Завхан аймгийн Баянтэс сумын 100 жилийн ойд

Монгол Улсын гавьяат багш Ү.Бямбаа

Монголынхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч эрэлхэг эх оронч Хотгойдын шадар ван Б.Чингүнжавын хойч үе,  үргэлжлэл Завхан аймгийн Баянтэс сум шинэхэн түүхийнхээ 100 жилийн ойтой 2024 онд золгож байна.  

Баянтэс сумын түүхийн эх сурвалж нь Эзэн богд Чингис хааны сүүлчийн хаан Батмөнх Даян хааны отгон хүү Гэрсэнз, түүний ахмад хөвүүн Ашихайн ач хүү Лайхар, Лайхарын хөвүүн Сувадайн үед Халхын баруун гарын нутгийг Засагт хан гэдэг болжээ. Энэ үед Сэцэн хан, Түшээт хан бий болж хожим нь Сайн ноён хан байгуулагдсан. Ийнхүү XVI зууны эцэст халхын дөрвөн хан бий болжээ.

Засагт хан аймгийн Хотгойд овогтны Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу 1757 оны орчим байгуулагдсан. Энэ хошуу хойт талаараа хилийн харуулууд, зүүн тал нь Дэлгэр мөрөн, Хөх цав, Сангийн далай, өмнө зүгт Халзан согоот даваа, Булнайн нуруу, баруундаа Дооно уул хүрч байжээ.

1923 онд Нутгийн захиргааны дүрэм ёсоор Засагт хан аймгийг Хан Тайшир  уулын аймаг болгож Эрдэнэ дүүрэгч вангийн хошууг Дэлгэр хаан уулын хошуу гэж 10 гаруй сумтай болгосны  нэг нь Баян-Уул нэртэй манай сум юм.

Гэхдээ 1924 онд Дэлгэрхаан уулын хошууг зохион байгуулалтад оруулж Баян-Уул, Бойжир уул, Бүрэн чандмань уул сум гэж тэдгээрт Баян-Уул, Дооно, Халбан, Заяа, Баяжих, Тэсийн гол, Батдах, Жавхлан, Буянт, Бадрах багуудтай байгуулсан нь хожмын Баян-Уул одоогийн Баянтэс сумын үндэс суурь гэж үзэх үндэстэй.

Энэ гурван сумыг 1924 онд нэгтгэн Баян-Уул гэж нэрлэсэн байна. Энэ оныг сум байгуулагдсан гэж үзэж  2004 онд 80, 2014 онд 90 жилийн, 2024 онд 100 жилийн ойгоо тэмдэглэж байна.

 1931 онд Монгол Улс хуучин хошуудыг татан буулгаж шинэ 13 аймаг байгуулсан. Баян-Уул, Баян хайрхан сумыг шинээр байгуулагдсан  Хөвсгөл аймгийн сум болгосон. Баян-Уул сум 1942 онд 11 жилийн дараа эргэн Завхан аймгийн Баян-Уул сум болж, есөн багтай байгуулагдсан түүхтэй. Дооно, Баян-уул, Халтирлаг, Бэрх, Халбан, Заяа, Жавхлан /Баянбулаг/, Хачиг, Зайгал, Бужир, Дүнгээ, хожим ес дэх баг Нисэг  багийг  нэмж байгуулсан.

Манай сумаас 1959  онд Тэс сумыг 1, 2, 3, 9-р багуудаар таслан байгуулсан. Мөн 1985 онд Асгат сум байгуулахад нутаг дэвсгэр, мал сүргээсээ тасалж өгсөн байна. Баянтэс сумын ард түмэн аливаа үйл явдалд идэвхтэй оролцдог нийгмийн сэтгэлгээ, гүйлгээ ухаантай.

1921 оны Ардын хувьсгал хийхэд олон хүн оролцож тодорхой гавьяа байгуулж партизанууд болцгоосон байна.

1932 онд тухайн үеийн нам, төрийн алдаатай бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнд харьцангуй олон хүн оролцож тухайн бослого дарагдсаны дараа хэд хэдэн хүн баривчлагдан ихэнх нь эргэж ирээгүй гэдэг.

Халх голын 1939 оны дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-өөд оны Баруун хилийн тулгаралт зэрэгт олон арван эрчүүд эх орон, ард түмнийхээ төлөө эрэлхэг тулалдаж олонх нь одон, медалиар шагнагдаж байжээ.

Эдгээр хүмүүсийн тухай “Буян дүүрэн Баянтэс” 1, 2 номуудад намтар түүхтэйгээ бичигдсэн болно.

Аугаа эх орны дайны үед тухайн үеийн ЗХУ-ын ард түмэнд туслахад сумын нийт ард иргэд идэвхийлэн оролцож ихээхэн тусламж үзүүлсэн ажээ. БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулах 1945 оны аравдугаар сарын 20-ны өдрийн Санал асуулгад нийт насанд хүрэгчид бүгд нэгэн дуугаар тусгаар тогтнолынхоо төлөө саналаа бүрэн өгчээ. Дүн мэдээг нь заасан хугацаанд нь аймагт Б.Ганжуур хүргэн өгсөн байна.

Атар газар эзэмших, улс эх орноо тариа будаа, гурилаар хангахад идэв­хийлэн оролцож тухайн үед бай­­гуулагдсан олон САА-д ажил­ла­хаар саналаараа олон арван айл өрх явж ажилласан. Одоо тэдгээр хүмүүс,тэдний үр хүүхэд хойч үе нь Төв аймгийн Жаргалант, Сүмбэр, Сэлэнгэ аймгийн Хараа, Ерөө, Номгон, Дорнод аймгийн Эрээнцав зэрэг газ­руу­дад бүтээлчээр ажиллаж амьдарч байна.

Манай суманд 1938 онд Сургууль, Хүний эмнэлэг, Малын эмнэлэг, 1948 онд Сүү тосны завод, 1964 онд Хүүхдийн цэцэрлэг, 1961 онд Цаг уурын станц, 1963 онд МААМС /мал аж ахуйн машинт станц /, 1954 онд Холбооны салбар, 1965 онд Банкны салбар, 1974 онд Ясль /хүүхэд саатуулах газар/, 1976 онд Хил-гаалийн алба байгуулагджээ.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр 1938 оноос ядуу ангийн лам нар, энгийн гар урчуудыг хамруулан Гар үйлдвэрийн артель байгуулагдаж эхэлсэн. Үүний жишгээр Баян-Уулын Гар үйлдвэрийн артель 1938 онд байгуулагджээ. Энэ артелийн хөгжил цэцэглэлтийн эд үед нь Д.Шархүү даргаар нь ажиллаж байсан 1960-аад он юм.1956 онд “Жаргалант-Амьдрал”, “Мандах” гэсэн ХАА-н  хоёр нэгдэл байгуулагдаж сүүлдээ энэ хоёр нэгдэн “Жаргалант-Амьдрал” нэрээ авсан байна. Дээрх ажлуудыг бүтээлчээр хийсэн нь сумын нийт ард түмний аж амьдралд эергээр нөлөөлсөн байна.

Баянтэсчүүд аливаа шинэ зүйлд идэвхийлэн бүтээлч, ухаалаг оролцдог, гүйлгээ ухаантай, амьдрах, аж төрөх авхаалж, овсгоотой ард түмэн юм.           

Баянтэс сум Бужир, Дүнгээ, Баян-Уул, Баян хайрхан, Бэрх, Болдын-Улаан Халтирлаг, Сөдөт, Наран булагийн нуруу, Уулын хаан, Хөшиглөг, Асгат тоом, Бүрэн хаан  гээд  мөнх цастай өндөр сүрлэг уул нуруутай. Төрөлх нутгийн ард түмэн эдгээр уул нуруудыг он удаан жил хайрлан хамгаалж овоо босгон өөрсдийнхөө сайн сайхан аж төрөн суугаагаа тэдгээртэй холбон үзэж үе улиран тахин шүтэж иржээ. Энэ уул нуруудын зарим нь улсын хилийн дагуу байдаг. Хилийн зурвас тогтооход хөрш улсын нутагт орсон гэх маргаан байдаг.

Бужир багт Ятгарын овоо, Гэрэлт овоо, Хангинахын хүүхдийн овоо, Жавхлан багт Баянхайрхан, Халтирлаг, Хачиг багт Сээрийн овоо, Хөшөөтийн Баян овоо, Зайгал багт Бүрэн чандмань, Хүүхдийн овоо, гээд олон овоог тодорхой хугацаанд давтамжтай тахидаг уламжлалтай болжээ.     

Уулсын хоорондоо Ховойн хөндий Тарган нуур, Ар, Өвөр хөндий, доод, дээд Шар хөндий, Баянгол, Хужирт булан, Үнэгтийн ам, Улаан эрэг гэх мэт өвс ургамал арвинтай, тариаланд тохиромжтой өргөн цэлгэр хөндий, хоолой, хээр талтай.

Баянтэс сум цэвэр усны нөөцөөр арвин баялаг олон гол, рашаан мэт амьд харз, горхитой. Тэдгээр нь олон зуун, мянган жилээр хүн зон олон, мал сүрэг, ан амьтан, араатан жигүүртний ус унд болсоор иржээ.

Булнайн нуруунаас эх авсан Тэсийн гол, түүний цутгал Хос, Зайгал, Хатгуурантай, Цэрэг, Хачиг, Буга согоо зэрэг голуудтай. Баянтэс сум усны хангамжаар харьцангуй сайн. Тэсийн гол Булнайн нуруунаас эх авч 230 гаруй км урсаж манай суманд ирдэг. Дэлхийн байгаль орчны доройтлоос шалтгаалан сүүлийн жилүүдэд усны төвшин ихээхэн доошилж байна. Хур бороо ихтэй 1993 онд сүүлийн зуу гаруй жилд үзэгдээгүй их үерлэж Тэсийн гол бүх гүүрээ урсгасан байна.

Манай сум ойн нөөц олон төрлийн ургамлаараа хосгүй гайхамшигтай. Дэлхийд ховор гацуур, шинэс, хуш, хус, улиас, хайлаас, бургас, яргай, чаргай зэрэг мод, модлог ургамал, чацаргана, тошлой, үхрийн нүд, улаалзгана, нэрс, аньс, гүзээлзгэнэ гэх мэт жимс, арц, таван салаа, гоньд, бамбайн үндэс, алтан товч, ганга, алирс, гишүүний үндэс, хөх, шар дэгд, мэхээр, цээнэ, алтан хундага, сөд зээргэнэ, тарваган шийр, нохойн хошуу, чонын элэг, тэхийн шээг, хамхуулын үндэс, монгол туйплин, монгол бэрээмэг, шар төмс, тэмээн сүүлийн хоёр төрөл зэрэг эмийн ургамал, самар, зэрлэг сонгино ургадаг. Хүн орхоодой гэх мэтийн эмийн ургамал бий гэж ахмадуудын дунд яригддаг.

 Баянтэс суманд Монгол орны бүх ан амьтан, араатан жигүүртэн бараг бүгд байдаг ажээ. Баавгай, хандгай, буга, янгир, ирвэс, шилүүс, чоно, үнэг, хярс, гахай, бор гөрөөс, зээх, тарвага, зурам, жирх, дорго, хүдэр, цагаан үе, суусар, солонго, өмхий хүрэн, хэрэм, булга, минж, чандага, туулай зэрэг ан амьтадаар элбэг баян. Нутгийн зон олон эрт дээр үеэсээ ан амьтадаа хайрлан хамгаалж, ан ав хийхдээ уламжлалт ёс заншлаа хатуу баримталж хангай дэлхийнхээ хишиг буяныг хүндэтгэн хүртдэг байлаа. Ан амьтанд хамаа намаагүй хандаж харсан болгоноо намнаж байдаг нэгнийг “нүгэлт хар гөрөөчин” гэж нэр хоч өгч нутаг орны ард түмэн түүнд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг байлаа. Тийм нэр хоч зүүсэн хүмүүс тэгш сайхан амьдралтай байгаагүй төдийгүй, хойч үеийнхэн ч сайнгүй л яваад байх шиг байдаг юм. Байгалийнхаа баялагт ардынхаа уламжлалт ёс жаягаар хайр гамтай хандаж, хэрэгцээгээ зүй зохистой, илүүд шунахгүй байвал хангай дэлхий хишиг буянаа, хариу хайраа өгч нутаг орноороо зон олон амгалан жаргалтай аж төрөх болно. Тус суманд 1945 оноос ойн цагдаа /одоогийн байгаль орчны ажилтан/ ажиллах болсон байна.

Төрөлх нутгаа зорин ирсэн та бид, аянчин, гийчин, хүн зоноо тосон хүлээж байдаг Баянтэс сумын төв “ Алтай” тосгон  түүхэндээ хэд хэдэн удаа нүүжээ. 1924 онд Баян-Уул, Бойжир, Бүрэнчандмань сумдыг нийлүүлж Баян-Уул сумыг байгуулж төвийг одоогийн Тэс сумын нутаг Гандан хүрээ байсан Гандан тохойд төвлөрүүлжээ.1932 оны эсэргүү бослого сумын төвийг сүйтгэхэд Гандан хүрээнээс зайлж мөн оны 9 дүгээр сард Мараатын амны Үйтийн шугуйн өмнө, өвөл нь Баянхайрханы Рашаантын аманд өвөлжөөд зундаа Цагаан Оломын Өргөн ширэгт 3 сар байрлаж байгаад Тэсийн голын урд гарч Хэлтгийн Сумын толгойд нэг хэсэгтээ байсан байна. 1935 онд одоогийн байрлаж буй Шивээтэд төвлөрсөн байна. Сумын төвийг Ховойн хөндийн төгсгөл Баян зэндмэнэ гэж нэртэй байсан Анжийн гозгор уулын зүүн, Алтайн уулын баруунтаа Тэсийн голынхоо өмнөд эрэг дээр байрлуулсан нь ирээдүйд өргөжин хөгжих боломж сайтай болгожээ. Сумын төв зүүн талынхаа уулын нэрээр “Алтай” тосгон гэж албан ёсоор нэрлэгдсэн байна. Сумын төв “Алтай” тосгон Улаанбаатар хотоос 994 км, аймгийн төв Улиастайгаас 331 км зайтай оршдог. “Алтай” тосгонд үйлдвэр, үйлчилгээний байгууллага, хувийн орон сууц баригдаж өдрөөс өдөрт хөгжиж байна.

Баянтэс сум сүүлийн 300 орчим жил Монгол Улсынхаа торгон хилийг сахин манах хүндтэй үүргийг нэр төртэй гүйцэтгэж ирсэн Хилчин сум юм. Хаант Орос Манжийн эзэнт гүрний 1689 оны Нерчугийн, 1727 оны Буурийн гэрээний дагуу Тагнын Урианхай нутгийн баруун хойд өнцөг дэх Шивнайн даваанаас зүүн тийш Эргүнэ голын эхний Авгайт уул хүртэл 3000 шахам км хил тогтоожээ.

Энэ тогтоосон хилийн дагуу олон зуун гэр хируул тавьсны дотор Засагт ханы Баянбулаг, Цэрэг/хожим Хачиг гэх болсон/, Зайгал харуул нь олон зуун дамжин орчин цагийн  хэлбэрээ олж одоо хүртэл уламжлагдан ажиллаж байна.

Тухайн үед Засагтхан аймгийн олон хошуудаас хилийн харуулын алба хаахаар манай нутагт олон айл өрх нүүн ирж байжээ.

 Баянбулаг харуулд Ачит гүн, Үйзэн түшээ гүн, Мэргэн гүн, Жонон засгийн, Хан хөхий уулын, Түшээ гүн, Цогтоо ван зэрэг хошуудаас, Хачиг харуулд Засаг хан аймгийн Ёст, Эрдэнэ дүүрэгч ван, Зоригт гүний хошуу, Зайгал харуулд Засагт хан аймгийн Эрдэнэ бишрэлт, Дайчин бэйс зэрэг хошуудаас ирж алба хааж байжээ.

БНМАУ-ын олон удаагийн засаг захиргааны өөрчлөлтөөр эдгээр хошууд нь олон сум болон салж одоогийн Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурван булаг, Жаргалант, Баацагаан, Бууцагаан, Баян-Өндөр, Говь-Алтай айгийн  Дарви Хөх морьт, Чандмань, Алтай, Тонхил, Жаргалан, Дэлгэр, Халиун, Тайшир, Бугат, Эрдэнэ, Бигэр, Ховд аймгийн Дарви, Зэрэг, Манхан, Цэцэг, Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай, Цагаан хайрхан, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Арбулаг, Цагаан Уул, Төмөрбулаг, Тосон цэнгэл, Завхан аймгийн Нөмрөг, Тэлмэн, Түдэвтэй гэх мэтийн сумууд болсон байна. Энэ аймгуудын дээрх сумууд хилийн гэр харуулд ирсэн хүмүүсийн түүхэн уугуул нутаг болж байгаа юм. Баянтэсчүүд олон зуун жил Монгол Улсынхаа хил хязгаарыг хэд хэдэн үе дамжин бүх боломжоороо хамгаалж улс орныхоо амгалан тайван байдлыг бүрдүүлж ирсэн хилчин ард түмэн. Улс орныхоо хил хязгаарыг сахин хамгаалах нь иргэн хүн бүрт заяагаад байдаггүй эрхэм хүндтэй ариун үүрэг баянтэсчүүдэд оногдсон юм. Энэ үүргээ баянтэсчүүд нэр төртэй гүйцэтгэж байна.

Баянтэсчүүд итгэл бишрэл сайтай Бурханы шашныг олон үеийн турш үнэн, зөв чиглэлээр хөгжүүлж шүтэж ирсэн гэгээлэг ард түмэн. Манай нутагт үе улиран тодорсон хувилгаан, эрдэм номыг төгс эзэмшсэн, аграмба, зээрэмбэ, эрдэм чадал төгс олон лам нар байлаа. Одоо ч тэдний хойч үеийн залгамж олон сайн лам нар байна. Гандан хүрээ 1825 онд байгуулагдаж энд Чойр, Дүйнхор, Дарь-Эхийн, Жүд, Гүнрэг, Ганжуур, Чого, Нүгнээн зэрэг дацан байсан. Энэ бүх дацангуудыг тухайн үед энэ хүрээнд шавилан сууж байсан Д.Пунцагдаржаа /Лүүвэн/ ярьж хэлж өгсөн болно. Баянбулагийн “Дондовдаржаалан”,  Зайгалын ”Самданлхүндэвлин” 1860 оны үед, Хачигийн “Гэжээлэн” хүрээ арай хожуу баригдсан байна. Гандан хүрээний сүмүүдийн модоор сүүлд нь  Баян-Уул сумын сургууль, эмнэлэгийн барилгуудыг барьсан ажээ.

Манай сумын өнгөрсөн 100 жилийн 1931 оноос 1942 оны Хөвсгөл аймгийн сум байсан 11 жилийн түүх нэн тодорхойгүй. Хөвсгөл аймгийн архив, улсын архивын судалгаа хийсэн, олж авсан материал нэн ховор байна.

Хөвсгөл аймгийн одоо үеийн түүхэн бичвэрт 1942 оноос Завхан  аймгийн сум болсон учир Баянтэс, Баянхайрхан сумдын тухайд ч бараг дурьдагдаагүй байна.

Манай сум улс орноо хөгжүүлэхэд багагүй үүрэг гүйцэтгэж улс ардын аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэндийн байгууллагаа хөгжүүлэх удаа дараагийн таван жилийн төлөвлөгөөг чанартай биелүүлж улс, аймагтаа ажил үйлчилгээгээрээ эхний байруудад олон удаа шалгарч байжээ. Анхдугаар таван жилийн /1947-1952 он/ төлөвлөгөөг давуулан биелүүлсэн байна.

Манай сум ардчилал өөрчлөлтийн жилүүдэд тэргүүлэх байраа алдаагүй хөгжил, дэвшлийн замаар тасралтгүй урагшилсаар байна.

Сум орон нутгаа удирдаж байсан сумын дарга Д.Балгансүрэн, сум- нэгдлийн дарга Ц.Гэцэнпэлжээ, ардчилалын эхэн шилжэлтийн үед чадварлаг ажиллаж байсан Засаг дарга Ж.Дамдинсүрэн, Т.Гончигдаш нарыг түүхэнд нэрээ үлдээхээр сайн ажил­ласан гэж ард түмэн ярьцгаадаг билээ.

Манай сумын ард түмний дот­роос хөдөлмөрийн баатар, төрийн шагналтан, ардын болон гавъяат багш, аж үйлдвэрийн гавъяат ажил­тан, гавъяат барилгачин, гавъяат тээ­вэр­чин, гавъяат жүжигчин, улсын сайн болон аварга малчин, алтан төлийн эзэн, мянгат малчин, эрэлхэг эх орончид, генералууд, нам төр, цэргийн том зүтгэлтэн, улсын цолтой хүчит бөхчүүд, шилдэг тамирчид гээд дэлхийд болон улс эх орондоо  төрөлх сумаа алдаршуулсан олон зуун хүн байдаг.

Баянтэсчүүд бүтээлч хөдөлмөрийн гайхамшигт амжилт, байгалийн сай­хан үзэмж, Тэс гол, түүгээр нэр­лэгдсэн хурдан хүлэг морьд, хөгжил дэвш­лээрээ бахархан тэгш сайхан, буян дүүрэн аж төрөн амьдран сууцгааж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 74 (7318)