Саяхан та Дорноговь яваад ирсэн. Монголчууд яг хэзээ газрын тос боловсруулах үйлдвэртэй болох вэ. Энэ асуулт сүүлийн 4-5 жил хариултаа нэхэж байна?

-Улсын хэмжээнд зургаан газар уул уурхайн салбарын төлөөлөгчийн газар нээгдсэний нэг нь Дорноговь. Мөн “Гэрэлт говь” , “Алтанширээт” гэх үйлдвэр технологийн паркууд тэнд баригдаж байна. Төлөөлөгчийн газрынхаа ажилтнуудыг чадавхжуулах ажил Дорноговь аймгаас эхлээд үргэлжлээд явна. Дорноговьд ажиллаж байхад нэг зүйлийг анзаарлаа. Иргэний нийгмийн төлөөллийнхөн ч хэлж байна лээ. Шинэ сэргэлт, аж үйлдвэржилт гэж яриад байгаагийн тод жишээ нь говьд байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн дөрвөн жилээр харах биш урт хугацаандаа хэрэгжих томоохон төслүүдийн үр шим мэдрэгдээд эхэлсэн байна. Газрын тос боловсруулах үйлдвэр гэхэд 2017 онд анх яригдаж яриа хэлэлцээ хийгдсээр дөрвөн жилийн дараа буюу 2021 онд Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль батлагдсан байдаг. Дөрвөн багц том ажил эхэлж тендерийн бүтэлгүйтэл, цар тахлын нөхцөл байдлаас болж тодорхой хугацаа алдсан юм билээ. Одоо бол дөрвөн багц ажлын нэг нь бүрэн дууссан. Хоёр, гурав дахь эхэлсэн. Энэ намар хоёр дахь багц дуусахаар байгаа. Графикийн дагуу ажил нь үргэлжлээд яам хянаад явчих юм бол 2027 оны наймдугаар сард бид газрын тос боловсруулах үйлдвэртэй болно.Сүүлийн багц ажил эхэлчихвэл хүлээх л үлдэнэ. Гэтэл худал үнэн нь мэдэгдэхгүй эрүүл бус шүүмжлэл байсхийгээд гараад ирнэ. Харамсалтай нь хэн нэгний харлуулах, улстөржих сэдэв болчихсон. Энэ бүхэн сөргөөр нөлөөлж саад болно уу гэхээс сайн зүйл биш. Тэртээ тэргүй ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ. Ер нь томоохон төслүүдийг чимээгүй орхичих хэрэгтэй. Байнга ярианы сэдэв болгож гаргаж ирэх хэрэггүй. Гацаахын нэмэр шүү дээ.

-Дараагийнх нь шатахуун. Салбарын удирдлагаар ирсэн хүмүүс шатахууны асуудалтай нүүр тулдаг. Улаанбаатарчууд явгардаг, хязгаарлалтад ордог байдал бараг жил болгон давтагдаж байна. Олон нийтийн эсэргүүцэл шүүмжлэл ч хүчтэй өрнөдөг. Энэ байдал хэзээ зогсох бол?

-Миний бие дэд сайдын хувиар Монгол болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хариуцан ажиллаж байна. Гэрээний төслөө хойд хөршөөс авсан. Одоо манай яамдуудаар тойрч байна. Санал авч дууссаны дараа Засгийн газрын хурлаар оруулж гарын үсэг зурах эрхээ авна. Гэрээний хамгийн гол заалт бол ямар ч нөхцөлд ОХУ Монголд тохиролцсон хэмжээгээр шатахуун нийлүүлнэ. Манай улс өөрсдийнхөө авах хэмжээг улирал тутам урьдчилан мэдэгдсэний дагуу хугацаанд нь төмөр замаар нийлүүлэх юм. Манай талаас саналаа тусгаад яамдын саналыг авч байна.

Өмнө нь хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр байгаагүй юм билээ. Хувийн хэвшлүүд маань Роснефть гээд тус улсын төрийн өмчийн компаниас авдаг байсан. Шатахууны тасалдал үүсэхээс сэргийлж яам оролцож хэлэлцээр хийж туслах маягаар аман байдлаар хамтарч ажилладаг байсан юм билээ.

-Тэгэхээр энэ гэрээ байгуу­лагдчихвал ОХУ-аас ямар нэг байдлаар шатахуун хязгаарлахгүй. Баталгааны бичиг болно гэсэн үг үү. Яг хэзээ байгуулна гэсэн хүлээлттэй байгаа вэ?

-Бид тэгэж найдаж байгаа. ОХУ дотоодын болон геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор эхний ээлжинд экспортоо хязгаарлахдаа Засгийн газар хоорондын гэрээтэй орнуудыг үлдээгээд бусдыг нь хоригт оруулсан. Манай улс Засгийн газар хоорондын гэрээгүй байсан болохоор хоригт орсон гэсэн үг. Тухайн үед бид амжилттай хэлэлцээр хийсний хүчинд 21 хоногийн дотор хоригоос гарч чадсан. Харин одоо гэрээгээ байгуулчихвал дахиад хорих хязгаарлах асуудал үүсэхгүй гэж итгэж байгаа. Ний нуугүй хэлэхэд удаан хугацааны турш олон удаагийн яриа хэлэлцээний ширээний ард сууж байж өнөөдрийн үр дүнд хүрсэн.

Гэрээ таван жилийн хугацаатай байгуулна. Тавдугаар сарын 1 гэхэд байгуулах юмсан гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

МОНГОЛ УЛС ХААНА ЮУ БАЙГААГАА ХАЙЖ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ

“Цэнхэр гараг”-ийг албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргах ажлыг санаачилсан. Менделеевийн үелэх системийн аль элемент ямар эрдэст агуулагддаг. Манай дэлхийд ямар элементүүд харьяалагддагийг харуулахаас гадна элемент болгоныг хэн хэзээ нээсэн мэдээлэл нь бий. Өгүүлбэр болгон мэдлэг олгож байгаа учраас хими үзэж эхэлж байгаа дунд ангийнханд үнэхээр хэрэгтэй оюуны том хөрөнгө оруулалт болно гэж бодож албан ёсны эрхийг нь аваад орчуулга дээр нь салбарын мэргэжилтэнтэй хамтарч яг гардан суусан.

-Салбарынхаа хөгжлийн дараагийн шатыг юу гэж хардаг вэ. Уул уурхай бол хамгийн том потенциалтай салбар шүү дээ?

-Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт ихтэй металлууд дээр том тоглогч байх ёстой. Ашигт малтмалын хангалттай потенциал бидэнд бий. Үүнийгээ илүү сайн мэдэхийн тулд хайгуулын ажлаа л хийх ёстой. Эрэлт нь ихэсч байгаа зах зээлд тоглогч болох ирээдүй бий. Тухайлбал, онц чухал ашигт малтмалд зэс орж байгаа. Гэтэл зэсгүй технологи гэж алга. Монгол Улс зэсээр баян. Тиймээс эргэн тойронд өөр ямар орд байгааг хайх хэрэгтэй. Манай улсын нутаг дэвсгэрийн 76 хувийг ямар нэг байдлаар хайгуулын ажил хийхийг хориглосон. Тусгай хамгаалалттай, тусгай хэрэгцээтэй, урт нэртэй хууль, ойн сан бүхий газар нутаг гэсэн нэршлээр хорьчихсон. Харин оногдсон 24 хувийн дөрвөн хувьд нь л тусгай зөвшөөрөлтэй байх жишээтэй. Тэр дотроо ихэнх нь нэлээд олон жилийн өмнө олгогдсон А зөвшөөрөл буюу үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн үг.

Монгол Улс, салбарын яам нь Монголын нутаг дэвсгэрт хаана юу байгаагаа мэдэж байх хэрэгтэй. Гэтэл тэр боломжийг олгохгүйгээр хамгаалж буй нэрээр бүх талбайг авчихаад байна. Үүнийг буруу гэж хардаг. Ганцхан жишээ хэлэхэд, БНХАУ-д газрын тос олборлож байгаа төслүүд манай хилийн заагт тулчихсан байдаг. Энд хардалт бий. Шингэн ашигт малтмалыг хэвтээ байдлаар сорох боломжтой. Тиймээс хил рүү тулгаж байгаад манай баялгийг сорж байгааг мэдэхгүй. Үүнийг нягтлах ч боломжгүй. Бүх зүйл хаалттай. Ядаж хил дамнасан шингэн ашигт малтмал буюу манай улсын газрын тосноос сорж байгаа эсэхийг мэдэх хяналтын цооног тавих шаардлагатай. Датагаа гаргаж ирээд харах хэмжээний судалгаа шинжилгээтэй байх хэрэгтэй. Үгүй юм аа гэхэд хардлагаа тайлах ёстой. Хэрэв хилийн хоёр талд байх юм бол олборлож байгаа тал нь ашгаа хуваах тухай олон улсад гэрээний зохицуулалт бий. Тусгай хамгаалалттай газар нутаг ихэвчлэн хил дагаж л байдаг. Зүүн аймгууд тэр чигтээ бий. Мэргэжлийн байгууллагадаа итгэхэд болохгүй зүйл үгүй. Энэ мэтээр хардах сэрдэх, хаана юу байгаа, юу болж байгааг мэдэх шаардлага бий.

-Тусгай хамгаалалттай газруудыг ашиглах хэрэгтэй. Монгол орон хаана юу байгаагаа мэдэх, ядаж хяналтын цооног тавих ёстой гэдэг талаараа яам болоод таны хувьд оролдлого хийсэн үү?

-Тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал хайх асуудлыг хуулиараа УИХ шийднэ. Парламентын шийдвэр гараагүй тохиолдолд газрыг хөндөх хориотой. Уг нь гарц шийдэл байгаа ч хэрэгжих боломжгүй байна л даа.

Хүмүүсийг ойлгоосой гэж хүсэж байгаа зүйл бол хайгуул хийнэ гэдэг ухна, олборлоно гэсэн үг биш. Монгол орны хаана юу байгааг хайж мэдэх хэрэгтэй. Харин олборлох уу яах вэ гэдэг огт өөр түвшний асуудал. Зөвшөөрлөөс эхлээд маш их зүйл авна. Хайгуулаар орд оллоо гэхэд олборлуулахгүй байж боломж бий. Хамгаалалтад авчихаад хянаад байж болно. Энэ талаар манай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас эхлээд харьяа газруудаас санал санаачилга гаргасан байдаг юм билээ. Харамсалтай нь эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хаших боломжгүй байна.

Мөн ус бол хамгийн чухал шингэн ашигт малтмал. Салбарын нарийвчлан судалдаг чулуулгийн хоосон орон зай, ан цавд ус агуулагдаж байдаг болохоор геологийн мэргэжлээр сурч байгаа хүн бүхэн усыг мэдэж байх ёстой. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 15 хувьд нь л газар доорх усны судалгаа хийгдсэн. Тэгэхээр үлдсэн хэсгийг нарийвчлан судлах шаардлагатай. Усыг уул уурхай биш хөдөө аж ахуйн салбарт хамгийн их хэрэглэдэг. Мөн бид газар доорх усныхаа 85 хувийг ойрын хугацаанд судалж мэдэж авах хэрэгтэй. Усгүйгээр юу ч хийхгүй. Тиймээс усаа судалж мэдэж байж цаашид олон жилийн концепц ярина.

-Үндэсний баялгийн сангийн хууль батлагдлаа. Ерөнхий зарчмыг нь хэрхэн харж байна вэ?

-Монголчууд баялагтаа эзэн болж сайхан амьдрах ёстой. Уул уурхайн салбар ил тод сайн засаглалтай явах ёстой. Яагаад гэвэл, АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг экспортолж, худалдаалж буй уул уурхайн бүтээгдэхүүн бүрээс авдаг. Тэр орлогоосоо сандаа хуримтлуулаад шаардлагатай төсөл хөтөлбөрөө санхүүжүүлээд явах нь зөв. Уул уурхайн салбарын засаглал сайн байх юм бол заавал тэр орд төрийн мэдэлд байснаараа ашигтай ажиллана гэсэн үг биш. Монгол Улсын нутаг дэвсгэрт хаана ч ашиглаж олборлож байгаа уурхай болгон нь хариуцлагатай үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Үүнийг хянаж, шаардаад явахаас гадна гарч ирж байгаа ашигт малтмал нь худалдааны зарчмаар хэчнээн төгрөгөөр борлуулсан нь ил тод байх юм бол ямар ч хүндрэлгүй. Ашигт малтмал бол ашигтай үедээ ашигтай. Ашиггүй хэн ч тоохгүй үе бий. Тээвэр логистик, боомт талаас нь бүх түвшинд анхаараад өгвөл борлуулалтын орлогоосоо АМНАТ авч баялгийн сангаа бүрдүүлнэ. Түүнээс заавал төрд байснаар ашигтай ажиллана, орлого төвлөрүүлнэ гэж байж болохгүй.

-Таны ширээн дээр байгаа “Цэнхэр гараг” сонирхолтой санагдлаа. Ханын самбар юмуу гэж харагдлаа? 

-Би багаасаа химид сонирхолтой байсан. Хэрэв тэр үед надад үелэх системийг маш ойлгомжтойгоор багцалж энгийнээр тайлбарласан мэдээлэл байсан бол сурахад дөхөм, бүр илүү сонирхож судлах байсан биз. Энэ үүднээс  “Цэнхэр гараг”-ийг албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргах ажлыг санаачилсан. Менделеевийн үелэх системийн аль элемент ямар эрдэст  агуулагддаг. Манай дэлхийд ямар элементүүд харьяалагддагийг харуулахаас гадна элемент болгоныг хэн хэзээ нээсэн мэдээлэл нь бий. Өгүүлбэр болгон мэдлэг олгож байгаа учраас хими үзэж эхэлж байгаа дунд ангийнханд үнэхээр хэрэгтэй оюуны том хөрөнгө оруулалт болно гэж бодож албан ёсны эрхийг нь аваад орчуулга дээр нь салбарын мэргэжилтэнтэй хамтарч яг гардан суусан.  Цэвэр сонирхлоороо оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа учраас хэвлүүлэх талаас нь уул уурхайн компаниудаа уриалаад Монголын өнцөг булан бүрт байгаа сургуулиудын химийн танхимд үнэ төлбөргүй байршуулчих юмсан гэж зорьж байна. Том зорилгоо харвал хүүхдүүд химид сонирхолтой болж манай салбар руу боловсон хүчин орж ирнэ гэсэн найдлага тээж байна.

-Уул уурхайн салбар малчдад туслах хандив нэлээн өргөн хэмжээнд зохион байгуулж, уриалж байгаа харагдсан. Үр дүн хэр гарсан бэ. Мөн удахгүй Өмнөговьд эрдэс баялгийн эмэгтэйчүүдийн чуулган болох нь. Ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

- Уул уурхайн салбарынхан гамшгаас урьдчилан сэргийлэх аяныг урт хугацаанд өрнүүлж байна. Ер нь салбар урьд нь гамшгийн үед одоогийнх шиг өргөн хүрээнд нэгдэж уриалга гаргаж байгаагүй юм билээ. Тиймээс манлайлаад Монгол оронд, малчдад тулгамдаж буй байгаль цаг уурын нөхцөл байдалтай холбоотойгоор салбараараа нэгдэж тусалъя гэдэг уриалгыг мэргэжлийн зөвлөл, холбоодтойгоо хэлэлцэж байгаад хамтдаа нэгдээд явах нь илүү үр дүнтэй гэж харж “Байгалийн гамшгийн эсрэг баялаг бүтээгчид” уриалгыг гаргасан. Тун удахгүй явцын тайланг нэгтгэж нийтэд түгээнэ.

Хамгийн гол нь зөвхөн өвөл гэж харахаас илүү хаваржилт хүндрэх, шар усны аюул болох өндөр магадлалтай гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Урт хугацаандаа тогтвортой үргэлжлээд явах боломжтой гэж харж байгаа.

Эрдэс баялгийн салбарт 50 гаруй мянган хүн ажиллаж байгаагийн 15 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.  Тиймээс Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд” үндэсний IV чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байна. Энэхүү чуулган маань  уул уурхайн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж байгаа асуудлуудыг нь тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн өндөр ач холбогдолтой. Мөн уурхай бүрээс төлөөлөх таван уурхайчны гэргий ирж байгаа ба хамтаараа салбарын хөгжлийг ярилцахаар бэлтгэл хангагдсан байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 83 (7327)